| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 221/2025/0030/з |
| Дугаар | 221/ШШ2025/0025 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 221/ШШ2025/0025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн
Нэхэмжлэгч: “Т” ХХК /РД:/
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, М.Я
Иргэдийн төлөөлөгч З.Б
Гэрч М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 221/2025/0030/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлд холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргаж, маргасан.
2. Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ:
2.1. Манайх барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олон нийтэд мэдээлсэн мэдээлэлд “мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон ба тус зээлийн хүүгийн дээд хэмжээ, зээлийн, барьцааны батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг энэ оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон” талаар дурдсантай хамааралтайгаар Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн "Мөнгөн зээлийн үйл ажиллагаa эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээ тогтоох тухай” 01 тогтоолыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 121/ШШ2024/0027 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2024/0082 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэгдэж дууссан.
2.2. Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсанаар, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлж нийтээр заавал дагаж мөрдүүлэх шийдвэр болох “мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох”-доо Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахтай холбоотой ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй; Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн нөлөөллийн шинжилгээ, түүнтэй холбоотой хийгдсэн судалгаанууд, Монголбанк, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос санал авсантай холбоотой баримтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд заасан холбогдох байгууллагаас албан ёсооp санал авах, нөлөөллийн шинжилгээг аргачлалын дагуу хийж, нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэх зэргээр захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх хүрээнд тодорхой ажил гүйцэтгэснийг нотлохоос бус хуулийн 62 дугаар зүйлд заасан санал авах буюу энэ тохиолдолд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдээс санал авах ажиллагааг явуулсанд хамаарахгүй; Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудасны хууль, журмын төсөлд санал авах хэсэгт маргаан бүхий актын төслийг байршуулаагүй ба Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан санал авах ажиллагааны нэг хэсэг гэж үзэхгүй; мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, гаргасан саналыг актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэх зэргээр тэдгээрийн оролцоог хангах нь хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд энэхүү ажиллагааг хариуцагч бүрэн явуулсан эсэхийг тодруулж, шаардлагатай бол дахин явуулсны үндсэн дээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцэх тул маргаан бүхий актыг дахин шинэ акт гарах хүртэл хугацаанд зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн талаар тодорхой дүгнэсэн.
2.3. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журмын 1.2.3-т “судалгаанд үндэслэсэн, хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актад нийцсэн байх", 1.2.4-т “санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, мөнгөн зээлийн үйл ажиллагаанд оролцогчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах” гэж заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллага ба мөн журмын 3 дугаар зүйлийн 3.2-т “Зөвлөл нь мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаарх хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, бодлогын баримт бичгийн төсөлтэй холбогдуулан, эсхүл мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбоотойгоор санхүүгийн тогтвортой байдал болон хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчид эрсдэл учирч болзошгүй нөхцөл байдал бий болсон гэж үзсэн тохиолдолд холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлж болно” гэж тодорхойлжээ. Журамд зааснаар тус зөвлөл нь Мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулж буй барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийг дэмжих, эрсдэлд хүчин зүйлийг нарийн тооцож ажиллах чиг үүрэг бүхий байхаар заасан байна.
2.4. Мөнгөн зээлийн үйл ажиллагааны зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоож шийдвэр гаргахдаа хараат бус байх зөвлөл нь Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны зээлийн хүүгийн хэмжээг тогтоох нь” гэх дүгнэлт, зөвлөмж, заавал мөрдөх эрх зүйн акт эсэх нь тодорхойгүй баримтыг үндэслэсэн, тухайн баримтад хүүгийн дээд таазыг 6.8 хувь байх боломжтой байхаар дүгнэлт гарсан атал ямар баримтыг үндэслэн хүүгийн дээд таазыг 4.5 хувиар тогтоосон нь ойлгомжгүй, барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн явуулж буй үйл ажиллагааг утсаар ярьсан төдийгөөр хязгаарлаж хэт өндөр гэж дүгнэсэн, дүрмийн сан нь 2.5 тэрбум байдаг Банк бус санхүүгийн байгууллагатай харьцуулсан байдлаар хийгдсэн судалгааг үндэслэн хүүгийн дээд таазыг тогтоосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
2.5. Өнөөдрийн байдлаар бодит амьдралд иргэдийн худалдан авах чадвар, хэрэглээний үнийн индекс, барааны үнэ тогтмол нэмэгдэж байгаатай холбоотой гарч байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны урсгал зардал өндөр, татварын хувь хэмжээ нэмэгдсэн, бага үнийн дүн бүхий эргэлттэй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа нь хумигдаж сард 30 гаруй барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллага үйл ажиллагаа явуулахаа больж иргэдийн цалингаас цалингийн хоорондох хэрэгцээг хангах зорилгоор нэг удаа 10.000-500.000 төгрөгийн зээлийн хэрэгцээг хааж далд зах зээлээс сарын 10-15 хувийн хүүтэй мөнгө зээлэх, зээлдүүлэх үйл ажиллагааны үр дагаврыг үүсгэж байгаа ба хүүгийн хэмжээг бага хувиар тогтоож иргэд хоорондын зээлийн хүүг бууруулах санаа зорилго нь эсрэгээрээ нийгэмд сөрөг үр дагаварт хүргэж байгаа шалтгаан нөхцөлийг зөв оношилж шийдвэр гаргах ёстой атал бодлогын зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр чөлөөт зах зээлийн эдийн засгийг боомилсон шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон зөвлөлийн шийдвэрээ хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
2.6. 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудсанд Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл зээлийн хүүгийн дээд хэмжээг дахин тогтоолоо гэх мэдээлэл нийтлэгдэж, энэ хуралдаанаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувь хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан.
Улсын дээд шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2024/0082 дугаар тогтоолоор маргаан бүхий актыг дахин шинэ акт гарах хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн атал судалгаа, шинжилгээгүйгээр, сонсох ажиллагаа хийлгүйгээр, урьд гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээ”-г тогтоох тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хариуцагч тал хэлбэрийн төдий биелүүлсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанд нэр бүхий 439 энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ломбард эрхлэгчид байдаг гэх тоо яригдсан. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 400 орчим гэх тайлбарыг хариуцагч талаас хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Уг 400 байгууллагад мэдээлэл хүргэхэд ямар ч хүндрэл байх ёсгүй гэдгийг ч мөн хэлдэг. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 2 холбоо байдгаас миний гарган өгсөн баримтад жижиг холбоонд нь 20 хүнийг ирүүл гэсэн мэйлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа М.Я мэргэжилтэн ирүүлсэн байсан. Энэ хэлэлцүүлгийн Н.Х даргад хүргүүлсэн тайлбарт 30 хүн оролцсон гэсэн. Хариуцагчийн хариу тайлбарт иргэдийн өрийн дарамтыг бууруулна, мөнгө хүүлэхийг таслан зогсоох, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлнэ, санхүүгийн тогтвортой байдлыг хангана гэж байгаа. 20 хүний багтаамжтай танхимд зохион байгуулсан бол 2-3 удаагийн давтамжтай байдлаар нээлттэй зохион байгуулах ёстой байсан. Хэлэлцүүлэгт ямар байдлаар хэрхэн оролцох талаар огт яригдаагүй. Хэрэв би зохион байгуулсан бол нэхэмжлэгч талыг оролцуулах эсэхийг зориуд хүргүүлэх байсан. Мөн 4.5% гэх хэмжээ нь анхнаасаа аль эрт тогтоогдсон хэмжээ байсан.
3.2. Мэдээллийн самбарт байршихгүй байсан учраас нэхэмжлэгч компанийн эрх бүхий хүмүүс 2 удаа очиж үзсэн. Сайтад байршуулсан гэж байгаа боловч иргэд харах боломжгүй, харагдахгүй. Улсын Дээд шүүхийн хурал 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр болоод, бичгээр шийдвэр 20 гаруй хоногийн дараа гарснаас хойш 10 гаруй хоногийн дараа л уг шийдвэрийг биелүүлсэн гэж байна. Хурдан биелүүлсэн байна. Гэхдээ яг энэ үйл ажиллагаа тухайн этгээдүүддээ очоогүй байгаа юм. 2 холбоогоор дамжуулж мэдээлэл хүргүүлэх ёстой байсан. Хүргэх нь нээлттэй байсан.
3.3. Дээд шүүхийн тогтоолд заасан мөн хууль тогтоомжид заасны дагуу энэ асуудлыг шийдвэрлэлгүйгээр зөвхөн 2025 оны 02 дугаар сарын 12-ны хэлэлцүүлэг нэрийн доор хязгаарлагдмал хүрээнд явагдсан үйл ажиллагааг үндэслээд хариуцагч байгууллага 01 тоот тогтоолоор хүүгийн дээд хязгаарыг 4.5 хувиар тогтоочихсон байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндчихсөн. Мөн Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлээгүй, тогтоолын биелэлт хангагдах болон хангагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна гэв.
4. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
4.1. Уг зөвлөл нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 01 дүгээр тогтоолоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоож, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцээгүй гэж үзэн Улсын дээд шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсэн.
4.2. Улсын дээд шүүхийн дээрх тогтоолын дагуу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг дахин тогтоох шаардлага үүссэн тул 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Б з б э э х” ГҮТББ, “М м з ү э н х” ГҮТББ-ын төлөөлөл болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа ажиллагаа эрхлэгч 30 иргэнийг оролцуулсан олон нийтийн хэлэлцүүлэг Санхүүгийн зохицуулах хорооны “Хүртээмжтэй санхүү” танхимд зохион байгуулсан.
Хэлэлцүүлэгт мөнгөн зээлийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, статистик тоо баримт болон эрх зүйн орчны зохицуулалт, гадаад улс орнуудын сайн туршлага, зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоосон улс орнуудын харьцуулсан судалгаа зэрэг асуудлыг танилцуулан зээлийн хүүгийн дээд хязгаарын талаарх оролцогчдын саналыг сонсож, хэлэлцсэн.
4.3. Улмаар 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаанд дээрх хэлэлцүүлгийн оролцогчдоос ирүүлсэн саналыг танилцуулж хэлэлцсэний үндсэн дээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоох шийдвэрийг гаргасан. Уг шийдвэр нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 7165 дугаарт бүртгэгдсэн болно. Уг 01 дүгээр тогтоолыг Санхүүгийн зохицуулах хорооны www.frc.mn цахим хуудасны “мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч” хэсгийн "журам" https://frc.mn/#/sct;id=1202/doc/decree/1282, “мэдээ, мэдээлэл” https://frc.mn/#/view/8986 цэст тус тус байршуулсан гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1. Улсын дээд шүүхийн тогтоолтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо хэлэлцүүлэг зохион байгуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу мөнгөн зээлийн үйл ажиллагааны зээлийн хүүгийн судалгаа, тухайн хүүгийн дээд хэмжээ тогтоох тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байршуулсан. Уг байршуулсан тогтоолд мөнгөн зээлийн үйл ажиллагааг зээл олгох, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг 4.5 хувиар тогтоосугай гэсэн ийм тогтоолын төслийг байршуулж, 4.5 хувь дээр санал авах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Мөнгөн зээлийн үйл ажиллагааны зээлийн хүүг 4.5 хувь болон зээлийн хүүгийн олон улсын болон Монгол Улсын нөхцөл байдлын талаарх судалгааг мөн хавсаргаж байршуулсан. 3 сар гаруй хугацаанд иргэд, олон нийт мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс саналыг бололцоог хангаж цахим хуудсандаа байршуулсан.
