Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

Улсын яллагч Л.Батгэрэл,

Хохирогч Д.Янжмаа,

Шүүгдэгч Б.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Ц.Майбаяр /2154/  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Манхилаг овогт Баясгалангийн Мөнхбаярт холбогдох эрүүгийн 2016 2400 0934 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс:халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн Нарангийн 10-114б тоотод оршин суух хаягтай, ажилгүй, ял шийтгэлгүй,  ЖБ91122411 регистрийн дугаартай,  Манхилаг овогт Баясгалангийн Мөнхбаяр.

 

Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Барс захын хойд талын явган хүний гарцтай замд 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Hyundai Porter маркийн 0215 УБТ улсын дугаартай автомашины жолооч Б.Мөнхбаяр нь явган зорчигч Д.Янжмааг мөргөж бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхбаяр мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Янжмаа мэдүүлэхдээ:

Би Мөнхбаярт гомдолтой байна. Учир нь миний хөдөлмөрийн эрхтэн болсон зүүн гарыг няцлаад цуулсан. Эмч 4 500 000 төгрөгөөр эмчилгээ хийнэ гэсэн. Энэ мөнгөө шүүгдэгчээс авахыг хүсэж байна. Би зам гарахдаа явган хүн явах нөхцөл бүрдсэн үед гарсан. Энэ үед жолооч шууд ирээд албаар дайрч байгаа юм шиг ирээд намайг дайрсан. Шүүгдэгч намайг 2 удаа эмнэлгээр дагуулж явсан. Надад 500 000 гаруй төгрөг өгсөн байсан. Одоо эмчилгээ хийхэд хэрэгтэй мөнгийг нэхэмжилж байна гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

     

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Мөнхбаярын өгсөн:

            “... 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 цаг 30 минутын орчим би хадам ах Энх-Амгалангийн худалдаж авсан Hyundai Porter маркийн 02-15 УБТ улсын дугаартай автомашиныг жолоодон Барс захын урд талын гүүрний урдаас Барс зах орохоор ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү Барс захын хойд талын замаар 2 дугаар эгнээгээр чигээрээ явж байтал ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү явган хүний гарцаар явган зорчигч Янжмаа зам хөндлөн гарч явахыг харсан. Явган зорчигч Янжмаа замын голд зогсох шиг болохоор нь би зогсчихлоо гэж бодоод хөдөлгөөнөө үргэлжлүүлж явтал явган зорчигч урагшаа явахад нь би өөрийн жолоодож явсан автомашины баруун урд талын толиор явган зорчигчийг мөргөсөн. Машинаасаа буугаад эмээг зам дээрээс зогсож замын хажуу тал руу гарсан. Түргэнд дуудлага өгсөн. ... гэмтлийн эмнэлэг дээрээс эмээг аваад эмчийн зөвлөгөөний дагуу 1 дүгээр эмнэлэг орж эмээгийн толгой, цээж, гарын ренетген зургийг авахуулсан. Эмчийн бичиж өгсөн эмийг авч өгсөн. Холбогдох шинжилгээнүүдийг өгсөн. Одоогийн байдлаар 500 орчим мянган төгрөгийн эм авч өгсөн. ... явган зорчигчийг би 10 метрийн зайнаас харсан. Эмээ замын голд ирээд зогсох шиг болохоор нь би цааш явсан. Осол болох үед би ганцаараа явж байсан. Миний буруутайгаас болж хохирогч Д.Янжмаагийн биед гэмтэл учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлыг барагдуулах болно ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46, 50-51 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагч Ч.Энх-Амгалангийн өгсөн:

“... Миний төрсөн дүү Нандинтогос нөхөр Б.Мөнхбаяр нь миний нэр дээр байгаа Hyundai Porter маркийн 02-15 УБТ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, яван зорчигч Д.Янжмаагийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан байна. Хохирогч Д.Янжмааг мөргөж гэмтэл учруулсан өдрөөс хойш хүргэн Б.Мөнхбаяр холбогдох шинжилгээнүүдийг хийлгэж, гарсан эмчилгээний зардлыг барагдуулсан. Цаашид гарах зардлыг хүргэн Б.Мөнхбаяр бид хоёр барагдуулах болно. Тухайн осол болдог өдөр Мөнхбаяр манайд ирж хонь ачаад хот руу ирсэн байсан юм. ... 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Б.Ганбат гэдэг хүнийг төлөөлж Б.Баярмагнай гэдэг хүнтэй худалдах худалдан авах гэрээг байгуулж 3.200.000 төгрөгөөр худалдаж авсан. Улаанбаатар хотын дугаартай болохоор аймаг дээрээ очиж дугаар авах ёсой байсан боловч ажил ихтэй болохоор амжилгүй өдий хүрчихсэн юм... миний машин Хавар үзлэгт орсон. Тоормос бусад эд анги хэвийн ажиллаж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №14197 дугаартай:

