| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2020/01017/И |
| Дугаар | 1093 |
| Огноо | 2020-04-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 1093
| 2020 04 01 | 101/ШШ2020/01093 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ч
Хариуцагч: Б.А холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 10,799,249 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д хариуцагч Б.А Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.А нь ээж Б.Чийн хамт 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг сарын 8 хувийн хүүтэй, 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг сарын 8 хувийн хүүтэй, 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 577 ам доллар сарын 8 хувийн хүүтэй 577 ам долларын хүүг 1.000.000 төгрөгнөөс тооцно гэж, 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөг сарын 8 хувийн хүүтэй тус тус авсан. Хариуцагч Б.А нь өөрийн иргэний үнэмлэхний лавлагааны арын хуудсанд Зээлийн хүүгээ үндсэн зээлээ төлж дуусталаа өгнө гэж бичиж тохирсон байдаг. Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл хугацаанд 1.280.000 төгрөг л төлсөн байна.
Зээлүүлсэн мөнгөний тус бүрийн хүүг өнөөдөр хүртэл хугацаанд бодоход:
Иймд хариуцагч Б.А, Б.Ч нараас 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлсэн 1.000.000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлсэн 1.000.000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зээлсэн 577 ам доллар буюу 1.579.249 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлсэн 1.500.000 төгрөг, үндсэн зээл нийт 5.079.249 төгрөг хүүнд 7.000.000 төгрөг нийт 12.079.249 байна. Үүнээс хариуцагч 1.280.000 төгрөг өгсөн. Иймд 10.779.249 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
Үндсэн зээлд 5 079 249 төгрөг, хүүнд 7 000 000 төгрөг, нийт 12 079 249 тооцогдсон. Үүнээс 1 280 000 авсан авсан гэж буруу бодсон. Өнөөдөр шаардлагаа 410 000 төгрөгөөр багасгаж байна. Өмнө авсан мөнгөө дутуу тооцсон тул 410 000 төгрөгөөр хасаж байна. Иймд 10 389 249 төгрөг гаргуулна. 2013.10.28-нд 1 сая төгрөг, 2014.2.8-нд 1 сая төгрөг, 2014.2.15-нд 1 579 249 төгрөг, 2014.3.6-нд 1 500 000 төгрөг нийт 5 079 249 төгрөг зээлсэн. Үүнээс 1 690 000 авсан. Үүнийг хүүнд суутгаж авсан. Хүүг тооцож үзэхэд нийт 25 400 000 төгрөг болж өндөр гарч байгаа тул нэхэмжлэгч нь хүүнд 7 сая төгрөг нэхэж байгаа болно. 2013 оны 1 сая төгрөгийг буцааж өгсөн гэсэн боловч 2015 оны лавлагааны ард гараар бичсэн зүйлээр төлөөгүй нь харагдана. Нэхэмжлэгч нь 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хүлээн аваагүй тул цагдаад гомдол гаргаж байсан. Анх бичгэн хэлбэрээр гэрээ байгуулаагүй бөгөөд хүүтэй зээлсэн гэдгээ сүүлд иргэний үнэмлэхний ард гараараа бичиж өгсөн. 577 ам долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон бөгөөд доллар өгсөн талаар баримт үйлдээгүй гэв.
