Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 212/МА2018/00045

 

    Ш.Ө-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00165 дугаар шийдвэртэй, Ш.Ө-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч Ш.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн төлөөлөгч И.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилгүй байсан хугацааны цалин 10191248 төгрөг гаргуулан, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох, ажил олгогчийн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай.

 

            Нэхэмжлэлд: “Ш.Ө намайг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дүгээр сарын 08-ны өдрийн 102 тоот шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/110 дугаартай "Ажлаас чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус төвийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоосон. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Ажил олгогч Ш.Ө намайг өмнө эрхэлж байсан дотуур байрны багшийн ажилд хараахан албан ёсоор томилоогүй, энэ талаар ямар нэгэн тушаал, шийдвэрийг надад гардуулан өгөөгүй, тус байгууллагад нэг ч өдөр ажил гүйцэтгүүлээгүй, энэ асуудал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад маргаантай явж байгаа. Ш.Ө би ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор, нийгмийн даатгалын шимтгэлийн тухай нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хүссэн боловч татгалзсан хариу өгсөн. Иймд Ш.Ө миний 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажилгүй байсан 12 сар 24 хоногт ноогдох цалин хөлсний нөхөн олговорт 8280389 төгрөг, ажилгүй байсан 12 сар 24 хоногийн цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг Баян-Өлгий аймгийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

            Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: “Ш.Ө би тус шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр "2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл ажилгүй байсан 12 сар 24 хоногт ноогдох цалин хэлсний нөхөн олговорт 8280389 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах, ажилгүй байсан 12 сар 24 хоногийн цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг Баян-Өлгий аймгийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай нэхэмжлэл гаргасан. Одоо нэхэмжлэгч Ш.Ө би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхээ эдэлж нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна. Нэхэмжлэгч Ш.Ө миний 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор 1910859 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс буюу хариуцагчаас гаргуулах, мөн 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгож өгөхийг хүсэж байна.

Нэхэмжлэгч Ш.Ө би ажил олгогчийн намайг чөлөөлсөн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн тушаалыг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхээс албан ёсоор үзсэн. Иймд уг маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, Ш.Ө намайг дотуур байрны багшийн ажилд эгүүлэн томилж өгөхийг хүсье.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Иргэн Ш.Ө нь жирэмсний амралттай байсан дотуур байрны багш Д.А-ийн оронд түр ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдөж улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон. Ажил олгогчийн зүгээс шүүхийн шийдвэрийг хүндэтгэн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ш.Ө-ийг ажилд нь томилсон. Д.А-ийн жирэмсний амралт 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болж 1 сар хүүхэд харах чөлөө авсан бөгөөд чөлөөний хугацаа дуусгавар болж ажилдаа 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр эргэж орсон тул Ш.Ө-ийг тухайн өдөр ажлаас нь чөлөөлсөн. Энэ талаар Ш.Ө-т удаа дараа мэдэгдэж ажлаас чөлөөлсөн тушаалыг авахыг шаардсан боловч аваагүй. Ажилдаа ирээгүй. Иймд Ш.Ө-ийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 01- ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны  цалин хөлс болон уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөд татгалзах зүйлгүй бөгөөд нэхэмжлэгчийн үндэслэлгүй нэхэмжилж буй бусад цалин хөлсийг нөхөж олгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл" буюу Д.А багш эргэж ажилд орох хүртэл түр хугацаагаар Ш.Ө-ийг ажиллуулах ёстой бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа" хүний орон тоог мөн хугацаанд хэвээр хадгалахыг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй" гэж хуульчилсан учраас ажилтан ажилд орно гэж хүсэлт гаргасаар байхад ажиллуулахгүй бол ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж эх, хүүхдийн хөдөлмөрлөх эрхэд халдсан болно. Д.А багш ажилд эргэж орох хүсэлт учир түүний орон тоонд түр хугацаагаар ажиллаж байсан Ш.Ө-ийг чөлөөлөх ёстой. Өөрөөр хэлбэл Ш.Ө нь зөвхөн Д.А эргэж ажилд орох гэсэн нөхцөлтэйгөөр ажиллаж байсан. 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Д.А багш ажилд орох хүсэлт гаргасан тул Ш.Ө-ийг ажлаас нь чөлөөлсөн. Иймээс Ш.Ө-т холбогдох шүүхийн шийдвэр 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр биелэгдсэн бөгөөд үүнийг нэхэмжлэгч өөрөө сайн мэдэж байгаа. Шат шатны прокурорын тогтоол, мэдэгдэх хуудсаар шүүхийн шийдвэр биелэгдсэн нь тус тус нотлогдон тогтоогдоно. Иймд Ш.Ө-ийн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хариуцагчийн зүгээс 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сарын 02-ны хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг олгоход татгалзах зүйлгүй.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00165 дугаар шийдвэрээр:

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасныг тус тус баримтлан Ш.Ө-ийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1839357 /нэг сая найман зуун гучин есөн мянга гурван зуун тавин долоон/ төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан олгож, энэхүү ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгож, нэхэмжлэгч Ш.Ө-ийн ажил олгогч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Ш.Ө-ийн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, тус төвийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс 44380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ө-т олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 130\ШШ2018\00165 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаартай шийдвэрээр ажилтан Ш.Ө-ийг Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн томилсон. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй учраас хуулийн хүчин төгөлдөр болсон хууль зүйн нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ...Ажил олгогч 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б\16 дугаартай тушаалаар дотуур байрны багш Д.А-ийн хүүхэд асрах чөлөөний хугацаа нь дууссан тул Д.А-ийг урьд эрхэлж байсан дотуур байрны багшийн ажилд 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилж, түүний оронд ажиллаж байсан Ш.Ө-ийг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дотуур байрны багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн чөлөөлж, мөн өдрөөс эхлэн дотуур байрны багшаар Ш.Ө-ийг томилсон эрхийн актууд гаргасан байна." гэж дүгнэжээ. Гэтэл ажил олгогч нь Ш.Ө-ийг урьд эрхэлж байсан дотуур байрны багшийн ажилд томилсон тушаал гаргасан гэх боловч Ш.Ө нь дотуур байрны багшийн ажлыг биечлэн гүйцэтгээгүй, ажил олгогчийн тушаалыг түүнд албан ёсоор гардуулан өгөөгүй, маргаан бүхий тушаалыг тус шүүхээс 2018 оны 02 дугаар сарын эхээр танилцаж мэдсэн, энэ асуудал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад маргаантай явж байсан бодит нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч Ш.Ө-ийг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12\195 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоол гарсан ба уг тогтоолд "... Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаар шийдвэртэй гүйцэтгэх баримт бичгийг хянаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу “...Ш.Өт холбогдох 17020266 тоот бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичиг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсугай” гэж дурдсан байх ба нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтаар 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаар шийдвэртэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна гэж үзлээ" гэж дүгнэлт хийсэн байна. Анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь Ш.Ө-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй гэж үзэж байна. Харин анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь нэхэмжлэгч Ш.Өт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл дуусаагүй байгааг, ажил олгогчийн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б\15 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” гэсэн “Дотуур байрны багшийн оронд түр ажиллаж байсан Р.Б-ийг 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дотуур байрны багшаар Ш.Ө-ийг томилсугай” гэсэн бодит байдалд огт биелэгдээгүй байгааг давхар нотолж байна.

4. Нэхэмжлэгч Ш.Ө-ийн цалин хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгийн хэмжээ нь 10191048 төгрөг. Үүнээс анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1839357 төгрөгийг ханган шийдвэрлэсэн байна. Одоо Ш.Ө-ийн 2017 оны 3 дугаар сарын 01-ээс 2018 оны 3 дугаар сарын 02-ыг хүртэл ажилгүй байсан хугацаанд ноогдох 12 сард авах ёстой цалин хөлс нь нэг сарын үндсэн цалин 539547 төгрөг ба нийт үнийн дүн нь 6474564 төгрөг. Иймд Ш.Ө-ийн цалин хөлсөнд авах ёстой 6474564 төгрөгийг хууль зүйн үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон асуудалд давж заалдах гомдол гаргаж байгаа ба тухайн үед нэхэмжлэгч цалин хөлс нэхэмжилж шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоход 1877127 төгрөгийг тооцооны алдаанаас илүү нэхэмжилсэн байгаа. Иймд одоо Ш.Ө-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрын хувьд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс 6474564 төгрөг нэхэмжилж байгааг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 130\ШШ2018\00165 тоот шийдвэрийн 1 дэх заалтын нэхэмжлэгч Ш.Ө-ийн ажил олгогч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б\16 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгож, дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг ханган шийдвэрлэж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна.” гэжээ.

 

                                                             ҮНДЭСЛЭХ нь:        

 

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй орхигдуулсан  байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Ш.Ө нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 10191248 төгрөг гаргуулан, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох, ажил олгогчийн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ш.Ө-ийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаанд ноогдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1839357  төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан олгож, энэхүү ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгож, нэхэмжлэгч Ш.Ө-ийн ажил олгогч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг  тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Ш.Ө нь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/93 дугаартай тушаалаар жирэмсний болон амаржсаны амралт авсан Д.А-ийн оронд дотуур байрны багшийн ажилд  томилогдож, тус төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/110 дугаар тушаалаар дотуур байрны багшийн ажлаас чөлөөлөгджээ. Улмаар Ш.Ө нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаартай шийдвэр түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоожээ. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар түүнийг дотуур байрны багшийн ажилд эгүүлэн томилсон байна. Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байсан Д.А-ийн чөлөөний хугацаа дуусаж Д.А ажилд орсноор 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Д.А-ийг дотуур байрны багшийн ажилд томилж, оронд нь ажиллаж байсан Ш.Ө-ийг ажлаас чөлөөлжээ. Нэхэмжлэгч Ш.Ө нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаартай шийдвэрээр дотуур байрны багшийн бүр орон тоонд эгүүлэн тогтоосон гэж тайлбарлах боловч Ш.Ө нь анх Д.А-ийн жирэмсний болон амаржсаны амралт авснаар түүний оронд Д.А-ийг ажилд эргэж ортол томилогдсон ба энэ хугацаанд Ш.Ө-ийг ажлаас чөлөөлсөн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/110 дугаар тушаал үндэслэлгүй байна гэж дүгнэж  Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоосон ба Д.А-ийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж ажилд эргэж орсноор Ш.Ө нь ажлаас чөлөөлөгдөх учиртай Ш.Ө-ийн ажиллаж байсан орон тоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны буюу хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажил, үүргээ гүйцэтгээгүй үед хэвээр хадгалахаар заасан байх тул ажил олгогчийн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй үндэслэлтэй байна.

            Анхан шатны шүүх Ш.Ө-ийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний дунджийг 539547 төгрөгөөр тооцохдоо шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний ажилгүй байсан хугацаа, ажилтны нэг сарын болон нэг ажлын өдөрт ноогдох дундаж цалин хөлс, ажилгүй байсан нийт хугацааны олговор зэргийг зөв тооцсон, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг хэрэглээгүй орхигдуулсан байх тул энэ үндэслэлээр анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

           

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол нь нотлох баримтад тулгуурлаагүй үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 118600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00165 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5” гэсний дараа “, 128.1.2” гэсэн нэмэлт оруулан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,600 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                       

Д.КӨБЕШ