1. Янжмаагийн биед баруун хацар ясны уг, зүүн хацар ясны нум хэсгийн хугарал, баруун гайморын хөндийн урд хана, ар хана, дотор хана, гадна хажуу ханын хугарал, зүүн богтос ясанд ташуу зөрөөгүй хугарал, 2 зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, дээд уруул, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

 

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын  шинжээчийн дүгнэлт №2994 дугаартай:

1. Hyundai Porter маркийн 02-15 УБТ улсын дугаартай автомашины жолооч Б.Мөнхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зочигч Д.Янжмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

 

 Авто Тээврийн Үндэсний Төв ТӨҮГ Баянгол Техникийн Хяналтын Үзлэгийн Төвийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн:

1. Уг автомашиныг тоног төхөөрөмжин дээр хэмжилт хийж үзэхэд урд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зүүн гар талын их гэрлийн тусгалын эрчим хол дээрээ стандартын шаардлага хангаж байсан. Харин хойд хоёр дугуйн тоормосыг тоног төхөөрөмжин дээр хэмжилт хийж үзэхэд зогсоогүй, зогсоолын тоормос барихгүй байсан. Мөн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлт хэмжээ -8.9мм буюу тохиргоо алдагдсан, баруун гар талын их гэрлийн чийдэн хол, ойр дээрээ асахгүй байв. Урд хоёр дугуй хээний гадна талаараа элэгдэж мөлийсөн, зүүн гар талын дугуйн гадна талын бөөрөнд бага зэрэг язарсан байдалтай байна. Автомашин ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд зүүн гар талын урд ба хойд дохионы гэрлийн чийдэн, ухрах арааны гэрлийн чийдэн асахгүй, зүүн болон баруун гар талын хаалганы шил өргөгч ажиллахгүй, хаалганы доторх бариул түгжээ байхгүй, дуут дохио ажиллахгүй, баруун гар талын толины гаднах гэр бага зэрэг зурагдсан, хүрээ нь цуурсан, баруун гар талын урд гэрлийг скочоор нааж тогтоосон, нэмэгдэл хэрэгслүүд болох галын хор, ослын зогсолтын тэмдэг, эмийн сан, дугуйн ивүүр дутуу зэрэг эвдрэл, гэмтлүүдтэй байв.

2. Шинжээчийн тусгай мэдлэг шаардлагатай болсны дагуу энэ асуултад хариулахад автомашины хойд хоёр дугуйн тоормос барихгүй байсан нь хэрэв ослын өмнө буюу ашиглалтын явцад үүссэн тохиолдолд тоормосны замыг уртасгах, шарвалт үүсэх зэргээр осолд нөлөөлөх боломжтой байдаг. Мөн урд тэнхлэгийн тохиргоо алдагдсанаар жолоодлого хүндрэх, зам онохгүй байх, дугуйн хээ элэгдэх зэргээр хүндрэл учруулдаг. Баруун гар талын их гэрлийн чийдэн хол, ойр дээрээ асахгүй байгаа нь хэрэв осол оройн цагаар болсон тохиолдолд жолоочид үзэгдэх орчныг хязгаарлах байдлаар нөлөөлөх боломжтой. Гэвч эдгээр эвдрэл гэмтлүүд нь ослоос өмнө эсхүл ослын хойно хэдийд үүссэнийг бид тодорхойлох боломжгүй тул тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй. Харин автомашины ерөнхий байдал, иж бүрдлийн эвдрэл, гэмтлүүд нь уг осолд нөлөөлөөгүй байж болно.

