Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2020/01143

 

 

 

 

 

 

 

 

  2020         04          03                                          101/ШШ2020/01143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа  даргалж,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 1,  Капитал Хауз,  дугаар давхар хаягт байрлах, РД:, Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг  дугаар хороо, дүгээр хэсэг, гудамж, тоот хаягт байрлах, РД, З ХХК-д холбогдох,

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 29.623.035 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, хариуцагч ХХК-ийн захирал С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З ХХК нь манай компанитай 2018-09-07-ны өдөр Т/343-р шатахуун тос, тосолгооны материал, аккумулятор зээлээр худалдах, худалдан авахаар гэрээ байгуулж манай компани 31.584.006 төгрөгний шатахууныг нийлүүлсэн, 2019-03-15-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019-04-08-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019-12-16-ны өдөр 1.500.000 төгрөг, нийт 11.500.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр 19.748.690 төгрөг, 2018-10-05-ны өдрөөс 2020-01-20-ны өдрийг хүртэлхи хугацааны алданги 9.874.345 төгрөг, нийт 29.623.035 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Гэрээний 4-р зүйлийн 4.3 дахь хэсэгт “Худалдан авагч нь тухайн сард худалдан авсан шатахууны төлбөрийг дараа сарын 10-ны дотор бүрэн төлж барагдуулах, 5-р зүйлийн 5.1-т “Худалдан авагч тал шатахуун төлбөрийг энэ гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлнө” гэж заасан. Хариуцагч тал асуудалд хариуцлагагүй ханддаг. Бид 2018 оноос хойш удаа дараа мэдэгдэл явуулж гэрээн дээр байгаа хаягаар Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл өгөхөд тэр хаягтаа оршин суудаггүй гээд хүлээн авахаас татгалзсан. Манай зүгээс маш хүндрэлтэй цаг хугацааг туулж байна, хариуцагч тал төлбөр төлөх график гэсэн зүйл ярьдаг ч Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлбөр төлөөгүй. Хариуцагч талын хувьд үндсэн төлбөрт маргаагүй. 2018-10-05-ны өдрөөс 2020-01-20-ны өдрийг хүртэл алданги тооцохоор үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрч байгаа учир үндсэн төлбөрийн 50 хувиар алдангийг тооцсон гэв.

  Хариуцагчийн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн төлбөрийг төлнө, алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн төлбөрийг төлж чадаагүй шалтгаан нь манай байгууллага “Б” ХХК-аас авлагаа авч чадахгүй байгаа. Манай компани үндсэн төлбөрт “Ш” ХХК-д ажил гүйцэтгэж өгөхөөр тохиролцсон байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш ХХКомпани нь хариуцагч З ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 29.623.035 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлээс 19.748.690 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, алданги 9.874.345 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.

Хариуцагч З ХХК нь 2018-09-07-ны өдөр Т/343-р шатахуун тос, тосолгооны материал, аккумулятор зээлээр худалдах, худалдан авахаар гэрээг байгуулж 31.584.006 төгрөгийн шатахууныг авч 2019-03-15-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019-04-08-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019-12-16-ны өдөр 1.500.000 төгрөг, нийт 11.500.000 төгрөгийг тус тус төлжээ.

 Ш ХХКомпани зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж З ХХК-д 2018-11-07-ны өдрийн т/1357, 2018-12-13-ны өдрийн т/1514 мэдэглийг тус тус хүргүүлж, хариуцагч 2018-12-04-ний өдрийн 12/03, 2018-12-28-ны өдрийн 12/02, 2019-01-07, 2019-02-23-ны өдрүүдэд төлнө гэсэн хариуг бичгээр өгсөн байна. /хх-ийн 13-19 тал/  

Хариуцагч З ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 9.874.345 төгрөгийн төлөхөөс татгалзаж буй тайлбар, үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлага 29.623.035 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх.

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 306.066 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ХХК-иас 306.066 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ХХК-иас 29.623.035 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш  ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306.066 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ХХК-иас 306.066 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш  ХХК-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Т.БОЛОРМАА