Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар  2023/ШЦТ/168

 

 

2023 оны 08  сарын 17 өдөр                     2023/ШЦТ/168                     Баруун-Урт сум

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

Шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Ган-Эрдэнэд холбогдох 2330000000166 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 27-2719 тоотод оршин суух хаягтай,

Урьд: Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 5 жил 6 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 21 хоногийн ялаас 2 жилийг өршөөн хасаж, хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн,

ЛМ94120515 регистрийн дугаартай, Улаангууд ургийн овогт Түвшинжаргалын Ган-Эрдэнэ. 

 

Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Яллагдагч Т.Ган-Эрдэнэ нь 2023 оны 06 дугаар сарын 21-ээс 22-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, Мандахын 809 тоотод байх иргэн Б.Нэргүйн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Нэргүйд 481,700 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би үйлдсэн хэргээ болон прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй...гэв.

 

            Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ нь 2023 оны 06 дугаар сарын 21-ээс 22-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Мандахын 809 тоотод байх иргэн Б.Нэргүйн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Нэргүйд 481,700 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

яллагдагч Т.Ган-Эрдэнийн “...2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн орой 19 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт 5 сумын дугаар баг Мандахын 809 тоотод найз А.Баатархуягийн гэрт Мөнгөншагай бид хоёр очоод Боргио нэртэй 2.5 литрийн пиво ууж дуусаад бид гурав үргэлжлүүлэн Биллион нэртэй бааранд очиж дахин архи пиво ууцгаагаад 23 цагийн үед гэр гэр рүүгээ явцгаасан. Би ганцаараа пиво, уугаад мөнгөгүй болсон учраас найз А.Баатархуягийн гэр рүү хэсэхээр очиход гэрт нь хүнгүй байхаар нь гэрийнх нь тооноор ороод авдар дотор байсан их гарын ямар нэгэн бичиглэлгүй мөнгөн аяга, дунд гарын дотор талдаа өлзий хээтэй мөнгөн аягуудыг хулгайлсан. Миний хулгай хийсэн 2 ширхэг мөнгөн аяга нь хоёулаа шинэ цагийн мөнгөн аяга байсан. Тухайн мөнгөн аягануудыг гэрээрээ юм зардаг Эрдэнэчимэг эгчид утасныхаа оронд аваачиж өгөөд утсаа авсан. Иймд би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 65-67-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-7-р хуудас/,

Хохирогч Б.Нэргүйн “...Нөхрийг явдаг өдөр нь гэртээ өдөр нь байж байгаад 06 дугаар сарын 21-ний өдөр гэртээ ирэхэд манай гэр зүгээр байсан. 22-ны өдөр 14 цаг өнгөрөөгөөд гэртээ очиход манай гэрт хулгай орсон шинжтэй гэрийн баруун хойд талын авдар дотор байсан хүүхдийн хувцсыг гаргачихсан байдалтай байхаар нь авдраа онгойлгож үзэхэд 2 ширхэг мөнгөн аяга маань байхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Манай гэрийн тоононы гялгар уутыг ураад орсон байдалтай байсан. Гэрийн хаалганы цоож бол зүгээр байсан. Их гарын цулгай, ямар нэгэн бичиггүй, орчин цагийн мөнгөн аяга нэг ширхэг, жижиг гарын цайны, орчин цагийн, дотроо өлзий хээтэй, ёроол доороо арга билгийн хоёр загасан хээтэй мөнгөн аяга нэг ширхэг нийт 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан.....” гэх мэдүүлэг /хэргийн 16-17-р хуудас/,

 иргэний нэхэмжлэгч Я.Эрдэнэчимэгийн “... Уг 2 ширхэг мөнгөн аяга нь манай гэрт байгаа. Би сайн дураараа мөрдөгчид авчирч өгнө. Т.Ган-Эрдэнийн зургийг харуулж тус 2 ширхэг мөнгөн аягыг барьцаанд тавьсан хүн мөн болох эсэхийг лавлаж асуухад надад гар утасны оронд тус 2 ширхэг мөнгөн аягыг барьцаанд тавьсан залуу мөн байна гэж таньсан. Би 110,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 23-24-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2302184 дугаартай үнэлгээний дүгнэлтээр эд зүйлийн үнэлгээ нь 481,700 төгрөг гэх дүгнэлт /хэргийн 41-р хуудас/,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай “... 1. Шинжилгээнд ирүүлсэн №1, №4, №5, №6 дугаартай 4 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн №2, №3 дугаартай 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 3. Шинжлэгдэж буй №2 дугаартай 1 ширхэг гарын мөртэй тохирох дардас санд илэрсэнгүй. 4. Шинжлэгдэж буй №3 дугаартай 1 ширхэг гарын мөр нь санд MN004310006166 дугаараар бүртгэгдсэн, ЛМ94120515 регистрийн дугаартай Түвшинжаргал овогтой Ган-Эрдэнийн баруун гарын алганы мөр байна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 31-34-р хуудас/,

Я.Эрдэнэчимэгээс 2 ширхэг мөнгөн аягыг эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-9-р хуудас/,

Хохирогч Б.Нэргүйд 2 ширхэг мөнгөн аягыг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 10-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байрт нэвтэрч үйлдсэн бол уг шинжээр хүндрүүлэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр хуульчилжээ.

 

“Орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд хуулийн энэ тайлбарыг үндэслэвэл, Баруун-Урт сумын 5 дугаар багийн Мандахын 809 тоот хаяг дахь хохирогч Б.Нэргүйн 4 ханатай Монгол гэр нь орон байранд хамаарах юм.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

 

Прокуророос Т.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Т.Ган-Эрдэнийн үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Нэргүй, иргэний нэхэмжлэгч Я.Эрдэнэчимэг нарын хохирол нөхөн төлөгдсөн, мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.  

 

Түүнчлэн шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар аргаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Нэргүйн эд хөрөнгөд 481.700 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хулгайд алдагдсан 2 ширхэг мөнгөн аягыг хохирогч Б.Нэргүйд биетээр буцаан өгсөн нь Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 10-р хуудас/-ээр, иргэний нэхэмжлэгч Я.Эрдэнэчимэгт учирсан 110.000 төгрөгийн нөхөн төлсөн болох нь Я.Эрдэнэчимэгийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “Я.Эрдэнэчимэг миний бие Ган-Эрдэнээс хохирол төлбөрт 110.000 төгрөг хүлээж авсан. Иймд Ган-Эрдэнээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт зэргээр тогтоогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2302184 дугаартай үнэлгээний дүгнэлтээр 2 ширхэг мөнгөн аяга 481,700 төгрөг гэж тогтоосон үнэлгээний талаар талууд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна. 

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Т.Ган-Эрдэнийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялтай байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Т.Ган-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Улаангууд ургийн овогт Түвшинжаргалын Ган-Эрдэнийг хүн байнга амьдрах орон байрт нэвтэрч хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Ган-Эрдэнийг 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Ган-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Ган-Эрдэнэд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч Б.Нэргүй, иргэний нэхэмжлэгч Я.Эрдэнэчимэг нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус  тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.НАСАНБУЯН