Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 314

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

    Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 6-18 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО80103164, Хүрэн адуут овогт Адъяагийн Долгормаагийн нэхэмжлэлтэй, 

     Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багт оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОТ85051478, Барлагууд овогт Эрдэнэсүрэнгийн Болдоод холбогдох,

      Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Долгормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч А.Долгормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Долгормаа миний бие Э.Болдоотой 2008 онд гэр бүл болж 2 охин төрүүлсэн. Амьдрал эхэндээ хэл амгүй, бид хоёр сайхан амьдарч байсан. 2012 оноос нөхөр Э.Болдоогийн зан ааш өөрчлөгдөж, хэрүүл гардаг болсон.  2 хүүхдээ бодоод би тэвчээртэй байж амьдралыг үргэлжлүүлж байсан. Гэтэл 2015 онд Улаанбаатар хотод ажил хийхээр яваад хүнтэй танилцаж, тэндээ тухайн хүнтэйгээ хамтран амьдарч байгааг би дуулаад өөрт нь “2 охиноо бодооч, эргэж ирээч” гэж хэлсэн боловч эргэж ирээгүй тул миний бие амьдралаа бодож 2 охиноо Э.Болдоогийн аав, ээжийн асрамжид үлдээж өөрөө хүнтэй амьдарч 2019 онд хүүтэй болсон. Нөхөр Э.Болдоо 2 охиндоо байнга анхаарал халамж тавьж байгаа, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Э.Болдоо бид хоёр цаашдаа тус тусынхаа амьдралаар амьдрах болно. Хуульд зааснаар шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд миний бие өргөдөл гаргаад бид хоёр эвлэрээгүй тул шүүхэд хандсан. Бид хоёр харилцан тохиролцож, Э.Болдоо гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрсөн бөгөөд 2 хүүхдээ А.Долгормаа миний асрамжид өгөхийг мөн зөвшөөрсөн болно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

     Хариуцагч Э.Болдоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Э.Болдоо би А.Долгормаатай 2008 онд гэр бүл болсон нь үнэн. 2 охинтой нь үнэн. А.Долгормаагийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2 хүүхдээ А.Долгормаагийн асрамжид өгөхийг зөьшөөрч байна. А.Долгормаатай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хүүхдийн тэтгэлэг тэтгэмж өгч авахгүй, харин 2 хүүхэдтэйгээ хэн хэн нь чөлөөтэй уулзахаар тохиролцсон. А.Долгормаа 2 хүүхдээ өөр дээрээ авчихаад харж хандахгүй янз бүр болвол би өргөдөл гомдол бичиж өгнө гэдгийг хатуу ойлгоно биз” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

     Нэхэмжлэгч А.Долгормаа нь хариуцагч Э.Болдоод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

      Иргэн Э.Болдоо, А.Долгормаа нар 2008 оны 2 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр охин Б.Мөнхтуул, 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр охин Б.Мөнхзул нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Б.Мөнхтуул, Б.Мөнхзул нарын төрсний гэрчилгээний хуулбарууд зэргээр тус тус нотлогдож байна.

     Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

   Зохигчид хоорондоо хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцсон, мөн хүүхдүүдийн саналыг харгалзан охин Б.Мөнхтуул, Б.Мөнхзул нарыг эх А.Долгормаагийн асрамжид үлдээлээ.

    Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг шүүх цуцалж шийдвэрлэж байгаа боловч  эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.

    Нэхэмжлэгч А.Долгормаа, хариуцагч Э.Болдоо нар эд хөрөнгийн маргаангүй талаар тайлбар гаргасан байх тул эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй. Мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч А.Долгомааг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Э.Болдоогоос 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод /төрийн сангийн 150000941 тоот данс/ оруулах нь зүйтэй байна.

    Хариуцагч Э.Болдоод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Э.Болдоо би шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож амжихгүй, шүүх хурал болох өдөр хөдөө ажил дээрээ байж таарч байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. Би А.Долгормаагийн нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа маргаан байхгүй” гэх хүсэлт гаргасан ба нэхэмжлэгч нь мөн “хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг шийдвэрлэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Барлагууд овогт Эрдэнэсүрэнгийн Болдоо, Хүрэн адуут овогт Адъяагийн Долгормаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

     2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр охин Б.Мөнхтуул, 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр охин Б.Мөнхзул нарыг эх А.Долгормаагийн асрамжид үлдээсүгэй.

    3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

      4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдсугай.

      5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч А.Долгомааг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Э.Болдоогоос 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод /төрийн сангийн 150000941 тоот данс/ оруулсугай.

     6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.БОЛОР