Хариуцагч Б.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.А нь болон ээж Ч-оос нэхэмжилж буюу 10,000,000 тухай мөнгийг өгөхгүй байх шалтгаан. Миний бие аав Б, ээж Ч нарын хамт амьдардаг. Ээж маань олон хүнд буян ном хийж явдаг нэгэн. Анх С гэдэг эгч ээж дээр ирж үр хүүхдээ үзүүлж сайхан боллоо гээд ирж очиж байдаг байсан. Тухайн үед ээжид маань сайхан болсон шүү гэж хэлээд бас би хүүтэй зээлдэх тухайгаа ярьж байсан байна гэнэлээ. Миний аав тааруу эмнэлэгт хэвтэх болоод 2003 онд С эгчээс мөнгө зээлсэн юм. Тухайн үед 1,000,000 төгрөг зээлүүлээч гэсэн бэлэн мөнгө одоо алга охиныг дагуулж яваад аваа хэлсэн би дагаж очиж авсан авч байхад бас нэг эгчид мөнгө гаргаж өгөж байсан 4-5 хугацаатай авсан болохоор бас хүүгүй болсон болохоор тэр ондоо багтаагаад бэлэн 920,000 банкаар 80,000 өгөж барагдуулсан. Түүний дараа ирэн очин явж байсан, энэ хүн. Аав нэг бие дээрдэхгүй байсаар зүүн талын чөмгөнд эм хийх шаардлагатай гэсэн болохоор дахиад л энэ хүнээс мөнгө авсан. Миний дүү хүүгүй аваа гэж ээжид маань хэлсэн. Ингээд миний бие энэ хүнээс 3,500,000 төгрөг авсан, уг нь анх ярилцсанаар бол хүүгүй аваа гээд өгсөн харин одоо болохоор өндөр хүү нэхэж байгаа нь хэлсэн ярисанаа буцаж уулзаад мөнгөө боломжоороо гээд хүртэл очиж байхад намайг цагдаад өгнө, үүнийг бич гээд цаас гаргаж ирэн өөрийн хэлсэнээр бичиж өгвөл чамайг явуулна гэж хэлээд айлгаж сүрдүүлсэн. Арга буюу би бичиж өгсөн гэхдээ анай таны хэлсэнээр бичлээ шүү дараа бас 4-5 хугацаатай зээлсэн хүүгүй гэж ээжид маань он өдөр энэ тэр бүх юм байгаа. Гэтэл намайг цагдаад барьж өгч дараа нь цагдаа дээр өөрөө буруутан болсон юм. Ээжийг маань янз бүрээр доромжлон гутааж утсаар янз бүрээр хэлсэн луйварчин авгай гэх мэтээр доромжилж байсныг цагдаа хүртэл мэдэж байгаа. Ээж бид хоёр чадлаараа мөнгө өгч ирлээ. Аав маань асаргаанд болохоор энэ хугацаанд 1,710,000 төгрөг өгсөн баримт бас хавсаргаж өглөө. Одоо үлдэгдэл 1,790,000 төгрөг өгөх байна. Иймд иргэний хуулбарын ард бичиж өгөөгүй хуулбараас энэ хүмүүст гаргаж өгөөгүй байтал өндөр хүү нэхэж дарамтлан бичүүлсэн бичгийг минь баримт болгож байгаад гайхаж байна. Шүүх цагдаагийн байгууллага та минь үнэн зөвийг олж өгнө гэдэгт итгэлтэй байгаа дараа нь энэ хүмүүсийг мөнгө хүнд зээлж өндөр хүү нэхэж байдаг хүмүүс юм гэдгийг мэдэж авлаа.
Нэхэмжлэлээс 1 810 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгчтэй хуурай эгч дүүгийн харьцаатай байдаг. Манай аав хөлөө тайруулж хөдөлмөрийн чадваргүй болсон. Аав гэнэт өвдөхөд 2013 онд 1 сая төгрөг зээлсэн. 80 000 төгрөг дансаар буцааж өсгөн. Үлдэгдэл 920 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэрээ хийе гэсэн боловч хүү гэж яриагүй тул баримт үйлдэлгүй авч явсан. Аав дахиж эмнэлэгт хэвтсэн тул 2014 онд 3.5 саяыг зээлсэн. Үүнийг 4-5 сарын хугацаатай авсан. Нэхэмжлэгч нь боломжоороо өгөөрэй гэсэн. Хүү тооцохгүй гэсэн. Аав хагалгаанд орж гарч ирээд дахиж хагалгаанд орох болсон. Боломжоороо өгөөрэй гэсэн болохоор 1 690 000 төгрөг дансаар өгсөн. Өөр мөнгө зээлж аваагүй. Нийт 4 500 000 төгрөг зээлээд 2 690 000 төгрөг буцааж өгсөн. Иймд 1 810 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Анх зээлэхдээ хүү тооцно гэж тохироогүй тул хүү төлөхгүй. Нэхэмжлэгч нь манай амьдралыг мэднэ. Иргэний үнэмлэхний ард бичсэн зүйлийг намайг цагдаад өгч айлгаж байгаад бичүүлсэн гэв.
Хариуцагч Б.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээс 1 810 000 төгрөгийг төлнө. Нэхэмжлэгч нь анх 2012 онд манайд ирсэн. 15 жил танил байсан. Нэхэмжлэгч нь хүнд өндөр хүүтэй мөнгө өгдөг гэж ярьж байсан. Нэхэмжлэгч нь мөнгө зээлэхдээ хүүгүй бөгөөд боломжоороо өгөөрэй гэсэн. 2017 онд нэхэмжлэгч бид нар хуулийн байгууллага дээр очиход хэрэгсэхгүй болгосон. Тэр байгуулагын хүнд би мөнгөний баримтаа үзүүлэхэд намайг яв гээд нэхэмжлэгч тэндээ үлдсэн. Нэхэмжлэгчийг анх ярьсанаасаа өөрөөр их мөнгө нэхэж байгаад гомдож байна. Намайг хэл амаар доромжилсон. 2019 онд зүгээр байж байгаад 2020 онд энэ асуудал гарч ирсэн гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь зээлийн гэрээний үүрэгт нийт 10,799,249 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 410,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 10,389,249 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хариуцагч Б.А, Б.Ч нар нь зээл авсан эсэх талаар маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагаас 1,810,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зээл нь хүүгүй байсан бөгөөд зарим хэсгийг буцаан төлсөн гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1,500,000 төгрөгний зээл олгогдсон эсэх талаар маргахгүй байна.
Харин нэхэмжлэгч нь 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 577 ам долларын зээл олгосон гэж тайлбарласан бол хариуцагч нар нь тухайн өдөр 1,000,000 төгрөг авсан гэж маргаж байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч Б.Агийн иргэний үнэмлэхний лавлагааны ард гараар бичсэн баримтаар 577 ам долларын зээл олгосон болох нь тогтоогдоно гэж тайлбарласан. Хариуцагч Б.А нь уг бичгийг бичсэн талаар маргаагүй боловч, сүрдүүлж бичүүлсэн, зөвшөөрөхгүй гэж маргасан. Гэвч уг гараар бичсэн зүйл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Түүнчлэн уг гараар бичсэн зүйлд зохигчдын маргаж буй 577 ам доллар биш харин 1,000,000 төгрөг олгосон талаар бичигдсэн болохыг дурдах нь зүйтэй. /хэргийн 4 дүгээр талын ар/
Эдгээрээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.
Нэхэмжлэгч нь 577 ам долларын зээл олгосон гэх тайлбараа нотолж чадаагүй тул тухайн үед олгогдсон зээлийг хариуцагч нарын зөвшөөрсөн хэмжээ болох 1,000,000 төгрөгийн зээл олгосон гэж үзэх нь зүйтэй. Уг 1,000,000 төгрөг дээр өмнө нь олгосон, зохигч маргаагүй зээлийн хэмжээ болох 3,500,000 төгрөгийг нэмж тооцвол нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 4,500,000 төгрөгний зээл олгосон байна.
Хариуцагч нар нь нийт 2,690,000 төгрөгний зээлийг буцаан төлсөн гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч нь 1,690,000 төгрөг буцаан авсан гэж маргасан.
Хэрэгт байгаа орлогын мэдүүлгүүдийн дүнг тооцвол нийт 1,680,000 төгрөгийг буцаан төлсөн байна. /хэргийн 28-37 дугаар тал/ Энд 33 дугаар талд байгаа баримтыг үнэлэх боломжгүй байсан бөгөөд харин 35 дугаар талд байгаа баримтын мөнгөн дүн гэсэн хэсэг бүрэн уншигдахгүй байгаа боловч дэвсгэртийн тоо болон мөнгөн дүн гэсэн хэсгийг харьцуулан үзэж 10,000 төгрөг буцаан төлсөн гэж дээрх тооцонд оруулан тооцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй. Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь буцаан төлсөн мөнгөн дүнг 1,690,000 төгрөг гэж тайлбарлаж байх тул хариуцагч нар нь 1,690,000 төгрөгийг буцаан төлсөн гэж үзнэ.
Мөн хариуцагч нар нь дээрхээс гадна 980,000 төгрөгийг бэлнээр буцаан төлсөн гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг нотолж чадаагүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч үгүйсгэж маргасан тул 980,000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлсөн гэж үзэх боломжгүй.
Зохигч зээл олгох үед зээлийн гэрээг бичгэн хэлбэрээр хийгээгүй гэдэгт маргаагүй. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах эрхгүй.
Дээрх үндэслэлийг нэгтгэн тооцвол олгогдсон зээл болох 4,500,000 төгрөгнөөс буцаан төлсөн болох нь тогтоогдсон 1,690,000 төгрөгийг хасвал хариуцагч нар нь 2,810,000 төгрөгийг буцаан төлөх зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Түүнчлэн хариуцагч нар нь зээлийг өөрийн нөхөр, өөрийн эцгийн эмчилгээний зардалд зориулан авсан гэж тайлбарлаж байх тул хариуцагч нараас хамтад нь зээлийн гэрээний үүргийг гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.А, Б.Ч нараас зээлийн гэрээний үүрэгт 2,810,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,579,249 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 59,910 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 62 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД