Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Б-ын Г-д холбогдох 2316001120121 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Говь- Алтай аймгийн ****** сумын ******** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДМ********* регистрийн дугаартай, Х овгийн Б-ын Г,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г согтуурсан үедээ нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* сумын ******** багт Б.Б-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож түүний биед зүүн нүдний битүү гэмтэл, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний алимын салст цус харвалт, зүүн чих цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хамар дух, зүүн хацарт зулгаралт, цээжний зүүн талд зөөлөн эдийн эмзэглэлтэй гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Г согтуурсан үедээ нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* сумын ********* багт Б.Б-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодсон үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтын улмаас Б.Г нь Б.Б-ны эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр зүүн нүдний битүү гэмтэл, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний алимын салст цус харвалт, зүүн чих цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хамар дух, зүүн хацарт зулгаралт, цээжний зүүн талд зөөлөн эдийн гэмтэл эмзэглэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Г гэм буруутай болох нь:

        1.Хохирогч Б.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 05 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед нэлээн харанхуй болсон байсан. Би ганцаараа хойд С-ын дэлгүүр рүү ороод эргээд гараад ирсэн чинь миний зүүн талаас хатуу юмаар хүн цохчих шиг болсон. Тэгээд яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд харсан чинь Б-ын Г гэдэг залуу байсан. Яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж асуухад “Чамайг ална” Б-ын залуу яасан том болсон юм бэ, ******* яасан том болцон юм гээд орилоод байсан. Тэгээд хоорондоо нийлээн зууралдаж байгаад хоёулаа суугаад учраа ольё гээд хэлсэн чинь “Чамтай юу ярьдаг юм пизда минь” гээд дайраад байсан... Миний бие рүү Г нь энд тэндээс цохиод зүгээр байлгахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/,

          2.Гэрч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрээсээ дэлгүүр орж тамхи авах гээд мотоциклтой С-ын дэлгүүр дээр орой 21 цагийн үед очсон юм. Тэгтэл дэлгүүрийн гадна талд Г Б 2 хоорондоо муудалцаад зууралдаад байж байсан. Би мотоциклоосоо буугаад алхаж очоод салгах гээд “Ахын дүү чи яагаад хүн амьтантай зодолдоод байгаа юм бэ” гэсэн чинь Г “Чи юу юм” гэж хэлээд намайг хөл хавсраад унагасан. Тэгээд Б ах дэлгүүрийн үүдний хажууд очоод зогссон чинь Г наад талаас нь алхаад явсан. Би янз бүрийн хэрэгт орооцолдож магадгүй байсан учраас шууд мотоцикл дээрээ суугаад явсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

          3.Гэрч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр А Г хүнтэй зодолдоод байна салгаадах гээд орж ирсэн. Би гараад Г-ыг авах гэтэл Б ирээд зуурч хоргоогоод байсан. Тухайн үед аль алинд нь ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Би юу хэлж байсныг нь сайн санахгүй байна. Тэгээд Г эргэж хараад өөд өөдөөсөө дайраад хүчрэгдэхгүй байхаар нь дийлэхгүй гэр рүүгээ учраа олно биз гэж бодоод орсон. Тэгээд тэр хоёр удалгүй салаад явцгаасан. Манай дэлгүүрийн камер ажилладаг 1 сар 10 хоногоор ухрааж үзэж болдог...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

           4.Гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед намайг эмнэлэг дээр ажил дээрээ оччихоод байж байтал Г гэх залуу хүн үзүүлэх гэсэн юм цээжээр нь өвдөөд байна гээд ********* гэх миний дугаар руу залгаж дуудлага өгсөн. Б-ыг очих үед орон дээрээ хэвтэж байсан. Б толгой өвдөөд цээжээр өвдөөд байна гэж хэлсэн. Тухайн үед зүүн нүд, дух орчмоороо нэлээн хавдсан байсан. Өөр ямар нэгэн ил харагдах шарх сорвигүй байсан. Цээжийг нь дарж үзэхэд эмзэглэлтэй байсан. Ямар нэгэн яс хугарсан зүйл байгаагүй. Тэрнээс хойш 3 хоногийн дараа Б-ны аав Б гэх хүн надаас эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл ирж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

           5.Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цадаагийн ахмад цолтой Д.Даваахүүгийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “...1.2. Б.Б-н биед зүүн нүдний битүү гэмтэл, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний алимын салст цус харвалт, зүүн чих цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хамар дух, зүүн хацарт зулгаралт, цээжний зүүн талд зөөлөн эдийн гэмтэл эмзэглэлтэй гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэх шинэ гэмтэл болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5 .Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 169 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 41-43-р хуудас/,

           6.Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 169 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдагдаж байгаа Б.Б-ны биед учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

           Иймд шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгож, торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,  шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

         4.Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овгийн Б-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г-д мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

             9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР