Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

Шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн Н-н Ц-т холбогдох 2316000000114 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ***** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Говь-Алтай аймгийн ****** сумын **** баг ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж ял эдэлж байсан, ДО******** регистрийн дугаартай, Ц овгийн Н-н Ц,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Н.Ц Говь-Алтай аймгийн ****** сумын нутаг дэвсгэрт 2023 оны 08 дугаар сарын 03-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох гэрлэлтээ цуцлуулсан эхнэр Н.С-тай маргалдаж түүнийг машин руу хүчээр түлхэж оруулаад 2 гарын нь хооронд нь алчуураар хүлж авч яваад уулын бэлд очоод толгой хэсэг рүү нь гараараа 7-8 удаа цохисон үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын улмаас Н.Ц нь Н.С-ийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр баруун дээд зовхи, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, баруун дал, баруун шуу, зүүн гуяанд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Н.Ц гэм буруутай болох нь:

 

1.Хохирогч Н.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед аймгийн дээд талд өөрийнхөө маллагаанд байдаг 2 тооны адууг услаад байж байтал Ц мотоцикль унаад миний байгаа газарт хүрээд ирсэн. Тэгээд надтай муухай харилцлаа, утасныхаа кодыг хэлсэнгүй намайг үл тоолоо гэж шалтаг гаргаад миний 2 гарыг хүлээд миний машины хойд суудал дээр хүчээр чихээд суулгачихсан. Чамайг хол газар авч очоод ална гээд ертөнцийн зүгээр баруун тийш буюу аймгийн дээд талд байдаг уул өөд чиглээд явсан. Тэнд очоод толгойн орой хэсэг, тонгойхоор ар хэсэг рүү 5-6 удаа цохисон. Зүүн хацар, духны хэсэгт гараа атгаж байгаад цохисон. Би хажуу тийшээ хараад хэвтэж байхад миний зүүн талын гарыг цохисоор байгаад тэр чигт нь хөхрүүлчихсэн байсан. Миний гарын хүлээсийг тайлахаар нь ойрхон харагдаж байсан айл руу гүйсэн. Араас гүйж ирээд намайг барьж аваад машинд чихэж оруулаад 2 гарыг урд талд хүлээд давхар машины суудлын бүсээр цээжээр хүлсэн. Тэгж хүлчхээд миний хоолойг боохоор нь би баруун гарыг нь хазтал миний хоолойг боохоо больсон. Тэгээд би цагдаад мэдэгдэхгүй, чиний хэлснээр байя гэж гуйж байгаад машинаа аваад дэлгүүртээ ирсэн. Өдөр аавтайгаа дэлгүүртээ яваад очиход Ц цоожийг нь эвдээд орчихсон намайг очихыг хараад том мод бариад гараад ирэхэд нь аав бид 2 зугтаачихсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Дахиж Ц-тай уулзмааргүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

 

2.Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цадаагийн ахмад цолтой Т.Алтайбаатарын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “...1.2. Н.С-ийн баруун дээд зовхи, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, баруун дал, баруун шуу, зүүн гуяанд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4 Н.С-ийн биед учирсан цус хуралт гэмтлүүд нь бүрдлээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх 215 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 14-17-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авч, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

          Иймд шүүгдэгч Н.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Н.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 (Долоо зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (Долоо зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 (Долоо зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (Долоо зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Ц шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

 

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

4.Бусад асуудлаар:

 

 Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц овгийн Н-н Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-ыг 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-т оногдуулсан 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

 

4.Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Н.Ц-т мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР