Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 936

 

 

 

 

 

            2020        03          20

                                 101/ШШ2020/00936

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б-ийн гаргасан,

Хариуцагч: С ХХК -нд холбогдох,

1,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, гэрч Б, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би, хариуцагч С ХХК -иас 5 дахь удаагаа зохиосон “...” турах тэмцээнд оролцохоор 350,000.00 төгрөгийн бооцоо төлж, 2,500,000 төгрөгийн шагналтай тэмцээнд албан ёсоор бүртгүүлж, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан. Уг турах тэмцээнийг 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай явагдсан ба би 75-65 кг жингийн ангилалд оролцсон.

Миний бие ажилдаа явахын хажуугаар тус тэмцээнд оролцож, маш их хичээл зүтгэл, мөнгө, цаг хугацаагаа зарцуулсан. Жишээлбэл, “...” хэмээх жимд 130,000.00 төгрөгөөр бүртгүүлж, өглөө 06:00-08:00 цагийн хооронд явж, орой нь ажлаа тараад “...”-нд давхар явж байсан. Тэмцээний үед хэрэглэх хоол хүнс, саунд бэлтгэл хийх, тураах тос болон тураах бүс, бэлтгэлийн үед ядраахгүй байх амин дэм, протейн гэх мэт зүйлсэд барьцааны мөнгөнөөс гадна 1,000,000.00 гаруй төгрөгийн зардал гаргасан.

Энэ хугацаанд гэр бүл, үр хүүхдүүддээ ч анхаарал хандуулах цаг зав гаргалгүй бүх чөлөөт цагаа бэлтгэл хийхэд зориулсан. Ингээд 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “...” хэмээх гишүүдийнх нь 200 эргэлтэд дугуйтай үйл ажиллагаан дээр “...” тэмцээний ялагч нарыг тодруулсан ба би өөрийн шаргуу хичээл зүтгэлийнхээ үр дүнд 14.9 кг жинг хаяж, түрүүлсэн. Шагнал гардуулах үед надад гардуулсан жаазан дээр нь юу ч бичээгүй хоосон байсан ба зарлаж буй хөтлөгч нь 2,000,000.00 төгрөгийн азтан боллоо хэмээсэн тул би тайзнаас буугаад С багшаас тодруулах үед жаазаа буцаан авч, нэрийг чинь бичээд өгнө, бэлнээр 2,000,000.00 төгрөг өгнө, харин 500,000.00 төгрөгт нь “...”-ийн эрхийн бичиг өгнө гээд учир битүүлэг зүйл хэлчихээд тус үйл ажиллагаа руугаа явчихсан.

Маргааш нь намайг хариуцагчаас шагналынхаа тухай чат бичиж асуухад хариу өгөөгүй бөгөөд харин 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 23.21 цагт 1,000,000.00 төгрөгийг шагнал гэж данс руу минь шилжүүлсэн байсан. Үүнээс хойш удаа дараа үлдсэн 1,500,000.00 төгрөгийг авах гэж гуйж, учирлаж, сүүлдээ шүүхэд өгнө хэмээн хэлсэн үл тоомсорлосон.

Иймд, хариуцагч С ХХК -иас 1,500,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Бээс хариуцагч С ХХК -нд холбогдуулан 1,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж, мөн 72.3.-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3.-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан.

 

Энэ хэрэгт шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид шүүхэд хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2019/18664 тоот захирамжаар хариуцагчийг албадан ирүүлж, нэхэмжлэлийг хувийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гардуулсан.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр болон 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус тус товлосон хэдий ч хариуцагч нь хариу тайлбар өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч С ХХК -иас олон нийтэд хандан “...” нэртэй болзолт уралдааныг зарлажээ. Тодруулбал, тус компаниас 65-75 км, мөн 95-105 км жинтэй эмэгтэйчүүдийн дунд тодорхой хугацаанд хамгийн их жин хасч чадсан оролцогчид 2,500,000.00 төгрөгийн шагнал олгохоор нийтэд амлажээ.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3.-д “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж, мөн 195.4.-т “Тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч С ХХК  нь тодорхой этгээдийн нэр заахгүйгээр 65-105 км жинтэй эмэгтэйчүүдийн дунд ийнхүү хурдан хугацаанд жин хасах уралдааныг зарласны дагуу нэхэмжлэгч Б нь уг тэмцээнд оролцохоор 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 350,000.00 төгрөгийн хураамжийг хариуцагчид төлж, уралдаанд оролцогчтой байгуулах тухай гэрээг байгуулж, оролцсон байна.

 

Ингээд нэхэмжлэгч Б 65-75 км жинтэй эмэгтэйчүүдийн төрөлд оролцож, хамгийн их жин хасч чадсан оролцогчоор шалгарсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нотлох баримт, үзлэг хийсэн баримт, гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1.-д “Ямар нэгэн ажлыг гүйцэтгэх тодорхой болзлыг хангаж шалгарсан этгээдэд шагнал буюу эрх олгохоор нийтэд зарласан иргэн, хуулийн этгээд нь зарласан болзол ёсоор шалгарсан этгээдэд тухайн шагнал буюу эрхийг олгох үүрэг хүлээнэ” гэж, мөн 421.2.-т “Уралдаант шалгаруулалтын болзолд гүйцэтгэх ажил, түүний хугацаа, тодорхой эрх олгох нөхцөл, шагналын тоо, хэмжээ, гүйцэтгэсэн ажил буюу төслийг шалгаруулах журам, хугацааг тодорхой заах бөгөөд эдгээрээс бусад нөхцөлийг оруулж болно” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, хариуцагч С ХХК -иас 65-105 км жинтэй эмэгтэйчүүдийн дунд жин хасах тэмцээнийг зарлаж, улмаар оролцох хүсэлтээ илэрхийлсэн тодорхой этгээдүүдийн хүрээнд шалгаруулалтыг зохион байгуулж, хамгийн их жин хасч чадсан этгээдэд шагналыг өгөх ёстой.

 

Энэ талаар зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.3.-д зааснаар 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хамгийн их жин хасч чадсан оролцогчид 2,500,000.00 төгрөгийн шагналыг олгон гэж заасан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000.00 төгрөгийг хүлээн авсан бол, харин үлдэх 1,500,000.00 төгрөгийг аваагүй ажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан.

 

Нэгэнт хариуцагч нь тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т заасан хугацаанд хариу тайлбар өгөх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нэхэмжлэл, нотлох баримт, тайлбарыг үгүйсгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчаас нийт 1,500,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1.-д заасныг үндэслэн хариуцагч С ХХК -иас 1,500,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бт олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР