Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 332

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

     Нэхэмжлэгч: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: х сумын Эрүүл мэндийн төвд холбогдох,

     Худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 10.388.428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н" ХХК нь Увс аймгийн х суманд сумын төвийн албан байгууллагуудыг төвлөрсөн халаалтад холбож дулаан нийлүүлж эхэлсэн. Манай компани Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу дулаан үйлдвэрлэх түгээх тусгай зөвшөөрлийг 2016 онд авсан. х сумын төсвийн 5 байгууллага болон бусад 7 хэрэглэгчийг дулаанаар хангаж ажилладаг. Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 тоот тогтоолоор “Н” ХХК-ийн үйлдвэрлэсэн дулааныг х сумын хэрэглэгчдэд түгээх дулааны тарифыг тогтоосон мөрдөн ажиллаж байна. х сумын Эрүүл мэндийн төвтэй 2016 оноос хойш жил бүр гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн. Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээндээ тус соёлын төвийн барилгын эзэлхүүнийг тогтоосон тарифаар үржүүлэн сар бүр төлөх төлбөрийг тогтоож харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан 2018 онд м3 эзэлхүүнийг 1182,5 төгрөгийн тарифаар үржүүлэн төлбөрийг бүрэн авсан. Харин Эрүүл мэндийн төв нь 2019 онд батлагдсан төсвийн хэмжээнд гэрээ байгуулна гээд гэрээ биелүүлээгүй сар бүр төлбөрөө дутуу төлж ирсэн бөгөөд одоо нийт төлбөл зохих төлбөрөөс 10.388.428 төгрөгийг дутуу төлсөн. Энэ талаар тус Эрүүл мэндийн төвийн захиргаа болон Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнуудад удаа дараа мэдэгдэж шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийн үлдэгдлийг төлөхгүй байна. Манай компани болон хэрэглэгч талын хооронд төлбөрөөс бусад асуудлаар ямар нэгэн маргааан гараагүй бөгөөд төлбөрийн мөнгөн дүн улсын төсөвт дутуу суусан гэх үндэслэлээр төлбөрөө төлөхгүй байгаа нь манай компаний эрх ашгийг зөрчиж байна. Иймд х сумын Эрүул Мэндийн Төвөөс “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ”-ний үлдэгдэл төлбөр болох 10.388.428 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай эрүүл мэндийн төв нь “Н” ХХК-тай 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ” байгуулан төлбөрийг 1 м3-ийн үнийг 926.2 төгрөгөөр тооцохоор тохиролцсон. Гэтэл “Н” ХХК нь 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр халаалтын зардлыг 1 м3-ийн үнийг 1182.5 төгрөгөөр тооцож нэмэгдүүлэхээр гэрээгээ шинэчилж ирсэн. Миний бие тухайн үед батлагдсан төсвөөс хэтэрсэн нөхцөлөөр гэрээ байгуулах боломжгүй тухайгаа хэлж тухайн гэрээнд гарын үсэг зураагүй ба 2015 гэрээнд мөн гарын үсэг зураагүй байна. х сумын Эрүүл мэндийн төв нь Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээний 4.1-д заасан нөхцөл болох үнийн талаар харилцан тохиролцоогүй болно. Батлагдсан төсвөөс хэтэрсэн нөхцөлөөр гэрээ байгуулах боломжгүй ба Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 тоот тогтоолыг үндэслэж гэрээ байгуулагдах ёстой гэж үзэн Аудитын байгууллагын акт тавигдсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж үү” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 10.388.428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     “Н” ХХК, Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвийн хооронд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээг бичгээр хийгдээгүй ч “Н” ХХК нь Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвийг эрчим хүчээр бодитоор хангасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, гэрээг бичгээр байгуулаагүй нь үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

       Ингээд “Тооцооны үлдэгдлийн баталгаа №05” гэсэн баримт, “Н” ХХК-ийн Хас болон Төрийн банк дахь дансаар орж ирсэн төлбөрийн мэдээлэл, 2019 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны “Нэхэмжлэх” гэсэн баримтуудаас үзэхэд х сумын Соёлын төвийн 2019 онд дулааны эрчим хүчээр хангуулсны төлбөрийн үлдэгдэл 10.388.428 төгрөг байгаа нь тогтоогдож байна.

      Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар эрчим хүчээр хангах, хангуулах буюу худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хууль болон гэрээний дагуу “Н” ХХК нь төлбөрийн үлдэгдлийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

    Хариуцагч нь Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Батлагдсан төсвөөс хэтэрсэн нөхцөлөөр гэрээ байгуулах боломжгүй ба Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 тоот тогтоолыг үндэслэж гэрээ байгуулагдах ёстой гэж үзэн Аудитын байгууллагын акт тавигдсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж үү” гэж маргаж байна.

      Гэвч Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 тоот “Тариф батлах тухай” тогтоол нь 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжиж байгаа, “Н” ХХК-ийн хувьд тухайн тогтоолын хавсралтад заасан үнээр дулааны эрчим хүчээр х сумын хэрэглэгчдийг хангах үүрэг хүлээсэн этгээд, нөгөө талаас, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дээрх тогтоол нь хүчин төгөлдөр эрхийн акт байх тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

      Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, няцаах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

     Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн “Зөрчлийг давтан гаргахгүй байх тухай” албан шаардлага гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар байх тул үнэлээгүй болно.

      Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвөөс худалдах-худалдан авах гэрээний үүрэг 10.388.428 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н" ХХК-нд олгож шийдвэрлэлээ. 

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181.165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвөөс 181.165 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-нд олгох нь зүйтэй.  

    Хариуцагч Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон  нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь “Ирцийн талаар гаргах саналгүй. Хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү” гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвөөс худалдах-худалдан авах гэрээний үүрэг 10.388.428 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-нд олгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181.165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвөөс 181.165 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-нд олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.БОЛОР