Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 212/МА2018/00046

 

    Ш.М-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2018/00102 дугаар шийдвэртэй, Ш.М-ын  нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч Ш.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагчийн төлөөлөгч Ө.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/564 дугаартай, Ш.М-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, тус аймгийн У сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай.

 

            Нэхэмжлэлд: “Миний бие тус аймгийн У сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлаар ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/444 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 737 дугаар шийдвэрээр аймгийн Засаг даргын Б/444 дугаар захирамжийг хүчингүй болгож, намайг дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон. Улмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 14 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 529 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/579 дүгээр захирамжаар намайг У сумын дунд сургуулийн захирлаар эргүүлж томилсон. Гэвч 10 хоногийн дараа хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэд биелүүлэхгүйгээр аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/564 дугаар захирамжаар ажлаас дахин чөлөөлсөн. Аймгийн Засаг даргын дээрх захирамж миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул эрхээ хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна.

Аймгийн Засаг дарга намайг ажлаас чөлөөлөх захирамж гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтуудыг тус тус үндэс болгожээ.

Ажил олгогчийн зүгээс надтай ямар ч үр дүнгийн гэрээ байгуулаагүй, ажил хийх ямар ч боломж олголгүй ердөө ажлын 9 хоногийн дараа ажлаас дахин чөлөөлсөн нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг зөрчсөн үйлдэл болж байна.

Иймд миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Ш.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/564 дүгээр захирамжийг хүчингүй болгож, У сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “Ш.М-ыг У сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын албан тушаалд шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн томилоод дахиж ажлаас халах болсон нь дараах шалтгаантай. Үүнд:

1. Ш.М-ыг тус сургуулийн захирлаар шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/579 дугаар захирамжаар ажилд нь эгүүлэн томилж ажил хүлээлцэх ажлын хэсэг явуулсан үед тус сургуулийн баг ажилчдын 80 хувь нь эсэргүүцэж Ш.М-ын ажлыг Засаг даргын Тамгын газраас очсон ажлын хэсэг хүчээр хүлээлгэж өгсөн байсан.

2. Ш.М-ыг ажилд томилсны дараа дахиж тус сургуулийн багш ажилчдын 60 гаруй хувь нь аймгийн төвд ирж гомдол гаргаж ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдэж гомдол ирүүлсэн.

3. Ерөнхий боловсролын дунд сургуулийн багш ажилчид аймгийн төвд 80 хувь нь гурван удаа өргөдөл гомдол гаргаж хэрүүл маргаан гарч, нийгмийн хэв журам зөрчигдөн хоёроос гурван удаа цагдаагийн газраас ажлын хэсэг очиж хэв журмыг сахиулан ажилласан.

4. Тус сургуулийн багш ажилчдаас ирсэн гомдлыг БСУГазарт харьяаллын дагуу шилжүүлэн тус байгууллага хуулийн дагуу шалган дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтийг Засаг даргын зөвлөлөөр Ш.М-ыг өөрийг нь байлцуулж хэлэлцэн ажлаас нь халах шийдвэр гаргасан. 

Иймд Ш.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2018/00102 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/564 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ш.М-ыг У сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд:  “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2018/00102 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.

Ш.М-ыг У сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын албан тушаалд шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн томилоод дахиж ажлаас нь халах болсон нь дараах шалтгаантай.

Ш.М-ыг тус сургуулийн захирлаар шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/579 дугаар захирамжаар ажилд нь эгүүлэн томилж ажил хүлээлцэх ажлын хэсэг явуулсан үед тус сургуулийн ажилчдын 80 хувь нь эсэргүүцэж Ш.М-ын ажлыг Засаг даргын Тамгын газраас очсон ажлын хэсэг хүчээр хүлээлгэж өгсөн байсан. Ш.М-ыг ажилд томилсны дараа дахиж тус сургуулийн багш ажилчдын 60 гаруй хувь нь аймгийн төвд ирж гомдол гаргаж ажил хаялт зарлахаа мэдэгдэж гомдол ирүүлсэн. Ерөнхий боловсролын дунд сургуулийн багш ажилчдын 80 хувь нь гурван удаа өргөдөл гомдол гаргаж хэрүүл маргаан гарч, нийгмийн хэв журам зөрчигдөн хоёроос гурван удаа цагдаагийн газраас ажлын хэсэг очиж хэв журмыг сахиулан ажилласан. Тус сургуулийн багш ажилчдаас ирсэн гомдлыг БСУГазарт харьяаллын дагуу шилжүүлэн тус байгууллага хуулийн дагуу шалган дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтийг Засаг даргын зөвлөлөөр Ш.М-ын өөрийг нь байлцуулж хэлэлцэн ажлаас нь халах шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

            Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2018/00102 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ш.М нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан Засаг даргын  2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/564 дугаартай “Ш.М-ыг ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан У сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ажил олгогч нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/564 дугаартай захирамждаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15,  аймгийн Боловсрол, соёл, урлагийн  газрын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтийг тус тус үндэслэн захирал Ш.М-ыг  ажлаас чөлөөлжээ.

Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн захирамж нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн захирамжид баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчилд тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай боловч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/564 дугаартай “Ш.М-ыг ажлаас халах тухай” захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийг баримтлахгүйгээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ш.М-ыг аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/444 дугаар захирамжаар захирлыг ажлаас чөлөөлж, уг шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 737 дугаартай шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоожээ. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг үндэслэн тус аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/579 дугаартай тушаалаар Ш.М-ыг У сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн ажилд эгүүлэн томилж, 10 хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус сургуулийн багш, ажилчдын 80 хувь нь нэхэмжлэгчийг захирлаар ажиллуулахыг эсэргүүцсэн гэх үндэслэлээр ажлаас илт үндэслэлгүйгээр дахин чөлөөлснийг шүүхийн шийдвэрийг бодитой биелүүлсэн гэж үзэхээргүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Ажилтныг ажилд эгүүлэн тогтоохдоо анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт “захирлын” гэх үгийг орхигдуулсан байх тул шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2018/00102 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Ш.М-ыг У сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн” гэсний дараа “захирлын” гэсэн нэмэлт оруулан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь  хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                       

Д.КӨБЕШ