| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2023/0101/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/100 |
| Огноо | 2023-08-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,
Улсын яллагч Б.Түвшинтөр,
Хохирогчийн өмгөөлөгч М.Энхзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овгийн Б-ын Ж-д холбогдох 2316001230110 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн ***** суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Говь-Алтай аймгийн ****** сумын ****** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДЮ******** регистрийн дугаартай, Т овгийн Б-ын Ж,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Ж нь 2023 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумын ******* багийн ********* гэх нэртэй газарт С.Б-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг гараараа толгой болон хэвлий хэсэгт нь цохисон үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын улмаас Б.Ж нь С.Б-ийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр биед тархины доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ж гэм буруутай болох нь:
Хохирогч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус сумын ******** баг ********* гэх нэртэй газар овооны баяр болж дуусаад мориныхоо мөрийг авах гэж мотоциклтой хөдлөх гэж байхад тус аймгийн иргэн Ж миний мотоциклийн урд хамгаалалтаас бариад түр байж бай гээд байхаар нь машин байгаа газар руу хоёр хүүхдээ явуулсан. Явах гэтэл Ж буугаад ир хулгайч минь би морио алдсан та нараас гарахгүй гэж хэлэхээр нь би чиний мориор яадаг юм бэ гэж хэлсэн чинь чи гөлөг минь буугаад ир гэж хэлээд намайг дагуулаад тэр газраас бид хоёр хоёулхнаа жоохон холдсон. Ж миний толгой хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би мотоциклтой яваад найз М-ыг замаараа аваад морь ачсан машин дээр очоод байж байсан чинь Ж араас мотоциклтой ирээд “Одоо пиздаг ална” гэж хэлээд миний толгой руу болон гэдэс рүү цохиж зодоод байж байсан чинь Н хажуугаас цохиж аваад байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/
Гэрч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 сарын 04-ний өдөр тус сумын ********* баг ******* нэртэй газар овооны баяр болж дуусгаад Ж ахыг авч явахаар хайхад овоон хажуу талд байж байсан. Ж ах мотоциклийн араар суугаад явахдаа Б-тай маргалдаад өнгөрлөө гэж хэлж байсан. Явах гээд морь ачсан машин дээр очиход Б тэнд очсон байсан. Би бие засчхаад эргээд харсан чинь Б, Ж нар хоорондоо барилцаад авчихсан цохилцоод байж байхаар нь би очоод дундуур нь ороод салгасан чинь Б газраас чулуу авч Ж руу шидэх гээд байхаар нь би болиоч гэж хэлтэл хэл амаар доромжлоод дайраад байсан... Тухайн үед гаднаас нь харахад Ж-ийн чихний хэсгээс цус гарч байсан харин Б-д ил харагдах шарх гэмтэл байгаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С-ын Б нь 2023 оны 06 дугаар сарын 06-нд аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторийн үзлэгээр 15,000 төгрөгийн тусламж үйлчилгээ гаргуулсан байна. Хэрэгт холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тусламж үйлчилгээний мөнгө болох 15,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/,
Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цадаагийн ахмад цолтой Д.Даваахүүгийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “...С.Б-ийн биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. 2 Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. Цаашид ерөнхий Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлийн хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой болно...” гэх 179 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 24-28-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авч, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Б.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Б.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ж-д мэдэгдэж, шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Б.Ж нь хохирогч С.Б-д 205,000 (Хоёр зуун таван мянга) төгрөг /хх-ийн 116-р хуудас/, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Э-ийн нэхэмжилсэн буюу Эрүүл мэндийн даатгалын санд 15,000 (Арван таван мянга) төгрөг /хх 117-р хуудас/-ийг тус тус дансаар төлсөн, хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ж нь хохирогч С.Б-д 205,000 (Хоёр зуун таван мянга) төгрөг /хх-ийн 116-р хуудас/, Эрүүл мэндийн даатгалын санд 15,000 (Арван таван мянга) төгрөг /хх 117-р хуудас/-ийг тус тус төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овгийн Б-ын Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавь мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавь мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Б.Ж-д мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ж нь хохирогч С.Б-д 205,000 (Хоёр зуун таван мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 15,000 (Арван таван мянга) төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР