| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0160/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/169 |
| Огноо | 2023-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2023 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Шүүгдэгч Т.Мөнхтэмүүлэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Мөнхтэмүүлэнд холбогдох 2330002430153 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Саруул хотхоны 106-23 тоотод оршин суух хаягтай,
Урьд: Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,
ЛЮ91052213 регистрийн дугаартай, Алиа Чойда ургийн овогт Тунгалагтамирын Мөнхтэмүүлэн.
Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Т.Мөнхтэмүүлэн нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны орой 21 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Саруул хотхоны 106-23 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Ариунзаяаг биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас нүүр хэсэгт цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Мөнхтэмүүлэн нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн Саруул хотхоны 106-23 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Ариунзаяатай гэр бүлийн асуудлаас маргаан үүсгэн улмаар түүний биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж толгой, нүүр хэсэгт гараараа, цохиж түүний эрүүл мэндэд “тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Б.Ариунзаяагийн “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, Саруул хотхоны 106 дугаар байрны 23 тоотод нөхөр хүүхдийнхээ хамт амьдардаг. Бид хоёр хамт амьдраад 5 жил болж байгаа, дундаасаа нэг хүүхэдтэй. Хүүг М.Бат-Ирээдүй гэдэг 4 настай, одоогоор би жирэмсэн 8 сартай бие давхар юм. 2023 оны 06 дугаар сарын 05-ны орой 21 цагийн орчимд өөрийн нөхөр Мөнхтэмүүлэн бид хоёр хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдахад миний нөхөр надад уурлаад толгой, нүүр, хацар руу хэд хэдэн удаа хоёр гараараа ээлжилж алгадаж, хүчтэй цохисон тул би нөхөртөө уурлаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай нөхөр согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй. Тухайн орой бид хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би өөрийн биеэр нэгдсэн эмнэлэгт үзүүлээд дараа нь Шүүхийн шинжилгээний хэлтэст 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үзүүлсэн. Дээрх гэмтэл нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны орой миний биед үүссэн гэмтлүүдийг миний нөхөр Мөнхтэмүүлэн гараараа цохиж учруулсан гэмтэл байгаа юм...” гэх мэдүүлэг /хэргийн 17-19-р хуудас/,
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 217 дугаартай “...1.Б.Ариунзаяагийн биед тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хэргийн 27-28-р хуудас/,
яллагдагч Т.Мөнхтэмүүлэнгийн “...Би 2023 оны 06 дугаар сарын 05-ны орой 21 цагийн орчим ажлаа тараад Баруун-Урт сумын 2 дугаар баг, Саруул хотхоны 106-23 тоотод байх гэртээ ирэхэд манай эхнэр Б.Ариунзаяа хүүгийнхээ хамт байсан. Өдөр нь би ажил дээрээ байхдаа эхнэртэй гар утсаар буруу ойлголцож маргалдсан байсан ба ажил тараад орой гэртээ орж ирэхэд өдрийн маргалдсан жижиг асуудал дээрээс болж дахин хэрэлдэж маргалдсан юм. Тэгсэн манай эхнэр Б.Ариунзаяа хэрэлдэж байгаад ширээн дээр байсан шилтэй варенийг авч над руу шидэхэд хананд хагарч унасан. Мөн ширээний ардаас босч ирээд намайг алгадахаар нь би уурандаа Б.Ариунзаяагийн хоёр гарыг нь бариад хорих маягтай цааш нь орон дээр суулгасан чинь нэмэргүй өөдөөс самардаад байхаар нь би баруун гараараа нүүр хэсэгт нь мангасдаж түлхэж унагаасан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 42-43-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байхаар хуульчилсан бөгөөд тухайн хэргийн хувьд энэ хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 “ хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж ” үйлдсэн гэх шинжээр тодорхойлогдоно.
Тодруулбал, энэ хэргийн хохирогч Б.Ариунзаяа нь гэмт халдлагад өртөх үедээ 8 сартай жирэмсэн байсан нь түүний мэдүүлгээр нотлогдоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05- ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэг гэдэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинж нь 1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байх; 2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5- 10хувь/ тогтонги алдагдсан...байхыг ойлгох бөгөөд хохирогч Б.Ариунзаяагийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарахыг 150 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд дурдсан нь үндэслэлтэй юм.
Прокуророос Т.Мөнхтэмүүлэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Т.Мөнхтэмүүлэнгийн үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 600.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Ариунзаяа хохирол,хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Түүнчлэн шүүгдэгч Т.Мөнхтэмүүлэн нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэрэг хүлээлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Ариунзаяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “...гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх хүсэлтээр нотлогдох тул шүүгдэгч Т.Мөнхтэмүүлэнг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Мөнхтэмүүлэнгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Мөнхтэмүүлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
Т.Мөнхтэмүүлэнгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1- т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч Т.Мөнхтэмүүлэн нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Алиа Чойда ургийн овогт Тунгалагтамирын Мөнхтэмүүлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “ хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж ” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнхтэмүүлэнг 600 /зургаан зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч Т.Мөнхтэмүүлэн түүнд оногдуулсан торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнхтэмүүлэн торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Т.Мөнхтэмүүлэнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Т.Мөнхтэмүүлэн энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ариунзаяа тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН