| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2020/00947/И |
| Дугаар | 1157 |
| Огноо | 2020-04-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 1157
| 2020 04 06 | 101/ШШ2020/01157 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ф ХХК ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О холбогдох,
2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 21/18-03 тоот “байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх” гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 9,642,966 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн төлөөлөгч В.В., хариуцагчийн төлөөлөгчийн орчуулагч П.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ф ХХК нь нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О нь Ф ХХК-тай байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 21/18-03 тоот “Байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх” гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 9,642,966 төгрөгийг гаргуулах тухай. Манай компани нь хариуцагч О газартай 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 21/18-03 тоот “Байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх” гэрээтэй юм. Уг гэрээгээр Гүйцэтгэгч тал буюу хариуцагч О нь гэрээний нөхцөлд нийцүүлэн Захиалагчийн / Ф ХХК/ төлөөлөгчдийг доорх байранд түр байршуулах үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээх нөхцөлийн дагуу 4 564,00 м.кв нийт талбай бүхий ............ орон сууцны байранд байршуулах, Захиалагч буюу манай Ф ХХК нь энэ үйлчилгээний төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж тохиролцсон. Мөн энэхүү гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэхүү гэрээ нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болох бөгөөд талууд гэрээний бүх нөхцөлийг биелүүлсэний дараа дуусгавар болно” гэж заасан. Нэхэмжлэгч компанийн хувьд гэрээний дагуу үйлчилгээний төлбөрийг хариуцагчид бүрэн төлсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 -д “Энэхүү гэрээний аль нэг тал нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй эсвэл зүй ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд буруутай тал нь нөгөө талд / эрх нь зөрчигдөөгүй байсан бол авах ёстой байсан дутуу орлого ... болон зардал/ хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй эсвэл зүй ёсоор гүйцэтгээгүй улмаас гарсан алдагдал бүхий нөхөн төлбөрийг төлөх болно” гэж заасан. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “... Гүйцэтгэгчийн үйлчилгээ үзүүлэх үед Объектыг байлгах, ашиглах талаар бүх зардал нь сард 600,00 (зургаан зуун) ам. Доллар ...” байна, уг зардлыг гүйцэтгэгч тал буюу хариуцагч төлөхөөр гэрээгээр тохиролцсон. Гэтэл хариуцагч нь манай байгууллагыг тус байранд орсноос хойш cap бүр гарах ашиглалтын уг зардлыг огт төлөөгүй бөгөөд нийт 12,186,656 төгрөгийн ашиглалтын зардлаас нэхэмжлэгч тал өнөөдрийг хүртэлх хугацаанд байрны ашиглалтын зардалд /эрчим хүчний зардал/ нийт 9,642,966 төгрөгийг хариуцагчийн өмнөөс төлж хохирол амсаад байна. Иймд дээрх мөнгийг хариуцагч талаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Хэрэв хариуцагч гэрээний үүргээ биелүүлж, cap бүр гарах ашиглалтын зардлын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөөд явж байсан бол манайх өмнөөс нь ашиглалтын зардал төлж ийм их хэмжээний мөнгө санхүүгээр хохирохгүй байх байсан. Хариуцагч тал нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээгээ дүгнээгүй, талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болоогүй байхад бидэнд огт мэдэгдэлгүйгээр “Н” гэх ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 101/19-01 тоот гэрээг давхар байгуулсан байх ба бидэнд уг гэрээгээ 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр мэдэгдсэн юм. Нэгэнт анх манай компанитай байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр хэвээр байхад гэрээний зүйлийг дахин өөр байгууллагатай давхар гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй, үүнийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар хариуцагч байгууллага нь талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 21/18-03 тоот “Байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх” гэрээний хугацаа дуусгавар болсон тул хариуцагч байгууллага нь “Н” ХХК-тай гэрээ байгуулсан гэж тайлбарладаг бөгөөд энэ нь үндэслэлгүй, хариуцагч талын манай компанитай байгуулсан уг гэрээний хугацаа үргэлжлүүлэн сунгагдсан, дуусгавар болоогүй хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Одоогоор хариуцагч байгууллага нь “Н” ХХК-тай гэрээ байгуулсан гэх шалтгаанаар манай компанийг үндэслэлгүйгээр ...........орон сууцны байрыг “Н” ХХК-д чөлөөлж өгөхийг шаарддаг бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй, гэрээ хүчин төгөлдөр хэвээр байхад манай компани гэрээний зүйл болох дээрх байрыг чөлөөлж өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд О нь Ф ХХК-тай байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 21/18-03 тоот “Байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх” гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 9,642,966 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй О холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас тус шүүхэд гаргасан хариу тайлбарт холбогдуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Хариуцагч хариу тайлбартаа О байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний 24 дүгээр зүйлд “Гэрээний дагуу хүлээх үүрэг нь зохигчдын сонгож авах улсын хууль тогтоомжоор тодорхойлогдоно” гэж заасан. Нэхэмжлэлд гаргасан 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №21/18-03 тоот Гэрээний 5 дугаар зүйлийн дагуу Гэрээний хэрэгжилтэнд хэрэглэх хууль нь ОХУ-ын хууль болно, ... маргаан зөрчилдөөнийг ОХУ-ын хуульд нийцүүлэн Арбитрын шүүхийн харьяалалтай бол Москва хотын Арбитрын шүүхээр шийдвэрлэгдэнэ гэж заагдсан. Гэрээний 5-р зүйлд Талуудын сонгосон эрх хэрэглэх хууль нь ОХУ-ын хууль болно шууд буюу тодорхой утгаар заасан ...” гэжээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Хэрвээ ОХУ-ын нутаг дэвсгэр дээр Талын /хариуцагчийн/ эд хөрөнгө байхгүй . ..талуудын аль нэг нь энэхүү гэрээнээс бий болох зохих зөрөлдөөн, маргаан, гэрээний хэрэгжилт .... зөрчил, хүчингүй болгох шийдвэрийг шүүхийн дэг журамд нийцүүлэн .... эсвэл маргаантай асуудал хянан шийдвэрлэх эрх бүхий Объект байрших газрын улс орны болон Талын /хариуцагчийн/ эд хөрөнгө байрших газрын шүүхэд гаргах эрхтэй юм.” гэж заасан. ИХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлд “Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах талаар заасан бөгөөд 14.2-т “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана.” гэж заасан. Хариуцагч байгууллага нь албан ёсоор байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хариуцагчийн оршин байгаа газрын шүүхэд явуулахаар хуульд заасан болно. Иймд уг хэрэг маргаан нь Монгол улсын шүүхээр шийдвэрлэгдэх бөгөөд бидний зүгээс хэргийн харьяалал зөрчөөгүй болно.