5.2. Танхимаар зохион байгуулагдаж байгаа хэлэлцүүлэгт бодит нөхцөл байдалд танхимын багтаамжийн асуудал яригдана. Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн хүртээмжийн танхим хамгийн том танхимд 50-60 орчим хүн орох ийм багтаамжтай. Тухайн хэлэлцүүлэгт 21 аймаг, 9 дүүргийн дүүргийн хороонд зараа хүргүүлсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос 21 аймаг болон 9 дүүргийн бүртгэх чиг үүрэг бүхий ажилчдыг оруулсан вайбер группэд ийм хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч өөрийн харьяа дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нарыг оролцуулах талаарх мэдэгдэл зарыг хүргүүлж, аймаг, нийслэл, дүүргийн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад бүртгэлийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа хүмүүс маань зарыг хүргэсэн. Уг зарынхаа дагуу 02 дугаар сарын 12-ны өдөр болсон хэлэлцүүлэгт Монгол Улсын 21 аймаг нэлээдгүй олон аймгуудын төлөөллүүд, мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нар маань ирж оролцсон. Алагчилж зарыг хүргэсэн зүйл байхгүй.
5.3. Мөн тухайн хэлэлцүүлгээс ирсэн саналуудыг сайт дээр байршуулсантай холбоотой саналуудыг Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ хэлэлцэх асуудлын хүрээнд танилцуулсан байдаг. Иргэдээс аймаг орон нутгаар ялгах ийм шаардлага, саналуудыг өгсөн талаарх, барьцаатай болон барьцаагүй зээл дээр бас ялгамжтай тогтоож өгөөч гэдэг ийм саналуудыг бас ирүүлсэн. Мөн 6-8 хувь гэсэн янз бүрийн саналууд ирүүлсэн талаарх асуудлыг мөн тус хурлаар танилцуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан байдаг. Тухайн саналаас гарсан асуудлыг танилцуулж шийдвэр гаргах гэж байгаа этгээдүүд хурал дээр танилцах асуудал байгаа. Тэрнээс гарсан саналаар шийдчихнэ гэсэн үг биш. Энэ бол Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийнх 17 дугаар зүйлд заасны дагуу Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл гэж хамтын ажиллагаатай захиргааны шийдвэр гаргаж байгаа этгээдүүд олонхын саналаараа шийдвэрлээд тухайн шийдвэрийг гаргахаар заасан байдаг. Хурлын тэмдэглэлүүдэд 4.5 хувийг хангалттай хэмжээнд зөвлөлийн гишүүд, ажлын алба, Санхүүгийн зохицуулах хорооноос ч тэр танилцуулсан талаар мэдээллүүд туссан байдаг. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн үндэслэл хууль зүйн хувьд үндэслэлгүй. Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл шийдвэрээ гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг ханган холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэсний үндсэн дээр 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай тогтоолыг баталсан.
5.4. Уг ажиллагаатай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас захиргааны актыг улсын нэгдсэн бүртгэлд 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 71/65 дугаарт бүртгэсэн. Уг бүртгэх асуудал мөн адилхан Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэм хэмжээний актыг бүртгэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйл, 61 дүгээр зүйл, 62 дугаар зүйлд заасан хэм хэмжээний актад тавигдах шаардлагуудыг хангасан юм уу, үгүй юм уу гэдэгт бас үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр шаардлага хангасан байна гэж үзэж бүртгэсэн.
6. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд: “нэхэмжлэгчийн гаргасан “оролцоог хангаагүй” гэх тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэх агуулга бүхий дүгнэлт гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Энэ хэрэгт мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоосон захиргааны хэм хэмжээний акт нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрхийг зөрчсөн эсэх маргаан хэлэлцэгдсэн болно.
2. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.2 дахь заалтыг үндэслэн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоожээ.
4. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд, уг тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “... Зөвлөл нь ямар баримтыг үндэслэн хүүгийн дээд хэмжээг 4.5 хувиар тогтоосон нь ойлгомжгүй, Улсын дээд шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2024/0082 дугаар тогтоолоор дахин шинэ акт гарах хүртэл хугацаанд маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн атал судалгаа шинжилгээгүйгээр, сонсох ажиллагаа хийлгүйгээр, урьд гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр хүүгийн хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж тодорхойлох бол хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзлын үндэслэлээ “... мөнгөн зээлийн үйл ажиллагааны зээлийн хүүгийн судалгаа, хүүгийн дээд хэмжээ тогтоох тогтоолын төслийг 3 сар гаруй хугацаанд Хорооны цахим хуудсанд байршуулж, иргэд, олон нийт болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс санал өгөх бололцоог хангасан, танхимаар зохион байгуулсан хэлэлцүүлгийн зарыг 21 аймаг, 9 дүүргийн дүүрэгт хүргүүлсэн, орон нутаг болон нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нар ирж оролцсон, Зөвлөлөөс зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг ханган холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэсний үндсэн дээр шийдвэрээ гаргасан” гэж тайлбарлаж маргасан.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, … нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж заасныг, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага /төрөл/-тай харьцуулан үзвэл, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоосон Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоол нь хариуцагчид хуулиар олгосон эрхэд хамаарах буюу Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээний акт батлан гаргаж журамд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн тодорхойлсон эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэхээр байна.
6. Маргааны үйл баримтын тухайд;
6.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн дагуу байгуулагдсан Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоож шийдвэрлэснийг, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2024/0082 дугаар тогтоолоор маргаан бүхий актыг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн.
Ингэхдээ “... хэм хэмжээний актыг гаргах ажиллагаанд иргэдийн санал авах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн оролцоог бүрэн хангасан гэж үзэхгүй” гэж дүгнэн, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий тогтоолыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд шүүхийн шийдвэр 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
6.2. Зөвлөл нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоохтой холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны зээлийн хүүгийн судалгаа”-г, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Улсын орнуудын мөнгөн зээлийн үйл ажиллагаанд тогтоосон зээлийн хүүгийн дээд хязгаарыг харьцуулсан судалгаа”-г тус тус танилцуулж, санал авахаар байршуулсан. /Хэргийн I хавтасны 82, 134 дүгээр талд/
6.3. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 11.00 цагт “Мөнгөн зээлийн үйл ажиллагаан дахь зээлийн хүүгийн дээд хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид болон тэдгээрийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулжээ.
Энэ хэлэлцүүлгийн товыг 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2 дугаар сарын 11-ний өдрийн хооронд харьяа аймаг, дүүрэг хариуцсан бүртгэгч болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд үйлчилдэг төрийн бус байгууллагад цахим шуудангаар хүргүүлсэн байна. /Хэргийн I хавтасны 96-110 дугаар талд/
6.4. Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээ тогтоох асуудлыг хэлэлцэж, сарын 4.5 хувиар тогтоох шийдвэрийг олонхийн саналаар гаргасан байна. /Хэргийн I хавтасны 53-64 дүгээр талд/
6.5. “Т” ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/212 дугаар захирамжийн дагуу, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 22122240016 дугаартай бүртгэлийн гэрчилгээ авч, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчээр бүртгэгдсэн бол Санхүүгийн зохицуулах хороонд 349 хуулийн этгээд, 187 иргэн энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэгчээр бүртгүүлжээ.
7. Хууль тогтоомжийн зохицуулалтын тухайд;
7.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулиар барьцаалан зээлдүүлэх журмаар олгох болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа /цаашид “мөнгөн зээлийн үйл ажиллагаа” гэх/-тай холбогдсон харилцааг зохицуулна”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Энэ хуульд заасан мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийг байгуулна”, 17.2-т “Зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална”, 17.4-д “Зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 17.4.2. мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох” гэж,
7.2. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна: 60.1.1. Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх;”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна”, 62.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ” гэж,
7.3. Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журам”-ын 1.1-д “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах зорилго бүхий Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/-ны дэргэдэх орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийг байгуулах, түүний үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна”, 4.11-д “Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана. Санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
8. Дээрх зохицуулалтаас үзэхэд, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл нь хуулиар эрх олгосон асуудлаар захиргааны хэм хэмжээний акт батлахдаа, шийдвэр гаргах ажиллагааг хууль тогтоомжид заасан журмын дагуу явуулсан нөхцөлд захиргааны байгууллагын үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж дүгнэнэ.
Тухайн тохиолдолд уг Зөвлөл нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг “сарын 4.5 хувь” байхаар тогтоосныг энэ хэсгийн 7.1-д заасны дагуу хуулиар эрх олгосон асуудлаар гаргасан шийдвэр гэж үзэхээр байх тул мөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлж зохицуулах чиг үүргийнхээ хүрээнд, хамтын зарчмаар шийдвэрлэсэн үйл ажиллагааг, мөн ийнхүү тогтоосон хүүгийн хэмжээг буруутгах үндэслэлгүй юм.
9. Захиргааны байгууллага ийнхүү шийдвэрлэхдээ сонгох боломжийг хэтрүүлж буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцүүлэн ашиглаагүй зэргээр хуульд зөрчсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй.
10. Тухайлбал энэ хэсгийн 6.2, 6.3-д зааснаас дүгнэхэд, Зөвлөл нь нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээний акт батлан гаргахаас өмнө төсөл, холбогдох судалгаа зэргийг Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудсанд тодорхой хугацаанд байршуулах, нийслэл болон орон нутагт мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч болон тэдгээрийн гишүүнчлэл бүхий холбогдох төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлснээс гадна хэм хэмжээний актын төсөлд санал авах ажиллагааг бодитоор хэрэгжүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
11. Маргааны үйл баримтаас үзэхэд, хариуцагч нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт хэлэлцүүлгийн товыг харьяа бүртгэгчдээр дамжуулан хүргэж, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар саналаа илэрхийлж оролцох боломжоор тухайн сонирхлын бүлгийг хангахад чиглэсэн тодорхой үйл ажиллагаа явуулсан, хэлэлцүүлэгт бүртгүүлсэн 50 гаруй мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчээс 30 гаруй нь биечлэн оролцсон нөхцөлд захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах ажиллагааг гүйцэтгэсэн байна гэж үзлээ.
12. Гэрч М.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр, хэлэлцүүлгийн товыг сонирхлын бүлгүүдэд урьдчилан хүргэсэн буюу төрийн бус байгууллагаар дамжуулан мэдэж, хэлэлцүүлэгт 40-50 гаруй төлөөлөл оролцсон үйл баримт нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.
13. Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан сонирхлын бүлгийн төлөөллийг оролцуулан заавал хэлэлцүүлэх хийх зохицуулалтын урьдчилсан нөхцөлийг дээрх агуулгаар тайлбарлах тул хэлбэрийн хувьд заавал тэдгээрийн олонход мэдэгдэх буюу оролцуулсан байхыг шаардахгүй.
14. Энэ агуулгаараа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... судалгаа шинжилгээ хийлгүйгээр, сонсох ажиллагаа явуулахгүйгээр өмнөх шийдвэрээ хэвээр үлдээсэн” гэх тайлбар, иргэдийн төлөөлөгчийн гаргасан “оролцоог хангаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй” гэх дүгнэлтийг тус тус хүлээн авсангүй.
15. Иймд хуулиар олгосон эрхийн дагуу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох хүүгийн дээд хэмжээг тогтоосон уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн “үйл ажиллагаагаа санхүүжүүлэх” зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.2, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 61.1.1 дэх заалтыг баримтлан “Т” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН