Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 1118

 

 

 

 

            2020        04          02

                                 101/ШШ2020/01118

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Ганчимэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 85110711

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С-гийн гаргасан,

 

Хариуцагч: Б-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 3,853,489.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С, өмгөөлөгч Г, хариуцагч Б, өмгөөлөгч С, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Би, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буюу Жуковын ойролцоо явган хүний гарцаар гарч байхад гэнэт машин ирж намайг мөргөсөн. Тухайн үед юу болоод өнгөрснийг миний бие мэдээгүй, нэг мэдэхэд л эмнэлгийн туслалцаа авч, цагдаа нар хэргийн газарт ирсэн байсан. Уг зам тээврийн ослоос миний нүүрний яс хугарч, зөөлөн эд няцарч, зүүн нүдний яс цөмөрхий хэвээр эдгэсэн учраас цаашид хагалгаанд орох шаардлагатай гэсэн.

 

Миний бие “Ш” ХХК-нд нийт 22 жил ажиллаж байна, хэдийгээр намайг 2010 онд тэтгэвэрт гаргасан ч өнөөдрийг хүртэл энэ компанидаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцан ажиллаж, сард 1,200,000.00 төгрөгийн цалин хөлс авч байсан. Гэтэл би, хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажлаа хийгээгүй бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 3,353,487 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500,000.00 төгрөг, нийт 3,853,489.00 төгрөгийг нэхэмжилсэн.

Би, уг ослоос болж 2019 оны 07 дугаар сард 24 хоног ажилгүй байсан ба энэ хугацааны цалин 1,658,880.00 төгрөг, 2019 оны 08 дугаар сард 27 хоног ажиллаагүй, эдгээр хугацааны цалин хөлсийг 3,353,487.00 төгрөг гэж тооцож, Иргэний хуулийн 228.1, 229.1, 497.1.-т зааснаар нэхэмжилж байна. Хэрэгт намайг  сарын 1,200,000.00 төгрөгийн цалин хөлстэй гэдгийг нотолсон баримт авагдсан бөгөөд ажил олгогч “Шинэ барилга” ХХК-ийн тодорхойлолтоор 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажлаа хийгээгүй гэсэн.

 

Миний бие эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас авсан 1,000,000.00 төгрөгийн эмчилгээнд зардалд зарцуулсан ба энэ талаар маргахгүй. Иймд, хариуцагчаас 3,853,489.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Би, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зам тээврийн осол гаргаж, Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.10.1.-т зааснаар 240 цагийн албадан ажил хийх ял авсан. Тухайн үед миний бие нэхэмжлэгчид 1,000,000.00 төгрөгийг эмчилгээний зардалд өгч, шүүхийн шийдвэрийн дагуу 240 цагийн албадан ажил хийх ялыг биеэр эдэлж дуусгасан.

 

Уг осол гарсны дараа хариуцагч нь нэхэмжлэгчид эмчилгээний зардлыг нь төлсөн тул энэ тухай маргахгүй, харин үүнээс хойш нэхэмжлэгч нь 75,000.00 төгрөгийн үнэтэй эмийг 3 сар уух ёстой гэсэн тайлбар өгч байсныг хариуцагчийн зүгээс уг эмийг авч өгнө гэсэн болохоос ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлнө гэж хэлээгүй.

 

Одоо нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон өмгөөлөгчийн зардал 3,853,489.00 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь өөрийн ажлын нэг өдрийн цалин хөлсөө нотолж чадахгүй байна. Ажил олгогч байгууллагаас өгсөн цалингийн тодорхойлолтыг үзвэл ажиллаагүй гэх ажлын хоног нь ойлгомжгүй, 2019 оны 06 сард 6 хоног ажиллаагүй, 2019 оны 07 сард 18 хоног, 2019 оны 08 сард 17 орчим хоног ажиллаагүй гэж тодорхой бус бичжээ.

 

Хэрэв нэхэмжлэгч нь сард 1,200,000.00 төгрөгийн цалин авч байсан бол тухайн дүнгээс нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар төлөх ёстой. Гэвч энэ талаарх баримт хэрэгт байгүй. Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдаагүй гэсэн байгаагаас гадна ажлаас түр чөлөөлсөн тухай эмнэлгийн магадлагаа болон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт байхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, хууль зүйн туслалцаа авахад төлсөн гэх 500,000.00 төгрөгийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар өмгөөлөгч авах нь аливаа этгээдийн эрх тул үндэслэлгүй шаардлага гаргасан байна. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Сгээс хариуцагч Бд холбогдуулан гэм хорын хохиролд 3,853,489.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4.-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1444 тоот шийтгэх тогтоолоор хариуцагч Б-г Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ /х.х-ийн 4-6 хуудас/.

 

Тодруулбал, хариуцагч Б нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 09:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Жуковын хөшөөний урд замд ... ******* улсын дугаартай тоёото приус-20 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан нэхэмжлэгч Сг мөргөж, түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан байна.

 

 Зохигчид, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус шүүхийн 2019/ШЦТ/1444 тоот шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх талаар маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

 

Тайлбарлавал, хариуцагч Б-г Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөнөөс нэхэмжлэгч Сгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон учраас зохигчид энэ талаар дахин маргах эрхгүй юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 14 дэх хэсэгт “.............бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч буюу гэм хор учруулсан Бэс өөрт учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Сгээс хариуцагч Бд холбогдуулан зам тээврийн ослын улмаас ажилгүй байсан 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсөнд 3,353,487.00 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 500,000.00 төгрөг, нийт 3,853,489.00 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар “Ш” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 09 тоот тушаалаар нэхэмжлэгч Сг тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар томилж, улмаар А/10 тоот тушаалын дагуу сарын үндсэн цалин хөлсийг 1,200,000.00 төгрөгөөр тогтоосон байна /х.х-ийн 10, 11 хуудас/.

 

Ингээд ажил олгогч тус компаниас нэхэмжлэгч Сг 2019 оны 07 дугаар сарын цалин хөлсийг 1,658,880.00 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын цалин хөлсийг 1,694,607.00 төгрөг, нийт 3,353,487.00 төгрөг авах ёстой байсан хэмээн тодорхойлж, түүнийг зам тээврийн ослын улмаас 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаагүй гэжээ /х.х-ийн 14 хуудас/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 7689 тоот дүгнэлтэд “Сгийн биед зүүн хоншоор ясны хажуу, урд ханын хугарал, зүүн хацар ясны нум хэсгийн хугарал, зүүн нүдний ухархайн гадна дээд, гадна хажуу, доод ханын хугарал, зүүн нүдний гадна зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн жавьжинд цус хуралт, зүүн тохойн доод хэсэгт зулгаралт, зүүн бугалганы гадна дээд хэсэг, зүүн сарвууны гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэж, мөн “дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.3.1.-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж тус тус дүгнэсэн байна /х.х-ийн 46, 47 хуудас/.

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ”эрүүл мэнд гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С нь эрүүл мэндийн хувьд эрүүл байсан тохиолдолд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж чадах байсан бөгөөд тэрээр ийнхүү хариуцагч Б-н гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан тул өөрийн ажлаа зохих ёсоор хийж чадахгүйд хүрчээ.

Учир нь, Хууль зүйн сайд болон Эрүүл мэндийн сайд нарын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот тушаалаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.3.-д “Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.-т ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Сгийн биед зүүн хоншоор ясны хажуу, урд ханын хугарал, зүүн хацар ясны нум хэсгийн хугарал, зүүн нүдний ухархайн гадна дээд, гадна хажуу, доод ханын хугарал, ........................ бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хурж, эрүүл мэнд нь дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарних хүндэвтэр гэмтэл учирсан тул нэхэмжлэгчийн ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдал бий болсон гэх тайлбар үндэслэлтэй юм.

 

  Иймд, нэхэмжлэгч С нь хариуцагч Бэс хөдөлмөрийн чадвараа алдсанаас 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин хөлсийг нэхэмжлэх эрхтэй байна.

 

Гэвч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн буюу ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин хөлс 3,353,487.00 төгрөгийн шаардлагаас 625,128.00 төгрөгийг хангаж, үлдэх 2,728,359.00 төгрөг болон хууль зүйн туслалцаа авахад төлсөн 500,000.00 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар “Ш” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн А/10 тоот тушаалд нэхэмжлэгч Сгийн сарын үндсэн цалин хөлсийг 1,200,000.00 төгрөг гэж дурдсан боловч нэхэмжлэгч нь бодитоор сар бүр дээрх хэмжээний цалин хөлсийг авч байсан гэдгээ баримтаар нотлохгүй байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 9 дүгээр зүйлд “Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, данс, бүртгэл байна” гэж заасан. Гэтэл “Шинэ барилга” ХХК-иас нэхэмжлэгч Сд сар бүр 1,200,000.00 төгрөгийн цалин хөлс олгож, түүнээс холбогдох шимтгэл, татварыг суутгаж, энэ талаар бичилт хийсэн санхүүгийн баримт хэрэгт авагдаагүй байна. 

 

Харин шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгч Сгийн нийгмийн даатгалын дэвтрийг үзвэл нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сараас хойш Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байжээ /х.х-ийн 7 хуудас/.

 

Ингээд нэхэмжлэгчийн цалин хөлсийг дээр дурдсан журмын 7 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцоход өдрийн 14,884 /320,000:21.5/ төгрөг бөгөөд үүнээс хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлсийг тооцвол 2019 оны 06 дугаар сарын 6 хоногийн цалин 89,304.00 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 20 хоногийн цалин хөлс 297,680.00 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 16 хоногийн цалин хөлс 238,144.00 төгрөг, нийт 625,128.00 төгрөг болж байна.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч С 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Бд холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч Гтай гэрээ байгуулж, түүнд 500,000.00 төгрөгийг шилжүүлсэн байна /15-17 хуудас/.  

 

Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14.-т зааснаар аливаа иргэн хууль зүйн туслалцаа авах, шүүх ажиллагаанд өөрийн биеэр оролцох эрхтэй. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3.-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор иргэн, хуулийн этгээд эрх зүйн маргаанд хууль зүйн туслалцаа авах, аль эсхүл авахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй юм.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авахад зарцуулсан 500,000.00 төгрөгийн зардал нь хариуцагчийн гэм хор учруулсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор зайлшгүй төлөх ёстой байсан зардал биш байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас 625,128.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,228,361.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                          ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Бэс 625,128.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,228,361.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,404.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ    ШҮҮГЧ                          Б.МАНДАЛБАЯР

 

                                                ШҮҮГЧИД                                Т.ГАНЧИМЭГ

 

                                                                                                      Д.ЗОЛЗАЯА