2. Хариуцагч хариу тайлбартаа "... нэхэмжлэгч хэрэглээний зардлын төлбөрийг дур мэдэн төлсөн ... дур мэдэн ямар ч төлбөр тооцоог төлж болохгүй гэдгийг удаа дараа сануулж байсан. Нэхэмжлэгчийн гаргасан баримт бичгээс үзэхэд нэхэмжлэгчийн ашиглалтын зардлыг төлсөн хугацаа нь 2018 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 21/18-03 тоот гэрээний үйлчлэх хугацаанаас хэд дахин илүү байгаа нь харагдаж байна.” гэжээ. Талуудын хоорондын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “... Гүйцэтгэгчийн үйлчилгээ үзүүлэх үед Объектыг байлгах, ашиглах талаар бүх зардал нь сард 600,00 (зургаан зуун) ам. доллар ...” байна, уг зардлыг гүйцэтгэгч тал буюу хариуцагч төлөхөөр гэрээгээр тохиролцсон. Гэтэл хариуцагч нь манай байгууллагыг тус байранд орсноос хойш cap бүр гарах ашиглалтын уг зардлыг огт төлөөгүй, бид уг төлбөрөө төлөхийг хариуцагчаас шаардаж байсан боловч хариуцагч уг зардлыг төлөөгүй бөгөөд манай байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд ашиглалтын зардлыг нэхэмжлэгч байгууллагуудад зайлшгүй төлөх шаардлага үүссэн. Иймд нэхэмжлэгч тал нь ашиглалтын зардлаас 9,642,966 төгрөгийг хариуцагчийн өмнөөс төлж хохирол амсаад байна. Иймд дээрх мөнгийг хариуцагч талаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Хэрэв хариуцагч гэрээний үүргээ биелүүлж, cap бүр гарах ашиглалтын зардлын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөөд явж байсан бол манайх өмнөөс нь ашиглалтын зардал төлж ийм их хэмжээний мөнгө санхүүгээр хохирохгүй байх байсан. Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэхүү гэрээ нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болох бөгөөд талууд гэрээний бүх нөхцөлийг биелүүлсэний дараа дуусгавар болно” гэж заасан. Нэхэмжлэгч компанийн хувьд гэрээний дагуу үйлчилгээний төлбөрийг хариуцагчид бүрэн төлсөн, гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд уг гэрээ нь хүчин төгөлдөр хэвээр байгаа юм. Иймд хариуцагчийн тайлбарлаад байгаа шиг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 21/18-03 тоот гэрээний үйлчлэх хугацаанаас /2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл/ ашиглалтын зардлаас давсан хэд дахин илүү төлбөрийг нэхэмжилж байна гэсэн нь үндэслэлгүй юм. Уг гэрээ нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр хэвээр байгаа гэрээ юм. Уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэхүү гэрээний аль нэг тал нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй эсвэл зүй ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд буруутай тал нь нөгөө талд / эрх нь зөрчигдөөгүй байсан бол авах ёстой байсан дутуу орлого ... болон зардал/ хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй эсвэл зүй ёсоор гүйцэтгээгүй улмаас гарсан алдагдал бүхий нөхөн төлбөрийг төлөх болно” гэж заасан.Иймд хариуцагч нь уг ашиглалтын зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч тал уг зардлаа шаардах эрхтэй. Иймд хариуцагч талын гаргасан хариу тайлбарт дурдсан үндэслэл нь “үндэслэлгүй” тул хүлээж авахгүй байхыг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулсанаас хойш засвар үйлчилгээ хийж цахилгаан, дулааныг нээлгэсэн. Гэрээний дагуу хариуцагч нь 600 ам доллартой тэнцэх урсгал зардлыг сар бүр төлөхөөр 3.1-д заасан. Улмаар бид төлбөрийг төлсөн. 2018.1.1-с цахилгаан, дулаан, усны төлбөрийг төлж байсан. Нийт 9 642 966 төгрөг гаргуулна. Хариуцагчийн төлөөлөгч буруу тайлбарлаж байна. Хариуцагч нь 600 ам доллар төлөх үүрэгтэй бөгөөд хэтэрсэн тохиолдолд бид тэр хэсгийг нь төлөх ёстой юм. Гэтэл хариуцагч нь дулаанд ямар нэг төлбөр төлөөгүй. Иймд гэрээний 3.1-д зааснаар 600 ам доллар төлөх ёстой байсан. Бид цахилгаанд 16 сая, дулаанд 17 сая, усны төлбөрт 5 566 350 төгрөг тус тус төлсөн. Ингээд бид 42 сая төлсөн байгаа болно гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нэхэмжилж байгаа юм. Төлөөлөгчийн хэлснээр хуулийн дагуу гэрээ байгуулсан. Гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид байрыг хүлээлгэж өгөөд, байршуулах үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн. Улмаар үйлчилгээний төлбөрийг төлөхөөр тохирсон. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь төлбөрөө төлж байсан. Гэрээний 4.1-т үүргээ биелүүлээгүй тал нь нөгөө талдаа хохирлыг төлөхөөр заасан. 3.1-т үйлчилгээ үзүүлэх үед обьектын зардал 600 ам доллар бөгөөд хариуцагч төлөхөөр заасан. 600 ам доллараас хэтэрсэн бол нэхэмжлэгч төлөхөөр тохирсон. Энэ үүргээ буюу хариуцагч нь ашиглалтын зардлаа огт төлөөгүй. Нийт 12 186 656 төгрөгний зардал гаргасан боловч хариуцагч нь 9 642 966 төгрөг төлөөгүй тул нэхэмжлэгч үүнийг төлөөд явж байгаа болно. Иймд уг зардлыг шаардах эрхтэй. Хариуцагч нь биднийг сайн дураараа төлсөн гэдэг боловч энэ нь зайлшгүй шаардлагаар төлсөн. Гэтэл хариуцагч нь биднийг сайн дураараа төлсөн гэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэл гаргасан. Улмаар дулааны сүлжээ компаниас түрээслүүлж байгаа байрны дансны гүйлгээг гаргаж өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Хариуцагч нь нэхэмжлэгчийг гадаад улсын өмчийг хууль бусаар ашиглаад байна гэж байна. Гэтэл хариуцагч нь гэрээгээ дүгнэж хүлээлгэж өгөөгүй байж давхар давхар гэрээ байгуулснаас болж маргаан үүссэн. Гобитекстэй гэрээгээ дуусгаагүй байж нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан. Улмаар дахиад маргаантай байхад Н гэдэг компанитай гэрээ байгуулсан. Ийнхүү давхардуулан гэрээ байгуулсанаас 3 түрээслэгчтэй маргаантай явж байна. Хариуцагч нь 3.1-г илтэд буруугаар тайлбарлаж байна. Өдөрт 120 доллар гэдэг нь сард 3 600 доллар юм. Үүнд ашиглалтын зардал ороогүй юм. Улмаар тусад нь тооцсон. Ингэхдээ ашиглалтын зардал нь 600 хэтэрсэн тохиолдолд гэсэн үг байгаа. 600-д багтаж байвал хариуцагч нь төлөх үүрэгтэй байдаг. Гэрээний уг заалт нь агуулгаараа ингэж тайлбарлагдаж байгаа юм. Гэтэл хариуцагч нь үүнийгээ төлөөгүй. Харин нэхэмжлэгч нь үүнийг төлсөн учир нь цахилгаан дулаан авах боломжгүй болж байсан юм. Эрчим хүчээр хангаж байгаа байгууллагад л төлж байгаа юм. Нэхэмжлэгч нь 35 610 долларыг түрээсийн төлбөрт төлсөн. Түрээсийн төлбөрийн талаар хариуцагч маргаан гаргаагүй. Маргаантай байсан бол тусдаа нэхэмжлэх ёстой. Бид 600 доллараас давсан хэсгийг нэхэмжлэгч өөрөө төлөөд явж байгаа юм. Бид дураараа төлсөн гэдэг нь үндэслэлгүй юм. Гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байгаа юм. 7.1-д гэрээний нөхцөлийг биелүүлсэнээр дуусгавар болно гэж заасан. Хариуцагчийн төлөөлөгч нь 600 долларыг нөхцөл бүрдсэн бол төлөх байсан гэж тайлбарласан. Гэтэл гэрээгээр 120 болон 600 долларын асуудал нь тусдаа ойлголт юм. Үүнээс гэрээний дагуу ашиглалтын зардлыг хариуцагч төлөхөөр тохирсон гэж ойлгогдож байна. Хариуцагч нь нийлүүлэгчтэй гэрээ байгуулаагүй гэж үндэслэлгүй зүйл ярьж байна. Нийлүүлэгч нь өмчлөгчтэй гэрээ хийдэг бөгөөд өмчлөгч төлбөр төлөх ёстой байсан боловч төлөөгүй гэж байна. Түрээсийн төлбөртэй холбоотойгоор хариуцагч нь нэхэмжлэл гаргадаггүй. Төлбөр төлөгдсөнийг зөвшөөрдөг бөгөөд хугацааны асуудал яриад байдаг. Түрээсийн төлбөр болон засварын зардлын асуудал нь тусдаа яригдах асуудал юм. Хариуцагч нь зочид буудлын төлбөр гэж байна. Хэрэв тийм бол ашиглалтын төлбөрийг үйлчлүүлэгч төлөхгүй. Иймд агуулгаар 600 долларыг хариуцагч төлнө гэж тохиролцсон юм. Хариуцагч нь төлбөрийг төлөхгүй байгаа тул нэхэмжлэгч нь ашиглалтын зардлыг нэхсэн байгаа юм. Өнөөдөр зарим ашиглалтын зардал төлсөн баримт гаргаж ирсэнийг хариуцагч няцаагаагүй юм. Үүнийг маргаж буй байрны төлбөр гэдгийг хариуцагч тал маргахгүй байна. Шүүх хуралдаанаар нэмэлт нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай болсон тул хурлыг хойшлуулж өгнө үү. Мөн өнөөдрөөс хууль зүйн туслалцаа авч байгаа тул эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжгүй байна. Нэмж 2 ширхэг гэрээний асуудал яригдаж байна. Нотлох баримт бүрдүүлэх, хууль зүйн туслалцаа авах үндэслэлээр хойшлуулж өгнө үү гэв.
