Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 1228

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б-ы гаргасан,

Хариуцагч: Н-т холбогдох,

Дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Би, Н ХЗХ-нд зээлийн гэрээний үүрэгт нийт 100,809,481.00 төгрөгийг төлөхөөр болсон. Миний бие Н ХХК-иас шинэ автомашин худалдаж авахдаа зээл авсан бөгөөд тухайн автомашиныг худалдан борлуулж, олсон орлогоос зээлийн төлбөрийг барагдуулах боломжтой байхад хариуцагч нь шууд миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах гэж байгааг зөвшөөрөхгүй.

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан хэдий ч хүлээж аваагүй, мөн төлбөр авагч Н ХЗХ-ноос автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байсан. Гэтэл одоо үндсэн хөрөнгө болох авто машиныг үнэлэхгүй, орон сууцыг л авах гэж шинжээч томилсон, уг шинжээч нь орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байсан.

            Хариуцагч нь надад орон сууцны үнэлгээний талаарх 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдлийг танилцуулаагүй, харин 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдлийг тус өдөр хүлээн авч танилцаад шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 26-ны уг нэхэмжлэлийг гаргасан.

            Иймд, хариуцагч Нт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, нэхэмжлэгчид удаа дараа дээрх мэдэгдлүүдийг өгч байсан. Үүний дагуу барьцаа хөрөнгө болох *******,*******,*******,******* хаягт байрлах орон сууцыг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг хийсэн. Орон сууцны зах зээлийн үнийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7.-д зааснаар 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04/22 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Гэвч нэхэмжлэгч уг мэдэгдлийн дагуу хуульд зааснаар 7 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баас хариуцагч Нт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00532 тоот шийдвэрээр Н-ны нэхэмжлэлтэй Б, Н нарт холбогдох 118,779,808.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэжээ /х.х-ийн 4-7 хуудас/.

Тодруулбал, тус шүүхийн 101/ШШ2018/00532 тоот шийдвэрээр хариуцагч Б, Б.Нармандах нараас үндсэн зээлийн үлдэгдэл 76,392,781.00 төгрөг, зээлийн хүү 39,219,736.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,969,480.0 төгрөг, нотариатын хөлс 21,500.00 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200.00 төгрөг болон автомашины торгуулийн үнэ 343,200.00 төгрөг, татварын өр 762,911.00 төгрөг, нийт 118,779,808.00 төгрөгөөс 100,809,481.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,970,327.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид уг 101/ШШ2018/00532 тоот шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй учраас тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2018/07399 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 695 тоот гүйцэтгэх хуудсыг олгосон байна /х.х-ийн 28, 29, 34 хуудас/

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өгсөн баримтаар тус байгууллага төлбөр төлөгч нараас 100,809,481.00 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн дээрх шийдвэрийг албадан биелүүлэхээр 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 18261056 тоот тогтоол гаргаж, энэ талаар төлбөр төлөгч нарт мэдэгджээ /х.х-ийн 43, 44, 50 хуудас/.

Улмаар хариуцагч Н-с Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, тэдгээртэй уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн эсэх талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 42-49 хуудас/.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.-т “Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гээд 55.2.2.-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж заажээ.

Тодруулбал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг уг худалдааг явуулахаас өмнө төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй тохиолдолд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн ийнхүү хөрөнгийн үнэлгээг тогтоох үндэслэл бий болдог.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Б, Н нараас 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр маргааны зүйл болсон нэхэмжлэгчийн өмчлөлийн ******* тоот улсын бүртгэлийн дугаартай .......... хаягт байрлах орон сууцны зах зээлийн үнийг 80,000,000.00 төгрөг гэснийг төлбөр авагч “Номин юнион хадгаламж, зээлийн хоршоо”-ны зүгээс үл хүлээн зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргажээ /х.х-ийн 51, 52, 55, 56, 57 хуудас/.

Ингээд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 300 тоот тогтоолоор дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоохоор “Х******* төв” ХХК-ийг томилсон ба тус компанийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн х******* тайланд тусгагдсанаар дээрх үл хөдлөх хөрөнгийг 42,418,000.00 төгрөг гэж тус тус үнэлжээ /х.х-ийн 60-77 хуудас/.

Энэ дүгнэлтэд тусгагдсанаар барьцаа хөрөнгийн үнийг зах зээлийн харьцуулалтын аргад тулгуурлаж, өнөөгийн зах зээлийн ханшийг тогтоохдоо ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг судалсан байх тул нэхэмжлэгчийн орон сууцыг бодит байдалтай танилцаж, үнэлгээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, “Х******* төв” ХХК-ийн дүгнэлтэд уг үнэлгээг ямар эх сурвалж үндэслэсэн, үнэлгээний ямар аргыг хэрэглэсэн, ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн ханш хэд байгаа зэргийг тус тус судалж, дүгнэсэн байна. 

Х******* тухай 3 дугаар зүйлийн 3.1.1.-д ”үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ” гэж, мөн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д “хараат бус байх” гэж, түүнчлэн 9 дүгээр зүйлийн 9.4.-т “Х******* тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна” гэж тус тус заасан бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж заажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хөрөнгийн үнэлгээчин ******* нь тусгай зөвшөөрөлтэй, түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байгаагаас гадна “Х******* төв” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулдаг ажээ /х.х-ийн 78-81 хуудас/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3.-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б нь “Х******* төв” ХХК-ийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч, уг орон сууцны зах зээлийн ханшийг 42,418,000.00 төгрөгөөс илүү гэж маргаж буй тохиолдолд үүнийг баримтаар нотлох ёстой бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд өгөөгүй, харин хариуцагч Н нь хараат бус, мэргэжлийн үнэлгээчний үнэлгээг үндэслэн төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тооцсон нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хариуцагчийг Н ХХК-иас шинээр нь авсан автомашиныг бусдад худалдаж, олсон орлогоос зээлийн төлбөрийг төлөх боломжтой байхад миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн.

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4.-т “Энэ хуулийн 55.7, 122.1.-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2.-т заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй” гэж заажээ.

Тайлбарлавал, тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д зааснаар эд х******* талаарх гомдлыг тухайн гомдолд дурдсан асуудлын хүрээнд хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч Бы шүүхэд өгсөн гомдолд анхнаасаа энэ талаар дурдаагүй байснаас гадна энэ нь зохигчдын маргаж байгаа хөрөнгийн үнэлгээг тогтоохтой холбоотой биш байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь х******* талаарх 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэлтэй танилцаагүй, харин 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдлийг тэрхүү өдөр хүлээн авсан гэж тайлбарласан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Н-с х******* талаарх 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдлийг тус өдөр нэхэмжлэгч Бд баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь уг мэдэгдэл болон 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдлийг зөвшөөрөөгүй бол тийнхүү хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдлоо шүүхэд өгөх ёстой байтал хугацаа хэтрүүлж буюу 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргажээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д “Талууд эд х******* талаархи гомдлоо энэ хуулийн 55.3.-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан. Тодруулбал, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, мөн 76.2.-т” хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан................................эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус заасныг үзэхэд нэхэмжлэгч Б нь х******* талаарх гомдлыг шүүхэд гаргах хуульд заасан 7 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Бы гаргасан хариуцагч Нт холбогдох ......... хаягт байрлах ...... тоот улсын бүртгэлийн дугаартай .... м.кв талбайтай нэг өрөө орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2020/01122 тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР