Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овгийн Б-ын Б-д холбогдох 2316000000093 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-нд өдөр Говь-Алтай аймгийн **** суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ***** мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ***** сумын **** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Д3****** регистрийн дугаартай, Ж овгийн Б-ын Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Б нь 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 17 цагийн орчимд Говь-Алтай аймгийн **** сумын ***** багийн нутаг дэвсгэрт нутаглах өөрийн гэртээ иргэн Ц.Б-тай ямаа самнах үнэ ханшнаас болж хэрүүл маргаан үүсгэж улмаар Ц.Б руу ширээн дээр байсан аягыг шидэж зүүн чихний ар талд цохисон үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтын улмаас Б.Б нь Ц.Б-ын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр зүүн чихний ар хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б гэм буруутай болох нь:

Хохирогч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ***** сумын ***** багаас сумын төв эхнэр Д.О-ийг хамт ороод ажил амжуулаад орой 17 цагийн үед хөдөө гэртээ оччихоод сумын төвөөс худалдаж авсан байсан 2.5 литрийн сэнгүр пивоноос ганцаараа 3 аягийг уучхаад саахалт айл болох Б гэх айлд эхнэр Д.О-ийн хамт очсон. Тухайн үед тэднийд манай ээж Э, хүргэн ах А төрсөн эгч М нар Б гэх айлд ямааг нь хөлсөөр самнаж өгч байсан би очоод юм ярьж сууж байгаад гэртээ уугаад үлдсэн тал пиво байснаа тэд нарт гаргаж өгсөн боловч тэнд байсан хүмүүс уугаагүй би ганцаараа ууж байсан чинь Б манай эхнэр О-т чи хүмүүст ямаа хэдээр самнуулах талаар хэлсэн биз дээ гэж хэлсэн чинь манай эхнэр Б-д Би энэ хүмүүст хэлээгүй байгаа гэсэн чинь Б эм ямаа 6000 төгрөг, эр ямаа 7000 төгрөгөөр самнуулна ноолуурын үнэ унасан чамайг ирж ямаа самнах хүмүүст хэл гэж би чамд хэлсэн биз дээ гэж манай эхнэрт Б хэлэхээр нь би юу гэж тийм юм байдаг юм бэ өмнө самнаж байсан мөнгөөрөө самнаж өгнө гэж хэлээд Б бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсээд тухайн үед Б надад би танай эхнэрт энэ талаар хэлсэн гэж хэлж байсан би тухайн үед уурлаад Б руу ширээн дээр байсан үнсний сав аваад шидсэн чинь Б-г оноогүй хажуугаар нь гараад явсан чинь Б над руу ширээн дээр байсан аяга аваад шидсэн чинь миний баруун чихний дээд тал дээр цохисон. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/

Гэрч Л.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 09-нд би Б гэх айлд хүргэн А, охин М нарын хамт очиж хөлсөөр ямаа самначхаад орой дуусаад би Б-ийн гэрээс 500 метр зайд барьсан байсан майхандаа амраад хэвтэж байсан чинь манай хүү Б ирээд айл руу орж байсан. Тэгээд удалгүй хүмүүс зодолдоод байх шиг болохоор нь би майхнаас гараад ирсэн чинь Б-ыг А аваад машин дээр очихоор нь би араас нь яваад очсон чинь манай хүүхэд Б-ын зүүн талын чихний дээд хэсгээс цус гарч байхаар нь би юу болсон талаар асуусан чинь Б-тай ямаа самнаж өгсөн хөлс мөнгөнөөс болоод маргалдаж муудалцаад Б аяга аваад шидээд толгойг нь хагалсан гэж хэлж байсан....." гэх мэдүүлэг /хх-ийн 121 дүгээр хуудас/,

Гэрч Ц.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн “2023 оны 05 дугаар сарын 09-нд би Б гэх айлд нөхөр А, ээж Э нарын хамт очиж хөлсөөр ямаа самначхаад орой дуусаад хоол цай идэж уугаад байж байсан чинь манай дүү Б ирээд айл руу орж байсан. Би тухайн үед гэрийн гадаа байж байсан чинь удалгүй Б-ийн гэрт хүмүүс зодолдоод байх шиг болохоор нь гэрт орсон... Б-ын зүүн талын чихний дээд хэсгээс цус гарч байсан. Тухайн гэмтлийг Б аягаар цохиж учруулсан гэж хэлж байсан би яг хараагүй. Тухайн үед Б-ийн анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2023 оны 05 дугаар сарын 09-нд би Б гэх айлд манай хадам ээж Э, эгч М, А гэх хүмүүс ямаа самнаж байсан болохоор өөрийн нөхөр Б-ын хамт очсон...Тэр хоёр ямаа самнуулах хөлсөн дээрээс болж маргалдсан. Б-ын зүүн талын чихний дээд хэсгээс цус гарч байсан. Тухайн гэмтлийг Б аягаар цохиж учруулсан гэж хэлж байсан би яг хараагүй Б-ийн бие махбодид ил харагдах гэмтэл байгаагүй...”гэх мэдүүлэг/хх-ийн 18-р хуудас/,

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181 дугаартай “...Ц.Б-ын биед зүүн чихний ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

           Иймд Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

                       2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгож, торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зэргийг шүүгдэгчид мэдэгдэв.

3.Гэм хор хохирлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Ц.Б нь Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ “...нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 75 дугаар хуудас/ гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

4.Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж овгийн Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Б.Б-д мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

             9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР