Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 102/2020/02682/И |
Дугаар | 001/ХТ2022/00286 |
Огноо | 2022-03-15 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2022/00286
НИМИ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03315 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 109 дүгээр магадлалтай,
НИМИ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Б.Энхтайванд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 64,421,994 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
1. Нэхэмжлэгч НИМИ ББСБ ХХК-иас Б.Энхтайванд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 64,421,994 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулахаар шаардсанд хариуцагч нь ...нэхэмжлэлийн шаардлагаас 43,680,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх 20,821,994 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03315 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Энхтайванаас 50,229,336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НИМИ ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,192,658 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Энхтайван нь төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Энхтайваны өмчлөлийн Ү-2205060646 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол /16080/ Энхтайвны өргөн чөлөө гудамж 39 байр, 1 тоот хаягт байршилтай, 97 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 109 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03315 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 50,229,336 гэснийг 49,902,666 гэж, 14,192,658 гэснийг 14,519,328 гэж, 3 дахь заалтын ....479,297... гэснийг ...407,463... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 43,680,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 6,222,666 төгрөгийг багасгаж, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү. Учир нь Ковид-19 цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогсож төлбөрийн чадвар муудсан, зээлийг эхнэрийн хорт хавдрын эмчилгээнд зарцуулсан, мөн 11,097,334 төгрөгийг төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч НИМИ ББСБ ХХК нь хариуцагч Б.Энхтайванд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 20,813,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,583,999 төгрөг, нотариатын зардал 24,660 төгрөг, нийт 64,421,994 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулахаар шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 43,600,000 төгрөгийг зөвшөөрнө, бусдыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас 50,229,336 төгрөгийг гаргуулан, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь үүргээ сайн дураар гүйцэтгээгүй бол барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн хариуцах үүргийг 49,902,666 төгрөг болгож, улсын тэмдэгтийн хураамжийг өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
7. Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
Нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй тул шийдлийг хэвээр үлдээх нь талуудын диспозитив зарчимд нийцнэ гэж үзлээ.
8. Нэхэмжлэгч НИМИ ББСБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэл бүхий Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх Тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.3.-т тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг тус тусын хуулиар зохицуулна гэж, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9.3.-т Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд банк бус санхүүгийн үйл ажиллагааны төрөл, эрхлэх хугацааг тодорхой заана гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд хугацаа заагаагүй, улмаар хуулийн 19.2.-т Банк бус санхүүгийн байгууллага нь хяналт шалгалтаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Санхүүгийн зохицуулах хороо дор дурдсан арга хэмжээ авна, 19.2.4. тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох гэжээ.
Тухайлсан харилцааг зохицуулсан буюу Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулиар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тодорхой хугацаатай олгох талаар зохицуулаагүй тул нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хугацаагүй олгогдсон гэж үзнэ, мөн хуулиар зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлийг тухайлан заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ бус 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр байна.
9. Банк, эрх бүхий хуулийн этгээд буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Гэрээний дагуу зээлдүүлэгч НИМИ ББСБ ХХК 2018.06.14-ний өдөр 40,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Энхтайванд сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч нь гэрээгээр тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг буцаан төлөхөөр тохирсон, 2018.12.26-ны өдөр гэрээний хугацааг 9 сараар сунгасан, гэрээний хугацаанд зээлдэгч 11,097,334 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрийг гэрээгээр тохирсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардсан нь хууль зөрчөөгүй.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тооцооны алдааг засч хариуцагчаас үндсэн зээл болон гэрээний хугацааны хүүгийн үлдэгдэл төлбөрт 49,902,666 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв.
Үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. дэх заалтад нийцжээ.
10. Хариуцагч нь ...ковид цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогсож төлбөрийн чадвар муудсан, зээлийг эхнэрийн хорт хавдрын эмчилгээнд зарцуулсан, мөн эргэн төлөлтөд 11,097,334 төгрөг төлсөн нөхцөл байдлыг харгалзан магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн хариуцах төлбөрөөс 6,222,666 төгрөгийг хасч өгнө үү... гэсэн гомдол гаргасан боловч хэрэгт энэ тухай баримт авагдаагүй тул гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
11. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 109 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03315 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Б.Энхтайванаас 49,902,666 төгрөгийг гаргуулан НИМИ ББСБ ХХК-д олгож, үлдэх 14,519,328 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын ...479,297 төгрөгийг гэснийг ...407,463 төгрөгийг... гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгээс 2021.02.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД