Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 212/МА2018/00044

 

    Р.Е-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00175 дугаар шийдвэртэй, Р.Е-ийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч Р.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн төлөөлөгч Х.Х, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийнзахирлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 119 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн хичээлийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай.

 

            Нэхэмжлэлд: “Монгол Улсын иргэн Р.Е би Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн "Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" 89 тоот тушаалаар тус сургуулийн хичээлийн зохицуулагчаар томилогдсон. Р.Е би тус байгууллагад ажилладаг байхад хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэн ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл ажил олгогч буюу Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирал 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 109 тоот тушаал гарган намайг гэнэт ажлаас халсан явдалд гомдолтой байна. Р.Е би ажлын байранд буюу ажлын цагаар ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй. Иймээс Р.Е би өөрийгөө хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Ерөнхий Боловсролын дунд бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" 109 дүгээр тушаалыг хүчингүй болгон Р.Е намайг тус сургуулийн хичээлийн зохицуулагчийн ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “Р.Е нь "Мандах" Дээд сургуулийг Банкны эдийн засаг, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн. Тус сургуульд 2016 оны 11 дүгээр сараас эхлэн нярвын ажилд томилогдож, Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2017/00859 тогтоолоор иргэн Х.Ж нярвын ажилд эгүүлэн тогтоогдож 2017 оны 10 дугаар сарын 02-нд Р.Е сургуулийн нярвын ажлаас чөлөөлөгдөж хичээлийн зохицуулагчийн ажилд томилогдсон.

Аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад Өлгий сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн хэсэг багш нарын хүргүүлсэн өргөдлийн мөрөөр газрын даргын баталсан 04/395 тоот удирдамжийн дагуу шалгалтыг хийж гүйцэтгэх явцад хичээлийн зохицуулагч Р.Е нь "Банкны эдийн засаг, нягтлан бодох бүртгэл" мэргэжилтэй байгаа нь хичээл зохицуулагчийн ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагын "Багш" мэргэжилтэй байх шаардлагыг зөрчсөн болох нь тогтоогдсон. 

Хичээлийн зохицуулагч Р.Е-ы талаар Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч А.Болат нь надад “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасан бүрэн эрхийг үндэслээд Боловсролын хяналтын чиглэлээр 3-т “Хичээл зохицуулагчаар ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан багш мэргэжилтэй хүнийг ажиллуулах” гэж албан шаардлага тавьсан.

Албан шаардлагын биелэлтийг хянаж зөрчлийг арилган 2018 оны 01 дүгээр сарын 30-ны дотор биелэлтийг гаргаж Мэргэжлийн хяналтын газарт бичгээр ирүүлэхийг шаардсан тул Р.Е-д 2017 оны 11 дүгээр сарын 24-нд мэдэгдэх хуудас өгч 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 109 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Иргэн Р.Е "Багш" мэргэжилгүй, багшаар ажиллаж байгаагүй, бакалаврын боловсролгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжлийн хувьд хичээлийн зохицуулагчаар ажиллах боломжгүй болсон нь тогтоогдсон болно.

Хичээлийн зохицуулагч Р.Е ажиллаж байсан хугацаанд ажлын байранд ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж, согтож, танхайрсан тул 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 95 тоот тушаалаар сахилгын шийтгэл авагдсан.

Иймд аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргагч иргэн Р.Е-ы гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00175 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 109 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Райханы Еркебуланыг тус сургуулийн хичээлийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Х.Х би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00175 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлтэй гомдол гаргаж байна. Үүнд:

1. Иргэн Р.Е-ы нэхэмжлэлд тайлбар өгч, холбогдох нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан. Шүүх хуралд ч тайлбарыг өмгөөлөгч С.Алтай хэлсэн байгааг эрхэм шүүх бүрэлдэхүүн хэргийн баримтуудаас танилцсан байх.

