| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2020/01192/И |
| Дугаар | 101/ШШ2020/01306 |
| Огноо | 2020-04-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2020/01306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .... дугаар хороо, Гэгээнтэн, зайсан гудамж, .... байр, ..... тоотод оршин суух, А /РД:...../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ....... дүгээр хороо, .......байр, .... тоотод түр оршин суух, Б /РД:................/-т холбогдох,
3,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч Б, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Нэхэмжлэгч нь анх хариуцагчтай 2019 оны 10-р сард уулзахад 2019 оны 08-р сарын 29-ний өдөр иргэн Н.Т*******тай Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээл төлөх хугацаа болсон тул тухайн зээлийн гэрээний дагуу төлөх зээлийг хааж өгөөч би тантай зээлийн гэрээ байгуулж тохирсон хүүг төлнө гэсэн саналыг тавьсан. Нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцсоны дагуу хариуцагч Бийн зээлийг хаасан. Нэхэмжлэгч нь хариуцагч Бийн саналыг хүлээн авч 2019 оны 10-р сарын 29-ний өдөр Зээлийн гэрээг байгуулсан. Тус зээлийн гэрээний дагуу 3 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй нэг сарын хугацаатайгаар байгуулсан. Нэхэмжлэгч тус гэрээний дагуу хариуцагч Бийн хүсэлтээр иргэн Н.Т*******ийн дансанд 3,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч Б нь зээлийн гэрээний дагуу нэг сарын хүү 300,000 төгрөгийг 2019 оны 11-р сарын 29-ний өдөр, зээлийн үлдэгдэл төлбөрөөс 2020 оны 01-р сарын 27-ны өдөр 500,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Б*******ийн дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг одоо болтол төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байна. Хоёр талын байгуулсан Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь зээл болон хүүг 2019 оны 11-р сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Тус гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө/-д заасны дагуу 2019 оны 11-р сарын 30-ны өдрөөс 2020 оны 01-р сарын 27-ны өдөр хүртэл нийт 58 хоног хэтрүүлсэн тул гүйцэтгээгүй үүрэг буюу 3,000,000 төгрөгийн 0.5 хувийн алданги 870,000 төгрөг, 2020 оны 01-р сарын 27-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 31 хоног хэтрүүлсэн бөгөөд гүйцэтгээгүй үүрэг буюу 2,500,000 төгрөгийн 0.5 хувийн алданги 387,500 төгрөг, нийт 1,275,500 төгрөгийн алданги шаардах нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-т заасны дагуу 1,250,000 төгрөгийг шаардах эрхтэй байна. Тиймээс Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, хоёр талын байгуулсан зээлийн гэрээний 3.6-д заасны дагуу хариуцагчаас зээлийн үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөг, Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6, 232.4, зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу алданги 1,250,000 төгрөг нийт 3,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би Ш.Б*******ээс 3,000,000 төгрөг зээлж авсан үүнээс 800,000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 2,200,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин алдангийг зөвшөөрөхгүй байна. Би М.Х*******аагийн Баянзүрх дүүрэг, Консул тауэр, 79 байранд байдаг байрыг урт хугацаагаар түрээслэхээр тохироод орсон байсан, 2019 оны 9 сард гэнэт байрнаасаа гар гэсэн, хүний байр учраас гарсан. Гэтэл М.Х*******аа би танд мөнгө зээлж өгөх хүн олж өгье гээд Н.Т*******аас 3 сая төгрөг зээлсэн. Н.Т*******аас зээлсэн мөнгөө өгч чадаагүй байж байтал гадаад явах гэж байна гээд М.Х*******аа яриад би өөр мөнгө зээлэх хүн олж өгье гэсэн. Ингээд Зайсанд байдаг нотариат дээр оч гээд очиход нотариатч Ш.Б******* гэж хүн намайг загнаад алдангийг 0.5 хувиар гэрээ хийе гээд хийсэн. Одоо бодоод байхад М.Х*******аагаас болж би гэрээ байгуулж, хүү, алдангийн өрд орж байна, М.Х*******аа байрнаасаа гаргасанд гомдолтой байна .... гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б******* хариуцагч Бт холбогдуулан зээлд 2,500,000 төгрөг, алдангид 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч, алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ш.Б******* 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж хариуцагч Бт 3,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алдангийг 0,5%-иар тооцохоор тохиролцон зээлж, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Зээлдүүлэгч Ш.Б******* зээлдэгч Бт шилжүүлэн өгөх 3,000,000 төгрөгийг зээлийн гэрээний 3.4-т заасны дагуу Н.Т*******ийн Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер зэргээр тогтоогдож байх ба Б Н.Т*******аас зээлсэн 3 сая төгрөгтөө тооцож, Ш.Б*******ээс авсан зээлээ шилжүүлүүлсэн гэж хүлээн зөвшөөрч, маргаагүй.
Хариуцагч Б зээлийн гэрээний хүүд 2019.11.29-нд 300,000 төгрөг, зээлийн төлбөрт 2020.01.27-ны өдөр 500,000 төгрөг тус тус төлсөн болох нь зохигчийн тайлбар, Ш.Б*******ийн Хаан банкны 5103041058 тоот дансны хуулгаар тогтоогдож байх ба 2019.11.29-нд Цэрэнчимэгээс зээлийн хүү гэж 300,000 төгрөг төлснийг хүүд төлсөн гэж үзэхээр байна.
Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дуусахад зээлдэгч үндсэн зээлд 3,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан ба 2020.01.27-ны өдөр 500,000 төгрөг төлөх хүртэл 3,000,000 төгрөг төлөх үүргээ 58 хоног хэтрүүлсэн тул 3,000,000*0.5%*58 хоног=870,000 төгрөгийн алданги төлөхөөр байна.
2020.01.27-ны байдлаарх үндсэн зээл 2,500,000 төгрөгийг төлөөгүйгээс нэхэмжлэгч шүүхэд хандах 2020.03.02-ны өдрийг хүртэл 31 хоног хэтрүүлсэн тул 2,500,000*0.5%*31 хоног=387,500 төгрөг төлөхөөр байна.
Дээрх алдангийг нэхэмжлэгч үндсэн төлбөр 2,500,000 төгрөгийн 50 хувиар тооцож 1,250,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байх тул алдангид 1,250,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.
Хариуцагч алдангийг татгалзаж буй үндэслэлээ ...М.Х*******аа түрээсэлсэн байрнаасаа хугацаанаас өмнө гаргасанд гомдолтой, санаатайгаар мөнгө зээлэх хүн олж гэрээ хийлгэсэн... гэж тайлбарлаж байх боловч М.Х*******аа Б нарын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээний харилцаа нь Ш.Б*******ээс Бт мөнгө зээлсэн, зээлийн гэрээний харилцаанд хамааралгүй, нотариатч хүчээр гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн алдангийг татгалзаж байгаа татгалзлыг хүлээн авах боломжгүй юм.
Иймд хариуцагч Бээс үндсэн зээлд 2,500,000 төгрөг, алдангид 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б*******т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бээс 3,750,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бээс 74,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