Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/95

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгч У.Т өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

Шүүгдэгч М.Н өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч У.Т, М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч У овогт У-ийн Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т овогт М-ын Н холбогдох 2316001030092 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны *** сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн **** сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн **** сум ***** оршин суух, урьд ял шийтгэлгүй, ДЙ******* регистрийн дугаартай, У овогт У-ийн Т,

Монгол Улсын иргэн, **** оны *** сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн **** сумд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, малчин, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт амьдардаг, Говь- Алтай аймгийн **** сум **** багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ДМ****** регистрийн дугаартай, Т овогт М-ын Н

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Т 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн **** сумын **** багийн нутаг дэвсгэрт байрлах Д-ын хашаа гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж М.Н-ын толгойн тус газарт 2-3 удаа гараараа цохиж, газарт унаган дээрээс нь хөлөөрөө дэвссэний улмаас баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан бүлэн, тархины дунд зэргийн няцрал, аалзавчийн доорх тархмал цус харвалт, баруун ховдлын дарагдал, баруун чамархай ясны шугаман хугарал, зүүн дээд мөчний саажил, зүүн 3-р хавирганы хугарал, дунд бүрдлийн хазайлт, цээжний зүүн талд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх,

Шүүгдэгч М.Н 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн **** сумын **** багийн нутаг дэвсгэрт байрлах Д-ын хашаа гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж У.Т-ын нүүрэнд өшиглөсний улмаас доод үүдэн нэг шүдний суурь хэсгийн хугарал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Нэг. Шүүгдэгч У.Т 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн **** сумын **** багийн нутаг дэвсгэрт байрлах Д-ын хашаа гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж М.Н-ын толгойн тус газарт 2-3 удаа гараараа цохиж, газарт унаган дээрээс нь хөлөөрөө дэвссэний улмаас баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан бүлэн, тархины дунд зэргийн няцрал, аалзавчийн доорх тархмал цус харвалт, баруун ховдлын дарагдал, баруун чамархай ясны шугаман хугарал, зүүн дээд мөчний саажил, зүүн 3-р хавирганы хугарал, дунд бүрдлийн хазайлт, цээжний зүүн талд зулгаралт хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

  1. Шүүгдэгч У.Т-ын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...Тэгээд бид хэд шууд урагшаа Д ахын хашаа руу явсан. Очих замдаа хашааны наана тал дээр зогсоод нэг шил архиа хувааж уугаад сууж байгаад М.Н бид хоёр маргалдсан. Яг юунаас бол маргалдсанаа сайн санахгүй байна...Тэгээд бид хэд машиндаа суугаад урагшаа Д ахын хашаан дээр очоод Б.А, Д, С.Ц, Б.Г нар буугаад гэр лүү орчихоор нь машины гадаа би М.Н-ыг барьж аваад гараараа толгой хэсэг рүү 3 удаа цохисон чинь ардаа саваад уначихсан юм. Тэгэхээр нь би хэвтэж байгаад босоод ирэх байлгүй гэж бодоод гэр лүү орсон. Нөгөө хэд үлдсэн 1 шил архиа хувааж уугаад сууж байснаа С.Ц надаас М.Н хаана байна гэж асуухаар нь би гадаа хэвтэж байгаа гэж хэлсэн. Тэр хэд бүгдээрээ гэрээс гараад ирсэн. Тэгээд М.Н-ыг татаад босгох гэсэн чинь хөдлөхгүй байсан. Тухайн үед бага зэргийн амьсгаадаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
  1. Шүүгдэгч М.Н-ын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...Сумын төвийн урд талын дэнж дээр архи ууж байгаад Т бид хоёр муудалцсан... Цаашаа Д ахын хашаан дээр очоод зарим нь гэр лүү орсон байсан. Намайг машинаас буугаад зогсож байтал У.Т намайг цохиж унагаад дээрээс дэвсээд байсан. Тэгээд нэг мэдсэн чинь эмч ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10—р хуудас/,
  1. Гэрч Т.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Араас У.Т ганцаараа сүүлд нь ороод ирэхээр нь М.Н хаана байна гэж асуусан чинь гадаа байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хэд бүгд гэрээс гараад автомашин дээр очсон чинь автомашины хажууд М.Н хэвтэж байсан. Тэгэхээр нь би хүүе юу болж байна яасан бэ гээд М.Н-ыг татсан чинь ухаан алдаад уначихсан байсан. Эрүүнийхэн доод тал дээр шалбарчихсан байсан. Мөн замд машинд явж байхад М.Н хувцсаа тайлчихсан байсан болохоор бид хэдийг гараад ирэхэд дээгүүрээ нүцгэн хэвтэж байсан. Тэгсэн тухайн үед У.Т хэлэхдээ би цохиод унагаачихсан юм гэж хэлсэн. Тэгээд би ухаан орохгүй байхаар нь энэ хүн чинь яачихваа гэж хэлээд тухайн үед М.Н-ын дүү С-ийг станцаар дуудаад эмч дуудаарай Н ухаан орохгүй байна гэж хэлсэн....” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19-р хуудас/,
  1. Гэрч Х.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 05 сарын сарын 11-ны өдөр гэмтлийн тасгаас М овогтой Н гэх хүний биеийн байдал хүнд байдалтай. Сэхээний тасагт хүлээж авсан бөгөөд тухайн хүний биеийн байдал хүнд, ухаан санааны байдал бүдэг, глазго 13 болж буусан, зүүн гар хөдөлгөөний идэвх сул, цээжээр өвдөлт ихтэй, өвдөлтийн шоктой, даралт буусан, дагзны хөшинг илэрсэн, шинжилгээнд тархины баруун талд бөмбөлгийн дух чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цус хуралттай, тархины суурь хэсгээр аалзавч доорх тархмал цус харвалттай, баруун чамархай яс шугаман хугаралтай, зүүн 3 дугаар хавирга зөрөө багатай хугаралтай хүлээж авч тархины сэргээх эмчилгээ, тархины хаван хөөх өвдөлт намдаах САК шимэгдүүлэх судас хамгаалах хавсарсан антипетик болон бусад шинж тэмдгийн эмчилгээ нийт 4 хоног эрчимтэй хийж аалзавчийн доорх цус харвалт өмнөхөөсөө шимэгдэж багассан. Ухаан санааны байдал дээрдэж глазго 15 болж өссөн. Гемо деполик тогтвортой, таталт үгүй тус гэмтлийн эмч Л.Г-тэй хамтран үзэж 3 дугаар шатлалаас зөвлөгөө авч мэс заслын асуудлыг ажигласан. Эмийн эмчилгээ үзүүлэхээр төлөвлөж ирэх үеэс биеийн байдал дээрдсэн учир гэмтлийн тасагт 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 31—р хуудас/,
  1. Гэрч Л.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...М овогтой Н нь 2023 оны 05 дугаар сарын 11-ны шөнө Говь-Алтай аймгийн **** сумаас хүргэгдэн ирж тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтсэн байсан. Гэмтлийн тасгаас өвчтөн М.Н-ыг эрчимт эмчилгээний тасаг руу онцгой өндөр хяналтад байлгахаар тасаг руу шилжүүлсэн. 2023 оны 05 дугаар сарын 15-аас буцаад гэмтлийн тасагт хүргэгдэн ирж биеийн байдлын хувьд дээрдэж байгаа боловч давтан компьютерт цусан хураар гүйцэт шимэгдэхгүй байсан тул шимэгдүүлэх эмчилгээг эрчимжүүлж хийж байна.Тухайн шөнө Гэмтлийн тасгийн эмч Ш.Д эмч хүлээн авсан бөгөөд би өглөө ирж өвчтөний биеийн байдлыг үзэхэд хүндэвтэр байсан. Баруун зовхи сайн нээгдэхгүй, зүүн гар хөдөлгөөн мэдрэхгүй байсан тул эрчимт эмчилгээний тасагт нарийн хяналтад эмчилгээ хийлгэхээр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,
  1. Гэрч Н.П-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2023 оны 05 дугаар сарын 10-ны орой гэртээ байж байтал жижүүр сувилагч яаралтай дуудлага ирлээ гэж утсаар хэлсэн. Тун удалгүй жолооч Б ирээд **** баг, Д-ын хашаа гэх нэртэй газар луу дуудлагад явна гэж хэлсэн. Тэгээд их эмч Д.Б, мөн дуудлага өгсөн М.Н-ын эхнэрийн хамт сумын төвөөс урагшаа 10 км газар яваад очтол М.Н нь гэрийн гадаа ухаангүй амнаас нь хөөс гарсан, гар хөлийн булчин чангарсан байдалтай байсан. Тэгээд М.Н-т булчингаар адерналин, кордамин, Дексаметазан булчинд тарьж зүрх судасны үйл ажиллагааг дэмжин, даралтыг нэмэгдүүлсэн. Тэгээд гэр лүү оруулж адерналиныг натригаар хангалттай шингэлж судсаар хийж кальц гулканат судсаар, аналгин судсаар, витамин Ц кокорыг судсаар, 500-тай натри судсаар хийж сумын төв рүү эмнэлгийн машинтай зөөвөрлөсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-р хуудас/,

7. Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн гаргасан №161 дугаартай “1.М.Н-ын биед баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан бүлэн, тархины дунд зэргийн няцрал, аалзавчийн доорх тархмал цус харвалт, баруун ховдлын дарагдал, баруун чамархай ясны шугаман хугарал, зүүн дээд мөчний саажил, зүүн 3-р хавирганы хугарал, дунд бүрдлийн хазайлт, цээжний зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. 4. Тухайн гэмтлийг хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой. 5. Дээрх гэмтлүүдээс баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан бүлэн, аалзавчийн доорх тархмал цус харвалт, баруун чамархай ясны шугаман хугарал, тархины дунд зэргийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3 зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн 45-46-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

   Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

   Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

    Иймд У.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгч М.Н 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн **** сумын **** багийн нутаг дэвсгэрт байрлах Д-ын хашаа гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж У.Т-ын нүүрэнд өшиглөсний улмаас доод үүдэн нэг шүдний суурь хэсгийн хугарал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

        1. Шүүгдэгч У.Т-ын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...Очих замдаа хашааны наана тал дээр зогсоод нэг шил архиа хувааж уугаад сууж байгаад М.Н бид хоёр маргалдсан. Яг юунаас бол маргалдсанаа сайн санахгүй байна. М.Н босоод шээгээд зогсож байсан. Бид хэд харин юм яриад сууж байтал миний шүд рүү М.Н хөлөөрөө өшиглөчихсөн юм. Тэгээд би чи шүд рүү өшиглөчихлөө шүү дээ гэж хэлээд амаа дарсан чинь миний үүдэн 1 шүдийг хугалчихсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

        2. Шүүгдэгч М.Н-ын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...Сумын төвийн урд талын дэнж дээр архи ууж байгаад Т бид хоёр муудалцсан. Тухайн үед би Т-ын нүүр лүү 1 удаа цохиод бид хоёр барьцалдаж аваад салсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10-р хуудас/,

        3. Гэрч Т.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд Д ахын хашааны наана тал дээр очиж зогсоод 1 шил архиа уугаад сууж байсан юм. Тэгсэн М.Н, У.Т нар маргалдаад байсан. Нэг мэдсэн чинь М.Н босож ирээд У.Т-ын нүүр лүү нь хөлөөрөө өшиглөчихсөн юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19-р хуудас/,

       4. Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгсэн М.Н 2 шил архи гаргаж ирээд бид хэд тэрийг хувааж уугаад сууж байсан чинь У.Т, М.Н хоёр хоорондоо маргалдаад сууж байсан. М.Н У.Т-ыг сууж байхад нь толгой руу нь хөлөөрөө өшиглөчихсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

        5. Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд тэр хэд юм ярьж сууж байснаа М.Н босож ирээд У.Т-ын нүүр лүү гараараа 2-3 удаа цохихоор нь Б.А, С.Ц бид 3 дундуур нь ороод салгасан чинь У.Т миний шүд хугалаад хаячихлаа гэж хэлсэн. Тухайн үед М.Н хэлэхдээ өнгөрсөн жил миний шүдийг хугалсан биз дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

        6. И.Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн гаргасан №160 дугаартай “1. У.Т-ын биед доод үүдэн нэг шүдний суурь хэсгийн хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Доод үүдэн нэг шүдний хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө. 4.Дээрх гэмтлийг хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой. Дээрх гэмтлүүдээс доод үүдэн нэг шүдний суурь хэсгийн хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын нуруунд үүссэн зулгаралт нь гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл болно.” /хх-ийн 39-40-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

   Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

   Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

    Иймд М.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

   2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүхээс Шүүгдэгч У.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч У.Т, М.Н нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч У.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 (Арван мянга) нэгж буюу 10,000,000 (Арван сая) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгж буюу 500,000 (Таван зуун  мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-т оногдуулсан 500,000 (Таван зуун  мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 (Нэг) сарын хугацаанд, шүүгдэгч У.Т-д оногдуулсан 10,000,000 (Арван сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 (Нэг) жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч У.Т, шүүгдэгч М.Н нарт санууллаа.

 

   3.Гэм хор хохирлын талаар:

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Н-ын эрүүл мэндэд хүнд, хохирогч У.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд М.Н, У.Т нар нь Говь-Алтай аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “бие биеэсээ нэхэмжлэх зүйл санал гомдолгүй”/хх146-147/ гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна.

   Энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 3,351,900 (Гурван сая гурван зуун тавин нэгэн мянга есөн зуу) төгрөгийн хохирол учирсан баримт хэрэгт авагдсан бөгөөд төлөөлөх эрх бүхий этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

4.Бусад асуудлаар:

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Шүүгдэгч У овгийн У-ийн Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т овгийн М-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

   2.Шүүгдэгч У.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 (Арван мянга) нэгж буюу 10,000,000 (Арван сая) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгж буюу 500,000 (Таван зуун  мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-т оногдуулсан 500,000 (Таван зуун  мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 (Нэг) сарын хугацаанд, шүүгдэгч У.Т-д оногдуулсан 10,000,000 (Арван сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 (Нэг) жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч У.Т, шүүгдэгч М.Н нарт сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 3,351,900 (Гурван сая гурван зуун тавин нэгэн мянга есөн зуу) төгрөгийн хохирлыг төлөөлөх эрх бүхий этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 10. Дээрх үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР