Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Н.Жавхлан,

улсын яллагч: Б.Жаргал,                    

хохирогч: Б.Баярмаа,

гэрч: С.Мягмаржав, С.Эрдэнэчимэг, Б.Ариунболд, Д.Хишигбуян,

насанд хүрээгүй гэрч: Б.Хантүшиг, түүний хууль ёсны төлөөлөгч н.Эрдэнэцогт,

шүүгдэгч /хохирогч/: Г.Энхбат, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

шүүгдэгч: М.Энхбаяр, түүний өмгөөлөгч А.Ганцэцэг, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганбаатарын Энхбат, Хөхнүүд овогт Мөнхжаргалын Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 201626022105 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа жимс ногоо зардаг, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 6-110 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, АИ90092911 регистрийн дугаартай, Боржигон овогт Ганбаатарын Энхбат.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, төмөр замын машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6Б байрны 96 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ЧМ73052370 регистрийн дугаартай, Хөхнүүд овогт Мөнхжаргалын Энхбаяр.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Энхбат нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6б байрны гадна “миний хоолыг булааж идлээ, урьд нь ээж рүү нулимсан” гэж хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Баярмааг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч М.Энхбаяр нь 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6б байрны гадна “эхнэр Баярмааг зодлоо” гэж эхнэрээ өмөөрч, Г.Энхбатыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

          ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ Г.Энхбат мэдүүлэхдээ:

2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ажлаа хийгээд байж байтал манай найз ирээд бид хоёр пиво уусан. Тэгээд буцаад лангуун дээрээ ирээд, ариун цэврийн өрөө орохоор явж байтал Б.Баярмаа эгчтэй таарсан. Тэгээд Б.Баярмаа эгчид хандан “та ээж рүү нулимсан байна, уучлалт гуйхгүй юм уу” гэхэд намайг зайл гэсэн. Би Б.Баярмааг хоёр удаа цохиход тэр хүмүүсийн анхаарал татах гээд орилсон. Б.Баярмаагийн хүүхэд болох Хантүшиг намайг хэд хэдэн удаа цохьсон. Удалгүй М.Энхбаяр гэрээсээ гарч ирээд миний шанаа, чамархай, цээж гээд олон газар руу цохьсон. Би Б.Баярмааг зодоогүй. Хэрэг болохоос хоёр хоногийн өмнө Б.Баярмаа манай ээж рүү нулимсан юм. Тийм болохоор та ээжээс маань уучлалт гуйгаач, таны ээж шиг хүн шүү дээ гэж хэлсэн. Б.Баярмаа цагдаа дуудаж бид нарыг торгууллаа гэж уурлаад тийм үйлдэл гаргасан. Би тэр өдөр нь ажил дээрээ байгаагүй. Би өмнө нь зогсдог байхдаа өдөр болгон 5000 төгрөгөөр торгуулдаг байсан.

Би М.Энхбаярт зодуулаад 3 хоног босч чадаагүй. Намайг зодсныхоо дараа эргэж тойроогүй. Хохирогч Б.Баярмаа төмөр бариад цохих гэсэн талаар хэллээ. Тэр үйлдлийн хувьд би машины хажуугаар нь гарахдаа машины дугаар унагасан байсан. Би хэрэгт анх удаагаа холбогдож байгаа болохоор хохирол төлбөр нэхэмжлэх эрхтэй талаар мэдээгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Энхбаяр мэдүүлэхдээ:

2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн орчимд Г.Энхбатын хоёр найз нь ирсэн бололтой, архи уух шинжтэй байсан. Тэгээд удалгүй Хантүшиг намайг дуудсан. Би гараад очиход Г.Энхбат согтуу, манай эхнэрийг хэл амаар доромжлоод зодож байсан. Би түүний гарыг нь мушгиад цагдаа руу авч очиход цагдаагийн газар хаалттай байсан. Тэгээд би түүний гарыг нь тавьсан. Г.Энхбат өөрөө хэд хэдэн удаа савж унасан. Удалгүй цагдаа ирсэн. Гэрч Мягмаржав, шүүгдэгч Г.Энхбат нар намайг гүтгэж байна. Би Г.Энхбатын гарыг өчөөд, цагдаад хүргэж өгсөн. Түүнээс зодож цохьсон зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баярмаа мэдүүлэхдээ:

Тухайн өдөр лангуун дээрээ гар утсаа оролдоод зогсож байтал Г.Энхбат өөрийгөө хянах чадваргүй байдалтай согтуу ирээд, миний нүүр, ам руу цохьсон. Би сандарсандаа юу болоод байна аа гээд гар утсаа газар шидсэн. Би группд байдаг юм. Сарын 210,000 төгрөгөөр амьдардаг. Миний хүү намайг хамгаалсан. Түүнээс биш Г.Энхбатад нэг ч удаа гар хүрээгүй. Г.Энхбат миний хүүг аркны цемент дээр савж унагаагаад дээрээс нь дэвсээд байсан. Тэр үед Г.Энхбатын найз нь ирээд салгаад авч явсан. Намайг Г.Энхбат зодож байхдаа хэл амаар доромжилж байсан. Би хүү Хантүшигтээ аавыгаа дуудаад ир гэж хэлэхэд М.Энхбаяр гэрээсээ гарч ирээд Г.Энхбатыг барьж авсан. Манай нөхөр Г.Энхбатыг барьж авах гэхэд зугтаагаад өөрөө газар унасан. Тэгээд манай нөхөр Г.Энхбатыг барьж аваад газар хэвтүүлж байгаад цагдаа хүлээсэн. Цагдаа хүлээж байхдаа бид нар нэг ч удаа түүнд гар хүрээгүй. Хүнийг ингэж гүтгэж болохгүй. Г.Энхбат намайг зодсон болохоороо манай нөхрийг өөрийг нь зодсон гэж гүтгэж байгаа. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхад танил талаараа дамжуулаад хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйл байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйл болгож өөрчилсөн. Г.Энхбатад зодуулсны дараа миний нүүр хавдаад хоёр нүд хөхөрсөн байсан. 2-3 сар эмнэлгээр явсан. Надад бие махбодь, сэтгэл санаа, эдийн засгийн хохирол учирсан. Би бөөрний дутагдалтай. Манай нөхөр намайг асран халамжилдаг. Гомдолтой байна. Шүүгдэгч Г.Энхбат төмөр бариад намайг хөөгөөд алах гэж байхад манай нөхөр М.Энхбаяр таслан зогсоосон, хүн амины хэрэг гарахаас сэрэмжилсэн хүн шүү дээ. Би эрүүл мэндийн хувьд хохирсон. 7 дугаар төв дээр очиж миний духан дээр үүссэн хавдарыг хагалуулсан. Г.Энхбатад зодуулсаны дараа нүд юм харахаа больсон. Ажлын чадвараа алдаж их мөнгө үрсэн. Эмчилгээнд 1,600,000 төгрөгийн зардал гарсан. Миний гар утасны нүүр шатсан бөгөөд би гар утсаа 180,000 төгрөгөөр авч байсан. Сэтгэл санаа маань маш их дарамттай байсан. Тийм болохоор нийт 5,000,000 төгрөг нэхэмжилж байна.

Энэ хэргээс өмнө бид нарын дунд маргаан болж байсан. Би зөвшөөрөл аваад зогсож байтал цагдаа ирээд торгоод байсан. Би хэн дуудлага өгөөд байгаа юм бэ гэхэд танай хажуу талын Г.Энхбат дуудлага өгсөн гэсэн. Би Г.Энхбаттай уулзаад зөвшөөрлөө үзүүлээд яагаад дуудлага өгөөд байгаа юм бэ гэхэд ээжтэйгээ гарч ирээд намайг налуу цемент рүү түлхэхэд би нүүрээрээ унах шахсан. Манай нөхөр бие муутай хүнийг яаж байгаа юм бэ гээд цагдаа дуудахад Г.Энхбат зугтаасан. Би ээж рүү нь нулимсан. Гэхдээ нүүр рүү нь нулимаагүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Эрдэнэчимэг мэдүүлэхдээ:

Хохирогч Б.Баярмаатай энэ хавраас эхлэн маргаан үүсч эхэлсэн. Бидний худалдаа эрхэлдэг газрыг булаагаад үүнээс болж ийм байдалд орсон. Б.Баярмаа над руу нулимсан. Г.Энхбат Б.Баярмааг зодох үед би байгаагүй. Би хөдөө явсан бөгөөд маргааш өдөр нь ирсэн. Намайг ирэхэд Г.Энхбатын нүүр ам нь хөхөрсөн, үүдэн шүд нь хугарсан байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Мягмаржав мэдүүлэхдээ:

Тэр өдөр Б.Баярмаагийн шанаан дээр нь овойгоод хавдсан байсан. М.Энхбаяр Г.Энхбатын дээр нь мордсон байдалтай хэвтүүлээд зодож байсан. Г.Энхбат хэзээ архи уусныг мэдэхгүй. Өглөө ногоо авч ирэхдээ эрүүл байсан. Гэхдээ хэрэг болох үед тэгтлээ согтоогүй байсан. М.Энхбаяр Г.Энхбатыг цемент дээр доош нь харуулаад хэвтүүлсэн, өөрөө дээр нь байдалтай зодож байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрч Б.Хантүшиг мэдүүлэхдээ:

Г.Энхбат намайг гүйж яваад унах үед нэг удаа өшиглөсөн. Ээж маань цохиулаад зугтааж байсан. Г.Энхбат хөл дээрээ тогтохгүй савж унаж байсан. Г.Энхбат болон манай ээж нар өмнө нь маргаж байсан талаар сонсож байсан. Гэхдээ би тэр үед нь байгаагүй. Түүнээс болоод Г.Энхбат согтуу ирээд хэл амаар доромжлоод манай ээжийг үсдээд цохьсон. Аав гарч ирээд ээжийг зодож байхад салгаад Г.Энхбатыг тэвэрч аваад салгасан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Ариунболд мэдүүлэхдээ:

Хоёр залуу байсан бөгөөд нэг нь орилсон байдалтай, нэг нь дээр нь дарсан байдалтай байсан. Г.Энхбат согтуу, гэхдээ согтолтын хэмжээ гайгүй байсан. Г.Энхбатын хүзүү хэсэг нь улайсан байсан. Өөр зодуулсан зүйл байхгүй байсан. Г.Энхбат би бас зодуулсан гэж хэлж байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Хишигбуян мэдүүлэхдээ:

Тухайн өдөр Б.Баярмааг Г.Энхбат 2-3 удаа цохьсон. Г.Энхбат хөл дээрээ тогтох чадваргүй согтуу байсан гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

  

Мөрдөн байцаалтад шинжээч эмч А.Амгаланболдын өгсөн:

“...Энхбатын биед учирсан зөөлөн эдийн гэмтлүүд болон шүдний хугаргал нь биеийн янз бүрийн хэсэгт байгаа болохоор дарж унах үед үүсэх боломжгүй. Олон удаагийн цохих үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Н.Туяагийн өгсөн:

“...2 нүдний болор цайх өвчин гэмтэлтэй шалтгаант холбоогүй. Д.Баярмаа нь чихрийн шижин өвчтэй, уг өвчний хүндрэл болор цайх өвчин юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-р хуудас/

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 8916 тоот дүгнэлтэд:

1. Г.Энхбатын биед дээд эрүүний баруун 1 дүгээр шүдний хугарал, нүүр, хүзүү, цээж, нуруу, дээд доод мөчдийн олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх мэдүүлэг. (хэргийн 42 дугаар хуудас)

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1301 тоот дүгнэлтэд:

1. Баярмаагийн биед дух, зулай, чамархай, шилбэ, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.

4. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

6. Б.Баярмаагийн 2 нүдний болор цайсан түүний улмаас 2 удаа болор солиулах мэс засал хийгдсэн байх ба энэ нь хэдийд үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй, хугацаа алдаж эмнэлгийн байгууллагад хандсан байна. Б.Баярмаагийн 2 нүдний болор цайх өвчин нь чихрийн шижин өвчний хүндрэл байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/

 

 - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 101, 107-р хуудас/

 - Эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 114-р хуудас/

 - Хохирогч Б.Баярмаагийн Болор мэлмий эмнэлэгт үзүүлсэн өвчний түүхийн хуулбар  /хавтаст хэргийн 50-76-р хуудас/

- Шүүгдэгч Г.Энхбатын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 94-100-р хуудас/

- Шүүгдэгч М.Энхбаярын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 107-112-р хуудас/

- Хоногийн бодит дуудлагын мэдээллийн хуулбар /хавтаст хэргийн 113-р хуудас/

-Албадан саатуулсан хүний бүртгэлийн хуулбар /хавтаст хэргийн 117-120-р хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч М.Энхбаяр нь 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6б байрны гадна “эхнэр Баярмааг зодлоо” гэж эхнэрээ өмөөрч, Г.Энхбатыг зодож, бие махбодид нь дээд эрүүний баруун 1 дүгээр шүдний хугарал, нүүр, хүзүү, цээж, нуруу, дээд доод мөчдийн олон тооны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч М.Энхбаярын “... би түүний гарыг нь мушгиад цагдаа руу авч очиход цагдаагийн газар хаалттай байсан. Тэгээд би түүний гарыг нь тавьсан. Г.Энхбат өөрөө хэд хэдэн удаа савж унасан. Удалгүй цагдаа ирсэн. Гэрч Мягмаржав, шүүгдэгч Г.Энхбат нар намайг гүтгэж байна. Би Г.Энхбатын гарыг өчөөд, цагдаад хүргэж өгсөн. Түүнээс зодож цохьсон зүйл байхгүй ...” гэх,

хохирогч Г.Энхбатын “... М.Энхбаяр гэрээсээ гарч ирээд миний шанаа, чамархай, цээж гээд олон газар руу цохьсон ...” гэх,

гэрч С.Мягмаржавын “...М.Энхбаяр Г.Энхбатыг цемент дээр доош нь харуулаад хэвтүүлсэн, өөрөө дээр нь байдалтай зодож байсан ...” гэх,

гэрч Б.Ариунболдын “... Хоёр залуу байсан бөгөөд нэг нь орилсон байдалтай, нэг нь дээр нь дарсан байдалтай байсан. Г.Энхбатын хүзүү хэсэг нь улайсан байсан. Г.Энхбат би бас зодуулсан гэж хэлж байсан ...” гэх,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн шинжээч эмч А.Амгаланболдын “...Энхбатын биед учирсан зөөлөн эдийн гэмтлүүд болон шүдний хугаргал нь биеийн янз бүрийн хэсэгт байгаа болохоор дарж унах үед үүсэх боломжгүй. Олон удаагийн цохих үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой ...” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 8916 тоот “... Г.Энхбатын биед дээд эрүүний баруун 1 дүгээр шүдний хугарал, нүүр, хүзүү, цээж, нуруу, дээд доод мөчдийн олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг “... М.Энхбаярын хувьд шууд санаа зорилготой байсан нь тогтоогдохгүй байна. Зөвхөн таслан зогсоох зорилготой энэ хэрэгт оролцсон. Өөрөөр хэлбэл М.Энхбаярын хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй өөрөөр хэлбэл шүүгдэгч/хохирогч Г.Энхбатын хохирогч Б.Баярмаагийн эсрэг чиглэсэн үйлдлийг таслан зогсоосны дараа Г.Энхбатад гэмтэл учруулсан гэж шүүх үзлээ.

 

Мөн хохирогч Б.Баярмаа нь “... мөрдөн байцаалтын шатанд байхад танил талаараа дамжуулаад хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйл байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйл болгож өөрчилсөн ...” гэж маргаж байгааг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Г.Энхбат нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6б байрны гадна “миний хоолыг булааж идлээ, урьд нь ээж рүү нулимсан” гэж хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Баярмааг зодож, бие махбодид нь дух, зулай, чамархай, шилбэ, тохойд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан  болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Г.Энхбатын “... 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ажлаа хийгээд байж байтал манай найз ирээд бид хоёр пиво уусан. Тэгээд ... Б.Баярмаа эгчтэй таарсан. Тэгээд Б.Баярмаа эгчид хандан “та ээж рүү нулимсан байна, уучлалт гуйхгүй юм уу” гэхэд намайг зайл гэсэн. Би Баярмааг 2 цохисон. ... Хэрэг болохоос хоёр хоногийн өмнө Б.Баярмаа манай ээж рүү нулимсан юм. Тийм болохоор та ээжээс маань уучлалт гуйгаач, таны ээж шиг хүн шүү дээ гэж хэлсэн. Б.Баярмаа цагдаа дуудаж бид нарыг торгууллаа гэж уурлаад ээж рүү нулимсан үйлдэл гаргасан ...” гэх,

хохирогч Б.Баярмаагийн “... Тухайн өдөр лангуун дээрээ гар утсаа оролдоод зогсож байтал Г.Энхбат өөрийгөө хянах чадваргүй байдалтай согтуу ирээд, миний нүүр, ам руу цохьсон. Би сандарсандаа юу болоод байна аа гээд гар утсаа газар шидсэн. ... Энэ хэргээс өмнө бид нарын дунд маргаан болж байсан. Би зөвшөөрөл аваад зогсож байтал цагдаа ирээд торгоод байсан. Би хэн дуудлага өгөөд байгаа юм бэ гэхэд танай хажуу талын Г.Энхбат дуудлага өгсөн гэсэн. Би Г.Энхбаттай уулзаад зөвшөөрлөө үзүүлээд яагаад дуудлага өгөөд байгаа юм бэ гэхэд ээжтэйгээ гарч ирээд намайг налуу цемент рүү түлхэхэд би нүүрээрээ унах шахсан. Манай нөхөр бие муутай хүнийг яаж байгаа юм бэ гээд цагдаа дуудахад Г.Энхбат зугтаасан. Би ээж рүү нь нулимсан. Гэхдээ нүүр рүү нь нулимаагүй ...” гэх,

гэрч С.Эрдэнэчимэгийн “...Хохирогч Б.Баярмаатай энэ хавраас эхлэн маргаан үүсч эхэлсэн. Бидний худалдаа эрхэлдэг газрыг булаагаад үүнээс болж ийм байдалд орсон. Б.Баярмаа над руу нулимсан ...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1301 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Энхбат, М.Энхбаяр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй ба шүүгдэгч Г.Энхбат, М.Энхбаяр нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй боловч тэдний үйлдсэн хэрэг нь хөнгөн хэрэг бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй. 

 

Хохирогч Б.Баярмаа нь шүүгдэгч Г.Энхбатаас эмчилгээний зардалд 1,600,000 төгрөг, гар утасны үнэ 180,000,  мөн сэтгэл санааны хохирол, нийт 5,000,000 төгрөг нэхэмжилсэн хэдий ч эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлын талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учир шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Хохирогч Б.Баярмаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Харин 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Б.Баярмаагийн гар утсыг 150,000 төгрөгөөр үнэлсэн, талууд энэ үнэлгээний талаар маргаагүй тул шүүгдэгч Г.Энхбатаас 150,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Баярмаад олгох нь зүйтэй.

 

            Хохирогч Г.Энхбат нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч М.Энхбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 , 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Энхбат, Хөхнүүд овогт Мөнхжаргалын Энхбаяр нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхбат, М.Энхбаяр нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3. Г.Энхбат, М.Энхбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Энхбаяр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Энхбатаас 150,000 төгрөг гаргуулан, хохирогч Б.Баярмаад олгосугай.

 

5. Хохирогч Б.Баярмаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

           6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Энхбат, М.Энхбаяр нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл Г.Энхбат, М.Энхбаяр нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