Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/94

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

улсын яллагч Х.Гүнжидмаа,

хохирогч Б.З,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овгийн Г-ын Г-д холбогдох 2316000000091 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн *** сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн **** сум ***** багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ДЙ******** регистрийн дугаартай, Д овгийн Г-ын Г,

 

Холбогдсон хэргийн талаар:

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Г нь 2023 оны 06 дугаар сарын 04-05-нд шилжих шөнийн 01-02 цагийн хооронд Говь-Алтай аймгийн төв **** баг ****** тоот хашаанд байх Д-ийн байшинд Б.З-тай өмнө нь муудалцаж байсан гэх зүйлээр шалтаглан маргалдаж улмаар аягатай пивоор цохиж зүүн чамархайд шарх, нүүрэнд нь гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, духанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Г.Г нь 2023 оны 06 дугаар сарын 04-05-нд шилжих шөнийн 01-02 цагийн хооронд Говь-Алтай аймгийн төв **** баг ***** тоот хашаанд байх Д-ийн байшинд Б.З-тай өмнө нь муудалцаж байсан гэх зүйлээр шалтаглан маргалдаж улмаар аягатай пивоор цохиж зүүн чамархайд шарх, нүүрэнд нь гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, духанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

   1.Хохирогч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байшинд нь ортол Г, Г.Г нар юм яриад согтуу бололтой сууж байсан. Тэгээд Д бид хоёр ороод сууж байсан чинь Г ууж байсан 2,5 литртэй пивоноосоо гаргаж ирээд эхлээд шилэн аяганд надад хийж өгсөн. Дараа нь Д-д хийж өгөөд тойруулаад, дараа нь Г.Г-д хийж өгсөн. Тэр хоёр уучхаад над дээр тойроод дахиад аягатай пиво ирэхээр нь амсаад май хө одоо болно гэж хэлээд Г-д буцаагаад өгсөн. Тэгээд дахиад пивоо нэг нэг тойруулаад сууж байсан. Тэгсэн Г-ын ээлжин дээр юм яриад сууж байсан чинь Г.Г пивотой аягаараа миний толгойны зүүн чамархай хэсэг рүү цохичихоор нь би босоод яаж байгаа юм бэ цус гоожоод байна гэж хэлээд бид хоёр барьцалдаад авахад Г.Г гараараа миний хамар луу цохичихсон чинь Г, Д нар 2 тийш нь салгаад Д Г.Г-ыг авч байшингаас гарсан. Харин Г цэнхэр даавуугаар миний цусыг тогтоож байсан. Тэгээд гэртээ орж ирснээ санаж байна. Тэгээд нэг сэрсэн чинь сумын эмнэлэгт сэрсэн. Намайг тухайн үед Г гэрт хүргэж ирсэн гэж манай эхнэр Н надад 2 хоногийн дараа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10, 12-р хуудас/,

          2.Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Д, Г.Г бид 4 жаахан пиво уугаад сууж байхад Г З руу үг хаяад байсан юм. Тухайн үед бол Б.З Г.Г-аас уучлаарай ах одоо дүү нь гэр лүүгээ явлаа гэж хэлээд аяганд хийж өгсөн пивоо буцаагаад надад өгсөн. Тэгээд пивоо тойруулаад юм яриад сууж байтал Б.З-ын зүүн гар талд нь Г.Г сууж байснаа пивотой аягаараа цохисон юм. Тэгээд цус гоожоод тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18-р хуудас/,

