Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2020/01123

 

 

 

 

 

 

 

                                     2020         04         02                                   

                 101/ШШ2020/01123

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ФБ00000 регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, 0дугаар хороо, 0  хороолол, Амарсанаа гудамж, 0а байр, 0 тоотод оршин суух Б-овогт Б-ын Д-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд 000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг,  0 дүгээр хороо, Их тойруу-0 Барилга мега стор төв 00 тоотод оршин байлах “М” ХХК-нд холбогдох,

407,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.                 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.  

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Дби “М” ХХК-д 2019 оны 3-р сарын 25-наас ажилд орж 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан нярваар ажилд орсон. Ажилдаа очих боломжгүй болоод 1 хоногийн чөлөө авахад үндсэн цалингийн 10 хувийг хасдаг учраас арга буюу халагдах өргөдлөө өгч 2019 оны 9 сарын 20-ны өдрөөс тасалбар болгон ажлаа хүлээлгэн өгсөн. “М” ХХК нь надтай хийсэн хөдөлмөрийн гэрээний 4.1.4-р зүйлд заасан Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу ээлжийн амралтын олговор авах гэсэн заалтыг Хөдөлмөрийн тухай  хуулийн ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд миний ээлжийн амралтын мөнгө болох 407,950 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,889 төгрөгийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Днь хариуцагч “М” ХХК-нд холбогдуулан ээлжийн амралтын олговорт 407,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2020 оны 01 дугаар сарын 24-ний өдөр гардуулж, хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан байх боловч хариуцагчаас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”,42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус зохицуулсан.

Хуульд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, хариу тайлбар нотлох баримт гаргаж өгч мэтгэлцээгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд хууль зүйн хувьд дүгнэлт нь зүйтэй.

Ажил олгогч “М” ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Б.Дэлгэрцэцэгтэй “Туршилтаар ажиллуулах гэрээ” байгуулж, нярвын ажил албан тушаалд 800,000 төгрөгийн цалин хөлстэйгөөр ажиллуулж байсан байх ба тус компанийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/040 дугаар тушаалаар Б.Дэлгэрцэцэгийг тус компанид нярвын ажил албан тушаалд томилж, нэг сарын үндсэн цалинг 900,000 төгрөгөөр тогтоон хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, туршилтаар ажиллуулах гэрээ, албан тушаалд томилон ажиллуулах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна. /х.х-ийн 3-5 дахь талд/

“МТэгш дүүрэн хүслэн” ХХК-ийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 59 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дугаар зүйл, “М” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.1 дэх заалт болон хувийн өргөдлийг үндэслэн Б.Дэлгэрцэцэгийг нярвын үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /х.х-ийн 6 дахь талд/

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, ... өгөх үүрэгтэй” гэж, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно” гэж, мөн зүйлийн 55.2 дахь хэсэгт “ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно” гэж тус тус зохицуулснаар ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөхдөө ажил үүргээ гүйцэтгэж байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтыг биеэр эдлээгүй тохиолдолд зохих олговрыг олгох зэргээр холбогдох тооцоог хийх үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч Б.Дэлгэрцэцэгийн нийт ажилласан 5 сар 14 хоногийн дундаж цалин хөлсийг тооцоход 20,440 төгрөг байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасан ээлжийн үндсэн амралтын хугацаагаар тооцоход ээлжийн амралтын олговорт 306,603 төгрөгийг ажил олгогч нь ажилтанд олгох үүрэгтэй байна.

Дурдсан үндэслэлээр, хариуцагч “М” ХХК-иас 306,603 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дэлгэрцэцэгт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 101,347 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 306,603 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дэлгэрцэцэгт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 101,347 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Дэлгэрцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,889 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 9848 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дэлгэрцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ЭНХЖАРГАЛ