| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 125/2025/0020/З |
| Дугаар | 221/МА2025/0688 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2025/0688
А.Өын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 125/ШШ2025/0059 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: А.Ө
Хариуцагч: Ховд аймгийн Боловсролын газрын дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: А.Ө
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Э
Хариуцагчийн өмгөөлөгч: Н.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 125/2025/0020/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 125/ШШ2025/0059 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д заасныг тус тус баримтлан А.Өаас гаргасан “Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Ховд аймгийн Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 11.256.359 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар А.Өт 2025 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр 29-ний өдрийн хооронд ажлын 64 цаг холбогдох чөлөө зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан гэх үндэслэлээр Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Улмаар нэхэмжлэгч А.Ө уг маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалд А.Өыг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тухайгаа тодорхой дурдаагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсгийг баримталсан хэр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж тайлбарласан байдаг. Хариуцагчаас ямар зөрчлийг хэрхэн яаж гаргасныг тогтоож чадаагүй. Нэхэмжлэгчийн хувьд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүүхэд үрчилж авахаар Улаанбаатар хот явах талаараа байгууллагын дотоод журамд зааснаар “цалинтай чөлөө авах” хүсэлтээ сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Ат хэлээд явсан. Тухайн үед Ховд аймгийн Боловсролын газрын дарга томилогдоогүй байсан. Нэхэмжлэгч А.Ө нь Ховд аймгийн Боловсролын газрын дарга томилогдсоны дараа чөлөө хүссэн өргөдөл илгээсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй тул Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан. Хүний эрхийн үндэсний комисс болон Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас нэхэмжлэгчийн гаргасан чөлөө хүссэн өргөдлийг Хөдөлмөрийн тухайн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.2, 138 дугаар зүйлийн 138.2 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар чөлөө олгохыг даалгасан.
2.1. Анхан шатны шүүх Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ховд аймгийн Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор бүхэлд нь хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч А.Өаас “... Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Ховд аймгийн Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 11.256.359 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
3. Маргаан бүхий Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.4, Хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.1.1, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Ховд аймгийн Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Өыг 2025 оны 01 дүгээр сарны 20-ны өдрөөс 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөө зөвшөөрөлгүйгээр ажлаа тасалсан гэж үзэж, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн эрхэлж буй ажлаас нь чөлөөлж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
4. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь үрчилж авсан хүүхдээ Улаанбаатар хотод гэртээ асарч байсан нь тогтоогдсон, гэвч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлж, маргааны үйл баримтад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж чадаагүй байна.
5. Нэхэмжлэгч А.Ө нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаагүй болох үндэслэлээ “хүүхэд үрчилж авах” хүндэтгэн үзэх шалтгаантай байсан хэмээн тайлбарлан маргасан бөгөөд хэрэгт авагдсан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхээс Ховд аймгийн Боловсролын газрын архив, бичиг хэргийн ажилтны өрөөнд хийгдсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзэхэд түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан сахилгын зөрчил гаргасан гэж шууд буруутгах боломжгүй байна.
5.1. Учир нь, нэхэмжлэгч А.Ө 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрсөн хүүхдийг үрчлэн авсан, хүүхдээ үрчлүүлсэн эх төлөвлөлт хугацаанаасаа өмнө амаржсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
5.2. Нэхэмжлэгч нь “энэ талаар мэдмэгцээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот руу явсан” гэж тайлбарлах бөгөөд энэхүү цаг хугацаанд Ховд аймгийн Боловсролын газрын дарга томилогдоогүй байсан учир тус газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Ат нөхцөл байдлыг тайлбарлаж, чөлөө зөвшөөрөл авах хүсэл зоригоо илэрхийлсэн байна.
5.3. Улмаар 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Боловсролын газрын дарга томилогдсон байх ба нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус газрын албан ёсны цахим шуудангийн хаягаар “хүүхэд үрчилж авах” хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохоо илэрхийлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д “Нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхийн аль нэг нь хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхдийг нь 60 хоногтой болтол хугацаагаар дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжтэй чөлөө олгоно” гэж зааснаар хүүхэд асрах чөлөө олгохыг хүсэж буй хүсэлтээ Ховд аймгийн Боловсролын газрын даргад хаяглан илгээсэн байгаа зэргээс үзвэл энэ нь сахилгын зөрчил бус хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байна.
6. Гэтэл хариуцагч Ховд аймгийн Боловсролын газрын дарга нь нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгчийг хүүхэд үрчилж авсан талаар мэдсэн атлаа маргаан бүхий 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг гаргахдаа уг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байх төдийгүй бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй сахилгын шийтгэлийг түүнд ногдуулжээ.
6.1. Тодруулбал, маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчид “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан боловч бууруулсан албан тушаал нь ямар албан тушаал болох, цаашид ямар чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах талаар тодорхой тусгаагүй байгаа нь маргаан бүхий акт хэрхэн, яаж хэрэгжих нь ойлгомжгүй байх бөгөөд энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан “ямар байдлаар албан тушаал бууруулж байгаа талаар Боловсролын газрын даргын зүгээс хэлээд явах боломжтой ...” гэх тайлбар үндэслэлгүй байна.
6.2. Түүнчлэн, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”, 4.1.9-д “хөдөлмөрийн гэрээ” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог” гэж заасны дагуу хариуцагч Ховд аймгийн Боловсролын газрын дарга нь А.Өтай хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй атлаа 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Жаргалант сумын Засаг дарга, А.Ө нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан нь мөн үндэслэлгүй.
6.3. Сахилгын шийтгэлийг ногдуулах эрх бүхий этгээд нь тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч, харин сахилгын зөрчил гаргасан этгээд нь тухайн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтан байх учиртай.
6.4. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн Боловсролын газрын дарга нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй, улмаар маргаан бүхий тушаалыг гаргахдаа өмнөх ажил олгогчтой байгуулсан /Жаргалант сумын Засаг дарга/ хөдөлмөрийн гэрээг үндэслэж, ажилтны гэм буруу, зөрчлийн шинж байдал, үр дагаврыг харгалзан үзэлгүйгээр маргаан бүхий тушаалыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй байх ба түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
7. Харин нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ маргаан бүхий тушаал гарсан өдрөөс 2025 оны 07 дугаар сар хүртэлх цалинг тооцож тодорхойлсон нь үлдэх саруудын цалинг нэхэмжлэхгүй гэсэн ойлголт биш, уг хууль бус актын үр дагаврыг бүрэн арилахуйц байдлаар түүний эрхийг сэргээхээргүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг зохих журмын дагуу холбогдох шимтгэлийг суутган тооцож олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
8. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, А.Өын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгтээ хуулийн нэр томьёог буруу бичсэн болохыг тэмдэглэв.
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 125/ШШ2025/0059 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Өаас Ховд аймгийн Боловсролын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгож, А.Өыг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган тооцож А.Өт олгохыг хариуцагчид даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Ц.ОДМАА