Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 1001

 

 

 

 

 

                              2020          03          25

                           101/ШШ2020/01001

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Э холбогдох

 

Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээний дагуу 612,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.О, хариуцагчийн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Д нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр харилцагч О.Этэй хөлдөөгч ашиглуулах гэрээ байгуулж түүний ажлуулдаг Мянган-Уул дэлгүүрт өөрийн өмчлөлийн хөлдөөгчийг байршуулан ашиглуулж байсан боловч 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тухайн дэлгүүрт гал гарч манай хөлдөөгч шатсан юм. Нийслэлийн онцгой байдлын газрын 2019 ойы 05 дугаар сарын 15-ны өдрийн 0030692 дугаартай Шийтгэлийн хуудсаар хөлдөөгчний төлбөр 612,000 төгрөгийг төлүүлэх шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байх тул иргэн О.Эээс нэхэмжлэлийн шаардлага болох 612,000 /зургаан зуун арван хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 612 000 төгрөг нэхнэ. Нэхэмжлэгч нь олон харилцагч нарт эд хөрөнгө ашиглуулах гэрээгээр хөлдөөгч төлбөргүй ашиглуулдаг. Гэтэл 2019.3.13-ны өдөр гал гарсан гэж 18-нд НОБГ-с мэдэгдсэн. Бид очиж тайлбар өгсөн. Манай хөлдөөгч дээр шинжээч томилогдсон. Дүгнэлтээр 4.29-нд бид хохирогчоор тогтоогдоод үнэлгээ гарсан. 2019.5.19 өдөр шийтгэлийн хуудсаар зөрчлийн хэрэгт торгууль ногдуулсан. Торгуулийг хариуцагч талд ногдуулсан. Хариуцагч нь торгуулийн шийтгэлийг зөвшөөрөөд 2019.5.31-нд 100 000 төгрөг төлсөн. Захиргааны шүүхэд гомдол гаргаагүй. Хөлдөөгчний хохирлыг төлүүлэх талаар албадан гүйцэтгэх хүсэлт гаргаад буцаагдсан тул нэхэмжлэл гаргасан. Шийтгэлийг зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Хөлдөөгч ашиглуулах гэрээний дагуу гэрээний үүрэг шаардаж байна. Гэрээ байгуулаад шинэ хөлдөөгч өгсөн. Анхны үнэ нь 707 000 төгрөг байсан. Хөлдөөгчний үнэлгээг НОБГ дээр үнэлгээчин гаргасан. Үнэлгээтэй холбоотойгоор хариуцагч гомдол гаргаж байгаагүй. Иргэний хуулийн 342-д зааснаар хохирол барагдуулах үүрэгтэй гэв.

 

Хариуцагч О.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа: 2019 онд би Мянган-Уул хүнсний дэлгүүрийг түрээсэлж байхдаа А ХХК-ийн хөлдөөгчийг түрээсэлж байгаад тус компаний зайрмагны хөлдөөгчний мотор шатсаны улмаас гал гарч надад их хэмжээний хохирол учирсан юм. Гал гарсан үйл явцыг нотлох камерийн бичлэг, видео зураг болон тухайн үед гал унтраасан 35 дугаар ангийн гал унтраагч нарын нотлох баримтууд байгаа юм. Миний бие 2016 оноос эхлэн тархины хавдар тусаж эмчлүүлж байгаа бөгөөд улирал бүр MRI шинжилгээг тогтмол хийлгэдэг. Тэтгэврээс өөр орлогогүй одоогоор эрхэлсэн ажилгүй. Иймд миний аргагүй байдлыг харгалзан үзэж асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 550 000 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсэг нь зах зээлийн үнээс илүү тул зөвшөөрөхгүй. Учир нь хөлдөөгч нь үйлдвэрлэсэн он сар байхгүй. Дэлгүүрт 8 сар гаран ажилласан. Үйлчилгээ хийгдээгүй тул гэмтэлтэй болсон байсан. 6 сар тутамд үйлчилгээ хийгээгүй. Тэгэхээр шинэ хөргөгчнөөс доогуур үнэтэй байх ёстой. Манайд шинээр ирээгүй. Өөр дэлгүүрт ажиллаж байсан хөргөгчийг авчирч өгсөн. Давагдашгүй хүчин зүйлээс болсон гэдгийг анхаарч үзнэ үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээний дагуу 612,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч О.Э нь гал түймэр нэхэмжлэгчийн хөлдөөгчний гэмтлээс шалтгаалан гарсан гэж маргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаас 550,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсэг нь зах зээлийн үнэлгээнээс илүү байх тул зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт зохигчийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан хөлдөөгч ашиглуулах гэрээ байх боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Учир нь уг гэрээнд Тесо компаний хуулбар үнэн гэх тэмдэг дарагдсан боловч уг компани нь нэхэмжлэгчтэй хамаарал бүхий хуулийн этгээд болох нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 085-2-20 дугаар албан тоотоор тогтоогдож байна. /хэргийн 30 дугаар тал/

