Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 331

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

      Нэхэмжлэгч: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн х сумын Соёлын төвд холбогдох,

     Худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 9.898.063 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н” ХХК нь Увс аймгийн х суманд сумын төвийн албан байгууллагуудыг төвлөрсөн халаалтад холбож дулаан нийлүүлж эхэлсэн. Манай компани Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу дулаан үйлдвэрлэх түгээх тусгай зөвшөөрлийг 2016 онд авсан. х сумын төсвийн 5 байгууллага болон бусад 7 хэрэглэгчийг дулаанаар хангаж ажилладаг. Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 тоот тогтоолоор “Н” ХХК-ийн үйлдвэрлэсэн дулааныг х сумын хэрэглэгчдэд түгээх дулааны тарифыг тогтоосон мөрдөн ажиллаж байна. х сумын Соёлын төвтэй 2016 оноос хойш жил бүр гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн. Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээндээ тус соёлын төвийн барилгын эзэлхүүнийг тогтоосон тарифаар үржүүлэн сар бүр төлөх төлбөрийг тогтоож харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан. 2018 онд 2845,54 м3 эзэлхүүнийг 1182,5 төгрөгийн тарифаар үржүүлэн төлбөрийг бүрэн авсан. Харин Соёлын төв нь 2019 онд батлагдсан төсвийн хэмжээнд гэрээ байгуулна гээд гэрээ биелүүлээгүй сар бүр төлбөрөө дутуу төлж ирсэн бөгөөд одоо нийт төлбөл зохих төлбөрөөс 9.898.063 төгрөгийг дутуу төлсөн. Энэ талаар тус соёлын төвийн захиргаа болон Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнуудад удаа дараа мэдэгдэж шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийн үлдэгдлийг төлөхгүй байна. Манай компани болон хэрэглэгч талын хооронд төлбөрөөс бусад асуудлаар ямар нэгэн маргааан гараагүй бөгөөд төлбөрийн мөнгөн дүн үлсын төсөвт дутуу суусан гэх үндэслэлээр төлбөрөө төлөхгүй байгаа нь манай компаний эрх ашгийг зөрчиж байна. Иймд х сумын Соёлын төвөөс “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ”-ний үлдэгдэл төлбөр болох 9.898.063 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

    Хариуцагч Увс аймгийн х сумын Соёлын эрхлэгч Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “х сумын соёлын төв нь 2013-2016 он хүртэл өөрийн халаалтаар явж ирсэн бөгөөд жилд түлш халаатанд 4.500.000 төгрөг гэрээт цалингийн сангаас 8.450.000 төгрөг төлж нийт 12.950.000 төгрөг зарцуулж 4 галч ажиллуулж ирсэн. Гэтэл Сумын засаг даргаар ажиллаж байсан Б 2016 оны намар нэр дэвших болж ямарч төлөвлөгөө эдийн засгийн үндэслэл тооцоогүй гэнэт уурын зуухны нэгдсэн халаалт тавиулж, сандаргасан нь улс төрийн зорилготой ажил байсныг хэлэхийг хүсч байна. Өвөл болж байхад бид тухайн байгууллагыг дэмжээд өөрийн халаалтаа зогсоосон. Өртөг гэнэт нэмэгдсэн, өөрсдөө дур мэдэн ханын гол хүртэл халдаг гэж м.кв-ийг нэмэгдүүлсэн. Гэвч бид нар төсөвт ирж байсан зардлаараа дулаан халаалтын мөнгөө төлсөөр ирсэн, манай байгууллагын хувьд өөрийн халаалтаар бүрэн болж байсан зардал өртөг ч эднийхээс төгрөгөөр бага байсан. Энэ алдагдлыг Засаг дарга байсан Б бүрэн хариуцах ёстой. Үргүй орон тоо хоёроор нэмэгдүүлж Засаг дарга байсан Б захирал байсан М-г ажлуулсан нь үүнийг гэрчилж байгаа юм. Алдагдлаа тухайн байгууллагаар гаргуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Манай байгууллага талбайн хэмжээгээ дахин нягтлан хоёр талын ажлын хэсэг байгуулан гэрээгээ шинэчлэх ёстой гэж үзэж байна. Тухайн байгууллагын дулааны төсвийг бүгдийг нь авах ёстой гэсэн гэрээний утга нь нэг талыг баримталсаар ирсэн. Гэвч бид ирсэн төсөвтөө захирагдаж ажилласан. 2016-2019 гэрээ нь маргааныг шүүхээр шийдүүлнэ гэсэн байдаг. Бид 04.15-наас гэрээгээ цуцалж дахин байгуулах хүсэлтэй байна. Аудитын байгууллагаас төсөвт уялдуулан ажиллах үүрэг даалгавар өгөгдсөөр ирсэн. Манай байгууллагад ямар нэгэн шаардах бичиг ирүүлж байгаагүй, бид ирсэн төсөвт уялдуулан мөнгийг олгож ирсэн. Зөвшилцөх ажил хийгээгүй байж шууд төлбөр нэхэж байгаа нь хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Энэ хөндлөнгийн дарамт шахалтыг арилгаж эвлэрүүлж өгнө үү. “Н” ХХК нь хэдэн удирдлагатай болохыг мэдэхгүй байна. Гэрээ хийсэн А гэх хүнийг сүүлийн жил хараагүй байна. Бид өөрийн халаалтаа ажиллуулвал 4 орон тоотойгоор 10 дугаар сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал 13.000.000 төгрөгт багтаан ажиллуулах боломжтой байтал өртөгийг 26.000.000 төгрөг хүртэл өсгөсөн нь өр төлбөр үүсэхэд хүргэсэн. Бүлэглэн эрх ашгийн сонирхолд хөтлөгдсөн үйл ажиллагаа ч илт байгаа юм. Цаашид хамтран гэрээгээ шинэчлэж нэг талыг баримтлахгүй харилцан зөвшилцөж ойлголцож ажиллах нь хаана хаанаа үр дүндтэй чухал алхам болно гэж үзэж байна. Нэхэмжлэлд заасан мөнгө төсөвт байхгүй бөгөөд “Н” ХХК-ийн алданги нь тулган шаардсан үндэслэлгүй нэхэмжлэл юм. Манай байгууллагад алданга байхгүй болно. Хөндлөнгийн дарамт шахалтыг зогсоож хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэх гэрээ байгуулж ажиллахгүй бол манай байгууллага өөрийн халаалтад шилжих болно. Манай байгууллага 9.898.063 төгрөгийг гаргах төсвийн боломж байхгүй болно. Мөн ажил хавсран гүйцэтгэсэн цалингаа ч тавьж чадаагүй. Бид ирсэн төсвийн хүрээнд ажиллах үүрэгтэй байна. Албан мэдээлийг албан ажлынхаа шугамаар мэдэж буй мэдлээллийг бусдад задруулан өөртөө ашиг хонжоо, давуу талыг шударга бусаар олж авч алдагдалд оруулсан 2012-2016 онд засаг дарга байсан Б шууд хүлээх үндэслэлтэй гэж үзэж байна. Хөрөнгө завших, сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгийн оролцооны аргууд нь бүлгэлсэн шинжтэй байгаад гомдолтой байна. Мөн энэ өр төлбөрийг манай байгууллага хариуцах боломжгүй бөгөөд “Н” ХХК нь 2016, 2017, 2018, 2019 онуудын 4, 5, 9 сарын мөнгийг манай байгууллага нэхэмжлэх шаардлага тулгарч байна. 2019 оны 4, 5, 9 сарын төлбөр нэхэж байгаа нь манай байгууллагыг үл хүндэтгэсэн халаахгүй цэвэр ашиг олох аргаасаа салахгүй байх муу арга болно. 2016, 2017, 2018 онуудад энэ компанийг дэмжиж 4, 5, 9 сарын мөнгийг бүрнээр олгож байсан. Хамгийн гол нь мөнгө хасагдаж 2019 оны төсөвт ирсэн тухайн мөнгийг нь саадгүй шилжүүлсэн. “Н” ХХК манай байгууллагаас мөнгө нэхэж байгаа нь сөрөг нэхэмжлэл гаргахад хүргэх болно. Нөхцөл байдалтай эвлэрч 2019 өрийн нэхэмжлэлээ татаж эвлэрэн ажиллах нь хаана хаанаа үр дүнтэй юм. 2020 оноос хэвийн төлөлттэй байх боломжтой. Цаашид бид 4, 5, 9 сарын төлбөрийн талаар гэрээнд сайн тусгах шаардлагатай байгаа юм” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Увс аймгийн х сумын Соёлын төвд холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 9.898.063 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

    Хариуцагч нь Увс аймгийн х сумын Соёлын төвийн эрхлэгч нь “Аудитын байгууллагаас төсөвт уялдуулан ажиллах үүрэг даалгавар өгөгдсөөр ирсэн. “Н” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргаж байна.

     “Н” ХХК, Увс аймгийн х сумын Соёлын төвийн хооронд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээг бичгээр хийгдээгүй ч “Н” ХХК нь Увс аймгийн х сумын Соёлын төвийг эрчим хүчээр бодитоор хангасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, гэрээг бичгээр байгуулаагүй нь үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

      Ингээд “Тооцооны үлдэгдлийн баталгаа №05” гэсэн баримт, “Н” ХХК-ийн Хас болон Төрийн банк дахь дансаар орж ирсэн төлбөрийн мэдээлэл, 2019 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны “Нэхэмжлэх” гэсэн баримтуудаас үзэхэд х сумын Соёлын төвийн 2019 онд дулааны эрчим хүчээр хангуулсны төлбөрийн үлдэгдэл 9.898.063 төгрөг байгаа нь тогтоогдож байна.

      Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар эрчим хүчээр хангах, хангуулах буюу худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хууль болон гэрээний дагуу “Н” ХХК нь төлбөрийн үлдэгдлийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

   Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, няцаах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

      Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн х сумын Соёлын төвөөс худалдах-худалдан авах гэрээний үүрэг 9.898.063 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-нд олгож шийдвэрлэлээ. 

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.319 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн х сумын Соёлын төвөөс 173.319 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-нд олгох нь зүйтэй.  

     Хариуцагч Увс аймгийн х сумын Соёлын төвийн эрхлэгч Ө-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон  нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь “Ирцийн талаар гаргах саналгүй. Хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү” гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн х сумын Соёлын төвөөс худалдах-худалдан авах гэрээний үүрэг 9.898.063 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-нд олгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.319 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн х сумын Соёлын төвөөс 173.319 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-нд олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.БОЛОР