        3.Гэрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд шөнө орой болсон байсан байх 01 цаг өнгөрч байхад Б.З найзтайгаа ирээд нөгөө авсан пивоноосоо тойруулаад бид хэд юм яриад сууж байсан чинь Г.Г Б.З руу үг хаяад байсан. Тэр хоёр урьд өмнө хоорондоо муудалцаж байсан юм шиг байна лээ. Тэгсэн дахиад Г.Г Б.З руу үг хаяад байхаар нь Б.З уучлаарай ах гээд л сууж байсан чинь Г гэнэт л пиво ууж байсан шилэн аягаараа Б.З-ын толгой руу цохичихсон юм. Тэгсэн Б.З босож ирээд Г.Г-тай барилцаад авахаар нь Б.З-тай хамт ирсэн найз Д бид хоёр салгаад холдуулсан. Тэгсэн Б.З-ын толгой хэсгээс цус гараад тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/

         4.Гэрч Н.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 05-ны шөнө 03 цаг өнгөрч байхад Н над руу залгаад Б.З хүнд зодуулчихлаа нэлээн их цус гоожоод тогтохгүй байна. Сумын эмнэлэг дээр ирчихсэн байна хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр очиход Б.З-ын ээж Б, эхнэр Н, Б.З-ыг 2 талаас түшиж, толгой дээр нь даавуу тавьж цусыг нь дарсан байдалтай ирсэн байсан. Эмнэлгийн зүгээс цус тогтоох тариаг 2,0 мл-ийг гарын бугалганы булчинд хийсэн. Тэгээд тун удалгүй Эрүүл мэндийн төвийн дарга Р.Э ирж зүүн чамархай хэсэгт 7-8 оёдол тавьж, шархыг нь цэвэрлэж боолт тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

 5.Гэрч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид хэд жаахан юм яриад Г.Г-ын баруун гар талд Б.З, зүүн гар талд нь Г, Г-ийн хажууд нь би сууж байсан чинь гэнэт Г.Г пиво ууж байсан шилэн аягаараа Б.З-ын толгойн дундуур нь цохичихсон. Тэгээд тэр хоёр босож ирээд барилцаад авахаар нь дундуур нь ортол Г.Г Б.З-ын хамар луу цохичихсон. Тухайн үед Г бид хоёр салгаад би Г.Г-ыг аваад гарсан. Тэгээд Г З-ыг аваад байшингаас гарсан. Толгойноос нь их цус алдаж байсан. Тэгээд Г бид хоёр З-ын цусыг тогтоох хооронд Г.Г явчихсан байсан. Бүх зүйл богино хугацаанд хурдан болж өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

 6.2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №180 дугаартай Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын “1. Б.Зын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн чамархайд шарх, дух, баруун гарын долоовор хуруунд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4.6 Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 42-45-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

          Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

   Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

           Иймд Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүхээс шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Г-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Г.Г-д хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (Дөрвөн зуу) нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.

 

          3.Гэм хор хохирлын талаар:

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирогч нь эмчилгээний зардал 1,207,750 (Нэг сая хоёр зуун долоон мянга долоон зуун тавь) төгрөг, хагалгааны зардал 2,000,000 (Хоёр сая) төгрөг нэхэмжилсэн.

          Хэрэгт авагдсан баримтаар хохирогчид 197,375 (Нэг зуун ерэн долоон мянга гурван зуун далан тав) төгрөгийн хохирлын баримт нотлох баримтаар тогтоогдож байх тул 197,375 (Нэг зуун ерэн долоон мянга гурван зуун далан тав) төгрөгийг шүүгдэгч Г.Г-аас гаргуулж хохирогч Б.З-д олгуулж шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.З нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, мөн энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 180,900 (Нэг зуун наян мянга есөн зуу) төгрөгийн хохирлыг төлөөлөх эрх бүхий этгээдээс нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

4.Бусад асуудлаар:

 Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч Д овгийн Г-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (Дөрвөн зуу) нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Г-д мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6.Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Г.Г-аас 197,375 (Нэг зуун ерэн долоон мянга гурван зуун далан тав) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.З-д олгосугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.З нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, мөн энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 180,900 (Нэг зуун наян мянга есөн зуу) төгрөгийн хохирлыг төлөөлөх эрх бүхий этгээдээс нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР