| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2020/00197/И |
| Дугаар | 349 |
| Огноо | 2020-04-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 349
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон 202 а тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ИЮ87021989, Туумаа дарга овогт Сүхбаатарын Нямдуламын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Зүүнхангай сумын Жаргалант багт /одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд/ оршин суух, 1984 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ИО84010516, Үстэй дээлт овогт Балсанхүүгийн Батцогтод холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Нямдулам /цахимаар/, хариуцагч Б.Батцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Нямдулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Нямдулам би 2003 онд Б.Батцогттой танилцаж, 2004 онд Завхан аймгийн Сантмаргаз сумын иргэний улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ авсан. Улмаар 2006 оны 8 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Доржханд, 2008 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүү Б.Адъяабазар, 2010 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Б.Адъяаням нар тус тус төрсөн. Бид хамтран амьдрах хугацаандаа зан харилцаа, үзэл бодол таарч тохирохгүйн улмаас байнгын хэрүүл маргаантай байдаг байсан бөгөөд хариуцагч Б.Батцогт нь архи ууж, агсам тавьж удаа дараа зодож С.Нямдулам би хүүхдүүдтэйгээ гадуур айлаар хонож байсан. Б.Батцогт нь 2010 онд С.Нямдулам миний баруун гарны чигчий хурууг хайчаар хайчлан гэмтээж, толгой, бие эрхтэн рүү гараараа болон юмаар цохиж хүнд, хүндэвтэр гэмтлийг удаа дараа учруулж хэдэн сараар сураггүй тэнэж, гэр бүлээс гадуур харилцаа тогтоож байсан. Тухайн үед хөдөө орон нутагт амьдарч байсан учраас тэр бүр цагдаад хандаад шийдвэрлүүлээд байх боломжгүй, цагдаа томилолтоор явсан үе таардаг байсан. Би тухайн үед ээж, эхнэр хүнийхээ хувьд хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө, өнчин өсгөхгүйн тулд аль болох аз жаргалтай, хамтдаа амьдрахыг хичээдэг байсан. Гэвч 2012 оноос хариуцагч нь тэвчихийн аргагүй нөхцөл байдалд хүргэсэн тул бид тус тусдаа өөр өөрийнхөөрөө амьдраад 8 жил болж байна. Б.Батцогт нь өөр эмэгтэйтэй хамтран амьдарч байгаагаас гадна С.Нямдулам миний хувьд цаашид хариуцагчтай хамтран амьдрах, эвлэрэх хүсэл зориг, сэтгэлгүй байна. Хариуцагч нь 2019 оны 9 дүгээр сарын үед Увс аймгийн Зүүнхангай суманд авто тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох явцдаа 2 хүний амь насыг хохироож, тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих газар урьдчилан саатуулагдаж байгаа болно. Охин Б.Доржханд, хүү Б.Адъяабазар, Б.Адъяаням нар төрсөн цагаасаа хойш өнөөг хүртэл эх С.Нямдулам надтай, миний байнгын асрамжид эрүүл, саруул өсөн бойжиж байгаа болно. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг авахгүй. Иймд С.Нямдулам, Б.Батцогт бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү, 3 хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Батцогт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би 2004 онд С.Нямдуламтай сайн дурын үндсэн дээр гэр бүл болж, бидний дундаас 2006 оны 8 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Доржханд, 2008 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүү Б.Адъяабазар, 2010 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүү Б.Адъяаням нар тус тус төрсөн. Бид хамтран амьдрах хугацаандаа бусдын адил сайн сайхан амьдарч байсан боловч сүүлдээ зан харьцааны хувьд таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдраад 7 жил гаруй хугацаа өнгөрч байна. Тусдаа амьдарсан эхний он жилүүдэд охин Б.Доржханд миний асрамжид надтай хамт амьдарч байсан ба удалгүй ээжтэйгээ хамт амьдрахаар Улаанбаатар хот яваад 3 жил болж байгаа учир хүүхдүүдээ эхнэр С.Нямдуламын асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Цаашид бид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг мөн хүлээн зөвшөөрч байна. Тусдаа амьдарч байх хугацаандаа миний бие хүүхдүүдтэйгээ утсаар холбогдон ярьдаг байсан. Бидний гэр бүлийг цуцалсан ч би эцгийн хувьд 3 хүүхэдтэйгээ байнга холбоотой байж харж хандах, халамжлах үүргээ биелүүлэхийг хүсч байна. Иймээс намайг хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ чөлөөтэй харилцах, уулзах боломжоор хангаж өгөхийг хүсч байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Нямдулам нь хариуцагч Б.Батцогтод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Иргэн Б.Батцогт, С.Нямдулам нар 2004 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2006 оны 8 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Доржханд, 2008 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүү Б.Адъяабазар, 2010 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүү Б.Адъяаням нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Б.Доржханд, Б.Адъяабазар, Б.Адъяаням нарын төрсний гэрчилгээний хуулбарууд зэргээр тус тус нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид хоорондоо хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцсон, мөн хүүхдүүдийн саналыг харгалзан охин Б.Доржханд, хүү Б.Адъяабазар, Б.Адъяаням нарыг эх С.Нямдуламын асрамжид үлдээлээ.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг шүүх цуцалж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч С.Нямдулам, хариуцагч Б.Батцогт нар эд хөрөнгийн маргаангүй талаар тайлбар гаргасан байх тул эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй. Мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч С.Нямдуламыг улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Батцогтоос 140.400 төгрөг гаргуулж улсын орлогод /төрийн сангийн 150000941 тоот данс/ оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б, Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн охин Д, хүү А, хүү Б нарыг эх Н-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Н-ыг улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Б-с 140.400 төгрөг гаргуулж улсын орлогод /төрийн сангийн 150000941 тоот данс/ оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР