Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 186

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч М.Чинбат

хохирогч Б.Тэмүүлэн

шүүгдэгч Б.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Б.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн, 1993 оны 2 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 4 дүгээр гудамжны 263 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:УИ93022431/ Элжигэн овогт Батмөнхийн Тэмүүжинд холбогдох эрүүгийн 201626021784 дугаартай 1 хавтаст хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Тэмүүжин  нь 2016 оны 6 дугаар сарын 12-ны шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн орчим өөрийн дүүг зодсон гэх үл ялих зүйлээр шалтаглан, Бо.Тэмүүлэнгийн биед дээд эрүүний баруун духны сэртэн, ухархайн доод хананы хэлтэрхийсэн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулан танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Тэмүүжин шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 6 дугаар сарын 12-ны шөнийн 23 цагийн үед би найз охин Мөнхтуяагийн гэрт нь хамт байж байсан юм. Тэгтэл миний төрсөн дүү Тэмүүлэн миний утас руу залгаад “агаа би зодуулчихлаа хүрээд ир” гэсэн. Би найз охин Мөнхтуяагийн хамтаар Модны 2-ын орчим очиход манай дүү Тэмүүлэн хамар амнаас нь цус гарчихсан нүдний шил нь хагарчихсан 2-3 найзынхаа хамт зогсож байсан. Мөн миний найз Бямбадорж               Мэндбаяр нар  очсон байсан. Тэнд очоод найз Мөнхтуяа болон, дүү Тэмүүлэн, түүний найз нарын хамт Гандангийн гол хэсэг рүү явахад Гандангийн урд талын саадан дотор хэдэн залуучууд сууж байсан. Тэдэн дээр очоод би “манай дүүг хэн зодсон бэ” гэж асуухад Мөнхтөр гэх залуу “би зодсон, та нар тэгээд яах юм” гэсэн. Тэгээд бид тал талаасаа маргаад би хохирогч Тэмүүлэнгийн нүүрэнд гараараа 2 удаа цохисон. Тэгтэл Тэмүүлэнгийн найз Бат-Очир миний толгой руу чулуугаар цохиод зугатаасан. Миний биед хөнгөн гэмтэл учирсан. Гэхдээ би гомдол саналгүй гэснээр Бат-Очирт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсныг ойлгож байгаа. Өөрийн төрсөн дүү Тэмүүлэнг бусдад зодуулсан гэхээр нь дүүгээ өмөөрч яваад л ийм асуудал боллоо. Хохирогч Тэмүүлэнгийн эмчилгээний төлбөрт 2000000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлыг төлнө. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Бо.Тэмүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт:  2016 оны 6 дугаар сарын 12-ны шөнө би өөрийн төрсөн дүү Билгүүн, найз Сарангуа, Мөнхжин, Мөнхтөр нарын хамт Гандангийн урд талын сааданд сууж байтал бидэн дээр 10 гаруй хүн ирсэн. Тэдний нэг Тэмүүжин “манай дүүг хэн зодсон бэ” гэж асуухад би “бид нар биш” гэж хэлсэн. Тэмүүжингийн дүү Ба Тэмүүлэн ч “энэ хүмүүс биш байна” гэж хэлсэн. Тэгтэл Тэмүүжин нартай хамт явж байсан найз нар нь биднийг “ гэр хорооллын халтар гөлөгнүүд” гэх мэтчилэн хэл амаар доромжилсон. Тэгэхэд нь Мөнхтөр “бид нар зодсон бол та нар яах юм бэ” гэж хэлсэн чинь Тэмүүжингийн найз Мөнхтуяа нь Мөнхтөрийг алгадсан. Манай дүү Билгүүнийг Тэмүүжин алгадсан. Нэг харсан чинь манай дүү Билгүүн 4 хүний дунд газар уначихсан байхаар нь татаж босгох гээд очиход намайг Тэмүүжин цохиж унагаасан. Тэмүүжингийн дүү Ба Тэмүүлэн хүнд зодуулсан байсан юм байна лээ. Тэмүүжин дүүгээ өмөөрснөөс энэ хэрэг гарсан гэж бодож байна. Гэхдээ бид Тэмүүжингийн дүүг зодсон асуудал байгаагүй. Миний биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Биедээ гэмтэл авснаас болж хагалгаанд орж нүдний ухархай хэсэгт төмөр гадаргуутай миниплет ялтас, титан сет суулгасан. Хацарны ясыг хадаасаар бэхэлсэн байгаа. Хадаасыг нь 6 сарын дараа авахуулаарай гэсэн, авахуулах хугацаа нь арай болоогүй байгаа. Хадаасыг авахуулахад хагалгааны зардал хэдэн төгрөг болохыг сайн хэлж мэдэхгүй байна. Энэ зардлыг Тэмүүжингээс нэхэмжилнэ. Харин миний эмчилгээнд бодитоор гарсан зардалд Тэмүүжин 2000000 төгрөг төлсөн тул баримтаар нэхэмжилсэн төлбөр бүрэн төлөгдсөн. Тэмүүжинд гомдолтой байна гэв.

 

Хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор: Б.Тэмүүжингийн ял шалгах хуудас /хх-ийн 119/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 116/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 115/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 121/,

гэрч О.Гэрэлгэгээн:... Би Тэмүүжингийн төрсөн эх байгаа юм. ”Манай хүү Тэмүүжин зан байдлын хувьд эелдэг зөөлөн сэтгэлтэй, хүнтэй нийтэч харилцаа сайтай, хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй урьд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдож цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан удаа байхгүй. Мөн Тэмүүжин нь 2000 онд Оюуны ундраа 96 дугаар сургуульд элсэн орж нэг ангидаа 10 жил сураад 2010 онд сургуулиа төгсөж байсан. 2010 онд сургуулиа төгсөөд ШУТИС-д элсэн орж 4 жил сурч байгаад жилийн чөлөө авч үргэлжлүүлэн сураагүй байгаа. Одоо ямар нэгэн ажил төрөл хийлгүй гэртээ байгаа. Манай гэр бүлийн зүгээс хүүхдийнхээ төлбөрийг төлж чадахгүй учраас сургуулийг нь төгсгөж чадахгүй явж байгаа юмаа. Манай хүүгийн найз Мөнхтуяа нь одоо Солонгос улсад сурч байгаа. Мөнхтуяатайгаа үерхээд 5-6 жил болж байгаа санагдаж байна. /хх-ийн 52-53/

 

хохирогчоор Бо.Тэмүүлэн:...”2016 оны 6 дугаар сарын 12-ны орой 23 цаг өнгөрч байхад би өөрийн төрсөн дүү Билгүүн, найз Мөнхтөр, Сарангоо нарын хамт Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандангийн төв хаалганаас урагш 100 метр орчим зайд байрлах сандал дээр сууж байтал ертөнцийн зүгээр баруун урд зүгээс миний харсанаар 10 орчим хүмүүс биднийг чиглэж ирээд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр нь “яагаад манай дүүг зодсон” гэж хэлсэн. Тэгтэл дүү нь бололтой нэг залуу “наад хүмүүс чинь биш байна” гэж хэлтэл Мөнхтөрийг хамт явж байсан охин нь алгадсан. Тэгтэл манай дүү “яаж байна” гээд босоод иртэл нөгөө залуу нь буюу сүүлд нэрийг нь мэдсэн Тэмүүлэн гэж залуу манай дүүг нэг удаа алгадсан. Тэгээд бид нар үндсэндээ тараад зайгаа барьсан. Тэгээд би дүү рүүгээ нэг хартал манай дүү газар 4 хүний дунд уначихсан байсан. Тэгэхээр нь би дүүгээ авах гээд очтол тэр Тэмүүлэн гэж залуу миний баруун нүдний орчим руу нэг удаа, толгойны зүүн хойд хэсэг рүү 2 удаа гараараа цохьсон. Тэгэхээр нь би тонгойгоод газар суусан. Тэгтэл удалгүй цагдаа ирсэн. Тэгээд цагдаа нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёрыг аваад явсан ба бид нарыг араас хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Сарангуатай хамт цагдаа дээр ирээд намайг цохисон Тэмүүлэн гэж залуутай эвлэрээд тухайн үед өөрийнхөө хамар хугарсан гэж бодоод 200.000 төгрөг аваад гомдолгүй гээд салсан. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэг дээр ороод үзүүлтэл хавдар ихтэй байна хамар чинь хугарсан байна. Манайх хугарсан хамар янзлахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш нь 10 дугаар хорооллын хувийн эмнэлэг ороод үзүүлсэн чинь хавдар ихтэй байна хоёр хоногийн дараа ир гэж хэлсэн. Тэгээд хоёр хоногийн дараа эмнэлэг дээр очтол чиний хамарнаас гадна ясны хугарал байна томографикийн зураг авахуулж ир гэсэн. Тэгэхээр нь би 2016 оны 6 дугаар  сарын 15-ны өдөр томографийн зураг авахуулсан чинь хариу нь хамар ясны баруун хана хугаралтай, баруун нүдний ухархайн доод хана доош гайморын хөндий рүү мөн баруун нүдний хажуу хана олон тооны жижиг хугаралуудтай гэж дүгнэлт гарсан. Тэгээд шинжилгээ бүрдүүлж байгаад 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1 дүгээр эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж мэс засалд ороод 2016 оны 7 дугаар сарын 04-ны өдөр эмнэлэгээс гарсан. Миний зүгээс маш их гомдолтой байна. Одоогийн байдлаар мэс засал, эмчилгээний зардалд 1.800.000 төгрөгний зардал гарсан ба 6 сарын дараа дахиад хадаасаа авхуулж дахин мэс засалд орно. Маш их гомдолтой байна. /хх-ийн 21-22/,

 

гэрчээр Б.Сарангуа:...”2016 оны 6 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн үед би өөрийн найз Тэмүүлэн, Билгүүн, Мөнхжин, Мөнхтөр нартай уулзаад бид нар Гандангийн хажууд урд сааданд юм яриад сууж байтал үл таних залуучууд бид нар дээр ирээд нэг залуу нь нэг хүүхний хамт Мөнхтөр рүү дайраад манай дүүг зодлоо гээд Мөнхтөрийг нэг эмэгтэй нь алгадаад араас нь нөгөө залуу нь Мөнхтөрийг нүүрэн тус газар цохьсон. Тэгэхээр би зодоон болох гэж байна гэж бодоод Тэмүүлэнтэй хамт уг хүмүүсээс холдтол Билгүүн, Мөнхтөр хоёрыг тэнд байсан нөгөө залуучууд нь зодоод байх шиг болохоор нь би очоод салгах гээд очтол нөгөө эхнэр нь гэх эмэгтэй бид нарыг хэл амаар доромжлоод гэр хорооллын халтар банди гээд би тэр эмэгтэйтэй барьцалдаж аваад хэрэлдэж байгаад салсан. Тэгтэл Тэмүүлэн яагаад манай дүүг цохиод байгаа юм гээд дуугарахаар нь Тэмүүлэн рүү хартал нөгөө Мөнхтөрийг зодсон залуу Тэмүүлэнгийн нүүрэн тус газар 3 удаа гараараа цохьсон. Энэ үед Тэмүүлэн газар сөгдөөд унасан ба очтол хамарнаас нь цус гарчихсан баруун нүднийх нь доод хэсэгт арьс нь язраад сэтэрчихсэн түүнээс нь бас цус гарч байсан. Тэгтэл хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа нар нөгөө Мөнхтөр, Тэмүүлэн нарын зодсон залууг эхнэртэй нь хамт аваад явсан ба Тэмүүлэн бид хоёрыг араас хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би Тэмүүлэнтэй хамт цагдаа дээр иртэл нэг цагдаа та нар залуу хүмүүс тохиролцоод салвал сал гэтэл нөгөө залуу Тэмүүлэнд хамар тэгшлэх 200.000 төгрөг өгөөд бид нар эвлэрээд салсан. Тэгээд Тэмүүлэн бид хоёр Гэмтлийн эмнэлэг ороод хамрын зураг авхуулсан чинь эмч одоо хамар тэгшлэхгүй, хавдраа буулгаад ир мөн өөр ахиад гэмтэл байж болзошгүй байна нарийн шинжилгээ өгч зураг авхуулаарай гэж хэлсэн. Тэгээд Тэмүүлэн бид хоёр харьсан. Тэгээд үүнээс хойш 2 хоногийн дараа Тэмүүлэнтэй уулзахад хамар, нүд, хацар нь хавдчихсан хавдараа буулгаад эмч дээр очно гэж байсан. Тэгээд үүнээс хойш нилээн хэд хоногийн дараа би Тэмүүлэнтэй ярьсан чинь би хамраа тэгшлүүлчихсэн хацрын яс цөмөрсөн, тархинд цус хуралттай байна гэнээ би эмчийн заавраар эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлсэн. /хх-ийн 28-29/,

 

гэрчээр Б.Билгүүн:...”2016 оны 6 дугаар сарын 12-ны шөнийн 23 цаг өнгөрч байхад би Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангийн урд талд өөрийн найз нар болох Мөнхтөр, Мөнхжин, Сарангуа ах Тэмүүлэн нарын хамт гадаа сандал дээр суугаад юм ярьж байтал үл таних хэдэн залуучууд тоог нь сайн анзаараагүй залуучууд бид нар дээр ирээд нэг залуу нь “миний дүүг хэн зодсон” гэж бид нараас асуусан. Тэр үед бид нар мэдэхгүй, бид нар хүн зодоогүй гэдгээ хэлсэн. Тэгээд тэр залуу манай дүүг зодсон байна гээд ямар ч хамаагүй манай найз Мөнхтөртэй маргалдаад Мөнхтөрийг тэр залуугийн эхнэр бололтой нэг эмэгтэй алгадаад дараа нь нөхөр нь Мөнхтөрийн нүүрэн тус газар 2-3 удаа цохьсон. Тэгэхээр нь би та нар зүгээр байгаа хүнийг зодлоо гээд найзыгаа өмөөрөөд уг зодооныг салгах гэж байгаад өөрөө газар уначихсан. Тэгтэл тэнд байсан хүмүүс намайг өшиглөөд байсан. Тэгэхдээ хэн нь өшиглөснийг мэдэхгүй байна би хараагүй нүүрээ дараад хэвтчихсэн. Тэр үед намайг хүмүүс өшиглөөд байсан болохоор хэсэг зуур юу болсон талаар харж чадаагүй нүүрээ гараараа хааж байтал намайг өшиглөж байсан хүмүүс намайг өшиглөхөө больчихсон байсан. Тэгтэл удалгүй цагдаа ирээд нөгөө залууг эхнэрийнх хамт аваад явахаар нь би гэр рүүгээ орсон.  Сарангуа, ахыг янзлуулах 200.000 төгрөг аваад салчихлаа гэсэн. Бидний зүгээс маш их гомдолтой байна. /хх-ийн 30-32/ гэсэн,

 

гэрчээр Ба.Тэмүүлэн:...”2016 оны 6 дугаар сарын 12-ны орой найз Даваа-Очир, Пүрэвбаатар, Дориун, Ганбаяр нарын хамтаар Гандангийн 60 айлд амьдардаг Билгүүн гэх залуугийн төрсөн өдөрт очоод ирье гэхээр нь Гандангийн 60 айл руу явсан ба 60 айлын 2 цагаан байрны голд очоод зогсож байх үед үл таних нэг залуу манай сургуулийн доод талын ангийн Мөнхтөр гэх хүүхэдтэй ирээд “та нар хаанахынх юм бэ” гэхээр нь Пүрэвбаатар “Модны хоёрынх” гэж хэлэхэд “Модны хоёрынх ийм том болчихсон юм уу” гээд дээрэлхэх шинжтэй болохоор нь бид нар гэртээ харьлаа гээд явах гэж байтал “та нар номхон зогс, та нар ямар хэгжүүн юм вэ” гэхээр нь зогсож байх үед хоёр цагаан байрны урд талын байрны булангаас гурван залуу гарч ирээд нэг залуу нь согтуу байсан ба тэр залуу бид нар дээр ирээд ах яагаад дээрэлхээд байна гээд Пүрэвбаатар, Дориун хоёрын толгой руу цохиж авсан харин дараа нь миний нүүр рүү цохиж авсан ба тэр үед миний нүдний шил газар унаад шилээ авах гээд тонгойтол хамраас цус гарсан. Тэгээд шилээ аваад бид нар зугатаж төв зам руу гарсан ба тэр үедээ би өөрийн төрсөн ах Тэмүүжин рүү залгаж хүнд зодуулчихлаа хүрээд ир гэж хэлсэн. Тэр үед ах найз охиныхоо гэрт байж таараад машинтайгаа ирсэн. Мөн би ах руугаа залгасныхаа дараа ахын хоёр найз Мэндбаяр, Бямбадорж нар руу залгаж дуудсан. Ингээд тэд нар ирсэн ба тэр үед төрсөн өдрийн эзэн Билгүүн бид нарыг олоод ирсэн. Билгүүнээс өөрийгөө зодсон залууг асуутал Гандангаас 4 зам руу уруудах сааданд л байгаа байх гэж хэлэхээр нь бид нар бөөнөөрөө тухайн саад руу Билгүүнтэй хамт явсан. Сааданд 4 залуу 2-3 охин архи уугаад архиа урдаа тавьчихсан сууж байсан тэр дунд бид нарыг байрны голд байхад ганцаараа ирээд томорч байсан залуу байсан ба мөн байрны булангаас гарч ирсэн 3 залуугийн нэг нь хамт байсан нөгөө хоёр залууг танихгүй байсан. Яг намайг цохидог залуу нь байхгүй байсан ингээд бид нар очоод манай ах Тэмүүжин “юу болоод байгаа юм вэ манай дүүг хэн цохисон гэж асуутал Мөнхтөр гэх залуу “би цохисон чи тэгээд яахын” гээд босоод ирэхээр нь манай ах Мөнхтөрийн шилэн хүзүүний дээрээс нь барьж аваад “чи манай дүүг цохидог ямар овоо байцаан вэ” гээд барьж байтал ахын найз охин тухайн залууг нэг удаа алгадаж авсан. Бид нар бүгд эрүүл байсан. Манай ах ч гэсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин нөгөө залуус гандангийн урд талын сааданд архи тавьчихсан ууж байсан. Мөнхтөр болон Тэмүүлэнгийн төрсөн дүү Билгүүн гэх залуус нилээд согтуу байсан. /хх-ийн 33-34/ гэсэн,

 

гэрчээр А.Мэндбаяр:...”2016 оны 6 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би өөрийн оюутан ангийн найз Бямбадоржтой хамт хороололд найзтайгаа уулзаад явж байх үед Бямбадорж руу нэг ангид хамт сурч байсан Тэмүүжин залгаад Гандангийн 60 айлын энд хүрээд ир манай дүү жаахан асуудалд орчихлоо гэж дуудсан тэгээд бид хоёр машинтай явж байсан болохоор удалгүй яваад очиход Тэмүүжин ирчихсэн дүү болон дүүгийнхээ найз нартай зогсож байсан ба дүү Тэмүүлэнгийх нь нүүр ам нь цус болчихсон байсан. Тэгээд Тэмүүлэнгийх нь хоёр найз зодсон хүмүүсээс тэнд байгаа байх гээд бид нарыг дагуулаад Гандангийн урд талын саад руу явсан ба сааданд 6-7 залуу 2 эмэгтэйгийн хамтаар  сандал дээр сууж байсан тэд нарыг хараад Тэмүүжин дүү Тэмүүлэнгийн хамтаар тэд нар руу түрүүлээд гүйгээд очсон харин бид нар очиход Тэмүүжин дээгүүрээ хувцасаа тайлчихсан залуутай маргалдаж байсан ба Тэмүүжинг тал талаас нь цохиод байхаар нь Бямбадорж бид хоёр салгасан. Тэгээд зодоон болох гээд байх шиг болохоор нь Бямбадорж бид хоёр Тэмүүжингийн найз охинтой яриад цагдаа дууд гээд цагдаа дуудуулсан. /хх-ийн 35-36/ гэсэн,

 

гэрчээр Э.Мөнхтөр:...”2016 оны 6 дугаар сарын 12-ны орой би ойролцоо амьдардаг Билгүүн, Мөнхжин, Сарангуа, Билгүүний төрсөн ах Тэмүүлэн нартай хамт Гандангийн урд талын сааданд сууж байх үед үл таних хоёр эрэгтэй нэг эмэгтэйгийн хамтаар бид нар дээр ирээд “Манай дүүг хэн зодсон вэ” гэхээр нь би жаахан согтуу байсан болохоор “би зодсон бол яахын” гээд босоод иртэл эмэгтэй нь намайг “чи миний дүүг зоддог хэн вэ” гээд нэг удаа хацар руу алгадаж авсан тэгэхээр нь “та яагаад байгаа юм бэ” гэтэл нэг залуу нь “чи манай эхнэртэй яаж харьцаад байгаа юм вэ” гээд намайг барьж авч газар унагасан тэгээд дээрээс нөгөө залуутайгаа нийлж зодохоор нь би босож зугатаад гэрээс манай ээж гарч ирсэн байж таараад намайг гэрт оруулсан. Намайг зодуулж байх үед хажуу талаас Билгүүн, Мөнхжин, Тэмүүлэн нар салгаж байх шиг байсан. Тэгээд би гэрээсээ гарах гэтэл гаргахгүй байсаар байгаад ойролцоогоор 10 гаруй минутын дараа гарч иртэл гадаа цагдаа ирчихсэн нилээд олуулаа болчихсон байсан ба Билгүүн, Тэмүүлэн ах манай 60 айлын байранд амьдардаг Доржжанцан ах мөн Билгүүний хамтаар ирчихсэн зогсож байсан тэгээд ээж намайг цагдаа ирсэн байна чи яах гээд байгаа юм гээд гэрт оруулсан. /хх-ийн 37-39/ гэсэн,

 

гэрчээр Н.Мөнхжин:...”2016 оны 6 дугаар сарын 12-ны орой хэдэн цаг болж байсныг санахгүй байна найз Тэмүүлэн болон түүний дүү Билгүүн, Мөнхтөр, Сарангуа нарын хамтаар Гандангийн урд талын сааданд Мөнхтөрийн гэрийн хашааны харалдаа сааданд сууж байх үед баруун талын гудамжнаас нь ойролцоогоор 9-10 залуучууд нэг охины хамтаар гарч ирээд нэг охин түрүүлж ирээд “Манай дүүг хэн цохисон юм” гээд орилж асуусан ба тухайн асуултаа 2-3 удаа давтаж асуухад Мөнхтөр жаахан халамцуу байсан болохоор  би цохисон гээд босоод ирсэн тэр үед эмэгтэй нь  2-3 удаа алгадаж аваад цохиулсан гэх залуугийн ах нь болох эрэгтэй Мөнхтөрийг бариад авсан тэр үед Билгүүн, Тэмүүлэн, Сарангуа бид нар салгах санаатай босоод очтол Билгүүнийг Тэмүүжин гэх залуу цохиж авсан. Тэгээд Билгүүн салаад зам руу гараад ардаас нь 2-3 залуу хөөж барьж аваад газар унагаад зодож эхэлсэн тэр үед Тэмүүлэн дүүгээ салгах гэж очоод Тэмүүжин гэх залууд нүүр рүүгээ цохиулаад хамраа хугалуулчихлаа гээд хамраа дараад явган хүний зам руу гараад суусан. Тэр үед Мөнхтөр гэртээ орчихсон байсан. Мөнхтөрийн ээж гарч ирээд хүүхдээ аваад орсон. Тэгээд нэг хэсэг маргаан намжаад байж байх үед тухайн эмэгтэй нөхрийнхөө толгойг хагалсан, дүүгээ зодуулсан болохоор ирсэн талаараа хэлж байсан.  /хх-ийн 40-41/ гэсэн,

 

гэрчээр Г.Даваа-Очир:...”2016 оны 6 дугаар сарын 12-ны шөнө Гандангийн 60 айлд амьдардаг Я.Билгүүн гэх залуугийн төрсөн өдөр болж байсан ба манай найз Тэмүүлэн, Дориун, Пүрэвбаатар, Ганбаяр нарын хамтаар 5-уулаа Гандангийн 60 айлд орж Я.Билгүүнд төрсөн өдрийн мэнд хүргэхээр орой 21-22 цагийн үед Гандангийн 60 айлын байр руу ойртож явах үед жижигээ гэх хочтой жижиг биетэй залуу бид нарыг дуудсан ба бид нар дээр ирээд бид нарыг “хаанахынх юм бэ “гэж асуугаад “модны хоёрынх” гэж хэлэхэд ямар хэргээр явж байгаа юм вэ гэхээр нь “найз Билгүүнтэй уулзах гэж ирсэн юм аа гэж хэлэхэд модны хоёрынхон ийм том болчихсон юм уу” гээд бид нарыг хэл амаар өдөөд байхаар нь тоохгүй орхиод явтал урдаас Данзка гэх залуу гарч ирээд бид нарыг “та нар манай ахыг яагаад байгаа юм вэ” гээд манай найз Тэмүүлэнг цохиж авсан тэр үед Тэмүүлэнгийн нүдний шил хагараад газар унаж хагарсан шил нь хамрыг нь бага зэрэг зүсэж,  хамраас нь цус гарсан. Түүний дараа Данзка гэх залуу Дориуныг бас 2-3 удаа цохиж авсан тэр үед Мөнхтөр гэх ганданд амьдардаг бид нарыг зүс таних залуу хажууд ирээд Данзка гэх залуу тэврээд үлдсэн ба бид нар тэр үед нь явсан. /хх-ийн 42-44/ гэсэн,

 

гэрчээр З.Дориун:...”Тэмүүлэн, Ганбаяр, Пүрэвбаатар, Даваа-Очир бид 5 2016 оны 6 дугаар сарын 12-ны орой 21-22 цагийн үед Гандангийн 60 айлд амьдардаг Я.Билгүүн гэх багаасаа найзалж байсан найзынхаа төрсөн өдөрт очиж уулзаж мэнд хүргэхээр 60 айл руу очсон тэр үед 60 айлын гадаа Билгүүнийг хүлээж байх үед “Жижигээ” гэх хочтой нэг жижиг биетэй залуу бид нарыг дуудаад өөрөө ганцаараа бид нар дээр ирж “та нар хаанахых юм” гээд модны хоёрынх гэж хэлэхэд ийм болчихсон юмуу яагаад дуудахад ирэхгүй байгаа юм гэх мэтээр бид нарт томорсон тэр үед 60 айлын гадаанаас Мөндөл гэх хочтой Мөнхтөр бид нар дээр ирээд Жижигээ гэх залууг бид нараас холдуулах гээд бид нарыг байж бай гээд орилоод байсан. /хх-ийн 45-47/ гэсэн,

 

гэрчээр М.Зандандаш:...”2016 оны 6 дугаар сарын 12-ны орой хэдэн цаг болж байсныг санахгүй байна гэрээсээ гараад хороолол орж Анар гэх найзтайгаа уулзахаар явж байсан ба замдаа Гандангийн 60 айлын голоор гарч явах үед 60 айлын 2 байрны голд хэдэн хүмүүс орилолдоод байсан ба байрны жоохон хүүхэд ирээд Данзка ахаа тэнд Жижигээ ах, Мөнхтөр ах хоёрыг хэдэн хүмүүс зодох гээд байна очоод салгаад өгөөч гэж хэлэхээр нь ганцаараа яваад очтол 5-6 залуу Жижигээ, Мөнхтөр хоёртой жаахан зайтай маргалдсан байдалтай зогсож байсан. Тэр үед би очоод Жижигээ ахыг өмөөрч тухайн 5-6 залуугийн өөдөөс юу болоод байгаа юм манай ахыг яагаад дээрэлхээд байгаа юм гэдэг байдлаар хэлж Дориун гэх Оюуны ундраа сургуульд манай доод ангид сурч байсан залууг түлхээд нүдний шилтэй залуу нь миний өөдөөс маргалдаж барьцалдаж авахаар нь би гараараа нүүр рүү нь мангасдаж түлхэх үед шил нь хамрыг зүсэж гэмтэл учруулсан тэр үед Мөнхтөр намайг тэврээд болио манай найзууд гэж хэлсэн тэгээд тухайн залуус доошоо 60 айлын доод гудмаар ороод яваад өгсөн. /хх-ийн 48-50/ гэсэн,

 

гэрчээр Я.Билгүүн:...”2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр миний төрсөн өдөр байсан тул Гандангийн урагш уруудах зам дагуу байх Байгалийн музейн хашаанд Мөнгөншагай Гантөгс, Ганбаяр нарын хамтаар 3 ширхэг 2.5 литрийн пиво 4-үүлээ хувааж уусан харин орой хэдэн цаг болж байсныг санахгүй байна Шагайгийн утас руу модны хоёрын 36 дугаар байранд танилцаж байсан Давка, Дориун, Пүүжээ, Тэмүүлэн нар манай гэр болох 60 айлын гадаа ирчихсэн байна “хаана байгаан” гэж асуухаар нь Байгал хишиг гэх байгаа газраа хэлэхэд “наадахыг чинь би хайгаад олохгүй байна” гэж хэлэхээр нь би “наанаа байж бай одоо очлоо” гэж хэлээд найз Гантөгсийн хамтаар 60 айл дээр очиход байхгүй байсан ба Мөнгөншагайгийн утсаар залгасан дугаар руу нь залгахад модны хоёрт байна танай байрны гадаа Тэмка, Данзка гэх залууд цохиулаад нүдний шилээ хугалсан ахыгаа дуудсан байгаа шилээ төлүүлмээр байна гэж хэлэхээр нь модны хоёр руу гудмаар гараад очсон ба намайг очиход ах нь ирээгүй нөгөө 4, 4-үүлээ байсан тэгээд удалгүй ах нь гэх залуу нэг эмэгтэйгийн хамтаар мөн 2-3 найзын хамтаар ирсэн тэгээд надаас Данзкаг хаана байгаа талаар асуухаар нь Гандангийн урд талын сааданд сандал дээр Билгүүн хэсэг хүмүүсийн хамтаар сууж байхыг харсан болохоор тэнд байж магадгүй гэж бодоод дагуулж очиж байх үед гудамжинд Бат-Очир ах Гансүх хоёр зөрөөд өнгөрсөн тэгээд сандал дээр сууж байсан Билгүүн тэд нар дээр очиход Билгүүн, Мөнхтөр, Билгүүний төрсөн ах Тэмүүлэн, Мөнхжин, Сарангуа нар сууж байсан ба Тэмкагийн ах гэх залуу тэд нар дээр очоод манай дүүг хэн цохисон гэх мэтээр асууж маргалдаж байгаад гэнэт зодоон болсон зодооны үед Мөнхтөр зодуулж байсан ба би салгах гээд дундуур нь орж байсан ба тухайн үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор хэн нь хэнийгээ хэрхэн цохисон талаар нь хараагүй. /хх-ийн 54-55/ гэсэн,

 

гэрчээр Н.Бямбадорж:...”2016 оны 6 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн үед над руу манай найз Тэмүүжингийн дүү Тэмүүлэн утсаар залгаад “модны хоёрт зодуулчихлаа ахаа хүрээд ирэх үү” Тэмүүжин ах одоо ирж байгаа гэж хэлэхээр нь би найз Мэндбаярын хамтаар модны хоёрт явж очиход Тэмүүжин ирээгүй байсан ба Тэмүүлэн хэсэг найз нарынхаа хамтаар нүдний шил хагарчихсан хамрын дээд хэсгээс нь бага зэрэг цус гарсан байдалтай байсан ба удалгүй Тэмүүжин найз охин Мөнхтуяагийн хамтаар ирсэн тэгээд Тэмүүлэнг зодсон хүүхдүүд хаана байгаа талаар асуухад нэг найз нь Гандангийн урд сааданд байж магадгүй гэж хэлэхээр нь модны хоёроосоо гудамжин дундуур алхаад Гандангийн урд талын саад руу гарахад сааданд 4-5 залуу 2 охины хамтаар сууж байсан ба Тэмүүжин түрүүлж очоод дүүгээ хэн нь цохиж зодсон болох талаар асуухад Мөнхтөр “би цохисон юм тэгээд яахын” гээд босоод ирсэн харин тэр үед Тэмүүжин тухайн залуугаас “яахаараа  манай дүүг цохидог юм” гэж асуухад “би цохисон юм тэгээд яахын” гээд орилоод байсан тэнд нэг их зодоон гэх зүйл болоогүй. Бид нар эрүүл байсан болохоор Тэмүүжинд цагдаа дуудаа хүн цохиж болохгүй шүү гэж хэлсэн харин тэр үед өндөр биетэй одоо хамрандаа цохиулж гэмтэл авсан гэх залуу Тэмүүжингийн араас өшиглөж авсан. Тэмүүжин тэр хоёр залуутай 3-лаа хамт газар унасан. Харин тэр үед нь би Тэмүүлэнг өөрийгөө цохисон гээд байсан залууг нь салгаж холдуулаад эргээд хартал Тэмүүжин нөгөө өндөр залуу хоёр босоод ирсэн. Тэр үед өндөр залуу нь миний хамар хугарчихлаа гэж байсан,  хамараа хугалсан залуу би та нарыг ойлгож байна манай дүү нар жоохон согтуу байсан байна миний хамар хугарчихлаа гэмтэл дээр 70000 төгрөгөөр янзлуулдаг тэрийг нь өгчих тэгээд гомдол байхгүй гэж яриад байж байх үед нь Тэмүүжинг тухайн маргааны үед нь яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хажууд байж байсан намхан биетэй залуу Тэмүүжингийн толгой руу цохичихоод зугатсан. Араас нь Тэмүүлэн хөөгөөд барьж авсан санагдаж байна тэр үед Тэмүүжинг цохичихоод зугатаж байх үед нэг залуу зам дээр өнхөрч байсан. Тэр чулуугаар цохисон боловуу гэж бодсон тэрнээс бол гартаа чулуу барьсан байсныг нь хараагүй тэгээд Тэмүүжин толгой хагарчихлаа гээд толгойгоо бариад сууж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд Тэмүүжинг дүү Тэмүүлэнтэй нь авч явсан,  хамраа хугалуулсан гээд байгаа залуу мөн хамт явсан. Харин би Мөнхтуяатай араас нь цагдаа дээр ирэхэд хамраа хугалуулсан залуу гомдолгүй гээд 200000 төгрөг аваад явсан. Харин Тэмүүжин толгойгоо хагалуулсан талаараа цагдаад өргөдөл өгсөн байсан.  Сүүлд нь авах гээд ирэхэд хамраа хугалуулсан залуу нь өргөдөл өгсөн байсан юм шиг байна лээ. хх-ийн /133-135/ гэсэн,

 

гэрчээр Б.Доржжанцан:...”2016 оны 6 дугаар сарын 12-ны орой 21-22 цагийн үед над руу Гандангийн 60 айлд амьдардаг Тэмүүлэн /хохирогч/ утсаар залгаад “Бид нар дээр хэдэн хүн хүрч ирээд намайг зодчихлоо хаана байна хурдан хүрээд ирээч” гэж хэлэхээр нь би модны хоёрын автобусны буудлын ойролцоо Батбилэг гэх найзтайгаа байж байгаад найзаасаа салаад ганцаараа Тэмүүлэнгийн байгаа гэх Гандангийн урд талын саад руу очиход Тэмүүлэн хамар руугаа цохиулчихсан хамраас нь цус гарчихсан нүүр нь нилдээ цус болсон байсан би яг маргалдаж байсан хүмүүс рүү алхаад ойртож байтал 60 айлд амьдардаг Бат-Очир Тэмүүлэнг цохисон гэх залууг гараараа толгой руу цохиод зугатах гэж гүйсэн боловч араас нь 2-3 хүүхэд гүйгээд өшиглөж унагасан тэгээд маргалдахаа больсон. Удалгүй цагдаа ирээд Тэмүүлэнг цохисон залууг дүүтэй нь аваад араас нь манай найз Тэмүүлэн, Сарангуа хоёр цагдаа руу явсан харин бид нар гэр гэртээ харьсан. Миний хувьд Тэмүүлэнг цохиулах үед нь байгаагүй харин намайг очиж байх үед Бат-Очир Тэмүүлэнг цохисон залууг гараараа нэг удаа цохиод зугатах гэж байгаад 2-3 залууд баригдсан. хх-ийн /136-137/ гэсэн,

 

гэрчээр О.Пүрэвбаатар:...”2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Гандангийн 60 айлд амьдардаг Я.Билгүүний төрсөн өдөр байсан ба орой 21-22 цагийн үед Дориун, Даваа-Очир бид 3 төрсөн өдрийн мэнд хүргэхээр 60 айлын гадаа очиход Я.Билгүүн гэртээ байхгүй байсан ба утсаар хаана байгаа талаар асуухад удахгүй очлоо хүлээж байгаарай гэж хэлэхээр нь байрны гадаа хүлээж байх үед Тэмүүлэн, Ганбаяр хоёр бид нар дээр ирсэн тэгээд бид 5 зогсож байх үед 60 айлын гаднаас Мөнхтөр Жижгээ гэж дууддаг залуутай хоёулаа согтуу ирсэн ба Жижигээ нь бид нарыг ямар хэргээр энд явж байгаа талаар асуухаар нь найз Билгүүн дээрээ ирсэн талаар хэлсэн ба бид нарыг дээрэлхэх шинжтэй болохоор нь би нөгөө найз нарыгаа явъя гээд аваад байрны булан тойрох гэж байх үед өөдөөс Данзка гэх өндөр залуу ирээд “манай ахыг та нар яагаад байгаа юм бэ” гээд бид нарыг нэг нэгээр нь ирж цохиод байсан ба тэр үед Тэмүүлэнгийн нүүр рүү алгадах үед нүдний шил нь газар унаад хагарсан шилнийх нь арланд хамар нь халцарч цус гарсан тэр үед Мөнхтөр ирээд Данзкаг тэвэрч аваад бид нарыг яв яв гэхээр нь салаад явсан. Тэгээд Тэмүүлэн ах нарыгаа дуудаж нүдний шилээ гэмтээсэн залуутайгаа уулзъя гээд дуудсан. Удалгүй Тэмүүлэнгийн ах Тэмүүжин хоёр найзын хамтаар ирсэн мөн найз охин нь хамт ирсэн тэгээд удаагүй байж байх үед Я.Билгүүн, Гантөгсийн хамт ирээд Тэмүүлэнг цохисон залуу хаана байгаа талаар асуухад Гандангийн урд сааданд байгаа байх гээд бөөнөөр Гандангийн урд талын саад руу гарсан. Тэр үед Гандангийн урд талын сааданд 3-4 залуу хоёр охины хамтаар пиво уугаад сууж байсан ба Мөнхтөр хамт байсан тэгээд Тэмүүлэнгийн ах Тэмүүжин очоод манай дүүг хэн цохисон бэ гээд 2-3 удаа асуухад тухайн залуусаас дуугарахгүй байж байгаад Мөнхтөр “Би цохисон юм яахын” гэж хэлэхэд нь Тэмүүжин ах Мөнхтөрөөс “зүгээр байгаа хүүхдийг яагаад цохидог юм” гэж асуусан тэгээд хоорондоо маргалдсан ба тэр үед хажуу талаас нэг хүн хөлөөрөө жийх шиг болсон ба хэн нь жийсэн талаар би хараагүй тэгээд Мөнхтөрийг барьж байсан Тэмүүжин ах руу бөөнөөрөө дайраад байсан ба би дундуур нь орж салгаж байх үед Тэмүүжин ах нэг өндөр залуугийнх нь хамар руу нь цохиход нөгөө залуу нь хамраа дараад холдсон тэгээд удаагүй бид нар хоёр тийшээ салаад байж байх үед өөр нэг залуу хүрч ирсэн байж байгаад Тэмүүлэнтэй нөгөө хамар руугаа цохиулсан найзыгаа өмөөрч хэрүүл хийж байгаад гартаа чулуу барьж хойноо нууж байгаад гэнэт Тэмүүжин ахын толгойн хажуу хэсэг руу цохичихоод зугатсан ба араас нь гүйгээд Тэмүүлэнг босгоод нөгөө залуутай маргалдаж байх үед цагдаа нар ирсэн ба цагдаа ирсний дараа Тэмүүлэн болон Тэмүүжин мөн хамар руугаа цохиулсан залууг аваад цагдааруу явсан бид нар гэр гэртээ харьсан. Тэмүүжин ахын толгойруу цохисон залуу намхан бор царайтай уртавтар үстэй залуу байсан тэр залуу цагдаа ирсэний дараа хамт цагдаа руу яваагүй үлдсэн. Тэр залуу Тэмүүжин ахын толгой руу чулуугаар цохиж гэмтээсэн гэхдээ нөгөө хамар руугаа цохиулсан найзыгаа өмөөрөөд толгой руу цохисон гэж бодож байна. Бид нар болон Тэмүүжин, Тэмүүжингийн найзууд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Харин нөгөө залуусын ихэнхи нь согтуу байсан. хх-ийн /138-140/ гэсэн,

 

гэрчээр Г.Гантөгс:...”2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр манай найз Я.Билгүүний төрсөн өдөр байсан орой 21 цаг өнгөрч байх үед Билгүүн, Ганбаяр, Мөнгөншагай бид 4 уулзаад Билгүүний төрсөн өдрийг тэмдэглэхээр болж 3-4 шил 2,5 литрийн пиво авч байгаль хишиг гэх музейн хашаанд орж 4-үүлээ хуваан уусан. Тэр үед Билгүүн рүү бид нарын найз Тэмүүлэн залгаад хаана байна 60 айл дээр хүрээд ир гэж дуудсан боловч бид нар пиво ууж байсан болохоор дуусгаад очъё гэж ярилцаад пиво ууж байх үед 20-30 минутын дараа дахин залгаад хүнд зодуулчихлаа Бэрс зочид буудлын гадаа хүрээд ир гэж дуудахаар нь бид нэг пиво ууж дуусаж байсан тул Ганбаяр, Мөнгөншагай хоёр салаад шоудахаар явсан харин Билгүүн бид хоёр Бэрс зочид буудлын гадаа очиход Тэмүүлэн найз нарын хамтаар байсан ба ах нарыгаа дуудсан ирж байгаа Данзка гэх залуу Тэмүүлэнг цохисон нүдний шил гэмтээсэн хамар халцарсан гэж байсан

...Тэмүүжин очоод манай дүүг хэн зодсон гээд Мөнхтөртэй маргалдаж байгаад Мөнхтөрийг зодсон ба тэр үед Мөнхтөр зугатаж хашаа руугаа орсон ба тэр үед Бо.Тэмүүлэн тухайн маргааныг зохицуулах санаатай Тэмүүжинтэй маргалдаж байсан гэтэл Тэмүүлэнгийн хамар руу Тэмүүжин ах нь цохиж Тэмүүлэн ах нүүрээ дараад доошоо болсон ба тэр үед Бат-Очир ах гудамжнаас гараад Тэмүүжинтэй маргалдаж Тэмүүжингийн толгой руу гараараа нэг удаа цохиод зугатсан, араас нь 2-3 залуу гүйгээд барьж авсан тэр үед мөн Доржжанцан ах ирсэн ба нөгөө залуусыг нь таньдаг бололтой салгасан. /хх-ийн 142/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 8240 дугаартай: Б.Тэмүүжингийн биед тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 58/ гэсэн дүгнэлт,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 9196 дугаартай: Б.Тэмүүлэнгийн биед дээд эрүүний баруун духны сэртэн, ухархайн доод хананы хэлтэрхийсэн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна./хх-ийн 63/ гэсэн дүгнэлт болон

хохиролын баримт /хх-ийн 68-81/, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 85-89/, хохирогчид 1300000 төгрөг  хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 132/, 500.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 155/, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 158/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Тэмүүжинг “үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрсан” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгч Б.Тэмүүжингийн дүү Ба.Тэмүүлэн “бусдад цохиулж хамар амнаас нь цус гарч, нүдний шил нь хагарсан” гэх үйл баримт  гэрч  Г.Даваа-Очир /хх-ийн 42-44/, гэрч З.Дориун /хх-ийн 45-47/,   гэрч М.Зандандаш /хх-ийн 48-50/, гэрч Я.Билгүүн  /хх-ийн 54-55/  болон бусад гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

 

Улмаар Ба.Тэмүүлэн “ахаа би хүнд зодуулчихлаа, хүрээд ирээч”  гэж өөрийн төрсөн ах Б.Тэмүүжин рүү утсаар ярихад  шүүгдэгч Б.Тэмүүжин найз Мөнхтуяагийн хамт дүү Ба.Тэмүүлэн дээр очиж, өөрийн болон дүүгийнхээ найз нарын хамтаар тухайн цаг хугацаанд сааданд сууж байсан хүмүүс дээр очиж “манай дүүг хэн зодсон бэ” гэхэд Мөнхтөр “би зодсон юм тэгээд яах юм бэ”  гэснээс маргалдаж гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

   

Танхайн сэдэлт нь нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдаж ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүргүй догшин зан авир бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэж, үл ялих зүйлээр шалтаглан, сэдэлтийн хувьд танхайн сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдэхийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Тэмүүжин танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэх байдал хавтаст хэрэгт тогтоогдоогүй байна.

 

Харин,  шүүгдэгч Б.Тэмүүжингийн 2016 оны 6 дугаар сарын 12-ны шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн орчим Бо.Тэмүүлэнгийн бие махбодид гэмтэл учруулсан гэмт хэргийг өөрийн төрсөн дүү Ба.Тэмүүлэнг өмөөрсөн тодорхой сэдэлтийн улмаас бусадтай маргалдаж түүний биед “хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Энэ  байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан:

хохирогч Бо.Тэмүүлэн...”нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр нь “яагаад манай дүүг зодсон” гэж хэлсэн...тэр Тэмүүлэн гэж залуу миний баруун нүдний орчим руу нэг удаа, толгойны зүүн хойд хэсэг рүү 2 удаа гараараа цохьсон. /хх-ийн 21-22/,

гэрч Б.Сарангуа...” Тэмүүлэнгийн нүүрэн тус газар 3 удаа гараараа цохьсон. Энэ үед Тэмүүлэн газар сөгдөөд унасан ба очтол хамарнаас нь цус гарчихсан баруун нүднийх нь доод хэсэгт арьс нь язраад сэтэрчихсэн түүнээс нь бас цус гарч байсан. /хх-ийн 28-29/,

гэрч Бо.Билгүүн...”Тэгээд тэр залуу манай дүүг зодсон байна гээд ямар ч хамаагүй манай найз Мөнхтөртэй маргалдаад... /хх-ийн 30-32/,

гэрч Ба.Тэмүүлэн...”манай ах Тэмүүжин юу болоод байгаа юм вэ манай дүүг хэн цохисон гэж асуутал Мөнхтөр гэх залуу “би цохисон чи тэгээд яахын” гээд босоод ирэхээр нь манай ах Мөнхтөрийн шилэн хүзүүний дээрээс нь барьж аваад “чи манай дүүг цохидог ямар овоо байцаан вэ” гээд барьж байтал ахын найз охин тухайн залууг нэг удаа алгадаж авсан. Бид нар бүгд эрүүл байсан. Манай ах ч гэсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин нөгөө залуус гандангийн урд талын сааданд архи тавьчихсан ууж байсан. Мөнхтөр болон Тэмүүлэнгийн төрсөн дүү Билгүүн гэх залуус нилээд согтуу байсан. /хх-ийн 33-34/,

 гэрч А.Мэндбаяр...”Тэмүүжинг тал талаас нь цохиод байхаар нь Бямбадорж бид хоёр салгасан. Тэгээд зодоон болох гээд байх шиг болохоор нь Бямбадорж бид хоёр Тэмүүжингийн найз охинтой яриад цагдаа дууд гээд цагдаа дуудуулсан. /хх-ийн 35-36/,

гэрч Э.Мөнхтөр...“манай дүүг хэн зодсон вэ” гэхээр нь би жаахан согтуу байсан болохоор “би зодсон бол яахын” гээд босоод иртэл эмэгтэй нь намайг “чи миний дүүг зоддог хэн вэ” гээд нэг удаа хацар руу алгадаж авсан тэгэхээр нь “та яагаад байгаа юм бэ” гэтэл нэг залуу нь “чи манай эхнэртэй яаж харьцаад байгаа юм вэ” гээд намайг барьж авч газар унагасан... /хх-ийн 37-39/,

гэрч Н.Мөнхжин...”9-10 залуучууд нэг охины хамтаар гарч ирээд нэг охин түрүүлж ирээд “Манай дүүг хэн цохисон юм” гээд орилж асуусан...Мөнхтөр жаахан халамцуу байсан болохоор  би цохисон гээд босоод ирсэн...Тэмүүлэн дүүгээ салгах гэж очоод Тэмүүжин гэх залууд нүүр рүүгээ цохиулаад хамраа хугалуулчихлаа гээд хамраа дараад явган хүний зам руу гараад суусан...  /хх-ийн 40-41/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 9196 дугаартай дүгнэлт /хх-ийн 63/, хохиролын баримтууд /хх-ийн 68-81/  өвчний түүхийн хуулбар /хх-ийн 85-89/, хохирогчид 1300000 төгрөг  хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 132/, 500.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 155/ болон бусад баримтуудаар хангалттай  нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Тэмүүжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон өөрчлөв.

Шүүх, шүүгдэгч Б.Тэмүүжинг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

 

Шүүгдэгч Б.Тэмүүжинд ял оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзав.

 

Хохирогч Бо.Тэмүүлэнгийн бие махбодид учирсан гэм хор бүрэн арилаагүй байх тул шүүгдэгч Б.Тэмүүжинд албадан ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Бо.Тэмүүлэнгийн эмчилгээтэй холбогдох баримтаар нэхэмжилсэн 2000000 төгрөгийг шүүгдэгч Б.Тэмүүжин нөхөн төлснийг хохирогч зөвшөөрч байх ба энэ талаар хэн аль нь маргаагүй тул шүүгдэгч Б.Тэмүүжинг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

 

Харин хохирогч Бо.Тэмүүлэн “хадаас авахуулах хагалгаанд орох зардлыг нэхэмжилнэ, хэдэн төгрөг шаардлагатайг хэлж мэдэхгүй байна” гэж мэдүүллээ.  

 

Шүүх, ирээдүйд гарах үнийн дүн тодорхой бус зардлыг энэ шүүх хуралдаанаар хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогч Бо.Тэмүүлэн цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Б.Тэмүүжингээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.  

 

Мөн, энэ хэрэгт Прокурор 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 328 дугаартай тогтоолоороо яллагдагч Д.Бат-Очир “Б.Тэмүүжинг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурьдаж байна. /хх-ийн 158/

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

     ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Тэмүүжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2.Элжигэн овогт Батмөнхийн Тэмүүжинг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Шүүгдэгч Б.Тэмүүжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн  98.1-д  зааснаар  300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар тооцож солих учрыг мэдэгдсүгэй.

 

5.Б.Тэмүүжин цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч Бо.Тэмүүлэн цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Б.Тэмүүжингээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Тэмүүжинд авсан “батлан даалтад өгөх” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ДАЙРИЙЖАВ