Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2025/0696

 

                                                     

                                      

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  О.Эын нэхэмжлэлтэй

                                                      захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0672 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал 

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: О.Э

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газар

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.Э 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул 

Хэргийн индекс: 128/2025/0692/З                                          

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0672 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, О.Эт 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тухай тушаалд заагдсан тэтгэмжийн хэмжээг хянаж, мөрдөн байцаагчийн цалин хөлсний өнөөгийн ханшаар тооцож олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

2. Хариуцагчаас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч О.Э нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн биелэлтийг хангах Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1305 тушаалаар О.Эт 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэвэр тогтоолгох тухай тушаалд заагдсан тэтгэмжийн хэмжээг ахин нягталж, одоогийн мөрдөн байцаагчийн ажлын итгэлцүүрээр бодож тооцож олгох талаар дурдсан. Цагдаагийн албаны тухай хуулийн 83.2-д “Цагдаагийн алба хаагч нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авна”, 91.1-д “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан үндэслэлээр цагдаагийн алба хаагч тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авах эрхтэй бөгөөд алба хаах насны дээд хязгаар нь” гээд 91.1.2-д “цагдаагийн дунд цолтой алба хаагч 52 нас” гэж тус тус хуульчилжээ. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй” гээд 5-д “цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гээд 5.1.1-д “тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 насанд хүрсэн даатгуулагч” гэж, 5.1.2-д “тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25- аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй” гэж тус тус заасан.

2.2. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2003 оны 400 дугаартай тушаалаар Баянгол дүүргийн хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон актыг үндэслэн О.Эыг Хан-Уул дүүргийн цагдаагийн  хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, офицерын бүрэлдэхүүнээс гаргасан байна. Мөн нэхэмжлэгч О.Э нь цагдаагийн ахмад цолтой цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2003 онд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд түүнд Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2022 онд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоосон. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоох үед олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж олгох хэмжээг тооцсон хууль хэрэглээний маргаан биш бөгөөд учир нь О.Э нь өндөр нас буюу хуульд зааснаар 60 насанд хүрээгүй байхдаа буюу 50 настай байхдаа Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон байна.

2.3. Мөн тус шүүх хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар цэргийн тэтгэмж тогтоох маргааныг хэлэлцсэн тул энэ хэсгийг буюу маргааныг буруу тодорхойлжээ. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйл (Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаа)-ийн 1-д “Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно” гэж заажээ. Мөн хуулийн 7 дугаар зүйл (Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох)-ийн 1-д “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсөнд дараах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг оруулан тооцно” гээд 1-д “Төрийн албаны тухай хуулийн 28.2.31-т заасан цалин хөлс, болон бусад хууль тогтоомжийн дагуу олгогдох нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал” гэж зохицуулсан. Төрийн албаны тухай хууль (2019 оны шинэчилсэн найруулга)-ийн 57.2-д “Төрийн албан хаагчийн цалин хөлс нь” гээд 57.2.3-д “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс” гэжээ.

2.4. Шүүхээс 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг, тэтгэмж авах эрх үүсэх үед нь олгохдоо түүний чөлөөлөгдсөн 2003 оны цалин хөлснөөс үү, эсхүл тэтгэвэр тогтоолгосон 2023 оны цалин хөлснөөс үү гэдэг аль хугацааны цалин хөлснөөс тооцох талаар хуульчлаагүй буюу зохицуулалтгүй орхисон байгаа ба хариуцагчаас хуульд “цалин хөлс” гэсэн тул О.Эын авч байсан цалин хөлснөөс уг хэмжээг тооцох ёстой гэснийг шүүх өөрөөр тайлбарлаж хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь хуульд зааснаар цэргийн тэтгэмж тогтооход цагдаагийн байгууллагад алба хаасан нийт хугацааг баримтлан тооцохоор заажээ. Мөн цэргийн тэтгэмж тогтоох (бодох)-д тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин хөлс буюу албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдэл зэргийг баримтлахаар хуульчилсан нь дээрх 3.6-д заасан үндэслэлтэй нийцэхээргүй байна.

2.5. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар тэтгэмжийг тогтоохдоо тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин хөлснөөс баримтлан тогтоохоор байгаа нь нэг удаагийн тэтгэмжийг О.Эын цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хугацаагаар нь олгохоор байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.Эын цагдаагийн байгууллагад ажиллаж байсан сүүлийн 5 жилийн цалин хөлсний дунджаас буюу 1998-2003 онд авч байсан мөрдөн байцаагчийн цалингийн дунджийг 1999 онд 565,247.00 төгрөг, 2000 онд 718,145.00 төгрөг, 2001 онд 946,327.00 төгрөг, 2002 онд 1,015,342.00 төгрөг, 2003 онд 490,914.00 төгрөгөөр тооцон уг дунджаас 18 сарыг тооцон гаргаж, нийт 1,120,793.00 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

2.6. Үүнээс гадна О.Э нь 2003 онд цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн бөгөөд түүнээс хойш төрийн тусгай албанд ажилласан тухай мэдээлэл хэргийн материалд авагдаагүй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан бөгөөд өөрөөр хэлбэл төрийн байгууллага нь хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор ажиллах зарчмын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны Б/1305 дугаартай тушаалаар О.Эт 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг хууль тогтоомжийн хүрээнд олгож шийдвэрлэсэн нь “хуулиар зөвшөөрөөгүй тохиолдолд бусад үйл ажиллагааг төрийн байгууллагад хориглоно” гэсэн эрх зүйн үндсэн зарчмыг баримталсан. Шүүхээс дээрх байдлаар хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 128/ШШ2025/0672 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

                                                             ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй мөн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, энэ нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”, 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж тус тус заасан.

3.1. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч О.Эаас анх шүүхэд хандан “... Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1305 тушаалаар О.Эт 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалд заагдсан тэтгэмжийн хэмжээг ахин нягталж, ажиллаж байх үеийн сүүлийн 5 жилийн цалингийн дунджийг мөнгөний ханшийн уналт,  инфляцтай уялдуулан, одоогийн мөрдөн байцаагчийн ажлын цалингийн итгэлцүүрээр бодож тооцоолон, шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-32.9 дэх заалтуудыг тус тус баримтлан шүүхээс Нийгмийн даатгалын тухай хуулиар ойролцоо төрлийн төрийн албан хаагчийн 2003, 2013, 2023 онуудын итгэлцүүрийг холбогдох байгууллагаас гаргуулан бодож тооцуулах, Батлан хамгаалах жанжин штабын нууцлал бүхий итгэлцүүрээр өнөөгийн /2024 оны 12 сар хүртэлх/ ханшаар тооцон уг олгосон тэтгэмжийг одоогийн ханшаар тооцож олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

4.1. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ2025/4843 дугаар захирамжаар “... нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох ба нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-106.3.14 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргах боломжтой” гэж дүгнэн, “нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан ирүүлэх шаардлагатай” гэх агуулгаар уг нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчээс тус захирамжийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирүүлээгүй байхад 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2025/5400 дугаар захирамжаар анх гаргасан шаардлагаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

4.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах зорилгоор нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа олгосон шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад, анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагад үндэслэн улмаар “...О.Эт 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тухай тушаалд заагдсан тэтгэмжийн хэмжээг хянаж, мөрдөн байцаагчийн цалин хөлсний өнөөгийн ханшаар тооцож олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах гэж тодорхойлсон гэж үзэхээр байна” гэж шүүх өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж, тус нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаар тодорхойлогдоогүй этгээдэд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж хэргийг шийдвэрлэжээ.

4.3. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч нь түүнд олгогдсон тэтгэмжийг “мөнгөний ханшийн уналт, инфляцитай уялдуулан одоогийн мөрдөн байцаагчийн ажлын цалингийн итгэлцүүрээр бодож тооцоолох”, “Нийгмийн даатгалын тухай хуулиар ойролцоо төрлийн төрийн албан хаагчийн 2003, 2013, 2023 онуудын итгэлцүүрийг холбогдох байгууллагаас гаргуулж тооцоолох”, “Батлан хамгаалахын жанжин штабын нууцлал бүхий итгэлцүүрээр өнөөгийн ханшаар тооцох” гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ эргэлзээтэй, өөр хоорондоо зөрүүтэй байдлаар тодорхойлсон байхад шүүх үүнийг тодруулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

4.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө тодорхой тусгахаас гадна биелэгдэх боломжтой байдлаар тодорхойлох учиртай. Гэтэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ бүрэн тодруулаагүй, хэрэв нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, түүний үндэслэл хоорондоо зөрүүтэй, эсхүл тодорхойгүй байгаа тохиолдолд шүүхээс үүнийг зайлшгүй тодруулах үүрэгтэйгээс гадна захиргааны хэрэг үүсгэсэн захирамжид ямар байгууллага, хэн гэдэг албан тушаалтанд холбогдуулж, хэний ямар шаардлагын агуулгад хэрэг үүсгэж байгаа тухайгаа хэрэг үүсгэсэн захирамжид хариуцагчийг зөв тодорхойлж, тодорхой бичих шаардлагатай.

5. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т /нэмэлт өөрчлөлт орохоос өмнө/ “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж заажээ.

5.1. Нэхэмжлэлийн үндэслэл, агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь түүнд олгогдсон тэтгэмжийг буруу тооцоолсон гэж маргаж байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-д “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-д “захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж заасанчлан О.Эт тухайн үед тэтгэмж олгоогүй захиргааны байгууллагын эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг нэхэмжилж байгаа эсэх, эсхүл Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1305 дугаар тушаалын дагуу тэтгэмжийг олгохдоо тооцооллын алдаа гаргасан гэж үзэж маргаж байгаа эсэх талаар зайлшгүй тодруулах шаардлагатай байна.

5.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.2-т заасны дагуу захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг шаардах боломжтой бөгөөд энэ тохиолдолд шүүх захиргааны үйл ажиллагаа хууль ёсны эсэхийг дүгнэх учиртай.

5.3. Маргаан бүхий энэ тохиолдолд захиргааны акт, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагаа, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх талаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зайлшгүй тодруулсны үндсэн дээр мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийнхээ хүрээнд энэ талаарх холбогдох нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр маргааныг хянан шийдвэрлэхээр байна.

6. Түүнчлэн, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1305 дугаар тушаалаас үзвэл нэхэмжлэгчид олгогдсон тэтгэмжийг тус газрын Санхүү, ар талын алба тооцож олгосон болохыг анхаарах нь зүйтэй байна.

7. Дээрх байдлаар анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, маргаж буй үндэслэлийг тал бүрээс нь судлалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0672 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                         ШҮҮГЧ                                             Н.ХОНИНХҮҮ

 

                         ШҮҮГЧ                                             С.МӨНХЖАРГАЛ

 

                         ШҮҮГЧ                                              Ц.ОДМАА