2. Р.Е-ыг ажлаас чөлөөлсөн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 109 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг болон Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04-09-046/288 тоот албан шаардлага, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн мэдэгдэх хуудсыг гол үндэслэл болгосон. Мөн түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажлаас чөлөөлөх болсон талаар нэг сарын өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 24-нд мэдэгдэх хуудас өгсөн. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дээрх 04-09-046/288 тоот албан шаардлагад “Албан шаардлагыг биелүүлэхгүй бол” зөрчлийн хуульд зааснаар хариуцлага тооцох болно гэж анхааруулсан байсан. Албан шаардлагад Р.Е-ыг багш мэргэжилтэй байх шаардлагыг зөрчсөн багшлах эрхгүй хүнийг багшийн орон тоонд авч ажиллуулсан гэж үндэслэл болгосон байсан. Р.Е нь нягтлан бодох мэргэжилтэй, багшлах эрхгүй бөгөөд багшид тавих үндсэн шаардлагыг зөрчсөн нь үнэн байсан. Би мэргэжлийн хяналтын газарт Р.Е-ыг болон байгууллагыг хамгаалсан албан шаардлагын өмнө нь тайлбар бичсэн байсан. Гэвч албан шаардлагыг заавал биелүүлэх ёстой гэж тэд үзсэн. Би сургуулийн захирлын зөвлөлийн дэргэдэх мэргэжил, ур чадварын түвшин тогтоох аттестатчиллын комиссын гишүүдэд албан шаардлагыг танилцуулсан бөгөөд уг комисс нь албан шаардлагыг зөв тул Р.Е-ыг ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэлт хийж өгсөн нь хэрэгт байгаа. Дээрх шалтгаануудыг үндэслэн аргагүй эрхэнд Р.Е-ыг ажлаас нь чөлөөлсөн.

3. Намайг захирлаар томилогдоогүй байхад Р.Е нь тус сургуульд нярав хийж байсан бөгөөд Улсын дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хурлын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №001/ХТ2017/00859 дугаартай тогтоолоор нярвын ажлаа бусдад өгөхөөр болж байхад нь би 2017 оны 10 дугаар сарын 02-ны №89 дугаар тушаалаараа хичээлийн зохицуулагчаар авч үлдэж энэ ажилд томилсон байсан. Би түүний амьдрал ахуй, ар гэрийн байдлыг харгалзан хичээлийн зохицуулагчаар ажиллуулсан байхад Р.Е нь архи ууж зөрчил гаргаж арга хэмжээнд орсон. Р.Еы мэргэжилгүй, багшлах эрхгүй байдлыг далимдуулан зарим хүмүүс намайг чадах гэж дээшээ өргөдөл, гомдол бичиж Р.Еы асуудлыг гаргаж ирснийг энэ залуу сайн ойлгохгүй байгаа нь харамсалтай юм.

4. Р.Е-ыг шүүх үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж үзсэн ба хуулийг буруу тайлбарлаж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг сургуульд ашигтай байдлаар үнэлээгүй, ажилтны эрх ашиг ноцтой зөрчигдөж хохирсон байгаагаар үзэж хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тодруулбал:

Аль ч ажлын байранд мэргэжлийн байх эрхийг шаарддаг гэдгийг шүүх анхаараагүй. Би “Хөөрхий” гэж Р.Е-ыг өөрийнх нь мэргэжлийн бус ажилд томилсон байсан маань буруу байсныг Мэргэжлийн хяналтын албаны Улсын байцаагчид шалгаж илрүүлсэн. Р.Е багш мэргэжилгүй, багшлах эрхгүй, бакалаврын ч зэрэггүй тул ажлын байрны шаардлагыг хангахгүй байна. Тийм учир ажлаас нь чөлөөл гэж арга хэмжээ тооцохыг анхааруулсан албан шаардлагыг шүүх Р.Е-ыг ажлаас нь чөлөөлсөн үндэслэл бүхий нотлох баримт байна гэж үнэлээгүй. Мөн сургуулийн аттестатчиллын комиссын дүгнэлтийг ч үнэлээгүй.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолын 15 дугаар зүйлийн 15.2-т заасан тайлбар зөрчигдөөгүй байхад миний гаргасан 109 дүгээр тушаалыг хууль зөрчсөн болгож ажилтны талд хэт хандаж шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг би тушаалдаа үндэслэсэн. Ажилтан мэргэжилдээ тэнцэхгүй байсныг Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагч /Боловсролын хяналтын Улсын ахлах байцаагч А.Б зэрэг 3 улсын байцаагч/ нар зөрчигдсөн талаар дүгнэлт гаргасан, тус сургуулийн түвшин тогтоох аттестатчиллын комисс дүгнэлт гаргасан зэрэг нь Дээд Шүүхийн тайлбарыг зөрчөөгүйг нотолж байна. Зүйрлэвэл багш хүнийг эмч, малчин байсныг онгоцны нисгэгчээр ажиллуулж болохгүй гэдгийг нэг талаас нь хяналтын алба тогтоож дүгнэсэн байсныг шүүх эрүүл, саруул ухаанаараа ч баримжаалж мэдсээр байж нэгэнт ажиллаж байсан болохоор цаашид ч мэдлэг, боловсрол, мэргэжлээр хавчилгүй ажиллуулах ёстой мэтээр амьдралаас баталсан, дур мэдэж хуулийг гуйвуулсан, буруу тайлбарлаж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шүүгч мөн миний 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Р.Е-д бичсэн ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэх хуудсанд “таны илүү орон тоог хассан” гэж илүү орон тоо болгон бичсэн, Аудитын 2017 оны 09/40 тоот албан шаардлага хавтаст хэрэгт алга байна, Хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй” зэрэг жижиг, сажиг үндсэн гол зарчмаас гажсан зөрчлүүдийг үндэслэл болгон байж огт байхгүй хуулийн тайлбар хэрэглэж нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна.

 

Иймд Анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00175 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож иргэн Р.Е-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Р.Е нь Баян-Өлгий аймгийн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдуулан захирлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 109 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан хичээлийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ажил олгогч нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 109 дугаартай  тушаалдаа Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Төрийн Аудитын газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09/40 дугаар албан шаардлага, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04-09-046-/288 дугаартай албан шаардлага, Хөдөлмөрийн гэрээний 14 дүгээр зүйлд  заасныг тус тус үндэслэн сургуулийн хичээлийн зохицуулагч Р.Е-ыг мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

Мэргэжлийн хяналтын албан шаардлагад ...хичээлийн зохицуулагч Р.Е нь Банкны эдийн засаг, нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй байгаа нь хичээл зохицуулагчийн ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагын “багш” мэргэжилтэй байх шаардлагыг зөрчсөн талаар тусгагдсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон” гэх үндэслэл тухайн салбар байгууллагын мэргэжлийн хороо, комисс зэрэг этгээдийн албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоогдох ёстой байна. Ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажилд авахдаа хичээлийн зохицуулагчид хамаарах мэргэжлийн шаардлагыг тавиагүй бөгөөд нэгэнт ажилд авсан тул ажилтан мэргэжлийн хувьд эрхэлж байгаа албан тушаалд тэнцэхгүй гэх байдал эрх бүхий этгээдийн албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоогдох учиртай. Ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчилд тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай боловч Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 109 дугаартай “Ажлаас халах тухай”  тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчжээ.

 

Ажил олгогч тушаалд дурдсан Төрийн Аудитын газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09/40 дугаар албан шаардлага, Хөдөлмөрийн гэрээ зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хариуцагчийн “...тус сургуулийн түвшин тогтоох аттестатчиллын комисс дүгнэлт гаргасан үүнийг үнэлээгүй” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, уг дүгнэлт нь захирал Х.Х-ын өрөөнд Р.Е-ы талаар хурал хийж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04-09-046-/288 дугаартай албан шаардлагыг танилцуулж ажлаас чөлөөлөх эсэхийг шийдвэрлэсэн болохоос нэхэмжлэгч Р.Е-ы хийж буй хичээлийн зохицуулагчийн ажилд тэнцэхгүй байгаа талаарх албан ёсны дүгнэлт гэж үзэх боломжгүй, сургуулийн түвшин тогтоох аттестатчиллын комиссын дүгнэлт нь нэхэмжлэгч Р.Е-ыг ажлаас чөлөөлсний дараа бүрдүүлжээ. Ажилтныг ажилд эгүүлэн тогтоохдоо анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯАМБАЯР

 

 

Д.КӨБЕШ