Хариуцагч О газар нь шүүхэд гаргасан тайлбартаа: ОХУ нь дараах нөхцөлийн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Маргааны зүйл нь талуудын үүрэг байх тул Монгол Улс болон ОХУ-ын хооронд байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний 24-р зүйлд “Гэрээний дагуу хүлээх үүрэг нь зохигчдын сонгож авах улсын хууль тогтоомжоор тодорхойлогдоно” гэж заасан. Нэхэмжлэлд гаргасан 2018.06.29-ний өдрийн №21/18-03 тоот Гэрээний 5-р зүйлийн дагуу Гэрээний хэрэгжилтэд хэрэглэх хууль нь ОХУ-ын хууль болно, харин бүхий л маргаан зөрөлдөөнийг ОХУ-ын хуульд нийцүүлэн Арбитрын шүүхийн харьяалалтай бол Москва хотын Арбитрын шүүхээр шийдвэрлэгдэнэ гэж заагдсан. ОХУ-ын Иргэний хуулийн 1210-р зүйлд зааснаар Талууд гэрээ байгуулахдаа, эсвэл гэрээ байгуулсны дараа гэрээнд заасан эрх, үүрэгтээ хамаарах хуулийг харилцан тохиролцож сонгох боломжтой. Заасан хэлэлцээр нь шууд буюу адил утгаар илэрхийлэгдэх ёстой. ОХУ-ын Арбитрын хянан шийдвэрлэх тухай хуулийн 37-р зүйлд Талууд гэрээнд шүүхийн харьяалал тогтоож болно гэж заасан болно. Талууд өөрт тохирсон аль ч шүүхийг сонгох боломжтой. Гэрээний 5-р зүйлд Талуудын сонгосон эрх хэрэглэх хууль нь ОХУ-ын хууль болно шууд буюу тодорхой утгаар заасан. 2018.06.29-ний өдрийн №21/18-03 тоот Гэрээг Ф ХХК-тай 2018.07.01-нээс 2018.09.30-ны өдөр хүртэл тодорхой бус хугацаагаар байгуулсан үүнийг Гэрээний 1.2 зүйлд заасан байгаа. Ийм байдлаар үйлчилгээ үзүүлэх хугацаа 2018.09.30-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Гүйцэтгэгч өөрөөр хэлбэл О Төлөөний газар өөрийн үүргээ бүрэн биелүүлсэн. Нэхэмжлэгч 2018.06.29-ний өдрийн №21/18-03 тоот Гэрээний 3-р зүйлийг буруу тодорхойлсон бөгөөд үүний дагуу нийтийн болон ашиглалтын үйлчилгээ үзүүлсэн зардал сард 600 ам доллараас дээш хэтэрсэн тохиолдолд Захиалагч илүү зардлыг Гүйцэтгэгчид нөхөн төлөх үүрэгтэй юм. Гэрээний нөхцөлөөр Ф ХХК нь Захиалагч, харин О Гүйцэтгэгчээр тооцогддог. Өөрөөр хэлбэл Гэрээгээр ашиглалтын зардлыг Гүйцэтгэгч төлөх үүрэгтэй хэдий ч Гэрээнд тогтоосноор сарын төлбөр 600 ам доллараас дээш хэтэрсэн тохиолдолд Захиалагч 600 ам доллараас дээш илүү гарсан төлбөрийг нэхэмжлэлийн дагуу Захиалагч Гүйцэтгэгчид нөхөн төлөх үүрэгтэй. Гэвч Гүйцэтгэгч нь үйлчилгээний төлбөрийг төлөх боломжгүй байсан учир нэхэмжлэгч хэрэглээний зардлын төлбөрийг дур мэдэн төлсөн энэ нь гэрээний нөхцөлтэй шууд зөрчиж байгаа бөгөөд дур мэдэн ямар ч төлбөр тооцоог төлж болохгүй гэдгийг удаа дараа сануулж байсан. Түүнчлэн Гүйцэтгэгч нь нийлүүлэгч байгууллагуудын төлөөлөгч нарт гэрээ байгуулсан Өмчлөгчөөс бусад өөр ямар ч байгууллагад нэхэмжлэл гаргахгүй байх талаар удаа дараа хандаж байсан боловч энэхүү шаардлагууд хангагдахгүй байсан. Түүнээс гадна нэхэмжлэгч нь нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлдэг нийлүүлэгч байгууллагатай гэрээ байгуулаагүй байсан мөртлөө төлбөр тооцоог ямар үндэслэлээр хийж байсан нь бүрэн тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан баримт бичгээс үзэхэд нэхэмжлэгчийн ашиглалтын зардлыг төлсөн хугацаа нь 2018.06.29-ний өдрийн 21/18-03 тоот гэрээний үйлчлэх хугацаанаас хэд дахин илүү байгаа нь харагдаж байна. Төлбөрийн нөхцөлийг удаа дараа зөрчиж мөн нэг бус удаа бичгээр мэдэгдэл хүргэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчтэй дараагийн хугацаагаар гэрээ байгуулаагүй. Энэхүү маргаан нь хуулийн этгээдийн хооронд үүссэн мөн тэдгээрийн нэг нь Оросын хуулийн этгээд байгаа учраас талууд ОХУ-ын холбогдох хуулиар Москва хотын Арбитрын шүүхийн харьяаллаар хэрэгжүүлнэ гэж заасан болно. Ф-ийн ашиглаж буй байгууламжийг чөлөөлөх шаардлагатай гэдгийг бичгээр мэдэгдэж байсан гэвч тус эд хөрөнгийг ашиглах хүчинтэй гэрээ байхгүй бөгөөд өмчлөгчийн шаардлага, гэрээний нөхцөлийн дагуу тус эд хөрөнгийг чөлөөлөх үүрэгтэй мөртлөө нэхэмжлэгч нь санаатайгаар түүнийг үргэлжлүүлэн ашигласнаар Монгол улсын, ОХУ-ын хууль тогтоомж болон Олон улсын эрх зүйг зөрчиж байна. Одоогийн байдлаар Өмчлөгчийн Төлөөлөгч нар эд хөрөнгийг үндэслэлгүй ашигласны хугацаанд хохирол, торгууль, төлбөрийг Ф ХХК-д нэхэмжлэл гаргахаар бэлтгэж байна. Дээр дурдсан байдлыг харгалзан мөн ОХУ, Монгол Улсын хоорондох эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай 24-р зүйл, 2018.06.29-ний өдрийн №21/18 03 тоот гэрээний 5-р зүйлд зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй харин Гэрээний зүйл нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан Ф ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэх ажиллагааг зогсож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч В.В.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь гэрээний агуулгыг буруугаар тайлбарлаж байна. Гэрээнд бид 600 доллар төлөх талаар заасан зүйлгүй. Гэрээний 3.1 үйлчилгээ үзүүлэх бүх зардал нь өдөрт 120 доллар гэж заасан. Иймд ашиглаж байгаа тал нь бүх зардлыг төлөх ёстой юм. 600 доллараас давах тохиолдолд нөхөн олгохоор заасан боловч 600 долларыг бүхэлд нь төлөхөөр заагаагүй. Нэхэмжлэгч нь байрыг ашиглаж байх үед ашиглалтын зардал хэтэрсэн зүйлгүй. Нэхэмжлэгч нь дураараа нийлүүлэгч компанитай гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгч нь харин өдрийн 120 долларын төлбөр төлөх үүрэгтэй. Гэрээний 3.2-т зааснаар гэрээ байгуулсан өдрөөс эхлэн төлбөрөө төлж байх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар төлбөрөө төлж байгаагүй. 600 доллар нь өдрийн 120 долларт орсон дүн юм. Зардал нь 600 давсан тохиолдолд бид нөхөн олговор олгохоор байгаа юм. Бид 600 доллар төлөх үүрэгтэй гэсэн зүйл байхгүй. Гэрээний хугацаанд засвар үйлчилгээ гээд ашиглалтгүй байсан хугацаа байдаг. Нэхэмжлэгч нь цаг хугацаандаа төлбөрөө төлөх үүргээ биелүүлэх ёстой байсан. Иймд ашиглалтын зардлын төлбөрөө өөрөө төлөх ёстой байсан. Бид 600 илүү гарвал бид үүрэг хүлээх байсан. Манай байгууллагатай зөвшилцөөгүй байж нийлүүлэгч байгууллагатай гэрээ байгуулсан нь ойлгомжгүй юм. Иймд шинээр баримт гаргах, нийлүүлэгч байгууллагыг оролцуулах хүсэлтэй байна. Нэх нь одоо хүртэл байрыг ашиглаж байгаа гэдгээ хэлэхгүй байна. Нэхэмжлэгч нь 2019.1.1-н хүртэл хууль бусаар ашиглаж байна. Гэрээ цуцлагдсан ч гэсэн нэхэмжлэл гаргаад байна. Нэхэмжлэгч нь тэндэхийн оршин суугчдаас төлбөрийг бүрэн авч байгаа юм. Гэвч биднээс мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Гадаад улсын эд хөрөнгийг хууль бусаар ашиглаж байж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Шүүхээс өмнө нэхэмжлэгч нь бидэнд мэдэгдэл өгч байгаагүй. Урьдчилж хандаад тохиролцоонд хүрээгүй бол шүүхэд хандах ёстой байсан. Нийлүүлэгчтэй өөрөө дураараа гэрээ байгуулах эрхгүй байсан. Нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг аргагүй байдалд засвар хийсэн гэх нөхцөл байгаагүй. Иймд хариуцагч нь төлөх үндэслэлгүй. Захиалагч нь төлбөрийг цаг тухайд нь төлж байгаагүй юм. Нэхэмжлэгч нь байрыг хууль бусаар ашиглаж байгаа талаар ярихгүй байна. 2019.1.1-с уг байрыг ашиглах эрхгүй байгаа юм. 3 сараар гэрээ хийгддэг байсан. Үүнийг ярихгүй байна. Гэрээг сунгах биш шинээр гэрээ хийгдэж байсан юм. Энэ нь түрээсийн гэрээ биш байршуулах үйлчилгээ үзүүлэх гэрээ юм. Энэ нь зочид буудал тул урт хугацаагаар гэрээ байгуулах боломжгүй юм. Яагаад ч юм эхний гэрээг хүчин төгөлдөр гэж үзээд байгаа юм. Иймд 2019.1.1-ний гэрээ байхгүй. Бид Г жилийн өмнө гэрээг цуцалсан байсан. Түрээсийн төлбөр маргаангүй гэдэг төөрөгдүүлсэн асуудал юм. Түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлж байсан гэдэг нь баримтгүй юм. Учир нь төлсөн баримт байхгүй юм. Зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй боловч түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч эхэлж төлөх үүрэгтэй байсан юм. Гэрээнд зааснаар 3 сараар урьдчилж төлөх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Аргагүй байдалд ашиглалтын зардал төлсөн гэдгийг ойлгохгүй байна. Албан ёсоор мэдэгдэл өгөх ёстой байсан боловч ингээгүй юм. Хууль бусаар ашиглаж байж ашиглалтын зардлаа нэхэж байгаа нь ойлгомжгүй юм. Нэхэмжлэгч нь 2017.1 сараас төлбөр төлсөн гэж тайлбарлаж байгаа ба гэтэл 7 сард гэрээ байгуулсан тул өмнөх төлбөрийг ямар учраас төлсөн нь ойлгомжгүй байна. Гэрээний 7.1-д заасан гэрээний үүрэг биелүүлээгүйгээс болж гэрээг хүчин төгөлдөр гэж тооцож эд хөрөнгө ашиглах эрх олгохгүй байгаа юм. Гэрээг хүчин төгөлдөр гэж тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Байрыг ашиглах, түрээслэх гэдэг нь өөр биш юм. Эдгээр төлбөрүүд нь нэг л нөхцөл юм. Гэрээний 3.1 нь эхлээд өдөрт 120 доллар төлөөд дараагийн асуудал гарч ирэх юм. Хэрэв нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн юм бол 3.1-г яагаад өөр өөр гэж тайлбарлаад байна вэ гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ф ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 9,642,966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч О нь нэхэмжлэгч өөрөө гэрээний төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, ашиглалтын зардлыг бид төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг дуусах шатанд бид нэмэлт нотлох баримт гаргах шаардлагатай байна, хууль зүйн туслалцаа үзүүлэх талаар өнөөдөр л яригдсан бөгөөд эрхээ хэрэгжүүлэх боломжгүй тул хуралдааныг хойшлуулах тухай санал гаргасан.
Нэхэмжлэгч нь шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш нотлох баримт гаргах хангалттай хугацаа өнгөрсөн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн тайлбарыг өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Түүнчлэн дээрх хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д зааснаар нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө гаргах юм.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн тайлбарласан зохигчийн хооронд байгуулагдсан гэх өөр гэрээ болон төлбөр төлсөн талаарх баримт нь хэргийн оролцогч өөрөө гаргаж өгөх баримт байна. Иймд эдгээр баримтыг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч талыг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Иймд хууль зүйн туслалцаа авах эрхээр дахин хангах боломжгүй. Түүнчлэн хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон хүндэтгэн үзэх шалтгааны талаар тайлбарлаагүй. Иймд шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй юм.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэсэн нэртэй гэрээ байгуулсан байна. Улмаар хариуцагчийн төлөөлөгч нь уг гэрээг түрээсийн гэрээ биш зочид буудлын зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгө ашиглуулж байгаа гэж тайлбарлаж байна. Гэрээний агуулга, зохигчийн төлөөлөгч нарын тайлбарласнаар үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн этгээдэд аж ахуйн үйл ажиллагаа явуулж, ашиг олох зорилгоор эзэмшүүлэх харилцааг зохицуулсан гэрээний байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ юм.
Гэрээний 1.2-т зааснаар зохигчид гэрээг 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл буюу 3 сарын хугацаагаар байгуулсан байна. Улмаар гэрээний 3.1-т зааснаар түрээслэгч буюу нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүрэгт өдөрт 120 ам доллар төлөх ба үүнээс сар бүр 600 ам долларыг түрээслүүлэгч буюу хариуцагч нь эд хөрөнгөний ашиглалтын зардалд зориулахаар зохицуулсан байна. Мөн хэрэв сарын ашиглалтын зардал нь 600 ам доллараас хэтэрсэн тохиолдолд илүү хэсгийг түрээслэгч хариуцахаар тохиролцжээ. Гэрээний дагуу төлөх түрээсийн төлбөрийг гэрээний 3.2-т зааснаар нэхэмжлэгч нь сар бүрийн эхний 7 хоногт төлөх үүрэг хүлээсэн байна.
Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний дагуу түрээсийн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэж тайлбарласан бол хариуцагч нь төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй гэж маргаж байна. Гэвч нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг илүү төлсөн эсэх талаар, хариуцагч нь түрээсийн төлбөрийг дутуу төлсөн эсэх талаар хэн аль нь нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энэ талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй юм.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний 3.1-т зааснаар 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийг хүртэлх хугацаанд ашиглалтын зардлыг сард 600 ам доллараар тооцож тодорхойлсон гэж тайлбарлаж байна. Гэвч гэрээний 3.1-д заасан нь түрээслүүлэгч ашиглалтын зардалд сар бүр 600 ам доллар хүртэл төлбөр төлөх бөгөөд хэтэрсэн тохиолдолд түрээслэгч буюу нэхэмжлэгч хариуцахаар тохиролцсон байна. Тодруулбал гэрээний энэхүү заалт нь түрээслүүлэг сар бүр 600 ам долларыг түрээслэгчид буцаан төлөх бус харин 600 ам доллар хүртэлх хэмжээний ашиглалтын зардлыг эрх бүхий этгээдэд төлөхөөр заажээ.
Улмаар нэхэмжлэгч нь ашиглалтын зардал болох цахилгаан, дулаан, усны төлбөрийг хариуцагчийн өмнөөс холбогдох байгууллагад төлсөн гэж тайлбарласан. Харин хариуцагч нь бидний зөвшөөрөлгүй төлсөн гэж тайлбарлаж байх боловч гэрээний 3.1-т зааснаар хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь цахилгааны зардалд “Д ХК-д тодорхой хэмжээний төлбөр төлсөн болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдож байна. /хэргийн 15-18 дугаар тал/
Энэхүү баримтаас үзэхэд хэрэглэгчийн код гэсэн баримтад гэрээний хугацаанд нэхэмжлэгч төлбөр төлөөгүй байна. Иймд уг баримтаар нэхэмжлэгч нь хэдийгээр 19,149,799 төгрөгний төлбөрийг төлсөн байх боловч гэрээний дагуу хариуцагчаас шаардах эрхгүй байна. Харин хэрэглэгчийн код гэсэн баримтаар гэрээний хугацаанд 615,518 төгрөг төлсөн байна.
Түүнчлэн эдгээр баримтаар төлсөн төлбөр нь маргаж буй эд хөрөнгөд хамааралтай эсэх нь шууд харагдахгүй байх боловч хариуцагч энэ талаар үгүйсгэж маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Үүнээс гадна хариуцагч нь нэхэмжлэгчийг түрээсийн төлбөрөө урьдчилан төлөх ёстой бөгөөд энэ үүргээ биелүүлсэн бол бид ашиглалтын зардлыг төлөх байсан гэж маргаж байх боловч энэ талаар гэрээнд заагаагүй, өөрөөр хэлбэл түрээсийн төлбөр төлөх эсэхээс хамаарч ашиглалтын зардлыг төлөх талаар тохиролцоогүй тул хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлгүй.
Харин усны болон дулааны төлбөр төлсөн баримтаас үзэхэд уг төлбөрийг нэхэмжлэгч төлсөн гэж үзэх боломжгүй байна. /хэргийн 19-25 дугаар тал/
Тодруулбал усны төлбөрийг ямар этгээд төлсөн нь тодорхой бөгөөд дулааны төлбөрийг “Г” ХХК төлсөн байна.
Эдгээр үндэслэлийг нэгтгэн дүгнээд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд хариуцагчаас 615,518 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,027,448 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч О гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 615,518 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ф ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,027,448 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19,115 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 763 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД