| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2019/05274/и |
| Дугаар | 1061 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 1061
| 2020 03 31 | 101/ШШ2020/01061 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж-ын гаргасан,
Хариуцагч: Ч-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 65,410,489.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, хариуцагч Ч, өмгөөлөгч Э, гэрч Б, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Ж 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төмөр каркас нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч Чтай байгуулсан. Уг гэрээг байгуулах болсон үндэслэл бол хариуцагч нь Э ХХК-ийн захирал Бд ажил гүйцэтгэх санал тавьсан боловч тухайн үеийн нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч нь өөрөө уг компанийн захирлын эгчийн нөхөр, мөн тус компанид инженерээр ажилладаг байсан тул иргэнийхээ хувьд автомашины угаалгын барилга барих ажлыг хийж гүйцэтгэсэн.
Хариуцагч Ч нь тэр үед нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүйгээр гэрээ байгуулах санал гаргасан тул найз нөхдийн хувиар нөхцөл байдлыг ойлгож, өөрийн эгчийн нөхрөөр ажлыг хийж гүйцэтгүүлсэн ба гэрч Бгаас барилгын материалыг нийлүүлсэн байдаг. Уг ажлын гүйцэтгэлтэй холбоотой маргаан гараагүй, чанарын хувьд хариуцагчийн хүссэн зүйлийг хийж өгсөн, түүнчлэн хариуцагч нь ашигтай нөхцөл буюу мөнгөний хэмнэлт гаргах үүднээс хувь хүнтэй гэрээ байгуулж, ажлын үр дүнг хүлээн авсан.
Нэхэмжлэгч Ж болон Э ХХК-ийнхооронд ямар нэгэн маргаан байхгүй, нэхэмжлэгчийг төлөөлөн иргэний хуульд зааснаар шаардах эрхийг нь гэрч этгээд хэрэгжүүлж байсан. Учир нь, хариуцагчтай найз нөхдөөс гадна Э ХХК-иас барилгын материал нийлүүлсэн, гэхдээ эдгээр хүмүүсийн хооронд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй, мөн ажлын гүйцэтгэлтэй холбоотой өр авлага нь Э ХХК-ийнтайлан тооцоонд байхгүй, гэрээний чөлөөт байдлын зарчим зөрчөөгүй.
Нөгөө талаар хариуцагч нь гэрээтэй холбоотой маргаан гаргаагүй, үлдэгдэл төлбөрийн хувьд л маргаантай, талууд өмнөх төлбөрийг арилжааны журмаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч Чын төлөх төлбөрийг “А” ХХК руу шилжүүлэх замаар төлөх гэж оролдсон боловч санал болгосон орон сууцыг захиран зарцуулсан нь тус компанийн тайлбараар нотлогддог. Иймээс нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар үлдсэн хөлсийг төлөхийг шаардах эрхтэй тул хариуцагчаас 65,410,489.00 төгрөгийг нэхэмжилсэн.
Гэрч Э ХХК-ийнзахирал Б нь хууль зүйн үр дагаврыг ойлгоогүйгээр мэдүүлэг өгсөн боловч гэрчээр оролцохдоо маргаан бүхий гэрээний төлбөрийг нэхэмжлэгч Жыг авах ёстой гэсэн. Гэрээний ажил гүйцэтгэгч нь хэн байх нь хариуцагчийн хувьд ач холбогдолтой биш, гэрч этгээд нэхэмжлэгчийг төлөөлөн үүрэг гүйцэтгэж байсан талаар мэдүүлж байна.
Иймд, хариуцагчаас 65,410,489.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
“Би, “Э” ХХК-тай гэрээ байгуулсан, харин нэхэмжлэгч Ж нь манай найзын хүргэн, тодорхой албан тушаалтай тул гэрээнд гарын үсэг зурсан. Миний бие ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт орон сууц санал болгож, тэр байрыг аваад тодорхой хугацаа өнгөрсний дараа “А” ХХК-ийн барьсан байрнаас авах санал гаргаж, улмаар 2018 оны 01 дүгээр сард захиалан бариулах гэрээ хийгээд байраа авч, үйл ажиллагаа явуулж байсан.
Уг “А” ХХК-иас миний төлбөрийг барагдуулахаар гэрч Бд машин, бетон зуурмагаар төлөхөөр тохиролцсон. Төлбөрийг төлөхөөр хэд хэдэн удаагийн санал тавьсан. Ингээд уг саналын дагуу ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг “Амэ трэйд” ХХК-ийн захирал болон Э ХХК-ийн захирал Б нарын хооронд явагдсан.
Тус 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн төмөр карказ нийлүүлэх гэрээний нийтлэг үндэслэл хэсэгт нэг талаас Ч, нөгөө талаас “Э” ХХК гэх хуулийн этгээд гэсэн байгааг анхаарах хэрэгтэй. Тухайн үед нэхэмжлэгч Ж нь “Э” ХХК-нд ажилладаг байсан бөгөөд тус компанийн захирлын хүсэлтээр гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч ажил гүйцэтгэсний дараа төлбөрийн асуудал үүсэхэд хариуцагчийн зүгээс 42,000,000.00 төгрөгт бетон зуурмаг, үлдэгдэл төлбөрт орон сууц, автомашин санал болгож, нийт 86,000,000.00 төгрөгийг төлсөн төлсөн.
“Амэ трэйд” ХХК нь хариуцагчийн өмнөөс төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч орон сууцыг шилжүүлэх боломжгүй болсон тул хоорондоо төлбөрийн өөр нөхцлийн талаар ярилцаж, 26,000,000.00 төгрөгийн үнэтэй болон 18,000,000.00 төгрөгийн үнэтэй автомашиныг тус тус шилжүүлсэн ба үүнийг Э ХХК-ийнзахирал Б хүлээж авсан. Түүнчлэн цаашид төлбөрийн асуудлын талаар харилцан тохиролцсон гэдгийг гэрчийн мэдүүлэгт тодорхой дурдагдсан.
Үүнээс харахад хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээг хуулийн этгээдтэй байгуулсан болох нь тодорхой харагдаж байна. Хариуцагч Ч ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх үүргээ “Амэ трэйд” ХХК-иас авах авлага байсан тул уг компани руу шилжүүлсэн болохыг гэрч Б хүлээн зөвшөөрч төлбөрийг хүлээн авсан. Үүнийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3.-т зааснаар үүрэг солигдсон гэж үзнэ. Нэхэмжлэгч Ж нь нэхэмжлэх эрхтэй гэж байгаа ч үлдэгдэл төлбөрийг авах хэлцлийг Э ХХК-ийнзахирал Б авч байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5.-д заасан нэхэмжлэх эрхтэй этгээд мөн эсэх асуудал үүсч байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Жаас хариуцагч Чад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 65,410,489.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ж болон хариуцагч Ч нар 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төмөр каркас нийлүүлэх тухай гэрээ байгуулжээ. Тодруулбал, талууд тус гэрээг тодорхой төрлийн эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шууд шилжүүлэх гэрээний хэлбэрээр нэрлэсэн боловч Сонгинохайрхан дүүрэгт автомашины угаалгын газрыг шинээр барьж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 6-р хуудас/.
Зохигчид, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэдийгээр тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 4 дүгээр зүйлийн 4.1.-д тус тус зааснаар автомашины угаалгын барилга барих ажлын хөлсийг 145,641,841.00 төгрөг гэж тохирсон ч нийт 151,410,489.00 төгрөг болсон талаар маргаагүй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 343.2.-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаас гадна 343.3.-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээгээр талуудын тохиролцсон ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болсон зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр гүйцэтгэгч нь хэлэлцэн тохирсон хөлс шаардах эрх үүсэх бөгөөд тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн аливаа доголдолгүй байх учиртай.
Талууд, шүүх хуралдаанд тус ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох автомашины угаалгын газрыг захиалагч буюу хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн болон чанарын хувьд доголдолтой эсэх талаар маргаагүй ба гагцхүү гэрээний харилцаа хэн, хэний хооронд үүссэн тухай маргасан.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн төмөр каркас нийлүүлэх гэрээг үзвэл нэг талаас захиалагч Ч, нөгөө талаас ажил гүйцэтгэгч “Эм Жи Эл Би” ХХК нар байгуулсан ба гэрээнд нэхэмжлэгч Ж, хариуцагч Ч нар гарын үсэг зуржээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/04423 тоот захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар Э ХХК-ийнхувьцаа эзэмшигч болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирлаар Б, Б нар бүртгэгдсэн байна /х.х-ийн 81 хуудас/.
Тодруулбал, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8.-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж зааснаар Б нь тухайн компанийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд ажээ.
Ингээд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/02693 тоот захирамжаар Бг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авахад тэрээр нэхэмжлэгч Жыг Э ХХК-ийнерөнхий инженерээр ажиллаж байсан, миний бие нийт 151,410,489.00 төгрөгөөс 42,000,000.00 төгрөгийн цемент, мөн 26,000,000.00 төгрөгийн үнэтэй болон 18,000,000.00 төгрөгийн үнэтэй автомашиныг тус тус “Амэ трейд” ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд үлдэгдэл төлбөрт газар авахаар ярилцсан гэж мэдүүлсэн /х.х-ийн 75-77 хуудас/.
Тодруулбал, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “А” ХХК-ийн болон хариуцагч Ч нарын тайлбар, мөн гэрчийн мэдүүлэгт тус тус дурдсанаар уг компани нь хувьцааны үнэ болон элсний тээврийн хөлсөнд хариуцагчид нийт 243,663,000.00 төгрөгийн өглөгтэй байсан бөгөөд хариуцагчийн зөвшөөрлөөр ажил гүйцэтгэгч “Э” ХХК-нд автомашины угаалгын газрыг барих ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг уг компанийн гүйцэтгэх захирал Бд төлөхөөр болжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Ч нь “Амэ трейд” ХХК-иас авах авлагаараа “Э” ХХК-нд төлөх ажил гүйцэтгэх гэрээний хөлс 151,410,489.00 төгрөгийг ийнхүү төлөхөөр тохирсон ба зохигчид нийт 86,000,000.00 төгрөгийг төлсөн талаар маргаагүй.
Иймд, нэхэмжлэгч Ж нь үлдэгдэл 65,410,489.00 төгрөгийг өөрийгөө авах эрхтэй гэж нэхэмжилсэн боловч тэрээр хариуцагч Чтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг өөрийн нэрийн өмнөөс бус, харин хуулийн этгээд болох Э ХХК-ийннэрийн өмнөөс байгуулсан тул бие даасан ажил гүйцэтгэгч этгээд биш юм.
Үүнийг дэлгэрүүлэн тайлбарлавал, Иргэний хуулийн Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан.
Тодруулбал, тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж, мөн 40 дүгээр зүйлийн 40.1.-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус зааснаар зохигчдын маргаж буй ажил гүйцэтгэх гэрээг нэг талаас ажил гүйцэтгэгч “Э” ХХК, нөгөө талаас захиалагч буюу хариуцагч Ч нар байгуулсан тул нэхэмжлэгч Жыг эрх, үүргийн хувьд холбогдохоор тухайн гэрээг хариуцагчтай байгуулсан гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна” гэж, мөн 25 дугаар зүйлийн 25.1.-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж тус тус зааснаар гагцхүү иргэн Ч, хуулийн этгээд “Э” ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Иймд, нэхэмжлэгч Ж болон хариуцагч Ч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д “Иргэний эрх зүйн харилцаа дараах үндэслэлээр үүснэ” гээд 8.1.1.-д “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” гэж заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгчид 65,410,489.00 төгрөгийг шаардах эрх үүсээгүй болохыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР