Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 212/МА2018/00047

 

    Баян-Өлгий аймгийн Ерөнхий

Боловсролын бүрэн дунд сургуулийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00122 дугаар шийдвэртэй,

 

Баян-Өлгий аймгийн Бүрэн дунд сургуулийн нэхэмжлэлтэй, Т.М-т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Бахыт, хариуцагч Т.М, орчуулагч Ж.Ахмарал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн мөнгөнөөс илүү олгосон 3316000 төгрөг гаргуулах” тухай.

 

            Нэхэмжлэлд: “Иргэн Т.М нь тус сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан ба өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн учир ажлаас нь чөлөөлсөн. Тус сургуулийн үйлчлэгч ажилтай Т.М-т тус сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаартай тушаалаар 14950000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсний дагуу мөн сарын 28-ны өдөр дансанд нь шилжүүлсэн. Гэтэл аймаг дахь Төрийн Аудитын газраас тус сургуулийн 2017 оны гүйцэтгэлд шалгалт хийх явцад үйлчлэгч Т.М-т төсөвт тусгагдсан өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн мөнгөнөөс 3316100 төгрөгийг илүү олгосон болохыг тогтоож, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 08/46 БӨА-2017/06-ГА дугаартай акт үйлдэж, нэр бүхий ажилтнуудаар нөхөн төлүүлж, сургуулийн төсвийн харилцах дансанд 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор оруулж, актын биелэлтийг ирүүлэхийг үүрэг болгосон. Тэтгэмжийн мөнгө илүү бодогдож олгогдсон талаар Т.М-т мэдэгдэх хуудсыг танилцуулан гардуулж, илүү авсан мөнгөө буцааж сургуулийн дансанд тушаахыг анхааруулж байсан боловч сайн дураар биелүүлээгүй тул шүүхэд хандаж байгаа болно. Иймд иргэн Т.М-аас өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн мөнгөнөөс илүү олгогдсон 3316000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “Би 3316100 төгрөг илүү аваагүй. Миний авсан 14950000 төгрөг нэг жилийн өмнө өгсөн 4 дүгээр ахлах сургуулийн тодорхойлолттой захиалгын дагуу дээрээс шалгагдаж батлагдан ирсэн. Мөн Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т “тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгоно” гэсний дагуу би ажиллаж байсан 4 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаар тушаалаар уг мөнгийг авсан. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан ба Засгийн газрын 405 дугаар тогтоолоор баталсан журмаар 36 сарын цалингаас илүүгүй байх гэсэн заалтыг зөрчөөгүй. Учир нь миний авсан тэтгэмжийг энэхүү 36 сараар буюу ажилласан жил болох 34 сарыг үндсэн цалин болох 416525 төгрөг гэж бодоход яг таарч байна. Засгийн газрын 405 дугаар тогтоолд төрийн албанд ажилласан хугацааг тооцох баримт бичиг нь хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр байна гэж заасны дагуу холбогдох баримтуудыг хавсаргав. Анх 1983 оны 12 дугаар сард Ахуйн үйлчилгээний комбинатад ажилд орсон ба түүнээс хойш 2017 оны 7 дугаар сар хүртэл тасралтгүй ажиллаж байна. Үүний 20 жилийг 4 дүгээр сургуульд ажилласан. Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “байгууллага ажилтны гаргасан алдааны улмаас илүү олгогдсон тэтгэмжийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг шүүхийн журмаар буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж заасны дагуу уг мөнгийг Х.Х буюу 4 дүгээр ахлах сургууль хариуцаж төлөх ёстой. Миний бие хууль зөрчиж алдаа гаргасан зүйл байхгүй. Тиймээс Х.Х-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00122 дугаар шийдвэрээр:

 

“1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д заасныг баримтлан Т.М-аас өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн мөнгөнөөс илүү олгосон 3316100 төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн төсвийн харилцах дансанд оруулсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль нь төсөвт байгууллага учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Т.М-аас 68008 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар  сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00122 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь хэсэг, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэг болон тус хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, мөн тус хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т “шүүх өөр хуулийг, эсвэл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн хуулийн шаардлагыг дараах үндэслэлээр Баян-өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00122 дугаар шийдвэр зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

Тэтгэмжийг олгох хууль зүйн үндэслэлийн тухайд Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт “Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5-д заасан нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас нь ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.” гэсэн байдаг. Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд уг тогтоолоор төрийн үйлчилгээний албан хаагчид тэтгэмж тогтоолгох эрхтэй гэсэн нэмэлт өөрчлөлтийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлнэ гэсэн тул уг журмын 21 болон 3 дахь хэсэгт заасны дагуу миний бие нийт улсад 30 жил ажилласан. Үүний дагуу дундаж цалин хөлсний дунджаар ажилласан жилдээ тооцуулан 1 удаагийн тэтгэмж авах эрхтэй. Үүнийг шүүх анхаарч үзээгүй.