3. Автомашин нь тоормосны энгийн, шингэн дамжуулгатай системтэй. Хойд хоёр дугуйн тоормосыг тоног төхөөрөмжин дээр хэмжилт хийж үзэхэд зогсоогүй, тоормос хэвийн бус байсан. Мөн зогсоолын тоормосыг тоног төхөөрөмжин дээр хэмжилт хийж үзэхэд зогсоогүй, тоормос хэвийн бус байсан. Мөн зогсоолын тоормос барихгүй байлаа гэх дүгнэлт /хх-ийн 33-35 дугаар хуудас/

          

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 3-7 дугаар хуудас/,        

            - Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургууд /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,

- Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хавтаст хэргийн 10-р хуудас/,

- Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 11-р хуудас/,

- Шүүгдэгч Б.Мөнхбаярын хохирогч Д.Янжмаад эм тариа авч өгсөн баримт /хавтаст хэргийн 57-72-р хуудас/,

- Практикал даатгал жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт /хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг баримууд болон

 

шүүгдэгч Б.Мөнхбаярын хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч С.Оюунчимэг мэдүүлэхдээ:

“... Мөнхбаяр манай 2 дахь хүүхэд. Мөнхбаярыг сургуульд ороогүй байхад нь манайх Дорнод аймгаас хот руу нүүж орж ирсэн. Тэгээд Мөнхбаярыг сургуульд суулгаж чадаагүй. Мөнхбаяр одоо эхнэр  хүүхдийн хамт амьдардаг. Зан аашийн хувьд даруу төлөв зантай, дуу муутай хүүхэд юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-р хуудас/

- Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхний зурагтай лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/

- Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55 дугаар хуудас/

- Хохирогч Янжмаагийн эмчилгээнд мөнгө төлсөн баримтууд /хх-ийн 57-72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Барс захын хойд талын явган хүний гарцтай замд 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Hyundai Porter маркийн 0215 УБТ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчин явган зорчигч Д.Янжмааг мөргөж бие махбодид нь баруун хацар ясны уг, зүүн хацар ясны нум хэсгийн хугарал, баруун гайморын хөндийн урд хана, ар хана, дотор хана, гадна хажуу ханын хугарал, зүүн богтос ясанд ташуу зөрөөгүй хугарал, 2 зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, дээд уруул, хүзүүнд цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь:        

           шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Б.Мөнхбаярын  “... 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 цаг 30 минутын орчим би хадам ах Энх-Амгалангийн худалдаж авсан Hyundai Porter маркийн 02-15 УБТ улсын дугаартай автомашиныг жолоодон, ...  Барс захын хойд талын замаар 2 дугаар эгнээгээр чигээрээ явж байтал ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү явган хүний гарцаар явган зорчигч Янжмаа зам хөндлөн гарч явахыг харсан. Явган зорчигч Янжмаа замын голд зогсох шиг болохоор нь би зогсчихлоо гэж бодоод хөдөлгөөнөө үргэлжлүүлж явтал явган зорчигч урагшаа явахад нь би өөрийн жолоодож явсан автомашины баруун урд талын толиор явган зорчигчийг мөргөсөн. Машинаасаа буугаад эмээг зам дээрээс зогсож замын хажуу тал руу гарсан. Түргэнд дуудлага өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх

хохирогч Д.Янжмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... Би Мөнхбаярт гомдолтой байна. Учир нь миний хөдөлмөрийн эрхтэн болсон зүүн гарыг няцлаад цуулсан. Эмч 4 500 000 төгрөгөөр эмчилгээ хийнэ гэсэн. Энэ мөнгөө шүүгдэгчээс авахыг хүсэж байна. Би зам гарахдаа явган хүн явах нөхцөл бүрдсэн үед гарсан. Энэ үед жолооч шууд ирээд албаар дайрч байгаа юм шиг ирээд намайг дайрсан ...” гэх, мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №14197 дугаар дүгнэлт, Авто Тээврийн Үндэсний Төв ТӨҮГ Баянгол Техникийн Хяналтын Үзлэгийн Төвийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын  шинжээчийн дүгнэлт №2994 дугаар дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургууд зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Б.Мөнхбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Янжмаа нь цаашид эмчилгээг хийлгэх, хагалгаанд орох зардалд 4,500,000 төгрөгийг нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

 Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь хохирогч Д.Янжмаад 434 730 төгрөгийн эм тариа авч өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх ба энэ талаар хохирогч маргаагүй болохыг дурдав.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мөнхбаярт ял оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, ял хөнгөрүүлэх болон хувийн байдал зэргийг харгалзан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр торгох ял оногдуулав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн  963999 дугаар В ангилалын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Мөнхбаярт буцаан олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 293, 294 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Манхилаг овогт Баясгалангийн Мөнхбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар Манхилаг овогт Баясгалангийн Мөнхбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар  Б.Мөнхбаяр нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар  сольж болохыг дурдсугай.

 

4. Энэ  хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж,

 963999 дугаар В ангилалын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Мөнхбаярт буцаан олгосугай.

 

5. Хохирогч Д.Янжмаа нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Мөнхбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Мөнхбаярт авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