| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2019/0562/Э |
| Дугаар | 241 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 241
2020 2 20 2020/ДШМ/241
Д.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Дэлгэрмаа,
хохирогч М.Батцэцэг,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч С.Болдбаатар, Л.Хэрлэнчимэг,
нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаартай прокурорын эсэргүүцлээр Д.Бд холбогдох 1903005730277 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Д.Б, 1982 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 55 дугаар байрны зогсоолын манаач ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хорооллын 55 дугаар байрны 1-16 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УК82041516/;
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 220 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг багтаан нийт 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2004 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Д.Б нь 2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 00:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хан-Уул дүүргийн уулзвар замд “Ниссан санни” загварын 87-85 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “...Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, ...зам тавьж өгнө...” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Батцэцэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Бд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх” зорилтын хүрээнд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой талаар тодорхой тусгажээ.
Шүүхийн шатанд буюу 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч Д.Б өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгч С.Болдбаатартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, /хх-ийн 140-141/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцож эхэлсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч С.Болдбаатар нь өөрийн үйлчлүүлэгч Д.Бгийн хувийн байдалтай холбоотой, түүний хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 147-150/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргажээ. Дээрх баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б нь хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдож, хөгжлийн бэрхшээлтэй болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй:
1.1 хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй...” гэж,
7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч нь өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана. ...” гэж тус тус заажээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэргээр шүүгдэгч Д.Б нь хөдөлмөрийн чадвар 70 хувиар алдагдсан байх бөгөөд Д.Бд холбогдох хэрэгт 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг /хх-ийн 01/ нээж, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр мэдүүлэг /хх-ийн 27/ авсан, 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж /хх-ийн 45-46/, мөн өдөр яллагдагчаар мэдүүлэг /хх-ийн 48-49/ авчээ.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Бд өмгөөлөгч авах эрхийг эдлүүлээгүй, өмгөөлөгчийг огт оролцуулалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан яллагдагчийн эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэв.
Иймд дээрх зөрчлийг арилгаж, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай.
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт заасан, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Б нь хуульд заасан яллагдагч, шүүгдэгчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж оролцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргах үеэс эхлэн цагдан хоригдсон байх тул түүний холбогдсон гэмт хэргийн шинжийг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Буянзаяад хувийн баталгааг бичгээр гаргуулах, 14.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг түүнд тайлбарлаж өгөхийг шүүгчийн туслахад даалгаж, хэргийг Тээврийн прокурорын газарт очтол Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хураагдаж ирүүлсэн Д.Бгийн №1217781 дугаартай жолоочийн үнэмлэхийг хэргийн хамт хүргүүлж, эрүүгийн 1903005730277 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүйг, шүүгдэгч Д.Б 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс /хх-ийн 132-135/ өнөөдрийг хүртэл буюу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийтдээ 123 /нэг зуун хорин гурав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Дэлгэрмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болдбаатар нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “...Шүүгдэгч Д.Б хөгжлийн 70% бэрхшээлтэй, одоогийн байдлаар эрүүл мэндийн байдал нь их муудаж байгаа. ...хэргийг тэнсэж өгнө үү” гэсэн гомдлын дагуу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ, давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
Ингэж буцаахдаа “ ...Д.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргаагүй буюу энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Д.Бг мэтгэлцүүлэх бололцоогоор хангалгүйгээр хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасан хэргийн бодит байдлыг тогтоох буюу мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зөрчлийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.” гэж магадлалд заасан.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийг анхан шатны шүүх хуралд оролцуулж, мэтгэлцэх зарчмыг ханган, шүүх хуралдааныг явуулж, гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр эрх зөрчигдсөн асуудал яригдаагүй, гэм буруу, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг нэг үе шаттай явагдах эсэх асуудлаар санал солилцож, гэм буруугийн хурал завсарласны дараа, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулж, мэдүүлэг авах гэж хэргийг прокурорт буцаасныг эсэргүүцэж байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогч М.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх саналтай байна. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч С.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Д.Б нь хуулийн мэдлэггүйн улмаас өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ хэлээгүй байсан. ...” гэв.
Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Л.Хэрлэнчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1070 дугаартай магадлалаар хянан хэлэлцсэн.
Анхан шатны шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн буюу шүүгдэгч Д.Бг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Харин Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн гэж өөр үндэслэл зааж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй, шүүгдэгч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед өмгөөлөгчтэй оролцох эрхээ хэрэгжүүлж чадаагүй нөхцөл байдал үүссэн байна.
Хавтас хэргийн материалаас үзэхэд Д.Б нь хөгжлийн бэрхшээлтэй болох нь хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх /хх-147/, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүд /хх-148-150/ зэрэг тус тус нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шат, прокурорын шат болон анхан шатны шүүх хуралдаанд өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцоно гэдгээ хэлж, мэдүүлээгүй байх ба энэ байдал нь өөрийгөө өмгөөлж оролцож чадахгүй байгаагийн илрэл гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй. ...” гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй. ...” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гардан гүйцэтгэгч мөрдөгч, прокурор хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой субъектүүд хууль заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд тухайн шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчлийг арилгаж, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсний эцэст гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд хэргийг нэг мөр шалгаж шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн тул Д.Бд холбогдох хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Дэлгэрмаагийн “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр” бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