Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгч Ө.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ө-ийн Х-т холбогдох 2316000000108 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ний өдөр Говь-Алтай аймгийн ***** суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ***** сумын ****** баг ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДН********* регистрийн дугаартай, Б* овгийн Ө-ийн Х,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ө.Х нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Говь- Алтай аймгийн ******* сумын ******* баг 710 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Г.Б-ийг хардаж чулуу авч шидэж толгойн дагз хэсэгт нь цохисон үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтын улмаас Ө.Х нь Г.Б-ийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр зүүн чихний ар хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ө.Х гэм буруутай болох нь:

        1.Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 07 сарын 03-ны орой манайд Х, А, Т бид хэд архи ууж байсан. Би айл руу хүргүүлэх гээд Т гэх хүнтэй хамт явсан. Т нь манайд утсаа үлдээсэн байна гээд буцаж очоод утсаа авсан. Т түрүүлж гараад би араас нь явж байхад Х намайг явуулахгүй гээд чулуу шидэж миний толгойг хагалсан. Ямар шалтгаанаар чулуу шидсэн талаар мэдэхгүй байна. Х-ын шидсэн чулуу миний тархины ар хэсэгт оносон. Бид нар 3 шил архи уусан. Намайг Х урд нь зодож байгаагүй. Би Х-тай одоо ч хамтран амьдарч байна. Х надаас уучлал гуйсан. Надад Х-тай холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг/хх- ийн 21-р хуудас/

2.Гэрч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 03-ны орой Б-ийн гэрт Х буюу Х, Т бид нар архи уусан. Тэдний гэрээс Т бид хоёр гарахад Б Т-г дагаад гарсан. Х Б-ийн ардаас чулуу аваад шидэхэд Б-ийн толгойн ард хэсэгт оноход толгойноос нь цус гараад унасан. Тэгээд би дуудлага дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн23-р хуудас/,

З.Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 193 дугаартай “...Г.Б-ийн биед дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 26-28-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ө.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

           Иймд Ө.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүхээс шүүгдэгч Ө.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ө.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгож, торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ө.Х-т шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,  шүүгдэгч Ө.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хохирол нэхэмжлээгүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

4.Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн Ө-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Х-ыг 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Х-т оногдуулсан 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Ө.Х-т мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

             9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР