Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2020/0588

 

2020 оны 09 сарын 14 өдөр          Дугаар 128/ШШ2020/0588                         Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Улсын онцгой комисс.

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1/17... тоот албан бичгийг хүчингүй болгуулах,  Улсын онцгой комиссын 2020 оны 01, 07, 20, 22, 24, 25 дугаар хурлын тэмдэглэлд тусгасан шийдвэрүүдийн иргэдийн жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан, хориглосон хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох[1].

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б , Л.Б , хариуцагч Улсын онцгой комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э  нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл: Б.Б  миний бие барилга угсралтын “БЦ ” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд манай компани 2013 оны 06 дугаар сараас 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл С сургуулийн өргөтгөлийн барилгын барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн юм. Гэвч С сургуулийн зүгээс Ажил гүйцэтгэх гэрээг удаа дараалан зөрчиж байсан бөгөөд гэрээг цуцалж, биднийг барилгын талбайгаас хөөсөн билээ. 2014 оны 01 дүгээр сараас эхлэн “С ” сургуулийн захирал Д.З-н гомдол /20140104...  тоот эрүүгийн хэрэг/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 413 хоног, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 756 хоног, 174 дүгээр зүйлийн 174.1 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж 1186 хоног, нийтдээ давхардсан тоогоор 2355 хоног шалгуулан яллагдагч, шүүгдэгч нэртэй хэлмэгдэж, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас цагаатгасан билээ.

... “Сант” сургуулийн захирал Д.З нь түүний өмгөөлөгч нар шүүхэд зориуд худал мэдүүлж, үндэслэлгүй тайлбар гаргаж, иргэний маргааныг эрүүгийн гэмт хэрэг болгон иргэн Б.Б  намайг гэмт хэрэг хийсэн мэтээр нийт 2365 хоног яллагдагч, шүүгдэгчээр шалгуулж, хэлмэгдүүлсэн юм. Энэ хэлмэгдүүлэлтэд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй юм.

Тийм ч учраас миний бие нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дугаар заалт “Итгэл Үнэмшилтэй Байх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, уг хэлэх,хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхтэй. Жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно”, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. Жагсаал, цуглаан зохион байгуулах эрх. “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын буртгэлд буртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” гэж заасан эрхийнхээ дагуу 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг дуустал өдөр бүр 08.00-18.00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, Г.Чагдаржавын гудамж, ... баруун талд “Прокурорын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зарчмыг прокурор баримтлах ёстой” гэсэн иргэн миний итгэл үнэмшлийг хяналтын прокурор эвдсэн тул жагсаал, цуглаан хийхээр болсныг Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлэхээр Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүсэлт өгсөн боловч бүртгэхээс татгалзсанаа 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1/17... дугаартай албан бичгээр мэдэгдлээ.

Иргэн миний хийх жагсаал цуглааныг бүртгэхээс татгалзсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1/17... дугаартай албан бичигт ”... Нийслэлийн Засаг даргын 2020 оны Иргэдийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай А/108, Иргэдийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг Эрчимжүүлэх тухай А/223, Коронавируст /КОВИД-19/ халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай А/436, захирамжид өөрчлөлт оруулах тухай А/590, А/782, Коронавируст цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай А/930 дугаар захирамжийг тус тус үндэслэн бүртгэж авах боломжгүйг мэдэгдэж байна” гэсэн байдаг.

Нийслэлийн Засаг дарга эдгээр захирамжуудыг гаргахдаа Улсын онцгой комиссын 2020 оны 01, 07, 20, 22, 24, 25 дугаар хурлын тэмдэглэлүүдийг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг үндэслэн иргэдийн Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон жагсах, цуглах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хаан боогдуулж, хориглосон байна.

Хэдийгээр “Гамшгаас хамгаалах тухай” хуулийн 10-р зүйлийн 10.4.6-д "соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох" гэж заасан боловч мөн зүйлийн 10.9-д “Энэ хуулийн 10.4-т заасны дагуу гарах аливаа шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд дор дурдсан шаардлагыг нэг мөр хангана: 10.9.1 хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх; 10.9.2-т үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх; 10.9.3-д энэ хуулийн 10.9.2-т заасан зорилгод хүрэхэд зайлшгүй, тухайн нөхцөлд тохирсон, тодорхой хүрээ, хугацаатай байх; 10.9.4-д хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хөндөөгүй байх. 10.10-д Гамшгаас хамгаалах зорилгоор гарах шийдвэр, арга хэмжээ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тухайн нөхцөлд тохируулан хамгийн бага хязгаарласан байна” гэж заасан зэргээс харахад Улсын онцгой комисст иргэний жагсах цуглах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах эрх олгогдоогүй байна.

Мөн татгалзсан хариунд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дах хэсгийг баримталсан нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл уг заалтад гамшиг, аюул осол тохиолдсон бол жагсаал цуглаан хийхийг хориглосон болохоос гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх үед баримтлах заалт биш юм.

Улсын онцгой комиссын 2020 оны 01, 07, 20, 22, 24, 25 дугаар хурлын тэмдэглэлд тусгасан шийдвэрүүдийн иргэдийн жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан, хориглосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоосноор иргэн миний Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон жагсах, цуглах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх сэргэх юм.

Иймд Улсын онцгой комиссын 2020 оны 01, 07, 20, 22, 24, 25-р хурлын тэмдэглэлд тусгасан шийдвэрүүдийн иргэдийн жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан, хориглосон хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар илт хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1/17... тоот албан бичгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн Засаг даргад хандан 2020 оны 08 дугаар сарын 23-27-ны өдрүүдийн 08:00-18:00 цагийн хооронд ... баруун талд Прокурорын тухай хууль зөрчсөн гэх Прокурорт хариуцлага хүлээлгэх, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл ирүүлсэн.

Тус мэдэгдэлд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1/17... дүгээр албан бичгээр бүртгэж авах боломжгүй тухай хариу хүргэсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 62 дугаар тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах хуулийн дагуу Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг Засгийн газрын Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62, 64, 102, 147, 188, 234, 1, 31 дүгээр тогтоолоор тус тус сунгасан.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны Иргэдийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/108, Иргэдийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай А/223, Коронавируст /КОВИД-19/ халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай А 436, Захирамжид өөрчлөлт оруулах тухай А/590, А/752, Коронавируст цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай А/930 дугаар захирамжаар хугацааг сунгаж, иргэн, хуулийн этгээдээс зохион байгуулах нийтийг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, түүнийг бүртгэхгүй байхыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасан.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд Коронавируст халдварыг цар тахал гэж, Гамшгаас хамгаалах тухай хуульд цар тахал нь аюулт үзэгдэл буюу аюул гэж тус тус тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ маргаан бүхий 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 1/1711 дүгээр албан бичигт /... Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8.3 дахь хэсгийг гамшиг тохиолдсон бол баримтлах заалт, Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдсан үйлдэл.../ гэжээ.

Маргаан бүхий албан бичигт Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8.3 дахь хэсэгт заасан аюул /8.3. Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно/ тохиолдсон гэснийг баримталсан.

Тайван жагсаал, цуглаан хийх нь Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгосон эрх мөн боловч Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4.6, 10.9.4, 10,9.4 дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний эрхийг хязгаарлах тохиолдолд баримтлах зохицуулалтыг заасан бөгөөд түүнийг зөрчөөгүй байна.

Хэрэв нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгосон эрхийг хөндсөн гэж үзэж байгаа бол энэ нь Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй. Иргэн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед холбогдох байгууллагаас гаргаж буй шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

Маргаан бүхий албан бичгийг Засаг дарга өөрт хуулиар олгосон эрх
хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн гаргасан байх тул нэхэмжлэлийн
шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн Засаг даргад хандан 2020 оны 08 дугаар сарын 23-27-ны өдрүүдийн 08:00-18:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын байрны баруун талд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл ирүүлсэн.

             Тус мэдэгдэлд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1/1711 дүгээр албан бичгээр бүртгэж авах боломжгүй тухай хариу хүргэсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 62 дугаар тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг Засгийн газрын Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62, 64, 102, 147, 188, 234, 1, 31 дүгээр тогтоолоор тус тус сунгасан.

            Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны Иргэдийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/108, Иргэдийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай А/223, Коронавируст халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай А/436, Захирамжид өөрчлөлт оруулах тухай А/590, А/752, Коронавируст цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай А/930 дугаар захирамжаар мөн хугацааг сунгаж, иргэн, хуулийн этгээдээс зохион байгуулах нийтийг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээг бүртгэхгүй байхыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасан.

            Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд Коронавируст халдварыг цар тахал гэж, Гамшгаас хамгаалах тухай хуульд цар тахал нь аюулт үзэгдэл буюу аюул гэж тус тус тодорхойлсон байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ маргаан бүхий 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 1/1711 дүгээр албан бичигт /...Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8.3 дахь хэсгийг гамшиг тохиолдсон бол баримтлах заалт, үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдсан үйлдэл.../ гэжээ. Маргаан бүхий албан бичигт Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8.3 дах хэсэгт заасан аюул /8.3. Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно/ тохиолдсон гэснийг баримталсан. Тайван жагсаал, цуглаан хийх нь Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгосон эрх мөн боловч түүнийг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, зарим тохиолдолд Гамшгаас хамгаалах тухай хууль, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиудад хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчлан зохицуулсан.

Гамшгаас хамгаалах тухай хууль, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиудад иргэн гамшиг, цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагаас гаргаж буй шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж заасан.

Хэрэв нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгосон эрхийг хөндсөн гэж үзэж байгаа бол энэ нь Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй. Маргаан бүхий албан бичгийг Засаг дарга өөрт хуулиар олгосон эрх, хүлээлгэсэн үүргийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Улсын онцгой комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манай улсын хил залгаа болон бусад улс орнуудад Коронавируст “КОВИД-19” цар тахлын тархалт өндөр, халдвар зөөвөрлөгдөн орж ирэх, улмаар дотооддоо тархах өндөр эрсдэлтэй гэж мэргэжлийн байгууллагуудын үнэлгээ гарсан.

Манай улсын хил залгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Шинэ төрлийн коронавирус 2020 оны 01 дүгээр сарын эхээр гарсны улмаас Улсын Онцгой комисс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж Улсын Онцгой комиссын ажиллах журмын 2.1.4. /гамшгийн цагийн байдалд өгсөн дүгнэлт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай яам Засгийн газрын агентлагийн илтгэл мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргах/ заалтын хүрээнд халдвар тархахаас урьдчилан сэргийлж, аймаг Нийслэлийн Засаг дарга нарт Олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахыг түр хугацаагаар хязгаарлахыг даалгаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 дугаар захирамжаар “Иргэн, хуулийн этгээдээс зохион байгуулах олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглааныг бүртгэхийг түр хугацаагаар зогсоохыг даалгасан. Мөн үзвэр үйлчилгээ, сургалт, тэмцээн уралдаан, аялал зугаалга гэх мэт арга хэмжээг түр хориглож хүн олноор цуглуулахгүй, вирус тархахаас урьдчилан сэргийлж ажиллах шийдвэрийг гаргасан.

Дээрх гарсан шийдвэрээс хойш Улсын онцгой комисс Коронавирусийн цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр Улсын Онцгой комисс 28 удаа хуралдаж холбогдох шийдвэрийг хууль, дүрэм журмын хүрээнд гаргаж, хэрэгжүүлж ажилласан. Улс орон дэлхий нийтэд тархаад байгаа халдварт өвчнөөс ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж ажиллах нь Төр засгийн үүрэг бөгөөд энэ үүргийнхээ үрээнд хэрэгжүүлж байгаа ажлын зарим түр хязгаарлалтыг Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрх, эрх чөлөөг хөндсөн гэж үзэж болохгүй юм. Харин үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрүүл, аюулгүй орчин амьдрах тэр эрхийг хангаж Төр засаг 2020 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл цар тахалтай тэмцэж, урьдчилан сэргийлж ажилласны үр дүнд халдварт өвчнийг улсдаа тархаагаагүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Тус шүүх иргэн Б.Б-ээс Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Улсын онцгой комисст холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1/17... тоот албан бичгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[2].

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Улсын онцгой комиссын 2020 оны 01, 07, 20, 22, 24, 25 дугаар хурлын тэмдэглэлд тусгасан шийдвэрүүдийн иргэдийн жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан, хориглосон хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолго[3]” гэж нэмэгдүүлсэн бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

            Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, нэхэмжлэгч Б.Б-ээс 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад “2020 оны 8 дугаар сарын 23-27-ны өдрүүдийн 08:00-18:00 цагийн хооронд ... байрны баруун талд Прокурорын тухай хууль зөрчсөн гэх Прокурорт хариуцлага хүлээлгэх, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор жагсаал, цуглаан хийх тухай” агуулга бүхий мэдэгдлийг гаргаж, нэхэмжлэгчийн гаргасан мэдэгдэл нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62, 64, 102, 147, 188, 234, 1, 31 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Иргэдийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” А/223, Коронавируст /Ковид-19/ халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай А/436, Захирамжид өөрчлөлт оруулах тухай А/590, А/752, Коронавируст цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай А/930 дугаар захирамжийг тус тус зөрчихөөр байх тул жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй талаарх хариуг Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1/17... дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид өгчээ[4].

            Нэхэмжлэгчээс, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 16-д үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсах, цуглах эрхтэй талаар заасан бөгөөд энэ эрхээ эдлэхээр жагсаал, цуглаан хийхээр бүртгүүлэхээр хүсэлт гаргахад хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, мөн Засгийн газрын 2020 оны 62, 64, 102, 147, 188, 234, 1, 31 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А108, А223 А436, А590, А752 гэсэн захирамжуудыг үндэслэн бүртгэхээс татгалзсан. Ийнхүү татгалзсан нь хууль бус гэж үзэж байгаа. Дүүргийн Засаг дарга нь татгалзсан шийдвэр гаргахдаа Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэл болгосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамж нь Улсын онцгой комиссын хуралдааны тэмдэглэлийг үндэслэл болгосон байсан. Миний бие Улсын онцгой комиссын хуралдааны тэмдэглэлүүдийг илт хууль бус захиргааны акт үзэж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

            Нэхэмжлэгчийн дээрх тайлбар, маргаан бүхий захиргааны актуудын гарсан дараалал зэргээс үзвэл эхэлж Улсын онцгой комиссын хуралдааны тэмдэглэлүүдийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгчийн “Улсын онцгой комиссын 2020 оны 01, 07, 20, 22, 24, 25 дугаар хурлын тэмдэглэлд тусгасан шийдвэрүүдийн иргэдийн жагсаал, цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан, хориглосон хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч иргэдийн жагсаал, цуглаан хийж үзэл бодлоо илэрхийлэх эрх Үндсэн хуулиар олгогдсон эрх, Улсын онцгой комисст иргэдийн дээрх эрх эрхийг хязгаарлах эрх байхгүй. Улсын онцгой комисс нь хуралдааны тэмдэглэлүүдээрээ иргэдийн дээрх эрхийг хязгаарласан нь үндэслэлгүй бөгөөд энэ нь захиргааны актын илт хууль бус шинж болох “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэх үндэслэлд хамаарч байгаа гэж тайлбарлажээ.

Улсын онцгой комисс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа “Олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахыг түр хугацаагаар хязгаарлахыг” Аймаг, Нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болгож шийдвэрлэсэн байна[5].

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл. “Захиргааны акт илт хууль бус болох”, 47.1.“Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.6. “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтын “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх агуулга нь сөрөг нөлөө бүхий захиргааны акт[6] байхыг шаардах бөгөөд эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан байхыг шаардахаар байна.

Маргаан бүхий тохиолдлын тухайд, нийтэд илэрхий үйл баримт болох Коронавируст /КОВИД-19/ цар тахал дэлхий нийтэд тархсан, түүнтэй тэмцэх түүний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нэг хэсэг нь Улсын онцгой комиссын “Олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахыг түр хугацаагаар хязгаарлахыг” Аймаг, Нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болгосон шийдвэр байх бөгөөд энэ нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт[7] гэж үзэхээр байна. Учир нь дээрх шийдвэр нь Монгол улсын иргэдэд ашигтай буюу Коронавируст /КОВИД-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилготой байна.

Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл Улсын онцгой комиссын хуралдааны тэмдэглэлүүд илт хууль бус захиргааны акт гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл. “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:”, 16/ “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтын агуулга нь Монгол улсын иргэн нь итгэл үнэмшилтэй байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, тайван жагсаал, цуглаан хийх эрхтэй байна. Гэхдээ жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар зохицуулахаар байна.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйл. “Жагсаал, цуглаан болон өлсгөлөн зохион байгуулахыг хориглох”, З. “Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно.” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл улс орны хэмжээнд аюул тохиолдсон тохиолдолд жагсаал, цуглаан хийхийг хориглосон зохицуулалттай байна.

Хуулийн дээрх заалт болон Улсын онцгой комиссын шийдвэр, түүнийг үндэслэн гарсан Нийслэлийн засаг даргын захирамж зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн жагсаал цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь дэлхий нийтийг хамарсан Коронавируст /КОВИД-19/ цар тахал нь аюулт өвчин бөгөөд түүний халдвараас урьдчилан сэргийлэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг аюул тохиолдсон нөхцөл байдал бий болсон гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн жагсаал, цуглаан хийх зорилго нь Прокурорын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, мөн прокурорын байгууллагын ажилтнуудад хариуцлага тооцуулах агуулгатай байна.

Шүүх нэхэмжлэгч дээрх эрхээ өөр байдлаар эдлэх боломжтой байна гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдлоо тухайн хуульд нь зааснаар холбогдох байгууллага, албан тушаалтанд нь, прокурорын байгууллагын ажилтнуудад хариуцлага тооцуулахтай холбоотой гомдлоо Прокурорын ёс зүйн зөвлөлд нь гомдол гаргах байдлаар хэрэгжүүлэх боломжтой эрх байна гэж үзсэн болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Б-ээс Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Улсын онцгой комисст холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1/17... тоот албан бичгийг хүчингүй болгуулах, Улсын онцгой комиссын 2020 оны 01, 07, 20, 22, 24, 25 дугаар хурлын тэмдэглэлд тусгасан шийдвэрүүдийн иргэдийн жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан, хориглосон хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ээс Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Улсын онцгой комисст холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1/17... тоот албан бичгийг хүчингүй болгуулах, Улсын онцгой комиссын 2020 оны 01, 07, 20, 22, 24, 25 дугаар хурлын тэмдэглэлд тусгасан шийдвэрүүдийн иргэдийн жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан, хориглосон хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ

 

 

              

 


[1] Хавтаст хэргийн 1-3, 11-12, 51-54 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 51-54 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 7 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас

[6] 37.5.Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно.

[7] 37.4.Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно.