Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 300

 

М.Ж-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч М.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 221/МА2017/0296 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор М.Ж-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 11.6, 16.1, 17.2, 17 3, 17.4, 17.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Ж-ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр тушаалыг хүчингүй болгож, түүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3.273.150 төгрөгийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн хэсэг болох Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2017/0296 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн нэг дэх заалтыг “1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.4, 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан М.Ж-ийн “Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 5-д заасныг баримтлан М.Ж-ийн “Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 3 дахь заалтыг нэмж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Давж заалдах шатны шүүх миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2 дахь хэсэг, 35.1.4 дэх хэсэг, 100.1 дэх заалтуудыг хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Жирэмсэн эмэгтэй болон гурав хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй ажлаас халахгүй байх тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх заалтыг төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд хэрэглэх үндэслэлгүй юм. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч тус хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдах тухай заасан нь төрийн жинхэнэ албан хаагчийн ажлаас халагдахгүй байх нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдийг оруулаагүй болохыг илтгэх юм. Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах асуудлыг зөвхөн Төрийн албаны тухай хуулиар хязгаарлаж ойлгох үндэслэлтэй. Төрийн албаны тухай хуулийн 11.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна" гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэхийн тулд дараах хоёр нөхцөл хангагдах ёстой. Үүнд, маргаан бүхий харилцаа нь төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал байх, тус асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй байх. Гэтэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх заалт бол хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудлыг зохицуулсан заалт юм. Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсгэдэггүй тул гэрээ цуцлахтай холбоотой заалтыг хэрэглэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн, бид хариуцагч байгууллагын 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж буй учир шүүх тус захиргааны акт үндэслэлтэй гарсан эсэхийг хянан шийдвэрлэх учиртай. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт захиргааны актад түүнийг гаргах болсон бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлийг заах тухай заасан. Иймд захиргааны актад тусгагдсан нөхцөл байдлыг акт гарах болсон үндэслэл гэж ойлгох бөгөөд маргаан бүхий захиргааны актад түүний үндэслэлийг “Төрийн албаны тухай хуулийн 13.1.9 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2 дахь заалт” гэж тодорхойлсон байдаг. Иймд тус үндэслэлүүд маргаан бүхий захиргааны актыг гаргах хууль зүйн үндэслэл байж чадах эсэхийг л хянах ёстой билээ.

Хэрэв Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх заалтыг төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд хэрэглэнэ гэж үзвэл энэ нь хууль ёсоор томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах болохыг анхаарах хэрэгтэй. Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр л ажлаас халагдах тухай нэмэгдэл баталгааг хууль ёсоор томилогдсон албан хаагч эдлэх юм. Энэ нь, Төрийн албаны тухай хуулийн 4.2.5 дахь хэсэгт заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцнэ. Учир нь, төрийн жинхэнэ албаны сул орон тоонд мэргэшсэн хүн авах явдлыг хангах үүднээс Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн өндөр оноо авсан хүнийг томилж байгаа бөгөөд төрийн албаны тогтвортой байдлыг хангах үүднээс тус журмын дагуу томилогдсон хүнийг хуульд заасан үндэслэлээр л ажлаас халахаар хязгаарлаж байгаа хэрэг.

Гэтэл, хуульд заасан журмыг зөрчиж томилогдсон хүмүүсийн хувьд хуульд заагаагүй үндэслэлээр халагдахгүй байх баталгаагаар хангагдвал улс төрийн томилгоогоор томилогдсон хүмүүс төрийн албанаас халагдахгүй байх, ажил олгогч болон бусад байгууллага хууль бус тушаалыг цуцлах боломжгүй байх үр дагаварт хүргэнэ. Гуравдагч этгээдийг анх ажилд томилсон тушаал нь Төрийн албаны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хууль бус тушаал байсан тул захиргааны байгууллага нь тухайн актыг цуцлах үндэслэлтэй юм.

Гуравдагч этгээдийг ажлаас чөлөөлсөн тушаал нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гарсан тул Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй. Иймд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг цуцлахгүй байх тухай Захиргааны ерөнхий хуулийн 48.2 дахь хэсэгт заасан зохицуулалт үйлчлэхгүй юм. Иймд хариуцагч байгууллага нь өөрийн хууль бус захиргааны актын үйлчлэлийг цуцалсан нь хууль ёсны юм. Гуравдагч этгээдийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль ёсны учир маргаан бүхий захиргааны актаар тус тушаалыг хүчингүй болгож байгаа нь хуульд нийцэх юм.

2. Миний нэхэмжлэлийн шаардлага бол хариуцагчийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах буюу намайг ажилд томилсон шийдвэрийг хүчингүй болгосон асуудлаар маргаж байгаа билээ. Иймд энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд дүгнэлт өгөх гол шаардлагатай зүйл бол гуравдагч этгээдийг ажлаас чөлөөлсөн нь хууль ёсны эсэх асуудал биш намайг томилсон тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байсан эсэх асуудал юм.

Төрийн албаны тухай хуулийн 17.6 дахь хэсэгт заасны дагуу төрийн албаны зөвлөлөөс шалгаруулж нэр дэвшүүлсэн иргэнийг ажил олгогч томилохоос татгалзах ёсгүй, томилох үүрэгтэй. Төрийн албаны зөвлөлийн нэр дэвшүүлсэн шийдвэрийг ажил олгогч биелүүлэхгүй байх, хууль бус гэж үзээд татгалзах зэрэг эрхгүй. Иймд төрийн албаны салбар зөвлөлөөс иргэнийг томилохоор нэр дэвшүүлсэн байхад түүнийг томилсон тушаалыг хууль ёсны гэж үзэх юм. Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар тогтоолоор намайг маргаан бүхий албан тушаалд нэр дэвшүүлсэн учир хариуцагчийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр хууль ёсны юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэрэглэвэл зохих хууль болох Төрийн албаны тухай хуулийн 17.6 дахь заалтыг хэрэглэсэнгүй.

Мөн, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хууль болох Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэг болон 48.2 дахь заалтыг тус тус хэрэглэсэнгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8 дахь хэсэгт захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх талаар заасан нь захиргааны байгууллагын иргэн, хуулийн этгээдэд ашигтай шийдвэр нь хэдийгээр хууль бус байсан ч түүнд итгэсний үндсэн дээр амьдралаа төлөвлөж, үйл ажиллагаа явуулж байсан иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдах агуулгыг заасан хэрэг юм. Тус зарчмыг нарийвчлан хуульчилсан нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 2 дахь заалт юм. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын түүнийг ажилд томилсон шийдвэрийг хууль ёсны хэмээн итгэж байсан тул (тухайлбал тус албан тушаалд томилогдох болсонтой холбоотой өмнөх ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан) миний хууль ёсны итгэл хамгаалагдах учиртай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгохыг хүсч байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Гуравдагч этгээд Ш.А нь анх аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын томилох эрх бүхий албан тушаалтны 2011 оны 5 дугаар сарын шийдвэрээр Мод үржүүлэг талбайн мэргэжилтнээр ажиллаж байсан гэж тайлбарлан, аймгийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “ойн анги байгуулах тухай” 26 дугаар захирамж, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ. Тухайн үед ажил олгогчоос баталж өгсөн гэх ажлын байрны тодорхойлолтын 3-т ажлын байрны нэр гэсэн хэсэгт "Мод үржүүлэг талбайн мэргэжилтэн" гэсэн бичилт, мөн нийгмийн даатгалын дэвтрийн 2 дахь хуудаст 2011 онд төлсөн шимтгэл хэсгийн 5-12 дугаар мөрт сар бүр 265000 төгрөгийн цалин авч байсан талаар мэдээллүүд тус тус бичигдсэн байна. Гэсэн хэдий ч эдгээр баримтууд гуравдагч этгээдийг төрийн жинхэнэ албан хаагч мөн болохыг нотолж чадахгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан эрхээ гагцхүү ажил олгогч этгээд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.5 дахь заалтуудыг хэрэгжүүлж, түүний үр дүнгээр буюу Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх тухай шийдвэр гарснаар эдлэх учиртай.

Гуравдагч этгээд Ш.А нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн "ажилд томилох тухай" 26 дугаар тушаалаар 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж нярвын ажлыг гэрээгээр гүйцэтгэж байсан тухай, мөн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн "ажилд томилох тухай" 06 дугаар тушаалаар бичиг хэрэг, эд хэрэг хариуцагчийн ажлыг хийж байсан тухай үйл баримт тогтоогдож байгаа.

2. Нэхэмжлэгч М.Ж-ийг 2015 оны 12 дугаар сард зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан гэж үзэж бүртгэсэн байх ба тэрээр уг төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэнээр төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр бүртгэгдсэн байна. 2016 оны 05 дугаар сард аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс маргаан бүхий Газар, газрын хэвлий түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоог төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс нөхөх талаар нийтэд мэдээлсний дагуу нэхэмжлэгч М.Ж-ийг нь бүртгүүлж, улмаар салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар тогтоолоор түүнийг уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн нь Төрийн албаны тухай 17 дугаар зүйлийн 17.2, 17.4 дэх заалттай тус тус нийцсэн гэж үзэж байна.

Гуравдагч этгээд Ш.А нь Газар, газрын хэвлий түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан мэргэжилтэн сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах шаардлага, болзлыг ханган хуульд заасан журмын дагуу томилогдоогүй байх тул уг орон тоог сул орон тоо гэж үзэх үндэслэлтэй, мөн төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог ямар журмаар нөхөхийг Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд маргаан бүхий орон тоонд гуравдагч этгээдийн ажиллаж байгаа нь уг орон тоог зайлшгүй төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалт явуулах замаар нөхөх, түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэл болохгүй, энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчим, 4.2.4-т заасан иргэд, хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх гэсэн зарчмуудтай нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2017/0296 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М.Ж нь Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, газар, газрын хэвлий түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах  нэхэмжлэл гаргажээ. Маргаан бүхий тушаалаар “нэхэмжлэгчийг ажилд томилсон” тушаалыг хүчингүй болгосон байх бөгөөд хэргийн оролцогчид “сул орон тоо” гарсан эсэх үйл баримтад холбогдуулан маргасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулах, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчдаас нөхөх боломжгүй бол нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс нөхөхөөр зохицуулсан байна. Гэвч энэ тохиолдолд тухайн байгууллагад сул орон тоо бий болоогүй байсан гэж үзлээ.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулахаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь жирэмсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуй нэгж байгууллага татан буугдсан, сахилгын зөрчил давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан, эд хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсоноос бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосон байна.

Ингэхдээ гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийн хөдөлмөрлөх эрхийг тухайн эх төрийн жинхэнэ албан хаагч, эсхүл төрийн үйлчилгээний албан хаагч, эсхүл хувийн хэвшилд ажил эрхэлж байгаагаас үл хамааран нийтлэг байдлаар, тусгайлан ялгаж зааглаагүй, хүүхэд өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ хөдөлмөр эрхлэх нөхцөл адилхан байхаар зохицуулжээ.

Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “гуравдагч этгээд нь төрийн албаны шалгалт өгөөгүй, ажлын байранд заасан шаардлага хангаагүй учир сул орон тоо гарсан байсан, Хөдөлмөрийн хуулийн зохицуулалт хамааралгүй” гэх гомдол үгүйсгэгдэж байна.

Хэдийгээр гуравдагч этгээд Ш.А төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байх хугацаа дууссан боловч хариуцагч үүнийг мэдсээр байж, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс сургалт, сурталчилгаа, мэдээ тайлан, байгаль орчны аудитын асуудал хариуцсан мэргэжилтнээр буюу төрийн захиргааны албан тушаалд ажиллуулж байсан, хүүхэд нь 3 нас хүрээгүй байх үед түүнийг ажлаас чөлөөлж, уг орон тоог “сул орон тоо” гэж шийдвэр гаргасан нь буруу болсон, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгчийг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад ороогүй” гэж дүгнэсэн нь буруу байх бөгөөд нэхэмжлэгчийн тухайд ТЗ-6 зэрэглэлтэй, газрын бүртгэл, газар зохион байгуулагч хариуцсан мэргэжилтний орон тоонд шалгалт өгч, тэнцэн, Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 209 дүгээр тогтоолоор нөөцөд бүртгэгдсэн, Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 6.3 дахь хэсэгт зааснаар нөөцөд байгаа иргэн мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын зэрэглэлтэйгээ адил зэрэглэлийн төрийн жинхэнэ албаны  өөр албан тушаалд томилогдон ажиллаж болохоор заасан, эдгээр хоёр албан тушаал нь хүүхэдтэй эхэд албан тушаалын зэрэглэлийн хувьд адилхан байгаа тул нэхэмжлэгчийг төрийн албаны шалгалт өгөөгүй гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх “гуравдагч этгээд анхнаасаа хуульд заасан журмын дагуу томилогдоогүй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь дээр дурдснаар гурав хүртэлх насны хүүхэдтэй бол түүнийг ямар ажил эрхэлдгээс үл хамааран ажлаас чөлөөлөгдөхгүй байх баталгааг, тусгайлан боломж олгосон хуулийн заалтыг анхаараагүй, хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн хуулийг хэрэглээгүй, маргааны үйл баримтад хамааралгүй Төрийн албаны хуулийн заалтыг хэрэглэсэн нь буруу байна.

Хариуцагчийн тухайд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан хугацаа дуусмагц зохих журмын дагуу тухайн албан тушаалын захиалгыг эрх бүхий байгууллагад хүргүүлэх замаар тухайн албан тушаалд ажиллах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан этгээдийг томилох эрх үүсэх юм.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2017/0296 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ   

ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