Гэвч хариуцагч, түүний төлөөлөгч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн хөлдөөгчийг үнэ төлбөргүйгээр ашиглаж байсан эсэх талаар маргаагүй, өөрөөр хэлбэл ашиглаж байсныг зөвшөөрч байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 339 дугаар зүйлийн 339.1-д заасан гэрээний харилцаа үүссэн байна. Уг гэрээгээр эд хөрөнгө ашиглаж байгаа тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах бөгөөд гэрээний хугацаа дуусахад буцаан өгөх үүрэг хүлээнэ.

Харин ашиглаж байсан эд хөрөнгө устсан тохиолдолд Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2-т зааснаар гэм буруугийн хэлбэрээс үл хамаарч тухайн эд хөрөнгөд учирсан хохирлыг ашиглаж буй этгээд хариуцах үүрэгтэй юм.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгчээс олгосон хөлдөөгч нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гарсан гал түймрийн улмаас устсан болох нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 161/772 тоот шинжээчийн дүгнэлт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 39-40 дүгээр тал/

Хариуцагч нь гал түймэр нь нэхэмжлэгчийн хөлдөөгчний гэмтлээс үүдэлтэй гэж тайлбарласан боловч дээрх дүгнэлтэд “гал түймэр гарсан шалтгаан нь тус М ХХК-ний дэлгүүрийн байрны цахилгаан ашиглалт угсралт зохих стандартын дагуу хийгдээгүйн улмаас цахилгаан дамжуулах утсанд шилжилтийн эсэргүүцэл, хэт ачаалал үүсэж гал түймэр гарсан байна.” гэж дүгнэснээр үгүйсгэгдэж байна. Энэхүү байдал нь хариуцагчийг Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасныг зөрчсөн болохыг нотолж байна. Мөн гал түймэр гарах нөхцөл нь хариуцагчийн хөнгөмсөгөөр найдах буюу болгоомжгүй үйлдлийн улмаас үүссэн гэж үзэж хариуцагч О.Эийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 0030692 дугаар шийтгэлийн хуудсаар 100,000 төгрөгөөр торгосон байна. /хэргийн 7 дугаар тал/ Улмаар хариуцагч нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дээрх торгуулийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. /хэргийн 8 дугаар тал/ Ийнхүү торгуулийг төлсөн нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Хариуцагчийн төлөөлөгч нь хууль мэдэхгүйн улмаас шийтгэлийн хуудсанд гарын үсэг зурж, төлсөн гэж маргасан боловч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хууль мэдэхгүй байгаа нь хэн нэгэнд давуу байдал үүсгэхгүй юм.

Иймд хариуцагч нь хуульд зааснаар үнэ төлбөрийг ашиглаж байсан хөлдөөгч устсан хохирлыг хариуцах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь маргаж буй хөлдөөгчид учирсан хохирлыг 612,000 төгрөг гэж тайлбарласан. Улмаар энэхүү үнэлгээ нь шийтгэлийн хуудсаар нотлогдоно гэж тайлбарлаж байна. Гэвч уг шийтгэлийн хуудсыг бүхэлд нь судалж үзвэл түүнд бичигдсэн 612,000 төгрөгний хохирол гэдэг нь нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэхээргүй байна. Учир нь хохирол гэх 612,000 төгрөгийг улсын орлого болгохоор заажээ. Мөн нэхэмжлэгч нь хохирлын үнэлгээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үүргийн дагуу нотлоогүй.

Гэвч хариуцагч нь хөлдөөгч устсан талаар маргаагүй бөгөөд хохирлын хэмжээг буюу 550,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

 

Иймд хариуцагчаас 550,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дугаар зүйлийн 342.2-т зааснаар хариуцагч О.Э-ээс 550,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17,150 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 90 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧД.ГАНБОЛД