| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2023/0102/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/101 |
| Огноо | 2023-08-28 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
Улсын яллагч Б.Түвшинтөр,
Шүүгдэгч Р.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц овгийн Р-ийн Э-т холбогдох 2316000000112 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ний өдөр Говь-Алтай аймгийн ***** суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ********** мэргэжилтэй, ******* сумын ******* ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ******сумын ****** багт оршин суух хаягтай, улсаас ********** шагнагдсан, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ЦГ****** регистрийн дугаартай, Ц овгийн Р-ийн Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн ****** суманд 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр сумын баяр наадамд албан үүргээ гүйцэтгэж байсан тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Т-ын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөн оролцож болохгүй гэж тавьсан шаардлагыг биелүүлэхгүй заамдан авч, зүүн шанаа хэсэгт нь цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Р.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн ******* суманд 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр сумын баяр наадамд албан үүргээ гүйцэтгэж байсан тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Т-ын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөн оролцож болохгүй гэж тавьсан шаардлагыг биелүүлэхгүй заамдан авч, зүүн шанаа хэсэгт нь цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт тогтоогдож байна.
Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Р.Э гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ****** сумын баяр наадмын 2 дахь өдөр бөхийн барилдаан явагдаж байсан. Би тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж бөхийн асар дотор болсон маргаан юунаас болсон талаар бөхийн комисстой уулзаад байж байсан. Гэтэл Р.Э бөхийн асар дотор орж ирээд микрофон авч “аймгийн начин Ж.О пизда минь чи зайл жил болгон ирж наадам үймүүлдгээ боль, чамайг ална” гэх мэтээр орилоод байсан. Би Р.Э-ыг цэнгэлдэхээс авч гараад та өөрөө наадам зохион байгуулах комисст ажиллаж байгаа учраас ийм үйлдэл гаргаж болохгүй гэж шаардлага тавьсан. Гэтэл та нар О-ыг барилдуулахгүй зайлуулаач гэдэг байдлаар агсамнаад байсан. Тухайн үед Р.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан нь илт мэдэгдэж байсан. Би тухайн үед Э-т О нь аль ч сумны наадамд барилдах эрхтэй бид нар эрхэнд нь халдаж болохгүй талаар тайлбарлаж өгсөн. Р.Э одоо жороо морь бүртгэж явуулах гэж байна гээд өөрийн эзэмшлийн 98 03 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явахыг завдахаар нь “та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явж болохгүй” гэж шаардлага тавихад та нар ажлаа хийж чаддаг юм уу тэгвэл чамайг зодно гэж хэлээд миний зүүн шанаа хэсэгт зүүн гараараа нэг удаа цохисон тухайн үед миний малгай унасан. Би Э-т гар хүрсэн зүйл байхгүй тухайн үед Г.С, С.Г, Б.О нар салгасан. Э-ын төрсөн хүүхэд нь ирээд аавыгаа авч яваад өөрийн машиндаа суулгасан удалгүй хэсгийн төлөөлөгч дэслэгч Б.Нямбилэг ирээд Э-тай уулзаж байсан. Би гомдолтой байна хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,
Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сумын цагдаа Т босож ирээд та нар наад оноолтоо зөв хийгээд хүмүүс дээ тайлбарлаж өгөөч гэж хэлээд зогсож байтал Сумын ****************** Р.Э согтуу гарч ирээд бөх тайлбарлагч Н-ийн микрофоныг булааж аваад “аймгийн начин О-ыг энэ барилдаанаас хасаж байна зайл, би аймгийн Иргэдийн төлөөлөгчийн тэргүүлэгчийн хувьд чамайг энэ наадмаар хасаж байна гэж хэлсэн. Би микрофоныг хаасан. Т цагдаа наана чинь бөхийн хорооны дарга гишүү нь байна та олон нийтийн газар согтуу ингэж болохгүй гэж хэлээд төв асраас аваад гарсан. Би удалгүй араас нь гараад иртэл Т цагдаагийн малгай, гар утас хоёр нь газарт уначихсан төв асрын хойд хаалганы гадаа талбай дээр барьцалдчихсан зогсож байсан. Би очоод Т-аас юу болсон талаар асуутал “сая төв асраас Э эмчийг аваад гарч байтал гараараа 2 удаа миний зүүн шанаа руу цохичихлоо гэж хэлсэн. Тухайн үед С гараад ирсэн байсан. Э согтуу орилоод газраас шороо аваад Т цагдаа руу цацаад байсан. Э нь Т руу дайраад тавьсан шаардлагыг нь эсэргүүцээд байсан. Би хэсгийн төлөөлөгч Б.Н-т болсон явдлын талаар хэлээд утсаар дуудсан. Удалгүй хэсгийн төлөөлөгч ирсэн. Р.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хөл дээрээ ч сайн тогтож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/
Гэрч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр **** сумын баяр наадмыг үзээд байж байсан чинь сумын *********** Э төв асрын микрофоноор аймгийн начин О жил болгон наадам үймүүлэх юм бөх шударга байх ёстой гэж байсан. Тухайн үед сумын цагдаа Т аваад гарч байсан. Бөх эхлээгүй болохоор нь би хаалгаар гараад ирэхэд Т цагдааг Э заамдаад авчихсан барилцаж аваад маргалдаад байж байхаар нь би очиж салгасан тухайн үед тэнд байсан хүмүүс бас салгасан Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Р.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Р.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 (Зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгчид хүлээлгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Р.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 (Зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгчид хүлээлгэж шийдвэрлэлээ.
Тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгчид мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Р.Э цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц овгийн Р-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Р.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 (Зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.
5.Шийтгэх тогтоол хүчин хуулийн төгөлдөр болтол шүүгдэгч Р.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Р.Э цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Дээрх үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин хуулийн төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР