| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/163/3 |
| Дугаар | 221/МА2025/0694 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2025/0694
Ж.Гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0577 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Ж.Гийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч Л.Одбаатар
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ж.Г
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М
Хариуцагчийн итгэмжлгэдсэн төлөөлөгч Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа
Хэргийн индекс: 128/2025/0163/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0577 дугаар шийдвэрээр Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 81 дүгээр зүйлийн 81.1, 81.2, 81.3, 82 дугаар зүйлийн 82.1.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Гийн Цагдаагийн ерөнхий газрын Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 56/9664 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, цагдаагийн албанд буцаан томилуулах шийдвэр гаргахыг даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч Ж.Г дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. “... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь дээрхи Ж.Гийн гаргасан үйлдлийг 2 өөр үйлдэл, зөрчил гаргасан мэтээр хариуцагчийн нотлогдоогүй тайлбараар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
2.2. Захиргааны хэргийн шүүх нь хэргийн нотлох баримтыг хэргийн оролцогчдоос гадна өөрөө бүрдүүлдэг хуулийн зохицуулалтай ба зөвхөн хариуцагчийн баримтгүй өгсөн тайлбарт үндэслэн "хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь учир дутагдалтай ба хэрвээ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзвэл энэ талаархи нотлох баримтыг цуглуулах боломжтой байсан. Миний зүгээс дээрхи баримтуудыг гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх лангаж шийдвэрлэсэн боловч хариуцагч талаас энэ талаар нотолсон баримтыг ирүүлээгүй.
2.2. Миний хувьд албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулж бусдаас шан харамж вах, зээл авсан асуудал нь албаны шалгалтаар тогтоогдоогүй ба харин найзаасаа ажил үүргийн бус хувийн журмаар мөнгө зээлсэн гэдэг нь эрүүгийн журмаар шалгагдан тогтоогдож цагаатгагдсан.
2.2.1. Миний үйлдлийг 2 өөр хэргийн үйлдлээр бус 1 хэрэгт холбогдуулан шалгасан байхад Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон цагдаагийн албаны зөрчил 2 нь нэг үйлдэл гэдгийг анхан шатны шүүх 2 өөр агуулгатай үйлдэл гэж буруу дүгнэсэн байна.
2.3. Цагдаагийн ерөнхий газрын даргын "2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаартай тушаалын үндэслэл нь "шан харамж авсан" гэсэн хэрнээ цагаатгах тогтоол гармагц тушаалын үндэслэлээ өөрчилж "зээл" авсан гэж тайлбарлаж байгаа нь тушаал нь хоёрдмол утгатай буюу утга агуулгын илэрхий алдаатай гарсан гэж үзэхээр байна.
2.4. Өөрөөр хэлбэл өмнө нь шийдвэрлэсэн хууль бус актын талаархи маргаан биш байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй гэж үзнэ.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0577 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хэргийг бүхэлд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
3.Нэхэмжлэгч Ж.Г нь цагдаагийн албанд эргэж томилогдож, хошууч цолоо сэргээлгэхээр Цагдаагийн ерөнхий газрын даргад 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5б/9664 дүгээр албан бичгээр “...Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/560 дугаар шийтгэх тогтоолоор танд холбогдох 220100007002 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022оны Б/1067 дугаар тушаалыг хүчингүй болгож, цагдаагийн албанд буцаан томилох үндэслэл болохгүй байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариу өгчээ.
4.Нэхэмжлэгч Ж.Гоос шүүхэд “Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5б/9664 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, цагдаагийн албанд буцаан томилуулах шийдвэр гаргахыг даалгуулах тухай” нэхэмжлэлийг гаргажээ.
5.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн буюу гэмт хэрэг үйлдсэн гэж халсан бус цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж албанаас халсан, нэхэмжлэгчийн үйлдэлд эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн эсэх талаар дүгнэлт өгөх бөгөөд Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудалд дүгнэлт хийхгүй тул түүнийг цагдаагийн албанд томилох үндэслэлгүй гэж маргажээ.
6.Анхан шатны шүүх Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т “Цагдаагийн албан хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана”, 81.2-т “Энэ хуулийн 81.1-д заасан цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална”, 81.3-д “Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно”, 2022 оны цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.3-д “алба хаагч нь хахууль авах ёсгүй бөгөөд хахууль нь шударга ёс болон ёс суртахууны нандин чанарыг хөсөрдүүлж, төрийн нэр хүндийг олон түмний дунд гутаадаг учрыг сайтар ухамсарлах ёстой бөгөөд албан үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан хувь хүн болон хуулийн этгээдээс шагнал/бэлэг, мөнгөн шагнал, зээл үйлчилгээ, зугаа цэнгэлийн ба амралтын төлбөр, тээврийн хэрэгслийн зардал болон бусад шагнал/ авахыг хатуу хориглоно”, 2.3.8-д “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх” гэх хуулийн зүйлт заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ж.Гийг эрүүгийн хэрэгт холбогдож яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гэдэг үндэслэлээр бус Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалтууд болон Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр цагдаагийн албанаас халж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байгаа тохиолдолд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 560 дугаар шийтгэх тогтоолоор нэхэмжлэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь түүнийг Цагдаагийн албанд томилох үндэслэл болохооргүй байна гэж дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий хуульд нийцсэн гэж дүгнэхээр байна.
7.Тухайлбал Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаартай “Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай тушаалд нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94-р зүйлд зааснаар Төрийн албаны зөвлөлд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, тухайн үед гомдол, нэхэмжлэл гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдож байх ба дээрх 2022 оны Б/1067 дугаар тушаал одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул нэхэмжлэгч уг тушаалтай маргадаггүй.
8.Нэгэнт хүчин төгөлдөр болсон тушаалыг үндэслэн нэхэмжлэгч Ж.Гийг цагдаагийн албанд эргүүлэн томилох үндэслэлгүй талаарх хариуцагч талын тайлбар болон Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5б/9664 дүгээр албан бичгээр “...Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/560 дугаар шийтгэх тогтоолоор танд холбогдох 220100007002 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны Б/1067 дугаар тушаалыг хүчингүй болгож, цагдаагийн албанд буцаан томилох үндэслэл болохгүй байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх өргөдлийн хариу нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй үндэслэлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн цагдаагийн албанд эргүүлэн томилуулахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй талаар дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
9. Нөгөөтээгүүр уг тушаалд Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасныг үндэслэн 2022 оны Ёс зүйн дүрмийн 2.3.3, 2.3.8-д заасныг тус тус баримтлан цагдаагийн албанаас халж цолыг хураасан байх бөгөөд нэхэмжлэгч уг тушаалтай маргаагүй тохиолдолд шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж уг тушаалын үндэслэл, хууль болон дүрмийн заалтад дүгнэлт өгөх боломжгүй юм.
10.Нэхэмжлэгч талаас “захиргааны хэргийн шүүх нь хэргийн нотлох баримтыг хэргийн оролцогчдоос гадна өөрөө бүрдүүлдэг хуулийн зохицуулалттай ба зөвхөн хариуцагчийн баримтгүй өгсөн тайлбарт үндэслэн хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь учир дутагдалтай ба хэрвээ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзвэл энэ талаарх нотлох баримтыг цуглуулах боломжтой байсан” гэх мөн б/1067 дугаартай тушаалын үндэслэл нь шан харамж авсан гэсэн хэр нь цагаатгах тогтоол гармагц тушаалын үндэслэлээ өөрчилж зээл авсан гэж тайлбарласан байгаа нь шүүх байгууллагын шийдвэрийг хүлээхгүйгээр урьдчилан Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үндэслэлийг зааж албанаас халсан нь тодорхой байгаа юм” гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарладаг.
11. Дээр дурдсанчлан анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, хуулийн хүчин төгөлдөр болсон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2002оны Б/1067 дугаартай тушаалын талаар нотлох баримт цуглуулах, түүнд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
12. Захиргааны хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Ж.Гийг Ёс зүйн дүрмийн 2.3.3 , 2.3.8-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр цагдаагийн албанаас халсан учраас ажилд эргүүлэн томилох боломжгүй, мөн халсан тушаал хүчин төгөлдөр хэвээрээ гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өгдөг боловч дээрх ёс зүйн дүрмийн заалтыг нэхэмжлэгч Ж.Г хэрхэн, хэзээ, ямар байдлаар зөрчсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Иймд нэхэмжлэгчийг ажлаас нь халсан тушаал хүчинтэй байгаа нөхцөлд шүүхийн шийдвэрээр түүнийг цагдаагийн албанд авахыг даалгах боломжгүй, харин хариуцагч буюу Цагдаагийн ерөнхий газар нь нэхэмжлэгчийг ёс зүй болон хууль зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан тушаал нь хуульд нийцээгүй гэж үзвэл тушаалаа хүчингүй болгож, эргүүлэн цагдаагийн албанд томилох эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.
ТОГТООХ нь :
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0577 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР