Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Д.Банзрагч,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч М.Мөнхцэцэг,

Хохирогч Ш.Алтангэрэл,

Гэрч Х.Сугардорж, Г.Түвшинзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг /5207/

Шүүгдэгч Д.Алтан нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Үхэр цагаан овгийн Дамдиний Алтанд холбогдох эрүүгийн 201626021868 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эх, эгч, ах нарын хамт Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн наран 15-р гудамж, 114 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Үхэр цагаан овгийн Дамдиний Алтан /РД:ИН83112919/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч Д.Алтан нь согтуурсан үедээ 2016 оны 6 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин тус баарны зөөгч ажилтай Ш.Алтангэрэлтэй “юундаа муухай хараад байгаа юм” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж пивоны шилээр толгойн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Алтан мэдүүлэхдээ: “2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө найз Баярбат, Болдоо нартай 3 шил архи уугаад “Fire” баранд орсон. Баранд ороод хүн бүр 2 шил пиво авч уусан. Тэгээд барнаас гараад буцаж ороход найз Болдоогийн цамц нь алга болчихсон байснаас болж маргаан гарсан юм шиг байна лээ. Би хэнийг яагаад цохьсоноо мэдэхгүй байгаа юм. Нэг мэдэхэд хамгаалагч намайг хүн шилээр цохьсон гээд гавласан байсан. Хохирогчид 350.000 төгрөгийн хохирол төлсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Алтангэрэл мэдүүлэхдээ: “2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө “Fire” баранд зөөгчийн ажлаа хийж байсан. Шөнө 2 цагийн үед Алтан нэг найзын хамт орж ирсэн. Тухайн үед би үйлчлүүлэгчийн захиалгыг өгөхөөр текин дээр ирэхэд Алтан хажууд байсан ба “яагаад хүн рүү муухай хараад байна” гээд байсан. Би тухайн үед тоогоогүй ба дахин хэлэхээр нь “би хэн рүү харсан гэж” гэхэд “манай найз руу” гэхээр нь би “үгүй, хүн андуураад байна” гэж хэлсэн чинь миний шанаа руу цохихоор нь хамгаалагчаа дуудсан ба хамгаалагч Алтанг аваад гарсан. Удалгүй Алтан орж ирсэн байсан ба хажуугаар нь гарах гэтэл пивоны шилээр толгой руу цохьсон. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Судас хагарсан тул цус их алдсан байсан. Хохирол толгой томографийн 120.000 төгрөг, уламжлал эмчилгээ хийлгэсний 250.000 төгрөг, оёдол тавиулсны 20.000 төгрөг, 7 хоног ажилгүй байсны 210.000 төгрөг болсон. Гэхдээ би шүүгдэгчтэй тохиролцоод 350.000 төгрөг хохиролд авсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

            Гэрч Б.Баярбат мэдүүлэхдээ: “...Д.Алтан нь манай Алтаншагайтай хамт угаалгын газар ажилладаг байсан юм. Би 2016 оны 6 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед Өргөө дээр уулзаад хамт хоол идсэн юм. Тэгээд Д.Алтан нь намайг жоохон бааранд орж суух уу гэхээр нь би найз охинтойгоо уулзах ёстой байсан болохоор Д.Алтанд энэ талаараа хэлчихээд явсан юм. Д.Алтан нь тэндээсээ Болдоо гэдэг найзтайгаа уулзаад бааранд орно гэж байсан.

                        …Сүүлд сонсоход миний дараа ажилд орсон Алтангэрэл гэдэг залууг зодсон юм шиг байна лээ. Дараа нь Алтангэрэлтэй уулзахад надад тэгэж хэлсэн ба Алтан өөрөө болохоор юм санахгүй байна гээд байгаа юм” гэжээ. /хх 21-22 хуудас/

 

            Гэрч Г.Түвшинзаяа мэдүүлэхдээ: “...2016 оны 6 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед баар онгойсон ба тэр өдөр хамгаалагчаар Сугараа, Өлзий, зөөгчөөр Золоо, Анужин, дижи Цогтсайхан, зөөгч Алтангэрэл нар ажиллаж байсан юм. Шөнө 02-03 цагийн үед байх урьд нь манай бааранд зөөгчөөр ажиллаж байсан Баярбатын найз Алтан гэх залуу нэг найзынхаа хамт хоёул орж ирээд 2, 2 шил пиво авч уусан. Тэгээд Алтантай хамт явсан найз нь текен дээр ирээд “сууж байсан ширээний сандал дээр байсан цамц алга болчихсон байна” гэхээр нь би “чи дээгүүр доогуур үз, би сайн мэдэхгүй байна” гэхэд цаанаас Алтан ирээд “манай найзын цамц алга болчихлоо, камераа шүү” гэхээр нь би “манай зохион байгуулагч алга байна, маргааш ирээд шүүлгэчих, би кодыг нь мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл хажуунаас зөөгч Алтангэрэл захиалга авах гэж ирээд захиалгаа хэлэхэд нөгөө Алтан Алтангэрэлийг “чи юу гээд байгаа пизда вэ” гэхээр нь би “хөөе хөөе чи юу гээд байгаа юм бэ, чамтай хамаатай юм яриагүй байна” гэхэд Алтан миний үгийг тоож сонсоогүй. Алтангэрэл “яасан бэ хөгшөөн” гэхэд Алтан “чи зүгээр камераа шүү гэж байна” гэхэд Алтангэрэл “би тэрийг мэдэхгүй шүү дээ” гэхэд Алтан гартаа пивоны шил бариад учир зүггүй Алтангэрэл рүү дайрч давшлаад байсан. Тэгээд Алтангэрэл “чи хүн андуураад байна” гэж хэлэхэд Алтан гартаа байсан пивоны шилээр Алтангэрэлийн толгой руу нэг удаа цохиход пивоны шил хагараагүй. Тэгтэл хамгаалагч нар ирээд Алтанг салгаад авсан. Алтангэрэлийн толгойноос цус гараад нүүрээ дараад цаашаа гал тогооны өрөө рүү орсон. Алтан хамгаалагч нар гарыг нь ард бариад аваад гарсан.

            ...Алтан гаднаас нилээн согтуу орж ирсэн, орж ирээд 2 пиво авч ууцгаасан байх” гэжээ. /хх 23-24 хуудас/

 

            Гэрч Г.Түвшинзаяаг дахин байцаасан тэмдэглэлд: “…Тухайн хэрэг болдог өдөр Алтан нь Алтангэрэлд хандаж “чи пизда чинь хяналтын камераа шүү” гэхэд Алтангэрэл “би тэрийг мэдэхгүй шүү дээ, би ажлаа хийж байна, энд захиалга өгч байна” гээд надтай юм ярилцаж байхад Алтангэрэлийг Алтан нь заамдаж аваад мангастаж түлхэхэд Алтангэрэл Алтанг цааш нь түлхээд захиалгаа өгчихөөд ирэхэд текны урд Алтан нь ууж байсан нийслэл пивоны шилийг гартаа барьчихсан дахиад Алтангэрэлийг заамдаж аваад толгойн дух хэсэгт нэг удаа цохиход уг нийслэл пивоны шил нь хагараад Алтангэрэл толгойгоо барьсан байгаа. Би өмнөх мэдүүлэгтээ хагараагүй гээд андуураад хэлсэн байнаа нээрээ бодоод байхад би Алтангэрэлийг гэмтлийн эмнэлэг дээр авч очиход нилээн хэдэн оёдол тавиад шилний хэлтэрхий цааш нь ордог гэсэн шүү сайн түүлгээрэй гээд хоорондоо ярилцаж байсан юм” гэжээ. /хх 49 хуудас/

 

            Гэрч Х.Сугардорж мэдүүлэхдээ: “...Би …хорооллын “Файр” нэртэй бааранд хамгаалагчаар ажилладаг байсан юм. …Тэр шөнө гадаа зодоон болоод байна гээд Өлзийбат бид хоёр гадаах асуудлаа зохицуулчихаад ороод ирсэн чинь зөөгч Алтангэрэл нэг залуутай маргалдаад байгаа бололтой байхаар нь очоод салгах гэтэл Алтангэрэлтэй маргалдаж байсан дунд орчим нуруутай дунд зэргийн махлаг нэг залуу гартаа барьсан пивоны шилээр Алтангэрэлийн толгойн тус газар нь нэг удаа цохиход нь Өлзийбат бид хоёр салгасан юм. …Алтангэрэлийн толгойноос цус гарч байсан ба алчуураар дарж цусаа тогтоогоод эмнэлэг явсан. …Хамт явж байсан залуу нь нилээн согтуу байгаа бололтой зодоонд оролцоогүй” гэжээ. /хх 25-26 хуудас/   

 

            Гэрч З.Тэмүүжин мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 6 дугаар сарын 21-ний орой 19 цагаас Бугат 112 чиглэлд жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Сугарсайханы хамт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шөнө 04 цагийн үед байх Бугат 10-аас Баянгол дүүргийн 13-р хороо хорооллын эцсийн дээд хэсгийн байрны гадаа зодуулсан хүн байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад Баянгол дүүргийн 7-р хороо, “Файр” нэртэй баарны хамгаалагч Сугардорж, Өлзийбат нар “манай баарны зөөгч Алтангэрэлийг архины шилээр толгойг нь хагалсан хүнийг барьчихлаа” гээд зогсож байсан. Тухайн үед зодуулсан гэх Алтангэрэл өөрөө байгаагүй гэмтлийн эмнэлэг рүү оёдол тавиулахаар явсан гэж байсан. …Нилээн согтуу биеэ хянах чадваргүй шахуу байсан” гэжээ. /хх 27-28 хуудас/

 

                        Гэрч С.Дашдуламын мэдүүлэг: “Би …Файр бааранд 2016 оны 6 дугаар сард …шөнө ажил тарах гэж байсан үеэр манай зөөгч хийдэг Аагий буюу Алтангэрэл нь бааранд үйлчлүүлж байсан хүнд цохиулаад толгойгоо хагалуулсан байна гээд Ука буюу Түвшинзаяа, Алтангэрэл нартай хамт Укагийн машинд суугаад гэмтлийн эмнэлэг дээр очсон байгаа юм” гэжээ. /хх 52 хуудас/

 

                        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 8820 дугаартай дүгнэлтэд: “Ш.Алтангэрэлийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэж дүгнэжээ. /хх 32 хуудас/

 

            Шинжээч О.Болороо мэдүүлэхдээ: “.... Дээрх гэмтэл архи пивоны шилээр цохиулаад үүсэх боломжтой. Хэсэг газрын үзлэгээр тус хэсэгт гадны биет байх боломжтой” гэжээ. /хх 33 хуудас/

 

            Шүүгдэгч Д.Алтангийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 41 хуудас/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42 хуудас/

            Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх 58-59 хуудас/

Хохирлын нийт 370,000 төгрөгийн баримтууд /хх 15,16 хуудас/

            Толгойн компьютерт томографийн шинжилгээ /хх 17 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

                        Шүүгдэгч Д.Алтан нь 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Fire” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Ш.Алтангэрэлийг “юундаа муухай хараад байгаа юм” гэж үл ялих зүйлээр шалтаглан пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн түүний толгойн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ш.Алтангэрэл /хх 19-20, 53/,  гэрч Б.Баярбатын  /хх 21-22/, Г.Түвшинзаяа /хх 23-24, 49/, Х.Сугардорж /хх 25-26/, З.Тэмүүжин /хх 27-28/, шинжээч О.Болор /хх 33/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 8820 дугаартай дүгнэлт /хх 32/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “…шүүгдэгч Д.Алтан нь найзынхаа цамцны асуудлаас болж зүй ёсны шаардлага тавьж хохирогч Ш.Алтангэрэлтэй маргалдаж түүнийг цохьсон үйлдэл нь хувийн сэдэлттэй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь: Шүүгдэгч Д.Алтан нь хохирогч Ш.Алтангэрэл нар зүс таних хүмүүс бөгөөд хохирогч нь тухайн бааранд зөөгч хийж байсан ба тэдгээрийн хооронд хувийн таарамжгүй харилцаа байхгүй, түүнийг найз руу муухай харлаа гэх ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч Д.Алтанг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зэвсгийн чанартай зүйл хэрэглэн догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Алтан нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдалд, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасныг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тооцсон болно.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 350.000 төгрөгийг төлсөн, хохирогч Ш.Алтангэрэл нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдав.  

 

            Шүүгдэгч Д.Алтан нь анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэм хор арилсан, хохирогчийн “санал гомдолгүй” гэх хүсэлт зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Шүүхээс шүүгдэгч Д.Алтанд хорих ял оногдуулсантай холбогдуулан түүний батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэлээ.

 

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Үхэр цагаан овогт Дамдины Алтан нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Алтанг 3 /гурван/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Алтанд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Алтан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 350.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Алтангийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Алтангийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                          

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

               ШҮҮГЧИД                                                А.АЛТАНХУЯГ

 

                                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