Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2025/0693

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 128/ШШ2025/0601 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, М.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, А.О нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч шүүгч Л.Одбаатар

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “А б” ХХК

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: “Д с н” ХХК

Гуравдагч этгээд: “У и” ХХК

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Г.Л

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д

Гуравдагч этгээд “Д с н” ХХК-ийн төлөөлөгч Т.Г

Гуравдагч этгээд “Д с н” ХХК-ийн өмгөөлөгч Б.Ц

Гуравдагч этгээд “У и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, А.О

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа

Хэргийн индекс: 128/2025/0404/З                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/601 дүгээр шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.10, 20.1.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “А б” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4/14714 дугаар албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “А б” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/518 дугаар албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох”шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, М.С нараас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1.”…дээрх шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь:

2.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-т “А б” ХХК-ийн хувьцааны эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан болох нь нэхэмжлэгч компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна”гэж хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн. Гэтэл үндэслэх хэсгийн 4.6-д “.... Улсын бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгч нь тухайн прокурорын байгууллагын зорилго, хүрээ хязгаарыг тогтоох, түүнийг үнэлэх эрхгүй тул хориглолтыг зөрчиж, хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй, ...хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болгохтой холбоотой буюу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ажиллагаа нь захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудал хэмээн хариу өгснийг бүртгэлд өөрчлөлт оруулах агуулгаар зөвшөөрөл өгсөн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь өмнөх тайлбараа няцаасан зөрчилтэй дүгнэлтийг хийсэн.

2.3. Гэтэл, хариуцагч нь прокурорын шийдвэрийн хүрээ, хязгаарыг хэтрүүлж, нэхэмжлэгч “А б” ХХКийн хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, хэлбэр өөрчлөгдөх, дуусгавар болох болон бусад бүх бүртгэлд мөн хориг тавих зөвшөөрөл олгосон мэтээр зөвшөөрлийг тайлбарлаж, бүртгэхгүй байгаа үйл баримтад шүүхээс үнэлэлт, дүгнэлт огт өгөөгүй.

2.4. Шүүх Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4/3225 тоот хариу мэдэгдэх хуудсыг буруу үнэлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

 Дээрхээс үзэхэд, хариуцагч нь Прокурорын байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийн цар хүрээг хэтрүүлж “А б” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцэхгүй байна.

2.5. Мөн нэхэмжлэгч талаас Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам"-ын 12.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 19 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэр, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг бүхэлд нь эсхүл улсын бүртгэлийн тодорхой төрлийг түдгэлзүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч нь прокуророос ирүүлсэн зөвшөөрлийн дагуу зөвхөн хувьцааны эрхийн шилжилт хөдөлгөөнд л тодорхой төрлийн хориг тавих ёстой гэж маргасан.

2.6. Гэтэл шүүхээс “А б” ХХК-ийн улсын бүртгэлийг бүхэлд нь түдгэлзүүлсэн мэтээр зөвшөөрлийг тайлбарлаж улсын бүртгэлийн байгууллагын хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан шийдвэр нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2.7. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсэгт”хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглоно”гэж заасан боловч дээрх захиргааны болон иргэний хэргийн маргаан нь нэхэмжлэгч “А б” ХХК-ийн хуулийн этгээдийн хэлбэрийн өөрчлөлт бүртгэх бүртгэлтэй хэрхэн холбогдож байгаа талаар хариуцагч үндэслэлтэй тайлбарлаагүйн зэрэгцээ эдгээр маргаантай холбогдуулан бүртгэл хийхгүй байх талаар улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдсэн аливаа баримт байхгүй. Мөн шүүхээс энэ хэсэгт хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй.

2.8. Улсын бүртгэгч Н.Э дхолбогдох захиргааны хэрэг нь “Д с н” ХХК-ийн нэхэмжлэлтэй хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлсэнтэй холбоотой маргаан буюу хэлбэрийн өөрчлөлтэй холбоогүй маргаан юм.

2.9. Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянагдаж буй хэрэг нь маргаан бүхий захиргааны акт гаргах үеийн байдлаар “А б” ХХК-ийн хуулийн этгээдийн хэлбэрийн өөрчлөлт бүртгүүлэхтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байсан байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

2.10. Хариуцагч бүртгэлийн байгууллага болон шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгвөл зохих асуудалд үнэлэлт, дүгнэлт огт өгөлгүйгээр, холбоотой маргаан байхгүй байхад бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй гэж үзсэнээс үүдэн банкны болон олон нийтийн дараах эрх ашиг хөндөгдөх эрсдэлтэй гэдгийг шүүхээс огт харгалзаж үзээгүй.

 

2.11. Иймд Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Банк нь Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн, банкны тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, эсхүл найдваргүй, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан бол Монголбанкнаас дараахь арга хэмжээг авна.”, 48 дугаар зүйлийн 48.1.17 дахь хэсэгт “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан үндэслэлээр банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох” гэж заасны дагуу банкны банк байгуулах тусгай зөвшөөрөл хүчингүй болох эрсдэлтэй төдийгүй банкны зөвшөөрөл хүчингүй болох тохиолдолд 350 гаруй ажилтан ажилгүй болж, 19 салбар, 5 тооцооны төв татан буугдаж, 113,124 харилцагч, 33,055 хадгаламж эзэмшигч, 70,000 гаруй зээлдэгчдийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Мөн Монгол Улсын банк санхүүгийн салбар дахь нэг банк татан буугдахад санхүүгийн салбарт итгэлийн хямрал үүсгэх, иргэд аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн хүнд байдалд оруулах, эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлөх зэрэг олон талын сөрөг нөлөө үзүүлж болзошгүй билээ. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0601 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

3. Гуравдагч этгээд “У и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, А.О нараас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

3.1.”...Прокурорын дээрх зөвшөөрлөөр “А б” ХХК-ийн хувьцааны эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан болохоос улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг бүхэлд нь түдгэлзүүлсэн талаар заагаагүй.

3.2. Гэтэл, хариуцагч нь нэхэмжлэгч “А б” ХХК-ийн хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөлтийг бүртгэхээс татгалзахдаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж буюу прокурорын дээрх зөвшөөрлийн хүрээ хязгаарыг нь хэтрүүлж “А б” ХХК-н улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах бусад бүх эрхэд хамаатуулж, хууль бус шийдвэр гаргасан байхад шүүх уг шийдвэрийг зөвтгөсөн нь үндэслэлгүй юм.

 3.3. Анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4/3225 тоот хариу мэдэгдэх хуудсыг буруу үнэлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

3.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ”Д с н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “А б” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Х/22/04 дугаартай хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын тогтоолыг үндэслэн тус компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэгч Н.Энхтуяагийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг хянагдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзсэн байгаа боловч уг захиргааны хэрэг нь “А б” ХХК- ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгтэй хамааралгүй юм.

Учир нь Улсын бүртгэгч Н.Э дхолбогдох захиргааны хэрэг нь “А б” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлтэй буюу “А б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувь эзэмшлийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой маргаан юм.

3.5. Харин дээрх маргаан нь “А б” ХХК-ийн хуулийн этгээдийн хэлбэрийн өөрчлөлтийг бүртгэх эсэх маргаантай агуулгын хувьд болон хууль зүйн үр дагаврын хувьд ч холбогдохгүй байна.

3.6. Гэтэл анхан шатны шүүх, хариуцагчийг “А б” ХХК-ийн хэлбэрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж байгаа үндэслэлээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д заасныг баримтлан улсын бүртгэгч Н.Э дхолбогдох захиргааны хэрэгтэй холбон тайлбарлаж байгааг зөвтгөсөн нь үндэслэлгүй юм.

3.7. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь”А б” ХХК-ийн хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчилсөн дүрмийг бүртгэхээс татгалзаж байгаа шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.4- т заасан захиргааны үйл ажиллагааны үр нөлөөтэй байх зарчимтай нийцэхгүй байна.

3.8. Түүнчлэн, нэхэмжлэгч “А б” ХХК болон гуравдагч этгээд “У и” ХХК, “Д с н” ХХК-иудад бодитоор учраад буй эрсдэлийн талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

Учир нь Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Банк нь Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн, банкны тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, эсхүл найдваргүй, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан бол Монголбанкнаас дараахь арга хэмжээг авна”гэж заасан бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Монголбанк нь банк байгуулах тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгож нийтэд зарлана", 27.1.6-д “банк энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй шаардлагыг биелүүлээгүй нь банкны үйл ажиллагаа, төлбөрийн чадварыг алдагдуулахад хүргэх ноцтой нөхцөл байдал үүсгэсэн” гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд “А б” ХХК нь Банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг хэрэгжүүлж хуулийн этгээдийн хэлбэрээ хувьцаат компани болгож өөрчлөөгүй нь Монголбанкнаас “А б” ХХК-ийн банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох бодит эрсдэл бий болсон байна.

3.9.“А б” ХХК-ийн статистик үзүүлэлтээс харахад 2025 оны 05 сарын 31-ний өдрийн байдлаар “А б” ХХК нь нийт 113,124 харилцагчтай, нийт 33,055 хадгаламж эзэмшигчтэй байна. Монгол улсад Арилжааны 12 банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс зөвхөн “А б” ХХК нь хэлбэрээ өөрчилж, хувьцаат компани болж чадаагүй байна.

3.10. Монголбанкнаас 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр А-19/356, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр А-1/378, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр А- 19/550 дугаар албан бичгүүд, Монгол банкны улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2023/90/01, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/90/03 тоот албан мэдэгдлээр “А б” ХХК-ийг  хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчилж, хувьцаат компани болохыг шаардсан байдаг.

Хэрэв Монголбанкнаас удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж “А б” ХХК-ийн банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болговол Монгол улсын 113,124 иргэд, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хүндээр зөрчигдөж, Монгол улсын эдийн засагт ноцтой хохирол бий болохоор байна.

3.11. Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч болон гуравдагч этгээд “У и” ХХК-н зүгээс тодорхой дурдаж байсан боловч анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй байх ба хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын “бүртгэл хийхээс татгалзсан шийдвэр” нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагааны хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж байна.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/518 дугаар албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4/14714 дугаар шийдвэр нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагааны үндсэн болон тусгай зарчмуудыг тус тус зөрчиж, гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0601 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хэргийг бүхэлд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон гуравдагч этгээд У и ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

            3. Нэхэмжлэгч “А б” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан”Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4/14714 дугаар албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/518 дугаар албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

            4. Хариуцагч талаас Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар улсын бүртгэгч Н.Э дхолбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн, улсын бүртгэлийн нэгдсэн архивд хадгалагдаж байгаа “А б” ХХК-ийн хувийн хэрэгт Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа тухайн иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн талаар ямар нэгэн баримт авагдаагүй, мөн тус хуулийн этгээдийн бүртгэлд Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 12226 дугаар зөвшөөрлийн дагуу хориг тавьсан тул Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар бүртгэхээс татгалзсан, нэхэмжлэгчийн хувийн хэргийн материалд прокурорын тавьсан хоригийг тайлбарласан баримт байхгүй гэж тайлбарлаж маргасан,

            5. Гуравдагч этгээд У и ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн бол гуравдагч этгээд "Д с н" ХХК-ийн зүгээс хариуцагчийн тайлбарыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

            6. Нэхэмжлэгч “А б” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон давж заалдсан гомдлын агуулга нь 2021 онд батлагдсан Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу банк нь компанийн хэлбэрээ өөрчлөх хуулийн шаардлага үүссэн учир компанийн дүрмийг шинэчилж, хаалттай хувьцаат компани болохоор шийдвэрлэсэн, энэ талаар Монгол банкнаас удаа дараа хугацаатай үүрэг даалгавар өгч, албан шаардлага ирүүлсэн, хориг тавьсан гэх прокурорын зөвшөөрлөөр зөвхөн хувьцааны буюу хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан болохоос компанийн мэдээлэлд хэлбэрийн өөрчлөлт оруулахыг хориглоогүй, энэ тухай прокуророос мэдэгдэх хуудсаар хариу өгсөн, харин тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн улсын бүртгэгч Н.Э дхолбогдох маргааны шаардлага агуулга нь энэ бүртгэлтэй ямар ч хамааралгүй, мөн хариуцагчаас бүртгэхээс татгалзсан тухай шийдвэртээ хуульд заасан татгалзах үндэслэлийг огт дурдаагүй гэж тайлбарлаж маргажээ.

            7. Анхан шатны шүүхээс ”Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 128/Ш32024/8478 дугаартай захирамжид”Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Д с н ХХК-ийн нэхэмжлэлтэй ”А б” ХХК, Монголбанканд холбогдох “А б” ХХК-ний 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан Х/22/04 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа талаар дурдаад, үүнтэй холбоотойгоор Д с н ХХК-ний нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Н.Э дхолбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1226 дугаар Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлөөр хэрэг бүртгэлтийн 210100004 дугаартай хэрэгт ач холбогдол бүхий хөрөнгө болох ”А б” ХХК-ний хувьцааны эрхийг бусдад шилжүүлэх үндэслэл тогтоогдож байх тул”А б”ХХК-ний хувьцааны эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан болох нь нэхэмжлэгч компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна гээд ... хариуцагчаас маргааны үйл баримттай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, 20.1.14-д заасан хориглосон үйлдлийг хийлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл дээрх хуулиар хориглосон зохицуулалтад Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан компанийн хэлбэрийг өөрчлөх үйл ажиллагаа мөн хамаарах тул улсын бүртгэлийн байгууллага”А б”хаалттай хувьцаат компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг үндэслэн тус хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаар холбогдох бүртгэл хийх боломжгүй. Нөгөө талаас улсын бүртгэлийн байгууллагаас “А б” ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан шалтгаан нь нь зөвхөн прокурорын зөвшөөрөл бус нэхэмжлэгч компанийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн бүртгэлийн маргаантай холбоотой хэрэг хянагдаж байгаа гэх үндэслэлийг мөн дурдаж татгалзсан байхад прокурорын зөвшөөрлийн талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулга авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн бүртгэл хийх үндэслэлгүй” зэрэг дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй, үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

8.  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална,” 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 19 дүгээр зүйлийн 19.4.3-т “улсын бүртгэгч нь энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрхтэй”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”, 20.1.14-д “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх”-ийг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглохоор хуульд заасныг хариуцагч улсын бүртгэлийн байгууллага болон шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

9. Тухайлбал “Нийслэлийн прокурорын газрын 1226 дугаар прокурорын зөвшөөрлөөр хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хөрөнгө болох “А б” ХХК-ийн хувьцааны эрхийг бусдад шилжүүлэх үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтын хүрээнд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэх агуулгаар гарсан.

Мөн эрүүгийн хэрэг бүртгэлтийн 210100004 дугаартай хэрэг эрүүгийн журмаар “Д с н” ХХК-ний нэхэмжлэлтэй, “А б” ХХК-д холбогдох Чингэлтэй дүүргийн иргэний хэрэг, “Д с н” ХХК-ийн нэхэмжлэлтэй улсын бүртгэгч Н.Э дхолбогдох Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн хэрэг зэрэг үйл баримтууд байгаа үндэслэлээр улсын бүртгэлийн байгууллага дээрх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, 20.1.14-т зааснаар бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцсэн байна.

10. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн 20.1.10  болон 20.1.14-т заасан бүртгэлийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэлд нэхэмжлэгч компанийн хэлбэрийг өөрчлөх үйл ажиллагаа ч мөн адил хамаарахаар байна.

11. Учир нь бүртгэлийн байгууллагаас компанийн дүрмийн өөрчлөлтөөр “А б” ХХК-ийг “А б” ХК болгон бүртгэл явагдсанаар “А б” ХК нь хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах, худалдах боломж бүрдэх бөгөөд уг үйл ажиллагаанд прокурор болон бүртгэлийн байгууллага хяналт тавих боломжгүй болох бөгөөд үүнтэй холбоотойгоор прокурорын 1126 дугаар зөвшөөрлөөр хамгаалагдсан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үр дагавар үүсэх боломжтой юм. Иймд нэхэмжлэгч нь дээр дурдсан эрүү, иргэн, захиргааны хэргүүдийг эцэслэн шийдвэрлүүлсний дараа бүртгэлийн байгууллагад хандаж бүртгэл хийлгэх эрх нь нээлттэй юм.

12. Нэхэмжлэгч “А б”ХХК болон “У и” ХХК-аас гаргасан “Прокурорын байгууллага нь тухайн зөвшөөрлийнхөө зорилго, хүрээ хязгаарыг тогтоож, улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн. Хариуцагч нь прокурорын шийдвэрийн хүрээ, хязгаарыг хэтрүүлж, нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, хэлбэр өөрчлөгдөх, дуусгавар болох болон бусад бүртгэлд мөн хориг тавих зөвшөөрөл олгосон мэтээр зөвшөөрлийг тайлбарлаж, бүртгэхгүй байгаа үйл баримтад шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4/3225 тоот хариу мэдэгдэх хуудсыг буруу үнэлсэн. Хариуцагч нь прокуророос ирүүлсэн зөвшөөрлийн дагуу зөвхөн хувьцааны эрхийн шилжилт хөдөлгөөнд л тодорхой төрлийн хориг тавих ёстой. Гуравдагч этгээд У и ХХК-аас Прокурорын дээрх зөвшөөрлөөр “А б” ХХК-ийн хувьцааны эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан болохоос улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг бүхэлд нь түдгэлзүүлсэн талаар заагаагүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд улсын бүргэгч Н.Э дхолбогдох захиргааны хэрэг хянагдаж түдгэлзсэн байгаа боловч уг захиргааны хэрэг нь “А б” ХХК-ний нэхэмжлэлтэй  Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт хамааралгүй. Дээрх маргаан нь “А б” ХХК-ийн хуулийн этгээдийн хэлбэрийн өөрчлөлтийг бүртгэх эсэх маргаантай агуулгын хувьд болон хууль зүйн үр дагаврын хувьд ч холбогдохгүй байна” гэх давж заалдах гомдол гаргасныг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 , 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн 601 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон гуравдагч этгээд “У и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                   ШҮҮГЧ                                      Э.ЛХАГВАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БААТАРХҮҮ

                             ШҮҮГЧ                                        Л.ОДБААТАР