Монгол улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралтаар төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 21 дэх хэсэгт Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т тус тус заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн хэмжээг энэ журмын 3, 4 дэх заалтад заасны дагуу тогтоох бөгөөд тэдгээрийн ажилласан хугацаанд Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 5.4-5.8-д заасан хугацааг оруулан тооцохоор хуульчилсан байдаг. Дээрх заалтаар миний тэтгэмжийн мөнгийг зөв тооцсон гэдэг нь харагдаж байна. Мөн түүнчлэн Нийгмийн халамжийн тухай хуулийн 30.5 дахь хэсэгт байгууллага ажилтны гаргасан алдааны улмаас илүү олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг шүүхийн журмаар буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр заасан байгааг анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёстой хуулийн заалтуудыг хэрэглээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн билээ.

 

Иймд хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00122 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Т.Бахыт би Баян-Өлгий аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00122 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Т.М-ийн Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу дараах тайлбарыг гаргаж байна.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00122 дугаартай шийдвэр нь хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүх хуралдаанаар хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн гаргасан шийдвэр бөгөөд шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангасан үзэж үзэж байна. Учир нь:

Хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэжээ. Т.М нь Боловсролын тухай хуулийн 3 1.15-д заасан “Боловсролын туслах ажилтан”-ны ангилалд хамаарч байгаа ба харин хуулийн 3.1.15-д болохоор “Боловсролын туслах ажилтан” гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтныг нэрлэхээр заасан байна

Т.М нь Боловсролын тухай хуулийн 3.1.15-д заасан “Боловсролын туслах ажилтан” буюу үйлчлэгчээр 1989 оноос эхлэн ажиллаж байсан ба түүнд улсад ажилласан жил болох 28 жил буюу 28 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний цалин буюу 11.633.900 төгрөгийг авах ёстой байсан ба түүнийгээ бүрэн авсан байдаг. Тэгвэл Т.М нь 1983-1986 онуудад аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байгаад 1986-1988 онд Политехникийн дээд сургуульд суралцаж байсан байна. Харин 1989 оноос аймгийн 4 дүгээр Бүрэн дунд сургуульд казах хэл уран зохиолын багшаар, 1997 оноос үйлчлэгчээр ажилласан болох нь Т.М-ийн өөрийн шүүхэд гаргаж өгсөн хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар нотлогдож байна. Тэгэхээр Т.М нь тухайн байгууллага буюу хуульд заасан боловсролын байгууллагад 1989-2017 он хүртэл нийт 28 жил ажилласан болох нь харагдаж байна. Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоол, 2015 оны 338 дугаар тогтоол батлагдан гарснаар төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилласан хугацааг оруулж тооцохгүй болсон байгаа тул Т.М нь АҮК-д ажилласан хугацааг тэтгэмж бодож олгох хугацаанд оруулж тооцох үндэслэлгүй гэдгийг ойлгоогүй байна.

 

Иймд Баян-Өлгий аймаг дахь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00122 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч тусгайлсан зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргасан байх тул энэ үндэслэлээр шийдвэрт  өөрчлөлт оруулав.

 

Баян-Өлгий аймгийн  нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль нь  хариуцагч Т.М-т холбогдуулан “Өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн мөнгөнөөс илүү олгосон 3316000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 74 дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул үйлчлэгч Т.М-ийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, тус сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаартай тушаалаар ажилласан жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 14950000 төгрөгийг Т.Мийн  Төрийн банк дахь 0000000 дугаартай данс руу шилжүүлсэн болох нь нотлогджээ.

 

Т.М нь 1983 оноос Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчин, 1989 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс Өлгий сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн казах хэлний багшаар томилогдож, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д зааснаар боловсролын салбарт 28 жил ажилласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг харьцуулан судлахад, хариуцагч Т.М нь улсад 30 жил ажилласан гэх боловч төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 30 жил ажилласан талаар нотлох баримтаар нотлогдоогүй, анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлаагүй алдаа гаргасан байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсанчлан “Иргэний хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэл тогтоогдоогүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68008 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00122 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1” гэсний дараа “, 492.1.1” гэж, “Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн төсвийн харилцах дансанд оруулсугай.” гэснийг “Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68008 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                       

Д.КӨБЕШ