| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2019/04951/И |
| Дугаар | 101/ШШ2020/01269 |
| Огноо | 2020-04-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2020/01269
| 2020 о 04 с 13 ө | Дугаар 101/ШШ2020/01269 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ..... дүгээр хороо, Хандгайтын .... гудамж, .... тоотод оршин суух, Лхагважавын А /РД:.........../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .... дүгээр хороо, .... байрны ... тоотод оршин суух, Нямдоржийн Б /РД:............/-д холбогдох,
39,777,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “....Иргэн Лхагважавын А би иргэн Нямдоржийн Бтай 2015 оны 07 сарын 06-ны өдөр харилцан тохиролцож орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Тухайн үед Н.Бгийн Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дээр барьж байсан 96 айлын орон сууцны барилгаас 1кв.м талбайг 1,000,000 төгрөгөөр бодож 39 кв.м талбай бүхий байрыг 39,000,000 төгрөгөөр худалдан авах захиалга өгсөн юм. Гэрээнд захиалагч тал буюу Л.А би байрны үнэнд Субару аутбак /Subaru outback/ маркийн суудлын автомашиныг үнэ 35,000,000 төгрөгөөр үнэлж өгөх үлдэх 4,000,000 төгрөгийг байр хүлээн авах үед төлөхөөр , гүйцэтгэгч тал буюу Н. Б орон сууцыг 2015 оны 4-р улиралд багтаан орон сууцны түлхүүрийг надад гардуулан өгөхөөр гэрээлсэн. Би гэрээний үүргийн дагуу 2015 оны 07 сарын 06 -ны өдөр дээрх автомашиныг захиалагчид хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн өдөр Н. Б, түүний инженер Чагнаа нар хамтран үзэж хүлээн авсан. Гэвч Н.Б гэрээгээ зөрчиж тохиролцсон хугацааг хэтрүүлсэн бөгөөд барилгаа барьж дууссан, 2018 оны 3-р сард улсын комисст хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэл надад ямар нэг орон сууц өгөлгүй хохироож байна. Би Н.Бгаас гэрээний үүргийн дагуу байр өгөхийг удаа дараа шаардсан боловч тэр элдэв шалтаг зааж, үндэслэлгүйгээр маргаж өнөөдрийг хүрч намайг хохироосон тул шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Орон сууц захиалгын гэрээний Гуравдугаар зүйлийн 3.3-т гүйцэтгэгч тал “... орон сууцыг хугацаанд хүлээлгэн өгөлгүй 60 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0.01 хувийн алданги тооцож захиалагчид олгох”-оор заасан. Иймд 2016 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хоногоор тооцвол:
2016.3.1-2016. 12.31= 306 хоног
2017.1.1- 2017.12.31= 365 хоног
2018.1.1-2018.12.31= 365 хоног
2019.1.1- 2019.11.15= 319 хоног, нийт хугацаа хэтрүүлсэн хоног 1355 хоног болж байна. Урьдчилан төлсөн 35’000’000 төгрөгийн алдангийг 0.01%-иар тооцоход 1 хоногт 3500 төгрөг байна. Гэрээний хугацаа хэтрүүлсэн алданги 1355 * 3500 төг= 4,777,500 төгрөг болно. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 1, 225, 226 дугаар зүйл, 227 дугаар зүйлийн . 227.1 205 дугаар зүйлийн 205.1, 493 дугаар зүйлийн 493.1 дахь заалтуудыг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Иймд Н.Бтай 2015.07.06-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-нээс татгалзсанд тооцож, Н.Бгаас 39,777,500 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Л.А нь 2015-07-06-ны өдөр Н.Бтай гэрээ байгуулсан. Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 90 айлын орон сууцнаас 1м.квадратын үнийг 1,000,000 төгрөгөөр тооцож 39м.кв талбай бүхий байрыг 39,000,000 төгрөгөөр худалдаж авахаар байгуулсан. Гэрээний загварыг худалдагч тал гаргаж өгсөн Хүснэгтэд тодорхой зүйл бичигдээгүй байсан учраас өөрсдөө ярилцаж байгаад гараараа 7 давхрын байрнаас авна гэж нэмж бичсэн гэсэн. Субару маркийн суудлын авто машинаа 35,000,000 төгрөгөөр үнэлээд, Б 2015 оны 4-р улиралд багтааж орон сууцны түлхүүрийг гардуулж өгөхөөр тохиролцсон. Гэхдээ Б тухайн байрыг хугацаандаа барьж дуусаагүй. 2018 оны 3-р улиралд тухайн орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш тухайн байраа Л.Ад өгөөгүй. Машиныг нь бол гэрээ хийсэн өдрөө Б авсан. Машиныг шилжүүлэх бүртгэлийг хийлгэх гээд 10 гаруй хоногийн дараа авто газар очиход 12 удаа торгуулсан байсан. Торгуулийн төлөөд нэр дээр нь шилжүүлж өгсөн. Бгаас байраа удаа дараа шаардсан ч элдэв шалтаг заагаад сүүлдээ тэр байранд очоод үзтэл өөр хүнд өгөхөөр болсон байсан. Агаас машиныг нь авч хэрэглэчхээд 2018 онд байр ашиглалтад ороход байраа авах гээд очиход өөр хүнд би энэ байрыг худалдаж авсан гэрээтэй гэсэн. А мөнгө буцааж авах гэтэл чи машинаа буцааж ав гэсэн. Буцааж авах гэтэл жилийн дараа машиныг өөр хүнд зарсан байсан. Тэгээд өөр хүнд зараад авсан хүн нь унаж яваад эвдрэхэд нь Бд өгөөд Б Ад буцааж өгөх гэсэн. Тиймээс байраа л авъя гэхэд байрыг өөр хүнд зарсан гэсэн. Ингээд байр ч үгүй машин ч үгүй болсон. Хэрвээ тохиролцоогүй байсан бол тэр машиныг хүлээж авахгүй. Бид нар одоо байр ч үгүй машин ч үгүй учраас мөнгө буцааж авъя. Тэр машиныг 69,000,000 төгрөг мөн зээлийн хүү, даатгал гээд 74,000,000 төгрөгөөр авсан машин. Үнэлгээ тогтооход уг машиныг 31 хувийн элэгдэлтэй гэж тооцжээ. Элэгдлийг уг машиныг авсан зардлаас хасаж үзэхэд 39,000,000, төгрөг шаардах боломжийн байна. Үнэлгээ 25,000,000 төгрөг гэсэн байхад хариуцагч тал 22,000,000 төгрөгөөр эвлэрье гэсэн нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Л.Атай Орон сууц захиалгын гэрээ 2015 оны 07 сарын 06-ны өдөр харилцан тохиролцож орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулахаар ярилцаж машин өгч байрны төлбөр төлөгдөхөөр тохиролцсон. Тухайн өдөр орон сууцны нийт үнийн дүнтэй тэнцэхүйц автомашинаар төлбөрөө төлөхөөр тохирсон. Авчирч өгөх машины үнэ байрны үнэ дүйх ёстой учир машинаа аваад хүрээд ирнэ тэгээд хэдэн м.кв байр авахаа ярилцъя гэж тухайн үед тохирсон. Гэвч 8 сарын эхээр Л.А нь Субару аутбайк маркийн 8849 УНЦ улсын дугаартай автомашин авчирч үзүүлсэн бөгөөд уг автомашин нь Монголд орж ирээд 5 жил явсан байсан учраас үнийн дүн дээр тохироогүй. Гэтэл хэд хоногийн дараа зөрүү мөнгө өгөөд тохирох тухай ярьсан бөгөөд уг автомашинаа шилжүүлээд авчих тэгээд зөрүү мөнгө өгөөд гэрээгээ баталгаажуулна гэж тохирсон.Ингээд уг машиныг өөрийн эхнэрийн нэр дээр уг машиныг шилжүүлж авсан бөгөөд үнийн дүнг 20.000.000 төгрөг гэж тохироод гэрээгээ 32.9 м.кв 1 өрөө байрыг 49,350,000 төгрөг байхаар тогтож үлдэгдэл 29,350,000 төлөөд гэрээний ерөнхий нөхцөлд хэдэн м.кв талбайтай хэдэн өрөө байрыг хэдэн төгрөгөөр тооцох тухай гэрээнд зааж баталгаажуулах ёстой байсан. Гэвч Л.Ад итгэж автомашин шилжүүлж авсны дараа олон төрлийн шалтаг тоочиж тохирсон мөнгөө төлөөгүй бөгөөд бид уг гэрээний ерөнхий зүйлийг ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Хэд хэдэн удаа машиныг буцааж өгөх тухай хэлсэн боловч олон төрлийн шалтаг тоочиж хүлээгээч гэрээгээ баталгаажуулна. Хүлээх тухай хэлж байсан. Уг гэрээнд Л.А нь Субару аутбайк маркийн 8849 УНЦ улсын дугаартай суудлын автомашиныг шилжүүлж өгсөн боловч уг автомашин нь 2015 оны 12 сард эвдэрсэн бөгөөд Субару авто центр дээр очиход цахилгааны масс үүсэж моторын компьютер шатсан гэх онош гарсан. Уг моторын компьютерыг Субару центрээс захиж авчруулсан боловч түлхүүр дээр дагалдаж ирдэг чип код шаардлагатай уг чип кодгүй бол засах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө автомашин эвдэрчихлээ гэдгийг үнэнээр нь хэлсэн бөгөөд шаардлагатай гээд байгаа чип кодыг нь танд байх ёстой юм байна гэдгийг нь хэлсэн. Гэвч чип кодыг өгнө үлдэгдэл төлбөрийг ч бас өгнө гээд худал хэлж хэсэг хугацаа болсон. Удалгүй 2017 зун машинаа авч явна гэж хэсэг хугацаа болсон. Уг автомашиныг буцааж авах тухай ярьж байсан болохоор хаана байгаа газарт хүргээд өгөх тухай хэлж байсан ч аваагүй.
Ингээд өнөөдрийг хүртэл дулаан гражинд өнөөдрийг хүртэл хадгалж байна. Гэтэл та нар машин эвдсэн юм чинь би байранд орно гэж шаардаж эхэлсэн. Л.Ад олон удаа тайлбарласан та үлдэгдэл төлбөрөө төлөөд гэрээгээ баталгаажуулаагүй эсвэл мөнгөө өгөөд өөр хувилбараар тохирох гэсэн боловч үгүй гээд асуудалд бодитой хандахгүй байсан. 2017 оны 9 сарын 23-ны өдөр Л.Агийн хамаатан болох И.Алтанзул нь 53,14 м.кв 2 өрөө байрыг 79,710,000 төгрөгөөр Орон сууц захиалгын гэрээ мөн хийсэн байдаг. И.Алтанзулаас Л.Апимаа нь Орон сууцны захиалгын гэрээний төлбөрийг дундаас нь авсан байдаг бөгөөд И.Аптанзулаас Л.Ад 29,310,000 өгсөн байсан. И.Алтанзул нь А эгч та нарт өгөөгүй юм уу гээд асуудал үүссэн. Л.А нь бидэнд өгсөн мэт худлаа хэлж бусдын мөнгийг авсан байсан. Ингээд олон удаа нэхэж хуулийн байгууллагаар явна гэхэд Н.Б гэсэн худалдаа хөгжлийн банкны дансанд 2017 оны 11 сарын 15-нд дансаар шилжүүлэн өгсөн. Л.Ад та үлдэгдэл төлбөрөө төлөөд байрандаа орохгүй бол өөр хүнд зарж борлуулах гээд байна гэдгийг мэдэгдсэн бөгөөд ямар нэгэн хариу өгөөгүй, та хэлэлцэж тохирсон зүйлээ биелүүлээгүй учир гэрээгээ байгуулах боломжгүй гэдгээ илэрхийлж хэд хэдэн удаа холбогдож хэлж байсан. Та энэ машинаа ав, засах сэлбэх асуудлыг чинь би хийгээд өгье гэхэд зөвшөөрөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймд 2015 оны 07 сарын 06-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. 25 сая төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.А хариуцагч Н.Бд холбогдуулан “гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн авто машины үнэд 35,000,000 төгрөг, алдангид 4,777,500 төгрөг, нийт 39,777,500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна.
Хариуцагч “байр авахаар болзол тавьж гэрээ хийсэн, байрны үнэтэй дүйцэхүйц авто машин өгөөгүй, гэрээ байгуулагдаагүй, авто машиныг 35 сая төгрөг гэж тохироогүй” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Л.А хариуцагч Н.Б нарын хооронд Н.Бгийн барьж ашиглалтад оруулах байрнаас 39 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг 1,000,000 төгрөгөөр тооцож, нийт 39,000,000 төгрөгөөр худалдах, Л.А 39,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн, автомашиныг 35,000,000 төгрөгөөр тооцож шилжүүлэхээр тохиролцсон худалдах, худалдан авах гэрээ амаар болон бичгээр байгуулагдсан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч талын хэрэгт өгсөн 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “орон сууц захиалгын гэрээ”-нд талууд худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлд хамаарах хэдэн давхрын ямар хэмжээтэй орон сууцыг барьж ашиглалтад оруулах, гэрээний үнэ зэргийг тодорхой тохиролцоогүй байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн уг гэрээний сүүл хэсэгт бичигдсэн “Тайлбар, машинаар 1 өрөө байр сольсон, машинаа 35,0 сая бодож 39м.кв байрыг 1,0 саяар бодож 39-35=4,0 сая өгөх боллоо. 7 давхрын байрнаас” гэх бичвэр нь талуудын хооронд 39 м.кв байрыг 1 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаныг, авто машиныг 35 сая төгрөгт тооцож шилжүүлэн авсныг тус тус нотолж чадахгүй, Тайлбар гэх бичвэрийг хэн бичсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгч тал “Н.Бгийн компанийн ажилтан бичсэн” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.
Нэхэмжлэгч Л.А хариуцагч Н.Бд 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Н.Бгийн барьж ашиглалтад оруулах байрнаас авахаар урьдчилан тохиролцсоны дагуу 88-49 УНЦ улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн Субару аутбайк /Subaru outback/ маркийн авто машиныг шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Хариуцагч талын “байр захиалан бариулахаар тохиролцсон нь үнэн боловч авто машин нь шаардлага хангаагүй учир үнийн дүн дээрээ тохироогүй, авто машиныг шилжүүлэн авсны дараа гэрээгээ байгуулъя гэж Л.Агаас удаа дараа шаардсан боловч гэрээ байгуулаагүй өдийг хүрсэн” гэх тайлбар үндэслэлтэй байх ба Н.Б “худалдах, худалдан авах гэрээ байгуулах”-аар төлөвлөж Л.Агаас 88-49 УНЦ улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн Субару аутбайк /Subaru outback/ маркийн авто машиныг нь шилжүүлэн авсныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл Л.А, Н.Б нарын хооронд үүрэг үүсээгүй, үүрэг үүссэн болох нь тогтоогдохгүй байх тул Н.Б Л.Агаас авсан 88-49 УНЦ улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн Субару аутбайк /Subaru outback/ маркийн авто машиныг буцаан шилжүүлэх үүрэгтэй байна.
2015 оны 8 сарын 11-ний өдөр авто машиныг Н.Б шилжүүлэн авснаас хойш одоог хүртэл эзэмшиж, өмчилж байгаа атлаа одоо гаргаж буй ... 2015 оны 12 сард авто машины моторын компьютер шатсан, чип кодын Л.А өгөөгүй... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Хариуцагч Н.Б 2015 оноос хойш маргаан бүхий авто машиныг эзэмшиж, ашигласнаас чанар байдал муудсан үндэслэлээр нэхэмжлэгч тал авто машины үнийг нэхэмжилж байгааг буруутгах үндэслэлгүй байх ба Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т “Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө” гэж заасанд нийцэж байна.
Авто машины үнийг 35,000,000 төгрөгт тооцохоор тохиролцсон болохоо нэхэмжлэгч тал баримтаар нотолж чадаагүй, хариуцагч талын хүсэлтээр томилсон шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин үнэлгээг тогтоолгохоор хүсэлт гаргаагүй тул “Вендо” ХХК-ийн авто машины 2015 оны 8 сарын байдлаарх үнийг 25,200,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр тооцох нь зүйтэй.
Л.А, Н.Б нарын хооронд үүрэг үүсээгүй, үүрэг үүссэн болох нь тогтоогдоогүй тул гэрээний 3.3-т зааснаар нэхэмжлэгч хариуцагчаас алданги шаардах эрхгүй байна.
Иймд хариуцагч Н.Бгаас 25,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Ад олгож, нэхэмжлэлээс авто машины үнэд илүү нэхэмжилсэн 9,800,000 төгрөг, алдангид нэхэмжилсэн 4,777,500 төгрөг, нийт 14,577,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Бгаас 25,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Ад олгож, нэхэмжлэлээс 14,577,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,837 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бгаас 283,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