Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овгийн Г-ийн Л-д холбогдох 2316000000111 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ***** сумын **** баг ****** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДИ******** регистрийн дугаартай, Т овгийн Г-гийн Л,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумын ******* баг Радио станцын урд талд М.Б-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж баруун гуянд хутгалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумын ******** баг Радио станцын урд талд М.Б-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж баруун гуянд хутгалсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтын улмаас Г.Л нь М.Б-ийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр гуянд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Л гэм буруутай болох нь:

Хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр адуугаа тэжээчхээд байж байхад 11 цагийн үед уяан дээр Л хүрээд ирсэн. Л аймгийн төв рүү хүн рүү утсаар ярьж архи захихад машинтай хүн архи аваад ирсэн...Тухайн үед Л малын хулгай хийсэн хүмүүсийн талаар ярьж байгаад намайг хулгайн мах авч зардаг гэж хэлснээс болоод бид хоёр хоорондоо маргалдсан. Тэнд байсан хүмүүс хоол хийнэ гэж хэлэхээр нь би гэрээс гараад явж байтал араас хутгалчихсан. Би эргэж хараад Л-ийн барьж аваад хутгыг нь хаяулсан. Хутгалчихлаа гэж хэлэхээр нь би үгүй байлгүй гэж хэлээд гараа явуулаад харсан чинь гар цус болчихсон байсныг хараад ухаан алдаад уначихсан. Тухайн үед Б, Б, Б нар байсан. Л нь эмчилгээтэй холбоотой мөнгийг төлөөд байсан. Яг хэдэн төгрөг төлсөн гэдгийг нь мэдэхгүй байна. Би энэ хэрэгт холбогдуулан одоогоор ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,           

           Гэрч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 13-14 цагийн хооронд байх Говь-Алтай аймгийн ****** сумын урд талд байх Радио станцын урд морио барьчихсан уяан дээр байж байсан юм. Тухайн үед Б, Л, Б, Б бид нар байсан юм... Уяаны гэрт архи ууж байхад Л, Б хоёр хоорондоо маргалдаад байсан. Мал яриад маргалдсан. Л, Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Л нь Б-г хутгалах үед би адуунд тэжээл өгч байсан болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

            Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мориныхоо уяан дээр очсон юм. Манай морины уяа Л-ийн морины уяатай нэг дор байдаг юм...Уяаны гэртээ нөгөө авсан архи ууж байгаад би орон дээр хэвтэж байгаад унтчихсан байсан. Сэрэхэд Л нь Б-г хутгалчихсан байсан ба тэгээд тэр хүнийг эмнэлэг рүү хүргэж өгсөн. Л, Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цадаагийн ахмад цолтой Т.Алтайбаатарын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн: “...1.2. М.Б-ийн биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамраана...” гэх 203 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 33-36-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авч, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Л нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

           Иймд шүүгдэгч Г.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 Шүүхээс шүүгдэгч Г.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгож, торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Л нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.

 

          3.Гэм хор хохирлын талаар:

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Г.Л-оос хохирогч М.Б-д 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 (Нэг сая) төгрөг /хх-ийн 95-р хуудас/, 2023 оны 08 дугаар сарын 16-ны 482,000 (Дөрвөн зуун наян хоёр мянга) төгрөг /хх-ийн 96-р хуудас/-ийг тус тус дансаар шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан, хохирогч М.Б хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

4.Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн Хараа нэртэй архины шил 1 (Нэг) ширхэг, ARKHI нэртэй архины шил 1 (Нэг) ширхэг, нийт урт 20,5 см, ажлын хэсгийн урт 10,5 см, бариулын урт 10 см бүхий бор өнгийн модон хутга 1 (Нэг) ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Л-оос хохирогч М.Б-д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1,482,000 (Нэг сая дөрвөн зуун наян хоёр мянга) төгрөгийг төлсөн, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т овгийн Г-ийн Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-ийг 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-д оногдуулсан 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Г.Л-д мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн Хараа нэртэй архины шил 1 (Нэг) ширхэг, ARKHI нэртэй архины шил 1 (Нэг) ширхэг, нийт урт 20,5 см, ажлын хэсгийн урт 10,5 см, бариулын урт 10 см бүхий бор өнгийн модон хутга 1 (Нэг) ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Л-оос хохирогч М.Б-д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1,482,000 (Нэг сая дөрвөн зуун наян хоёр мянга) төгрөгийг төлсөн, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР