Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0125

 

 

 

 

 

 

 

       2022         02           25                                     128/ШШ2022/0125

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХХК-д томилогдсон дампуурлын хэрэг гүйцэтгэгч Э,

Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын яам,

Хариуцагч: Т

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/0** дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *16 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч дампуурлын хэрэг гүйцэтгэгч Э, түүний өмгөөлөгч Б,  хариуцагч Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, хариуцагч БО итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ:  “Миний бие Э нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 102/Ш32018/****** дугаар захирамжаар М ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу М ХХК-ийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг шүүхийн шийдвэрээр шилжүүлэн авсан болно.

М ХХК нь А аймгийн Цэнхэр сумын нутагт ашигт малтмалын ашиглалтын MV-0024**, MV-0024** дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч болно. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно" гэж заасны дагуу 2015 онд а аймгийн Цэнхэр сумын нутагт М ХХК-ийн хэрэгжүүлсэн "Харгуйтын шороон ордыг ашиглах явцад эвдэрсэн газарт эфель галь угааж нөхөн сэргээлт хийх" төслийн дагуу Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамаар батлуулсан. Түүнчлэн ашигт малтмалын ашиглалтын MV-0024**, MV-0024** тоот тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2016, 2017 онуудад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраар батлуулж, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 60,000,000 төгрөг, мөн өдөр 48,000,000 төгрөг нийт 108,000,000 төгрөгийг байгаль орчны нөхөн сэргээлтийн барьцаанд байршуулжээ.

2018, 2019 онд ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байхад нөхөн сэргээлт хийхээр гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд М ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан байдаг ба БОАЖЯ-аас томилогдсон ажлын хэсэг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тус компанийн дээрх тусгай зөвшөөрлүүдийн талбайд байгаль орчинд хортой нөлөөтэй үйл ажиллагаа явуулсан гэж үзэж, тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2019/02 дугаартай дүгнэлт гаргасан нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй байна.

Учир нь уг тусгай зөвшөөрлийн талбайд М ХХК өөрөө үйл ажиллагаа явуулаагүй, нөхөн сэргээлт хийх үүрэг бүхий аж ахуйн нэгжүүд хууль бусаар тусгай зөвшөөрлийн талбайд нэвтрэн орж үйл ажиллагаа явуулсан байхад төрийн захиргааны байгууллагаас М ХХК-д хариуцлага хүлээлгэж тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргасан байна. Бодит байдал дээр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар захирамжаар М ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон, энэ үеэс М ХХК нь ямар нэгэн үйл ажиллагаа эрхлээгүй байна.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/04 дугаар дүгнэлтэд үндэслэн А дарга 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийдвэрээр М ХХК эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-0024**, MV-0024** тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргасан байгаа нь илт хууль бус байна.

М ХХК-д холбогдох дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх явцад нийт 139,318,919,820.19 төгрөгийн нэхэмжлэлийг 13 байгууллага аж ахуйн нэгж, иргэнээс шүүхэд ирүүлсэн байдаг. М ХХК нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар *,698,898,607.70 төгрөгийн, Нийслэлийн Татварын газар ***,587,465 төгрөгийн татварын өр төлбөртэй байна.

Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагчийн өмчлөлд байсан буюу түүнийг татан буулгаж улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд шинээр бий болсон өмчлөлийн зүйлс, тэдгээрээс бий болох ашиг, орлогыг хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна” гэж заасан тул М ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-0024**, MV-0024** тоот тусгай зөвшөөрлүүд хуваарилагдах хөрөнгөд хамаарах юм. Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “дампуурсан тохиолдолд хэрэг гүйцэтгэгч төлөөгүй татварыг хуулийн этгээдийн хөрөнгөөс хуульд заасан журмаар гаргуулж холбогдох төсөвт төлнө.” гэж заажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс М ХХК-ийн зөвшөөрлийг цуцлахад чиглэсэн дээрх захиргааны актуудыг гаргахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тусгай зөвшөөрлийн барьцаалагчдад огт мэдэгдээгүй, захиргааны байгууллагаас нөхцөл байдлыг тогтооход чиглэгдсэн ямар ч үйл ажиллагаа явуулаагүйгээс болж М ХХК-ийн үйл ажиллагаанд хамааралгүй, хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанаас үүсэх хуулийн хариуцлагыг М ХХК-д хүлээлгэсэн байна.

Дээрх нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүйн улмаас бодит байдалд захиргааны байгууллагаас тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад, хууль заасан үндэслэлгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцлах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дүгнэлт гаргаж, уг дүгнэлтэд нь үндэслэн зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/** дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ** дугаар шийдвэрийн М ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны акт болжээ.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар: Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дээрх илт хууль бус захиргааны актуудын улмаас М ХХК-д холбогдох дампуурлын хэргийн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоосноор М ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-0024**, MV-0024** тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрх сэргэж, татварын байгууллага болон бусад нэхэмжлэгч нар хохирлоо барагдуулах боломжтой юм.

Иймд Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь хэсэгт шүүхээр шийдвэрлүүлэх асуудлаар шүүхэд хандах гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 дүгээр дүгнэлт болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

2. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Нэхэмжлэгчийн зүгээс шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 дугаар дүгнэлтийг, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулахаар өөрчилж байна.

Учир нь дампуурлын хэрэг гүйцэтгэгч нь маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар А яаманд хандсан ба тус төрийн захиргааны байгууллагуудаас ор үндэслэлгүй хариуг өгсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/***** дугаартай шийдвэрээр М ХХК-ийг дампуурсанд тооцон, компанийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч Э надад шилжүүлэн өгсөнтэй холбоотойгоор дээрх хуулийн зохицуулалтын дагуу надад хууль ёсоор мэдэгдэх ёстой байсан гэж үзэж байна.

Мөн хэрэгт авагдсан үйл баримтуудаас үзэхэд хариуцагч Б яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/** дугаар дүгнэлт, даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 41* дугаар шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үндэслэлийг бүрэн бодитой нотлох баримтад тулгуурлан гаргаж чадаагүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоох болон 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулаагүй зэрэг хууль зөрчсөн захиргааны үйл ажиллагааг явуулсан байна.

Тодруулбал, А яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар дүгнэлтэд тулгуурлан С ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг Б яамны дүгнэлт нь дараах хууль зөрчсөн үйл ажиллагааг явуулсан гэж үзэж байна. Үүнд:

А аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичиг гарсан даруйд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 дугаар дүгнэлтийг гаргасан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь заалт болон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөлсөн талаарх нөхцөл байдлыг бүрэн тодруулж, нотловол зохих ажиллагааг хийгээгүй, нутгийн захиргааны байгууллагын дээрх саналтай холбогдуулан тусгай зөвшөөрлийн талбайд хяналт шалгалт хийх, үндэслэл бүхий бодит нөхцөл байдлыг тогтоож, холбогдох нотлох баримтуудыг цуглуулах ажиллагааг хийж гүйцэтгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд нийцээгүй,

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно" гэж заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох тусгай зөвшөөрөл эзэмшигчид тайлбар, санал гаргах боломж олгож, сонсох ажиллагаа явуулаагүй,  Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг гаргах ажлын хэсэг нь тухайн асуудлыг хэлэлцэхдээ ажлын хэсгийн гишүүдээс хэн ямар санал гаргасан нь тодорхой бус зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагааг явуулсан байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч нар нь дээрх шийдвэрүүдийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.4-т “үр нөлөөтэй байх”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж тус тус заасан үйл ажиллагаандаа удирдлага, мөрдлөг болговол зохих тусгай зарчмуудыг зөрчсөн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр .......... яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний әдрийн 41* дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Э нь М ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр томилогдон ажилласан ба тус компанийн хуваарилагдах хөрөнгө болон өр авлагыг барагдуулж, Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу тус компанийг татан буулгах ажиллагааг шүүхийн өмнө хариуцан авсан. Ашигт малтмал, газрын тосны газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас М ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын MV-242**, MV-24** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан үйлдэл нь Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмуудыг зөрчсөн байна. Тухайн компанийн эрх үүргийг Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шилжүүлэн авсан дампуурлын хэрэг гүйцэтгэгчид мэдэгдээгүй ба энэ үйлдэл нь Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмуудыг зөрчсөн байна гэж үзэж тус актуудыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Энэ шаардлагаа дэмжиж байна. 

М ХХК-ийн дампуурлын хэрэг бол Монгол Улсын дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны түүхэнд гарсан хамгийн өндөр үнийн дүн бүхий нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг юм. Өөрөөр хэлбэл 139,318,919,820 төгрөгийн 13 байгууллага, аж ахуйн нэгжээс шүүхэд нэхэмжлэл гаргасан маш их үнийн дүнтэй нэхэмжлэл байдаг. М ХХК-ийн дампуурлын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах хөрөнгө MV-24**, MV-24** гэсэн тусгай зөвшөөрлөөс өөр хөрөнгүүд тогтоогдоогүй. Тэгэхээр тухайн зөвшөөрлүүдийг хуульд заасан мөнгөн хөрөнгө болгож нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь миний захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны гол үндэслэл юм. Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг явуулж, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг мөнгөн хөрөнгө болгох буюу Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасны дагуу борлуулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой хэмжээгээр барагдуулах ёстой юм.

А аймгийн Засаг даргаас 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаж шүүхийн шийдвэр гарах хүртэл А аймгийн Засаг дарга нэхэмжлэгчээр оролцсон. Миний бие нэхэмжлэгч нарын хурлыг 4 удаа хуралдуулсан. Уг хуралд Х аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч бүгдэд нь оролцсон. М ХХК-ийг дампууруулахгүй байх, цаашид хамтран ажиллаж, нөхөн сэргээх ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх талаар нэхэмжлэгч нарын хуралд санал гаргадаг. Тухайн саналаа мөн шүүх хуралдаанд дэмжиж оролцсон. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гартал Х аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах саналыг оруулаагүй, харин М ХХК-ийн уурхайн талбайд үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байж байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хамтран оролцох хүсэл зоригоо илэрхийлдэг.

Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад А аймгийн Засаг дарга болон М ХХК хоорондоо нөхөн сэргээх эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Нөхөн сэргээх талбайн хэмжээг талууд 220 га талбайгаар тохиролцоод, дансанд нь барьцааны хөрөнгө 200,000,000 орчим төгрөгийг байршуулсан, Х аймгийн нэхэмжлэл ийм байдлаар шийдвэрлэгдсэн гэж талууд шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн байдаг. Сүүлд М ХХК-ийн санхүүгийн тайлангаас А Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас 2016 онд батлуулсны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 60,000,000 төгрөг, мөн өдөр 48,000,000 төгрөг, нийт 108,000,000 төгрөгийг байгаль орчны нөхөн сэргээлтийн барьцаанд байршуулсан гэдэг баримтуудыг сүүлд гаргаж өгсөн талаар нэхэмжлэлдээ дурдсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын техник эдийн засгийн үндэслэлийг нь баталсан үзүүлэлтүүд байдаг юм. Гэвч М ХХК 2014 онд шүүхэд дампуурах хүсэлтээ өгсөн, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхээс М ХХК-ийг төлбөрийн чадваргүй гэж тогтоон нийтэд зарласан байдаг. 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш М ХХК нь төлбөрийн чадваргүй болсон учраас үйл ажиллагаа нь Дампуурлын тухай хуулийн дагуу түдгэлзсэн. Өөрөөр хэлбэл тус компани нь иргэний эрх зүйн чадамжгүй болсон. Энэ хугацаанд М ХХК нь өөрийн эзэмшлийн талбайдаа олборлох, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод, бусад иргэд олборлох үйл ажиллагаа явуулаад  энэ хариуцлагыг М ХХК-д **********яамнаас дүгнэлтээрээ хариуцлага хүлээлгэсэн.

Энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэснээр нэр бүхий тусгай зөвшөөрлийг бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх үндэслэл бүрдэнэ. Татвар, нийгмийн даатгалтай холбоотой асуудлууд Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.2.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг тус тус М ХХК-ийн хувьд нэлээн том асуудал юм. Яагаад гэвэл 240 ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхээ алдах нөхцөл байдал үүсчихээд байгаа. Тэгэхээр энэ тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэснээр нийгмийн даатгал болон татвартай холбоотой асуудлыг эхний ээлжид шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Тийм учраас Б яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/** дугаартай дүгнэлт нь Захиргааны ерөнхий 47 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх нөхцлийг агуулсан, өөрөөр хэлбэл хууль ёсны байх, үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлтийг үндэслэн А даргаас сонсох ажиллагаа болон Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаануудыг зөрчин гаргасан актыг хууль бус болон хүчингүйд тооцуулснаар энэ үр дагавар гарна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэхэмжлэгч буюу дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шийдвэр, захиргааны үйл ажиллагааны талаар тухайн захиргааны байгууллагаас мэдэгдэж байгаагүй. Нэхэмжлэгч нь мэдсэн даруйдаа шүүхэд нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүссэн. Захиргааны хэрэг үүссэнтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох захиргааны байгууллагаас хариу өгсөн. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан байдаг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг төрийн захиргааны байгууллагад хандах хөөн хэлэлцэх хугацааны талаарх хуулийн зохицуулалт байдаг. Үүнд шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас уг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тохиолдолд гомдолд хариу өгөхгүй байх, гомдлын хугацаа дууссан агуулгаар хариу өгөх боломжтой. Гэхдээ тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй талаарх хариунуудыг өгсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдсэн гэж үзэж уг хугацаанаас 30 хоног тоологдоно гэж үзэж байна. Нөгөөтээгүүр өмнө нь мэдсэн даруйдаа шүүхэд хандсан учраас захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

Маргаан бүхий захиргааны актууд нь 1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар хуудаст авагдсан Х аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот бичгээр гаргасан саналд үндэслэсэн байдаг. Тухайн өдөр буюу Б яамнаас 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2019/02 дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд тулгуурлан дараа өдөр нь буюу 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийдвэр гарч, М ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын холбогдох тусгай зөвшөөрлүүдийг цуцалж шийдвэрлэсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудтай өмгөөлөгчийн зүгээс танилцахад хууль бус гэж үзэх тодорхой үндэслэлүүд байна. Тухайлбал нутгийн захиргааны байгууллагын өгсөн санал нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хортой нөлөөлөл буюу Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтын дагуу гаргасан байдаг. Гэтэл хортой нөлөөлөл буюу Байгаль орчныг хамгаалах тухайн хуулийн 3.2.6-д заасан үндэслэлийг хэрхэн тодорхойлж байна вэ, ямар нотлох баримтаар тодруулж байна вэ гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар одоог хүртэл тодорхойгүй байна. Зөвхөн аймгийн Засаг даргын нэг албан бичигт үндэслээд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлэхгүйгээр М ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан асуудал байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тайлбартаа танилцахад ажлын хэсэг хуралдаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй нөхцөл байдлуудын талаар тайлбарласан байна. Ажлын хэсэг хуралдаагүй байна гэдэг нь өөрөөр хэлбэл 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд нь тухайн нөхцөл байдалд ямар саналтай байсан нь ойлгомжгүй нөхцөл байдал байна. Сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт тусгай зөвшөөрлийг цуцлуулах асуудлыг хариуцуулахаар даалгасан байдаг. Зөвхөн санал ирсэн даруйд нь гарын үсэг зураад явсан асуудал байна. Энэ нь өөрөө бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нөхцөл байдал болно гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Сонсох ажиллагаа хийх нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд нарийвчлан тусгагдсан байдаг. А яамны маргаан бүхий 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 дүгнэлтэд сонсох ажиллагаа явуулахгүй байх талаар заалт болон үндэслэлийн талаар дурдаагүй байдаг. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайд сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэлийг заадаг. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэл нь ямар нөхцөл байдалд, ямар нотлох баримт, ямар үйл баримтад тулгуурлаж байгаа нь өнөөдрийг хүртэл ойлгомжгүй, зөвхөн тайлбараа өгдөг.

А хэлтсийн тухайд 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийдвэрийг гаргахдаа А дүгнэлт нь хууль нийцсэн эсэхийг шалгах ёстой байсан. Мөн нарийвчлан зохицуулсан хуульд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны талаар зохицуулж тусгасан цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 10 хоногийн дотор өгөхийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан. Тухайн цуцлах үндэслэл бүрдсэн мэдэгдлийг М ХХК-д хүргүүлж байгаагүй, мэдэгдэх боломж бололцоо цаг хугацааны хувьд байгаагүй юм байна. Цуцлах үндэслэл бүрдсэн тохиолдолд тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрөө нотлох үүргийг хүлээдэг. Шүүхээс удаа дараа холбогдох нотлох баримтуудыг хариуцагч нараас шаардсан. Шүүхээс шаардсан зарим баримтуудыг орон нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн байдаг.

Улсын Дээд шүүхийн тайлбараар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан мэдэгдэнэ гэдгийг “...Мэдэгдсэнээ баримтжуулсан байхыг ойлгоно...” гэж тайлбарласан. Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтуудаас үзэхэд шийдвэр гарсны дараа М ХХК-д 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн талаарх бүртгэлийн дэвтэр авагдсан.

Байгаль орчныг хамгаалах тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д “байгаль орчинд хортой нөлөөлөх” гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ хамаарна” гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад “байгаль орчинд хортой нөлөөлсөн” байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх ямар үйл ажиллагаа явуулсан, тэр нь хэдийн хэмжээнд хамаарч байгаа гэдэг нь ойлгомжгүй байна.

Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын өгч байсан шаардлага, улсын байцаагчийн акт, уг үйл баримтыг Х аймгийн Засаг даргаас санал гаргахдаа ч, А яамнаас дүгнэлт гаргахдаа ч, Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлыг дурдаагүй учраас тусгай санал гэж ойлгож байна. Нөгөөтээгүүр Х аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгч байсан шаардлагууд нь Зөрчлийн тухай хуульд заасан “...Эрх бүхий шинжээчдийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд торгоно...” гэдэг агуулгаар гараагүй. Тухайн компанийн удирдлага зохион байгуулалт, хүний нөөцтэй холбоотой шийдвэр гараагүй. 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 39 тоот улсын байцаагчийн актаар Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заалтыг үндэслэн 2 сарын хугацаанд тухайн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг түр зогсоосон байдаг. Тухайн 2 сарын хугацаанд түр зогсоосонтой холбоотойгоор зөрчил, доголдлоо зассаны үндсэн дээр удаа дараагийн шаардлагаа өгч байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 6, 7 дугаар сар, 2019 оноос хойш холбогдох нөхөн сэргээлтийг хийхгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авна шүү гэж хандаж байсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасан үндэслэл арилсан гэдэг нөхцөл байдал харагдаж байна.

Байгаль орчинд хохирол учруулсан гэж тайлбарладаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн зүгээс байгаль орчны хохирлыг үүсгэсэн гэдгийг тооцоод байгаа Ө ХХК-ийн эрх зүйн байдлыг тодорхойлохыг хүссэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар гаргаж буй хөрөнгөтэй нь холбогдуулж тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэхийг тодруулахыг хүссэн. Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Ө ХХК-ийг хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй байна гэсэн тодруулгыг ирүүлсэн.

Тэгэхээр тухайн гаргасан шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох журмуудыг ноцтой зөрчсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т захиргааны үйл ажиллагаанд баримталбал зохих тусгай зарчмыг тусгасан байдаг. Тусгай зарчим гэдэг нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан тодорхой шийдвэрийг гаргахдаа байнгын удирдлага, мөрдлөг болгож ажиллаж байвал зохих зарчмууд юм. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн тусгай зарчмуудыг зөрчиж байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь онцлогтой субъект байгаа юм. Өөрөөр  хэлбэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр М ХХК-ийг дампуурсантай холбогдуулан М ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрх буюу өр төлбөр барагдуулах эрхийг миний үйлчлүүлэгчид олгосон. Тусгай зөвшөөрлүүдийг захиран зарцуулж, бусдын өр төлбөрийг барагдуулахад зарцуулагдах юм. Нөгөөтээгүүр хавтаст хэрэгт авагдсан үйл баримтууд буюу нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар мэргэжлийн хяналтын холбогдох байгууллагаас шаардлага, актуудыг, хохирлын үнэлгээний тайлан гаргасан байдаг. Мөн ялгаагүй нөхөн сэргээх үүргээ биелүүлэхэд хохирлын үнэлгээнд нутгийн захиргааны байгууллагад зориулагдах юм. Үүнийг хариуцагч болон шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

М ХХК нь 2016 онд 192,000,000, 2007 онд 2,000,000, 2008 онд 18,000,000 нийтдээ 212,000,000 төгрөгийг Х аймагт явуулж буй тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан нөхөн сэргээлтийн баталгаа болгож, орон нутгийн төвлөрсөн дансанд байршуулсан болох нь Б яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 83/*** тоот албан бичгээр ирсэн тайлбараар тодорхойлогдож байна. Ө ХХК-иас экологи, эдийн засгийн хохирлын талаар үнэлгээ гаргасан талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс уг тусгай зөвшөөрлийг сэргээснээрээ хариуцлагатай уул уурхайг явуулах, нөгөөтээгүүр тухайн тусгай зөвшөөрлийг худалдан борлуулах, шилжүүлэхтэй холбоотойгоор олсон орлогыг нөхөн сэргээлтийн ажилд, нөгөөтээгүүр Дампуурлын тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу татварын өр төлбөрт зарцуулна гэдэг үндэслэлээ бүрэн дэмжиж байна. А аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны А/614 тоот захирамжаар “Г” ХХК-ийг сонгон шалгаруулж, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар болсон. Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд 210,577,430 төгрөгийг зарцуулахаар болсон. Уг нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг хаанаас, хэрхэн гаргуулах нь ойлгомжгүй. М ХХК-ийн олон жилийн үйл ажиллагаатай холбоотойгоор байгалийн унаган төрх эвдэгдсэн. Тэгэхээр тухайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд зарцуулагдах мөнгө нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар бүрэн тодорхой болно гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нөгөөтээгүүр хавтаст хэрэгт М ХХК болон Х аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Уг эвлэрлийн гэрээний агуулга нь байгаль хамгаалах,  нөхөн сэргээх үйл ажиллагаанд зориулж орон нутагт хөрөнгө төвлөрүүлэхтэй холбоотой эвлэрлийн гэрээ юм. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд цаашид гарах эрх зүйн үр дагавар нь нийгэмд, тухайн орон нутагт ашиг тустай. Байгалийг нөхөн сэргээж, хариуцлагатай уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад тус дөхөм болох, тухайн эвдэгдсэн байгаль нь эзэнтэй болох нөхцөл байдалтай юм.

М ХХК-ийн он удаан жил явуулж байсан үйл ажиллагаанд алдаа их байсан. Байгаль орчинд тодорхой хэмжээний хохирол учирсан нь холбогдох нотлох баримтуудаар тодорхой байна. Асуултын хариултын шатанд Б яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч хариулахдаа “...Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хийдэг...” гэж хариулсан. Өнөөдрийн байдлаар тухайн тусгай зөвшөөрлүүдийг цуцалснаараа үлдсэн талбайг хэн нөхөн сэргээх нь тодорхойгүй. М ХХК нь татан буугдаж, дампуурсанд тооцогдсон, холбогдох шүүхийн шийдвэрээр захиран зарцуулах эрх нь нэхэмжлэгчид шилжсэн. Х аймгийн Засаг даргаас орон нутгийн санд төвлөрсөн хөрөнгийг Б яаманд шилжүүлсэн. М ХХК-иас орон нутгийн дансанд төвлөрүүлсэн нөхөн сэргээлттэй холбоотой баталгаа болгосон хөрөнгөөр бүрэн гүйцэт сэргээгдэж чадах эсэх нь эргэлзээтэй. Байгаль унаган төрхийг өмнөх хэвд нь оруулахыг тулд тухайн тусгай зөвшөөрлүүдийг сэргээж, худалдан борлуулах, захиран зарцуулах замаар тухайн хөрөнгийг гаргаж, ашиг сонирхлыг хамгаалах ёстой гэж бодож байна. Цаашлаад тухайн тусгай зөвшөөрлүүдийг эзэмшсэнээрээ  Ашигт малтмалын тухай хуульд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ, жил бүрийн тайлан төлөвлөгөө гаргана, тусгай зөвшөөрөлтэй холбоотой ээлжит жилийн төлөвлөгөө гаргана, нөхөн сэргээлтийн баталгааг орон нутгийн дансанд төвлөрүүлнэ, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлж байгаль орчны менежментийн төлөвлөгөө, холбогдох баримт бичгүүдэд нөхөн сэргээсэн тайлангаа хүргүүлснээр хариуцлагатай уул уурхай өргөжнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор байгалийн унаган төрхийг хэрхэн эргэн сэргээх нь ойлгомжгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар байгалийн унаган төрхийг сэргээх боломж бололцоо хангагдана гэж үзэж байна.” гэв.

5. Хариуцагч Б яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “1/Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/42* дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зуйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зуйлийн 56.1.5 дахь заалт, “Санал хүргүүлэх тухай” А ймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн 02/975 тоот албан бичгийг тус тус үндэслэн М ХХК-ийн эзэмшдэг МV-0024**, MV-0024** тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэх ажлын хэсэг дүгнэлт гаргасан.

2/ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “...Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ...” гэж, мөн зүйлийн 2-т “... Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах зарчим баримтална. 1/хүний амьдрах, хөдөлмөрлөх, амрах байгаль орчны тааламжтай нөхцөл бүрдүүлэх; 2/экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлж байгаль орчны тэнцлийг хангах; 3/байгалийн баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохистой ашиглах нөхцөлийг хангах; 4/байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх. 5/байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах” гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “...Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...”, 1-д “..байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах...” гэж заасан байдаг.

3/ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална.” гэж хуульчилсан байдаг тул "Санал хүргүүлэх тухай А  аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

6. Хариуцагч Б яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн шийдвэрүүдийг М ХХК-ийн бүртгэлтэй хаягаар нь хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан. Мөн хариу тайлбартаа хүргүүлсэн талаар тайлбарласан. Б яамнаас дүгнэлт гарган 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/58** дугаартай албан бичгээр А яаманд тус дүгнэлтүүдийг хүргүүлсэн. Нэхэмжлэгч дампуурлын хэрэг гүйцэтгэгчид хүргүүлээгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/42* дугаар тушаалаар байнгын ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/0* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2, 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-г үндэслэл болгосон. Мөн Х аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 02/9** тоот албан бичгийг үндэслэл болгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж хуульд тодорхой заасан. Үүнд Х аймгийн Засаг даргаас тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлтийг ирүүлсэн, мөн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг судлан үзээд цуцлах нь зүйтэй гэж үзэн дээрх дүгнэлтийг гаргасан.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай санд 212,000,000 төгрөгийг байршуулсан байна. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн захиргааны байгууллагаас тухайн газарт тендер зарлаж, эсвэл тухайн аж ахуйн нэгж нь өөрөө нөхөн сэргээлтээ хийх бүрэн боломжтой.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар холбогдох байгууллагуудын санал, дүгнэлт, албан бичгүүд ирсэн байна. Иймд нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.1, 3.2.6, 15.1.1, мөн 56.1.5-д заасны дагуу холбогдох хууль журмын дагуу дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлтийг А хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор тус хэлтсээс тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

7. Хариуцагч А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Х аймгийн Ц сумын нутагт байрлах "**** гол" нэртэй 187 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын MV-0024** дугаар тусгай зөвшөөрлийг А албанаас /хуучин нэрээр/ 2000 оны 7 дугаар сарын 10-ны өдөр анх Х ХХК-д олгожээ. Геологи, уул уурхайн кадастрын албаны /хуучин нэрээр/ даргын 2000 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 565 дугаар шийдвэрээр М ХХК-д, Геологи, уул уурхайн кадастрын албаны /хуучин нэрээр/ даргын 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 930 дугаар шийдвэрээр ашигт малтмал ашиглалтын MV-0024** дугаар тусгай зөвшөөрлийн 1875 гектар талбайн 1501 гектарыг хэсэгчлэн Л ХХК-д шилжүүлж шинээр MR-0120** дугаар тусгай зөвшөөрөл олгосныг, үлдэх 374 гектар талбай ашигт малтмал ашиглалтын MV-0024** дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшигч М ХХК-ийн эзэмшилд бүртгэгдсэн байна.

Х аймгийн Ц сумын нутагт байрлах " салаа" нэртэй 173.11 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын MV-0024** дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албанаас /хуучин нэрээр/ 2000 оны 6 дугаар сарын 29-ний өдөр анх Т ХХК-д олгожээ. Геологи, уул уурхайн кадастрын албаны /хуучин нэрээр/ даргын 2000 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5** дугаар шийдвэрээр М ХХК-д шилжүүлж бүртгэгдсэн байна.

А аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/** тоот албан бичгээр тус аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа М ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д заасан байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаад холбогдох дүгнэлт гаргуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан байдаг.

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах ажлын хэсэг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн дүгнэлт гаргасан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгээр М ХХК-д холбогдох дүгнэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлснийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйл Байгаль орчныг хамгаалах талаарх төрийн чиг үүрэг, зарчим 1 “Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ.”, 15 дугаар зүйл Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх 1.1-д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах...” гэж хуульчилсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2019/02 дугаар дүгнэлтэд “М ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул ашигт малтмалын ашиглалтын МV-0024**, MV-0024** дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах нь зүйтэй” гэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, мөн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй” байхаар хуульчилсан.

Төрийн захиргааны байгууллага 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгээр ирүүлсэн 2019/02 дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай" дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын MV-0024**, MV-0024** дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус актын аль ч шинжийг агуулаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

8. Хариуцагч А  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн байгууллагаас дүгнэлт гаргасан бол түүнийг нь Ашигт малтмал, газрын тосны газарт хянах хууль зүйн үндэслэл байхгүй. Тус хуулийн зохицуулалт нь дүгнэлт гаргасан бол манай газраас шууд цуцлахаар зохицуулсан. Энэ нь өөрөө үүрэгжүүлсэн заалт юм. Тийм учраас Б яамнаас гаргасан 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/** дүгнэлтийг үндэслээд Кадастрын хэлтсийн дарга Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 28.1.2-т заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тухайн цуцалсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй юм гэж хариу тайлбартаа дурдсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжихгүй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

М ХХК-д томилогдсон дампуурлын хэрэг гүйцэтгэгч нь М ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-0024**, MV-0024** дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах тухай Б яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/** дугаартай дүгнэлтийг болон уг тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 41* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар “байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн ямар үйл ажиллагаа явуулсныг нотлоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй” хэмээн маргаж, мөн “тусгай зөвшөөрөл хүчинтэй үлдвэл захиран зарцуулах замаар дампуурлын хэргийн өр төлбөрийг барагдуулахад, тусгай зөвшөөрлүүдийн талбайд нөхөн сэргээлтийг хийхэд ач холбогдолтой” хэмээн тайлбарлажээ.

Нэг. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 454* дугаар захирамжаар М ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр Э томилсон, улмаар тухайн шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 244* дүгээр шийдвэрээр М ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгчид  шилжүүлсэн байх тул дампуурлын хэрэг гүйцэтгэгч нь энэ асуудлаар нэхэмжлэл гаргах, маргах эрхтэй байна.

2. Нөгөөтэйгүүр Б яамнаас дүгнэлтээ тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон дампуурлын хэрэг гүйцэтгэгчид хүргүүлээгүй, А хэлтсээс 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 7/58** дугаартай албан бичгээр М ХХК-д буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчид хаяглан хүргүүлсэн, тухайн хуулийн этгээдийн хүсэлттэй дампуурлын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан үе тул нэхэмжлэл гаргасан дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн тухайд энэ хугацаанаас нэхэмжлэл гаргах хугацааг тооцох боломжгүй гэж шүүх үзлээ.  

Хоёр. Тусгай зөвшөөрлийн эрх олгогдсон, цуцлагдсан шийдвэр болон хууль тогтоомжийн зохицуулалтын хувьд.

1. Тухайн тусгай зөвшөөрлийн талбайнууд нь А аймгийн Ц сумын нутагт байрлах бөгөөд гол нэртэй 1875 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын MV-0024** дугаар тусгай зөвшөөрлийг албанаас 2000 оны 7 дугаар сарын 10-ны өдөр анх Т ХХК-д олгож, 2000 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 56* дугаар шийдвэрээр М ХХК-д шилжүүлж, 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 93* дугаар шийдвэрээр 1501 гектарыг хэсэгчлэн Л ХХК-д шилжүүлж, 374 гектар талбайтай үлдсэн, Шийртийн салаа нэртэй 173.11 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын MV-0024** дугаар тусгай зөвшөөрлийг албанаас 2000 оны 6 дугаар сарын 29-ний өдөр анх Баяраам ХХК-д олгож, 2000 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 56* дугаар шийдвэрээр М ХХК-д шилжүүлсэн, үүнээс хойш М ХХК ашиглалтын үйл ажиллагаа явуулсан байдаг.

2. А аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/9** тоот албан бичгээр “ашиглалтын MV-0024**, MV-0024** дугаар тусгай зөвшөөрөл эзэмшигч М ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа тул холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцлуулах” саналыг А яаманд ирүүлсний дагуу тус яамны ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 тоот дүгнэлтээр “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй” үндэслэлээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь заалтаар М ХХК-ийн ашиглалтын MV-0024**, MV-0024** тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргаж, хэлтэс яамны энэ дүгнэлтийг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтаар уг тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна.

3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “байгаль орчинд хортой нөлөөлөх” гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл, эс үйлдэхүй хамаарахаар, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг байгаль орчны асуудал эрхэлсэн яам зохион байгуулахаар, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4, 5-д аймгийн Засаг дарга нь нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, аж ахуйн нэгж байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүнийг баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгжийн байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг зогсоох, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, нутаг дэвсгэртээ ажиллах байгаль орчны хяналтын улсын байцаагчийг ажиллах нөхцлөөр хангах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, 26 дугаар зүйлийн 1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэхээр, 27 дугаар зүйлийн 1-д байгаль орчны хяналтын улсын байцаагч нь иргэн, аж ахуйн нэгж байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах, байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн иргэн аж ахуйн нэгж байгууллагад уг зөрчлийг арилгахыг шаардах, тодорхой хугацаагаар үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн зогсоох, хууль тогтоомж, технологийн зөрчил гаргаж байгаль орчинд хохирол учруулсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, үйл ажиллагааг түр болон бүр зогсоох саналаа тухайн эрх олгосон байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрх хэрэгжүүлэхээр, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлахаар, мөн 66 дугаар зүйлийн 66.3-т холбогдох хууль, уул уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг удаа дараа зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг хоёр сарын хугацаагаар зогсоох бөгөөд энэ хугацаанд зөрчлийг засаагүй бол тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцлахаар тус тус заажээ.

Гурав. Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл дараах байдлаар тогтоогдсонгүй.

1. Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг хэрэгжүүлэх чиг үүргийн дагуу А аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч нь өөрөө болон эрх бүхий байгууллагатай хамтран Ц сумын Орхон багийн нутаг дэвсгэрт байрлах энэ маргаанд хамаарах MV-0024**, MV-0024** дугаар тусгай зөвшөөрлийн талбайд явуулж буй ашиглалтын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг жил бүр удаа дараа хийж, байгалийн баялгийг зохистой ашиглах, байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, байгаль орчныг бохирдуулсан зөрчлүүдийг илрүүлж, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг улсын байцаагчийн албан шаардлагаар өгч, актаар үйл ажиллагааг нь түр зогсоож байжээ. Тухайлбал,  

1/ А аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч М ХХК-ийн ашиглалтын талбайнуудад, тухайлбал  MV-0024**, MV-0024** дугаар тусгай зөвшөөрөлтэй алтны шороон ордод олборлолт явуулж буй үйл ажиллагаанд 2015 оны 9 дүгээр сард төлөвлөгөөт хяналт шалгалт хийж  “уурхайд байх баримт бичгийн бүрдэл хангаагүй туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийг оруулж уулын ажлыг эмх замбараагүй явуулсан, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулалгүйгээр үйл ажиллагаа явуулсан, нөхөн сэргээлтийн ажлыг хийгээгүй, голын гольдролыг сэргээх арга хэмжээ аваагүйгээс үйлдвэрлэлд ашиглагдсан бохир ус голтой нийлж ус бохирдуулсан нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн” болохыг тогтоож, зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоож 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр улсын байцаагчийн 03-05-017/1** дугаартай албан шаардлага өгсөн[1],

2/ А аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч М ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудад, тухайлбал MV-0024**, MV-002** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2016 оны 6 дугаар сарын 7-ноос 9-ний өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж “уурхайд байх баримт бичгийн бүрдэл хангаагүй гэрээт аж ахуйн нэгжүүд оруулж үйл ажиллагаа явуулсан, 2015 онд нөхөн сэргээлт хийгээгүй, голын гольдролыг сэргээх арга хэмжээ аваагүйгээс хаягдал усны далан задарч үйлдвэрлэлд ашиглагдсан бохир ус голтой нийлж ус бохирдуулсан” зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоон улсын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 03-05-017/14* дугаартай албан шаардлага хүргүүлсэн[2],

3/ А аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч М ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудад 2016 оны 7 дугаар сарын 27-нд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, “уурхайд байх баримт бичгийн бүрдэл хангагдаагүй байхад гэрээт аж ахуйн нэгжүүд нь угаах төхөөрөмжүүдэд тавьсан улсын байцаагчийн лацыг хөндөж, эфель угаасан,  голын гольдролыг сэргээх арга хэмжээ аваагүйгээс хаягдал усны далан задарч үйлдвэрлэлд ашиглагдсан бохир ус голтой нийлж ус бохирдуулсан, нөхөн сэргээлтийн график төлөвлөгөө гаргаагүй, нөхөн сэргээлт хийж эхлээгүй” зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоон улсын байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 03-05-017/1** дугаартай албан шаардлага хүргүүлсэн[3],

4/ А аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч, Ц сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид, Б яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Мөрдөн байцаах газар хамтарч 2017 оны 5 дугаар сарын 24-нд Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт байрлах М ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудад, тухайлбал MV-0024**, MV-0024** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, “ТЭЗҮ-г шинэчлэн батлуулаагүй, уулын ажлын төлөвлөгөөний дагуу олборлолт явуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүй, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллаагүй, хаягдал сангийн далан хаалтыг инженерийн тооцоонд тулгуурлан барьж байгуулаагүйгээс хур тунадас ихэссэн үед нэвчих, шүүрэх, сэтрэх зэргээр үйлдвэрлэлд ашиглагдсан бохир ус голтой нийлж ус бохирдуулсан, нөхөн сэргээлт хийгээгүй, зөрчлийг арилгуулах улсын байцаагчийн 03-05-017/1*, 03-05-017/16*, 03-05-017/16* дугаартай албан шаардлагыг биелүүлээгүй, уурхайд байх бичиг баримтыг бүрдүүлэлгүй гэрээт аж ахуйн нэгжүүдийг уурхайн талбайд оруулж үйл ажиллагаа явуулсан, усны онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоогоогүй, эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийгээгүй” зөрчлүүдийг илрүүлж, үйл ажиллагааг 2 сарын хугацаагаар түр зогсоож, энэ хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлуулах арга хэмжээ авахаар улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 03-05-017/39 дугаартай акт үйлдсэн[4],

5/ А аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч, Э сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид хамтарч 2017 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл М ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудад, тухайлбал MV-00242*, MV-0024** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, “********хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 09/063/**, 09/063/2** дугаартай актаар уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоосон байхад гэрээт аж ахуйн нэгж, иргэдийг уурхайн талбайд оруулж 12 угаах төхөөрөмжийг суурилуулан хөрс хуулж, элс бэлтгэх, эфель галийг угаалганд бэлтгэсэн” зөрчлүүд илрүүлж, зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоон улсын байцаагчийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 03-05-017/1** дугаартай албан шаардлага бичсэн[5],

6/ А аймгийн *********хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч, байгаль орчны хяналтын улсын байцаагчид хамтарч 2017 оны 9 дүгээр сарын 20-22, 10 дугаар сарын 18-ны өдөр М ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудад, тухайлбал MV-00242*, MV-00242*  дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, “уурхайг улсын комисст хүлээлгэж өгөөгүй, уулын ажлын хөрс хуулалт ТЭЗҮ-д заасны дагуу хийгээгүй, хэт олон жижиг аж ахуйн нэгжийг оруулж уулын ажлын төлөвлөгөөг зөрчсөн, 2016 онд олборлолт хийсэн талбайд нөхөн сэргээлт хийгээгүй, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоолгож, газар дээр нь тэмдэгжүүлээгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгээгүй, хөрс элэгдэх, эвдрэх, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээ аваагүй, ус ашиглах эрх аваагүй, ус авах цэгт тоолуур байршуулж баталгаажуулаагүй” зөрчлүүд илрүүлж, зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоон улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 03-05-017/1** дугаартай албан шаардлага өгсөн[6],

7/ А аймгийн *************хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч М ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудад, тухайлбал MV-0024**, MV-0024**   дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2018 оны 5 дугаар сарын 20-ноос 31-ний өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, “2016, 2017 онд ашиглалт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй, уурхайд байх бичиг баримтын бүрдэл хангаагүй, уулын ажлын төлөвлөгөөгүй, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байхад гэрээт аж ахуйн нэгжүүд, иргэдийг уурхайн талбайд оруулж олборлолтын үйл ажиллагаа явуулсан, туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн эмх замбараагүй ашиглалтын улмаас уурхайн талбайд байгуулсан цэвэр ус урсгах зориулалттай суваг шуудуу бөглөрч, зарим газраар задарч карьер руу орсноос хаягдлын далангийн ус нэмэгдэж ус бохирдуулах нөхцөл үүссэн” зөрчлүүд илрүүлж, зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоон улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 03-05-017/1** дугаартай албан шаардлага хүргүүлсэн[7],

8/ А аймгийн **** хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч, аймгийн Засаг даргын А/249* дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран М ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудад, тухайлбал MV-0024**, MV-0024** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2018 оны 7 дугаар сарын 13-наас 15-ны өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, “хаягдлын далангууд борооны усанд эвдэрч үйлдвэрлэлд ашиглагдсан бохир ус гол руу орж ус бохирдуулсан, цэвэр ус урсгах зориулалттай суваг шуудуу бөглөрч зарим газраар задарч карьер руу орсон, 2016, 2017 онд ашиглалт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй” зөрчлүүд илрүүлж, зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоон улсын байцаагчийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 03-05-017/1** дугаартай албан шаардлага өгсөн[8],

9/ А аймгийн ********** хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч М ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудад, тухайлбал MV-00242*, MV-00242*  дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, “уурхайд байх бичиг баримтын бүрдэл хангалгүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг  хамгаалах менежментийн төлөвлөгөө батлуулалгүй гэрээт аж ахуйн нэгжүүд, иргэдийг уурхайн талбайд оруулж угаах төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн, 2016, 2017, 2018 онд ашиглалт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй, уурхайг улсын комисст хүлээлгэж өгөөгүй, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоогоогүй, газар дээр нь тэмдэгжүүлээгүй” зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоон улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 03-05-017/** дугаартай албан шаардлага хүргүүлсэн[9],

10/ А аймгийн ********* хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч М ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудад, тухайлбал MV-0024**, MV-0024** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хяналт шалгалт хийж, “уурхайд байх бичиг баримтын бүрдэл хангалгүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг  хамгаалах менежментийн төлөвлөгөө батлуулалгүй гэрээт аж ахуйн нэгжүүд, иргэдийг уурхайн талбайд оруулж угаах төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн, 2016, 2017, 2018 онд ашиглалт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоогоогүй, газар дээр нь тэмдэгжүүлээгүй” зөрчлүүд илрүүлж, зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоон улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 03-05-017/1** дугаартай албан шаардлага[10] өгсөн,

11/ А аймгийн *********** хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч, байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч нар 2019 оны 5 дугаар сарын 01-нээс 9 дүгээр сарын 05-ныг хүртэл хугацаанд *********** хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/76 тоот удирдамжийн дагуу Э сумын Орхон багт байрлах ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад хяналт шалгалт хийж танилцуулга бичсэн, танилцуулгад “М ХХК-ийн MV-0024** тоот тусгай зөвшөөрлийн талбайд гэрээт аж ахуйн нэгж нь бичиг баримтын бүрдэл хангаагүй, орд ашиглах ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байхад үйл ажиллагаа явуулж эхэлсэн, хаягдал усны далан хаалтыг бэхжүүлэх арга хэмжээ аваагүй, далан задарч үйлдвэрлэлд ашиглагдсан бохир ус голтой нийлж ус бохирдуулсан” зөрчил илэрснийг тусгасан[11],

12/ А аймгийн ********* хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч, аймгийн болон Цэнхэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид, аймгийн ************ газар, ************ голын сав газрын захиргаа болон аймгийн Цагдаагийн газартай хамтарч 2018 оны 4 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний хооронд аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал хууль бусаар олборлогч иргэд, нөхөрлөл, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан, хяналт шалгалтад Э сумын нутаг дэвсгэрт байрлах М ХХК-ийн ашиглалтын MV-0024**, MV-00242** дугаартай тусгай зөвшөөрлийн талбай багтсан, уг талбайн хувьд “уурхайд байх бичиг баримтын бүрдэл хангалгүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг  хамгаалах менежментийн төлөвлөгөө батлуулалгүй олборлолт явуулж, 2016, 2017 онд ашиглалт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй, нөхөн сэргээлт хийж голын гольдролыг сэргээх арга хэмжээ аваагүйгээс хаягдал усны далан задарч үйлдвэрлэлд ашиглагдсан бохир ус голтой нийлж, ус бохирдуулсан, цэвэр ус урсгах зориулалттай суваг шуудуу бөглөрч зарим газраар задарч карьер руу орсон, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоогоогүй, газар дээр нь тэмдэгжүүлээгүй” зэргээр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаарх хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил илэрсэн нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/53 дугаар хяналт шалгалтын танилцуулгад[12] тодорхой тусгагдсан байдаг. Уг шалгалтаар илэрсэн зөрчилд М ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох газарт хүргүүлэх саналыг *********хяналтын ерөнхий газарт, тусгай зөвшөөрлүүдийг цуцалж нөхөн сэргээлтийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх саналыг ****************** яаманд тавихаар шийдвэрлэсэн байдаг.

Дээрх шалгалтын дүнгээр А аймгийн Х 2018 оны 4 дүгээр сарын 19-нд 1/11* тоот албан бичгээр М ХХК-ийг MV-0024**, MV-0024**  дугаар тусгай зөвшөөрөлтэй талбайдаа алт олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа үйлдвэрлэлд ашиглагдсан бохир усаар Орхон голыг бохирдуулах, нөхөн сэргээлтийн ажлыг орхигдуулах, уурхайд байх бичиг баримтын бүрдлийг хангахгүйгээр үйл ажиллагаа эхлүүлэх зэрэг удаа дараа гаргаж байгаа зөрчлийг таслан зогсоох, нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэн өгөх, хууль бусаар ашиглалт явуулахгүй байх мэдэгдлийг хугацаа тогтоож өгчээ.[13]

2. Энэ хугацаанд мөн А аймгийн Засаг даргын захирамжаар Э сумын Орхон багийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн байгаль орчныг хамгаалах үүргийг мөрдүүлэх, нөхөн сэргээлтийн ажлын байршил хэмжээг тогтоож, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх чиг үүрэгтэй ажлын хэсэг байгуулж хяналт шалгалт хийлгэж ажиллаж байсан, ажлын хэсгийн тайлан, танилцуулгуудад маргаанд хамаарах 2 тусгай зөвшөөрлийн талбайд хяналт шалгалтаар удаа дараа зөрчил гарч байсныг, зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоож албан шаардлага өгч байсныг, үйл ажиллагааг түр зогсоож байсныг, тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах саналыг эрх бүхий этгээдэд тавьж шийдвэрлүүлэхээр санал, дүгнэлт гаргаж байсныг тусгажээ.

Тухайлбал А аймгийн Засаг дарга 2017 оны 4 дүгээр сарын 28-нд 01/5** тоот албан бичгээр ******************* сайдад, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 4 дүгээр сарын 21-нд 1** тоот албан бичгээр яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт MV-0024**, MV-0024** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд илэрсэн зөрчил, цаашид авах арга хэмжээний саналыг хүргүүлсэн байдаг.

3. Тусгай зөвшөөрлийг цуцалсан, цуцлах талаар дүгнэлт гаргасан үндэслэл болсон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт нь “байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан”, “нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй” гэсэн нөхцлүүдийг агуулдаг бөгөөд М ХХК нь А аймгийн Э сумын Орхон багийн нутаг дэвсгэрт байрлах ашигт малтмалын ашиглалтын MV-0024**, MV-0024** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2015-2019 онд өөрөө болон гэрээт аж ахуйн нэгж, иргэдээр олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа үйлдвэрлэлд ашиглагдсан бохир усаар голын ус бохирдуулж байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан нь, мөн олборлолт хийсэн талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй, уурхайд байх бичиг баримтын бүрдэл хангаагүй буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй, ус, газар ашиглах гэрээ байгуулаагүй нь орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын удаа дараагийн хяналт шалгалтаар тогтоогдож, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийн аль аль нөхцөл бүрдсэн байжээ.

Тодруулбал орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх удаа дараагийн хяналт шалгалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч М ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.3, 35.3.4, 35.3.7-д заасан баримт бичгийн бүрдэл хангаагүй, ашигт малтмал ашиглах техник эдийн засгийн үндэслэл болон уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, газар, ус ашиглах тухай гэрээ байгуулаагүй олборлолтын үйл ажиллагаа явуулж, голын ус бохирдуулж байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээлт хийгээгүй Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсоор байж.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаар хүлээх үүргийг тодорхой заасан, тухайлбал ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулахаар, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг, төлөвлөгөөний биелэлтийн тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн яам болон орон нутгийн Засаг дарга болон байгаль орчны хяналтын албанд хүргүүлэхээр заасан.

М ХХК нь MV-0024**, MV-0024** дугаартай талбайн эвдэрсэн газарт эфель угааж нөхөн сэргээлт хийхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулсанаас хойш байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүйн дээр энэ хугацаанд тусгай зөвшөөрлийн талбайд байгаль орчны менежментийн төлөвлөгөө огт батлуулаагүй[14] байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тухайн уурхайн ажиллагааны явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тодорхойлдог, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд уурхайн ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, агаар мандал болон усны бохирдолт, хүн, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, нөхөн сэргээх арга хэмжээг тусгадаг, өөрөөр хэлбэл уул уурхайн үйл ажиллагааны улмаас тухайн нутаг дэвсгэрт хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учруулж болох сөрөг нөлөөллийг илрүүлэх, бууруулах, арилгах арга хэмжээг, түүнд нь тавих төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагын оролцоог Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулиар тодорхой зохицуулсан байна.

5. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, байгаль орчинд хортой нөлөө учруулж буйг, тодруулбал уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлуулалгүй олборлолт хийж, ашиглалт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй, голын гольдролыг сэргээх арга хэмжээ аваагүйгээс хаягдал усны далан задарч үйлдвэрлэлд ашиглагдсан бохир ус голтой нийлж, ус бохирдуулсан, цэвэр ус урсгах зориулалттай суваг шуудуу бөглөрч зарим газраар задарч карьер руу орсон, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоогоогүй, газар дээр нь тэмдэгжүүлээгүй болохыг орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараагийн хяналт шалгалтаар хангалттай шалгаж тогтоосон байх тул “байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн ямар үйл ажиллагаа явуулсныг нотлоогүй” хэмээн маргаж буй нь үндэслэлгүй байна.

6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтанд уурхайн талбайд нэвтрэн орох, газар дээр нь шалгалт хийх бололцоо олгох, ашиглалтын тусгай зөвшөөрөл болон ашигт малтмал ашиглах техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, талбайн хил тогтоож шав тавьсан акт, газар, ус ашиглах гэрээ зэрэг холбогдох баримт бичгүүдийн бүрдлийг уурхай дээр байлгах үүргийг хуулиар хүлээсэн бөгөөд орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас 2015-2019 онд тусгай зөвшөөрлийн талбайд хийгдсэн удаа дараагийн хяналт шалгалтуудад тусгай зөвшөөрөл эзэмшигчийг уурхайд төлөөлөх эрх бүхий этгээд буюу компанийн гүйцэтгэх захирал, уурхайн дарга, харуул хамгаалалтын албаны дарга, байгаль орчин хариуцсан менежер, уулын инженер, орон нутаг хариуцсан ажилтан, хуульч, гэрээт аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан хийсэн, улсын байцаагч зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоон албан шаардлага өгч, үйл ажиллагааг түр зогсоож байсан байх тул сонсох ажиллагаа явуулаагүй хэмээн маргаж буй нь үндэслэлгүй байна.

7. Нэхэмжлэгч нь “тусгай зөвшөөрөл хүчинтэй үлдвэл захиран зарцуулах замаар дампуурлын хэргийн өр төлбөрийг барагдуулахад ач холбогдолтой” хэмээн тайлбарлаж байгаа ч тусгай зөвшөөрөл эзэмшигч М ХХК нь MV-0024**, MV-0024** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн уулын ажлын тайланг 2009 оноос хойш Ашигт малтмалын газарт ирүүлээгүй, гэрээт аж ахуйн нэгжүүдээр олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан нь удаа дараагийн хяналт шалгалтаар тогтоогдож байсан, нэг тусгай зөвшөөрлийн тухайд нөөцийг олборлож дууссан, нэг тусгай зөвшөөрлийн тухайд ашигт малтмалын улсын бүртгэлд бүртгэгдсэн нөөцөөс 2010 оны байдлаарх үлдэгдлийн талаарх мэдээллээс өөр мэдээлэл байхгүй тул одоо тухайн тусгай зөвшөөрлийн талбайд олборлоогүй нөөц үлдсэн эсэхийг дүгнэх боломжгүй байна.

8. Нэхэмжлэгчийн “тусгай зөвшөөрөл хүчингүй болсноор нөхөн сэргээлтийг хэрхэн хийх нь тодорхойгүй үлдэнэ” гэх тайлбар үндэслэлгүй.

Хуульд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахдаа нөхөн сэргээлт хийхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн яамаар мөн батлуулах бөгөөд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож байгаль орчны асуудал эрхэлсэн яамны нөхөн сэргээлтийн тусгай дансанд ашиглалтын үйл ажиллагаа дуусах хүртэл жил бүр тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, нөхөн сэргээлтийг бүрэн хийгээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгөөс мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлтийг хийлгэж, нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулахаар байна.

А аймгийн **************** газар нь 2019 онд хүрээлэн буй орчны зөвлөх үйлчилгээ, байгаль орчны үнэлгээний Өндөрхаан трейд ХХК-иар Цэнхэр сумын Орхон багийн нутаг дахь Өлийн гол, Харгуйт, Шийрт, Яст, Улаан чулуутын амуудын алтны шороон ордуудын уурхайлалтад өртсөн талбайн байгаль орчны хохирлыг 5 жилийн байдлаар тооцуулсан, энэ тайланд Өлийн голын MV-0024** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай болон Шийртийн амны MV-0024** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн уурхайлалтад өртөж эвдрэлд орсон талбай, газрын гадарга, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, гадаргын ус, газрын доорх усанд  учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зардлын тооцоог гаргасан.

Тайлангаас үзвэл[15] Өлийн голын MV-0024** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн 373.6 га талбайн 178.7 га нь уурхайлалтад өртсөн, тухайлбал 51.1 га-д уурхайн малталт хийж, 46.32 га-д овоолго, 18.7 га-д тунгаагуурын нуур хийсэн, мөн 5.8 га голын голдирол, 9.7 га зөвшөөрөлгүй талбай уурхайлалтад өртсөн, нийт 121.4 га эвдэрсэн, нөхөн сэргээлт хийгдээгүй, 23.98 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 33.31 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн, Шийртийн амны MV-002427 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн 173.1 га талбайн 94.5 га талбай уурхайлалтад өртсөн, тухайлбал 26.2 га-д уурхайн малталт хийж, 27.7 га-д овоолго, 9.3 га-д тунгаагуурын нуур хийж, 2.4 га голын голдирол, 8.5 га зөвшөөрөлгүй талбай уурхайлалтад өртсөн, 64.5 га талбай эвдэрсэн, нөхөн сэргээлт хийгдээгүй, 18.6 га талбайд техникийн, 11.3 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн байх бөгөөд эвдэрсэн нөхөн сэргээлт хийгдээгүй талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхэд шаардагдах зардлыг тооцож гаргажээ.

******************* тодорхойлсноор тус яамны төрийн сан дахь тусгай дансанд М ХХК нь 2007 онд 2,000,000, 2008 онд 18,000,000, 2016 онд 192,000,000, нийтдээ 212,000,000 төгрөг байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх баталгаа болгож байршуулсан гэх бөгөөд энэ дүн нь бүхэлдээ ашиглалтын MV-0024**, MV-0024** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайнуудад хамаарахгүй байна, учир нь тус компани өөр ашиглалтын тусгай зөвшөөрлүүд эзэмшиж байсан, тухайлбал Э сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтаас үзвэл 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн 60,000,000 төгрөг нь MV-002426, 48,000,000 төгрөг нь MV-0024** дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөн сэргээх барьцаа бол, 84,000,000 төгрөг нь ашиглалтын 5529А дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөн сэргээх барьцаанд шилжүүлсэн байна.

А аймгийн Засаг даргаас ирүүлсэн тодруулгаас үзвэл MV-0024** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийх тендер зарлаж гүйцэтгэгчийг шалгаруулсан, MV-0024** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийх гүйцэтгэгчийг сонгох тендер зарлаагүй, 2 талбайд орон нутгаас нөхөн сэргээлт хийгдээгүй байна.    

М ХХК-ийн “дампуурсанд тооцож, татан буулгах” тухай хүсэлттэй иргэний хэрэгт А аймгийн Засаг дарга Э сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй байгаль орчинд учруулсан хохирол 59,274,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, энэ нэхэмжлэлийн шаардлагад “Шийртийн салааны MV-0024** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд  2004-2008 онд 96.2 га газарт 8,029,100,000 төгрөгийн, Өлийн голын MV-0024** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 89.1 га газарт 24,874,000,000 төгрөгийн нөхөн сэргээлтийн зардал буюу байгаль орчинд учруулсан хохирол нэхэмжилснийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2441 дүгээр шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн байдаг.

Ийнхүү байгаль орчныг хамгаалах, ашиглалт олборлолтын улмаас эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх, зардлыг гаргуулах журмыг хуульчилсан, шүүхийн шийдвэрээр нөхөн сэргээлтийн зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн, 2 тусгай зөвшөөрлийн талбайн хувьд тодорхой мөнгөн дүн тусгай дансанд байршуулсан байх тул нөхөн сэргээлтийг хийлгэхийн тулд тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр үлдээх зайлшгүй шаардлага үүсэхгүй байна. 

9. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т зааснаар тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайг хаах талаар энэ хуулийн 38, 39, 45 дугаар зүйл болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй тул нэхэмжлэгчийн “М ХХК-д хамаарахгүй өөр этгээдүүдийн хууль бусаар алт олборлосон үйл ажиллагаанаас үүссэн хариуцлагыг М ХХК-д хүлээлгэсэн” гэх гомдол үндэслэлгүй, тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөр этгээд нэвтрэх, үйл ажиллагаа явуулах боломжгүй бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахгүй бол талбайг буцаан өгөх, уурхайг хаах арга хэмжээ авах ёстой байна.

10. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д ... ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон ашигт малтмал ашиглахад тавигдах ерөнхий шаардлагыг “... хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, ... татвар төлөгч хуулийн этгээд” гэж тодорхойлж, ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчинтэй байлгах шаардлагад энэ ерөнхий шаардлагыг хангасан байхыг шаарддаг, тэгвэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2365 дугаар захирамжаар М ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2441 дүгээр шийдвэрээр дампуурсанд тооцож, татан буулгасан, өөрөөр хэлбэл М ХХК-ийг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах ерөнхий шаардлага болох “үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлөгч байх” гэсэн шаардлагыг хангаж байсан гэж, цаашид хангана гэж үзэхээргүй болжээ.  

11. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны актууд гарснаас хойш Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсээс томилсноор тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, нөхөн сэргээлт хийгдээгүй талбайнуудад ой, ус, газар, хөрс, ургамал судлаач, уул уурхайн эдийн засагч мэргэжилтнүүд оролцуулсан шинжээчийн дүгнэлт гарч, байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоосон байдгийг, М ХХК-ийн захиралд холбогдуулан ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлт хийгээгүйгээс байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг дурьдах нь зүйтэй. 

Иймд дээрх үндэслэлүүдээр ******************** яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 4* дугаар шийдвэр хуульд нийцсэн, эрх хэмжээний хүрээнд гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 27 дугаар зүйлийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг баримтлан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч М ХХК-д томилогдсон дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ХАЛИУНА

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 182 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 183 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 184 дүгээр хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 187 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 188 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 191 дүгээр хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 194 дугаар хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 195 дугаар хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 196 дугаар хуудас

[10] Хэргийн 1 дүгээр хавтсын 198 дугаар хуудас

[11] Хэргийн 1 дүгээр хавтсын 199-202 дугаар хуудас

[12] Хэргийн 1 дүгээр хавтсын 203-205 дугаар хуудас

[13] Хэргийн 1 дүгээр хавтсын 193 дугаар хуудас

[14] Хэргийн 3 дугаар хавтсын 26 дугаар хуудас

[15] Хэргийн 1 дүгээр хавтсын 212, 214-215, 218, 223, 225, 227, 234, 239-242, 244 дүгээр хуудас, 2 дугаар хавтсын 9, 14, 45-51, 58-64 дүгээр хуудас