| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2020/01220/И |
| Дугаар | 1223 |
| Огноо | 2020-04-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 1223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Х” ХХК -д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбогдуулан, төлсөн төлбөр гэх 54,800,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 10,710,000 төгрөг, нийт 65,510,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү Л нь Д 2015-12-31-ний өдөр “Х” ХХК-ний БЗД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгаас нь / орон сууцыг 1м2 талбайг 1 750 000 төгрөгөөр тооцож нийт 78 260 000 төгрөгөөр авахаар тохирч Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан ба төлбөрийн 71% буюу урьдчилгаа 54 800 000 төгрөгийн төлбөрт доорх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг шилжүүлсэн. Үүнд:
1. Миний эхнэр И.Г нэр дээр бүртгэлтэй өмчлөгдсөн газар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, өвөл, зуны 2 байшинтай, тусдаа автомашины гаражтай, түлээний амбаартай, хашаа байшинг -30 сая төгрөгт үнэлж,
2. Япон улсад үйлдвэрлэсэн "М*******” маркийн улсын бүртгэлийн дугаартай цагаан өнгийн ачааны автомашиныг- 15,0 сая төгрөгт үнэлж,
3. ОХУ-д үйлдвэрлэсэн барилгын засал чимэглэлийн шинэ багаж хэрэгслэлүүдийг жагсаалтаар - 2,8 сая төгрөгт үнэлж,
4. Бэлэн мөнгө монгол төгрөгөөр-7,0 сая төгрөгийг тус тус өгч, нийт дүн 54,8 сая төгрөгийн төлбөр хийгээд, үлдэгдэл төлбөр 23,46 сая төгрөгийг 2016 оны 9-р сард буюу барилга дуусахад төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан юм. 2015-12-31-ний өдөр гэрээг “Х” ХХК-ний захирал Д.Э хийсэн. Уг барилгын өмчлөгч нь Х ХХК, түүний захирал Д.Э өмч байсан. Гэрээ хийх үед Д.Э өрлөгийн ажил 80% тай явагдаж байна, 15 хоногийн дараа бүрэн дуусна. Та нар энэхүү төлбөрөө манай байгууллагын ажлын хөлсөнд өгөх мөнгөнд тооцон С.Ч, П.Э нарт өг, харин үлдэгдэл 23,46 сая төгрөгийн төлбөрийг мөнгөөр нь манай “Х" ХХК-д төлөх ёстой” гэсэн шийдвэр гаргасан. Ийнхүү тэрээр өөрийн компанид туслан гүйцэтгэгчээр бартерийн гэрээний дагуу өрлөгийн ажлыг гүйцэтгэж байсан “Т” ХХК-ний захирал С.Ч, түүний эхнэр нь гэх П.Э нарт шилжүүлэх замаар төлбөрийг гүйцэтгэхийг зөвшөөрч, биднээр энэхүү орон сууцны төлбөрийн зохих хэсгийг дээр дурдсан хөрөнгөөр төлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, ХХХК-ний захирал Д.Э нь гэрээ хийх үед цуг байж шийдвэр гаргаж, С.Ч, П.Эд хөрөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгосон тул бид 54 800 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг шилжүүлж тооцоо хийсэн юм. Харин уг барилга 2016.09 сард ашиглалтад орох байсан ч удаан баригдаж гэрээний 1.4 дэх заалт биелээгүй сунжирсаар 2017 оны эхээр ашиглалтанд орсон тул бид үлдэгдэл төлбөрөө төлж байрандаа орохоор очсон. Гэтэл “Х” ХХК-ний захирал Д.Э гэрээний дагуух 705 тоот байрыг Б******* гэгч хүнд /Утас: *******, *******, *******/ зарсан байсан. Харин Х ХХК-ний захирал Д.Э бидэнд: С.Ч өрлөгийн ажлаа дутуу хийснээс болсон гэж хэлсэн ба маргаан болж түүний дүү Д.Г*******, ня-бо Баяраа нар нь бидэн рүү бүлэглэн дайрч “та нар тэр мундаг шийдвэр гаргаад байдаг хууль шүүхээрээ яв, чи муу өвгөн яаж ч чадахгүй за юу” хэмээн биднийг хэл амаар доромжлон хөөсөн. Ингээд би хүүгийнхээ өмнөөс БЗД-ийн цагдаагийн хэлтэст Х ХХК-ний гэрээ хийж залилсан үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасан. Эрүүгийн дугаартай хэрэг үүсгэн 2019-11-р сар хүртэл 2 жил гаруй хугацаанд шалгасан ч эцэст нь иргэд хоорондын гэрээнээс үүрэгтэй холбогдох иргэний эрх зүйн маргаан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. /тогтоолыг хавсаргалаа./ Хэргийг шалгах явцаас харахад ХХХК нь өрлөгийн ажлын хөлсөнд Т ХХК-д өгөх ёстой төлбөрөө хүү бидний хөрөнгөөр төлүүлчихээд, өөр хоорондын ажил гүйцэтгэлийн доголдлоос үүссэн маргаан, үл ойлголцлыг далимдуулан миний хүү Л.Дд шилжүүлэх орон сууцыг бусдад зарж, гэрээнээс татгалзсан гэх үндэслэлтэй байгаа боловч хүү маань дахин өөр орон сууц ч худалдан авах боломжгүй болж хохирсон. Харин хуульд зааснаар гэрээний нэг тал гэрээнээс татгалзсан бол авсан, өгснөө буцаан өгөх ёстой төдийгүй гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгахаар заажээ. Гэвч бодит байдал дээр Т ХХК нь ХХХК-с авах ажлын хөлсөнд тооцон биднээс шилжүүлэн авсан хөрөнгүүдийг цааш нь захиран зарцуулсан байдаг тул хөрөнгө чигээрээ буцаж ирэх боломжгүй болсон байна. Мөн түүнчлэн Л.Д нь ХХХК-тай 2015.12.31-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, 2016.09 сард орон сууцанд орохоор болсон болон захиалсан орон сууцны урьдчилгаа төлбөрт амьдарч байсан хашаа, байшин, газар зэргийг өгсөнтэй холбогдуулан 2016.03 сараас гэр бүлээрээ 10-р хороололд орон сууц нэг сарын 450 000 төгрөгөөр хөлслөн амьдарч эхэлсэн бөгөөд захиалсан байрандаа албан ёсоор орж амьдрах боломжтой 2016.10 сараас хойш өнөөдрийг хүртэл 34 сар өнгөрч, орон сууц хөлсөлсний төлбөрт ашиглалтын зардлыг хассан дүнгээр тооцоход 10,710,000 төгрөгийн нэмэлт зардал гаргаж хохирсон байдаг. Ийнхүү дээрх байдлаас үзвэл бид хөрөнгийн үнэ болох 54 800 000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй ХХХК нь гэрээнээс татгалзсантай холбогдуулан өөрсдөөс гарсан нэмэлт зардал болох орон сууцны хөлсөнд төлсөн 10 710 000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэх үндэслэлтэй байна. Иймээс ХХХК-иас 65 510 000 төгрөгийг гаргуулж Л.Дд олгож өгнө үү. Үүнд: Орон сууцны урьдчилгаа төлбөрийн 54,800,000 төгрөг, орон сууц хөлсөлсний төлбөрт төлсөн 10,710,000 төгрөг байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Л нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай 2015.12.31-нд хүүгийн нэр дээр гэрээ байгуулсан. Улмаар 54 800 000 төгрөгний гэр бүлийн хөрөнгөөрөө төлбөрийг хариуцагчийн захирал Э, орлогч Гн, нягтлан Т буюу захирал, инженер нарыг байлцуулан хариуцагчийн шийдвэрээр төлбөрийг Т шилжүүлсэн. Үлдэгдлийг хариуцагчид төлнө гэсэн. Тэр өдрөө 5 саяыг бэлнээр төлж, 2016.1.4-нд машиныг Чын нэр дээр шилжүүлсэн. 1.6-нд эхнэр Г-ийн нэр дээр байсан хашаа байшинг 30 саяд үнэлж Эд шилжүүлж өгсөн. Барилга нь 2017 он хүртэл удааширсан. 2017 оны 4 сарын үед үлдэгдэл төлбөрийг тушаахаар очтол байр нь өөр хүний нэр дээр зарагдсан байна. Би үндсэн гэрээгээ аваачиж үзүүлээд хуулийн байгууллагад хандахаа хэлсэн. Цагдаад хандаад шалгуулаад 2019.9 сард хэрэгсэхгүй болсон. Энэ хугацаанд амьдарч байсан хашаа байшингаа төлбөрт өгсөн тул байр түрээсэлж амьдарсан. Иймд хариуцагч нь миний захиалсан байрыг дур мэдэн борлуулсан. Өрлөг хийсэн газарт надаар төлбөр төлүүлээд тэгээд байраа зараад ашиг олсон. Хашаа байшин нь өөр хүнд зарагдсан байсан. Иймд өгсөн юмаа буцааж авья гэж байгаа юм. Би 30 хэдэн сар хохирч байна. Орон сууцандаа ороогүйгээс болж түрээсэлсэн төлбөрт 10 710 000 төгрөг нэхнэ. Төлсөн төлбөрт 54 800 000 төгрөг, нийт 65 510 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 3-4 сард байрыг бусдад зарсан байсан. Иймд хариуцагч нь гэрээнээс татгалзсан байна. Улмаар гэрээнээс татгалзсааас учирсанаас хохирлоо нэхнэ гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч болон Т нар нь хэд хэдэн удаа тооцоо нийлсэн байдаг. Ингэхдээ хийх ажил 94 сая гээд хийсэн ажил нь 59 сая гэдэг. Хийгээгүй ажил нь 36 сая гэдэг. Хийсэн ажлын хөлсийг хариуцагч төлөх ёстой. Улмаар Дгийн эд хөрөнгөөр төлүүлэхээр тохиролцсон. Үүнийг хариуцагчийн төлөөлөгч ярьсан. Гэрээ нь 3 талт гэрээ биш юм. Зохигчийн хооронд гэрээ байгуулагдсан. Эрх үүрэг нь тэд нарын хооронд л үүссэн. Хүлээлгэж өгсөн эд хөрөнгөний үнийн дүн дээр маргадагүй. Хүлээлгэж өгсөн баримт дээр компаний нэр байхгүй боловч амаараа тохирсон тэр хүний нэрээр баримт үйлдсэн. Хариуцагчийн хэлж байгаагаар мэдээгүй гэж зүйл байхгүй. Хариуцагч гол нь Тийг ажлаа дутуу хийсэн тул өгөхгүй л гэдэг. Гэтэл Төгс билэг нь 59 сая төгрөгний ажлыг хийгээд оронд нь хөрөнгө авсан байдаг. Тэгээд байраа авья гэхэд 41 сая төгрөгний ажил дутуу хийсэн гэдэг. Үүгээр хариуцагч нь дээрх хэмжээний ажил хийлгэсэн гэдэг нь баримттай. Улмаар урьдчилгааг Төгс билэгтэд эд хөрөнгөөр өгөөд үлдэгдлээ хариуцагчид өгөөд байраа авна гэж л ойлгосон. 2 компаний асуудлаас болоод хувь хүн хохироод байна гэв.
Хариуцагч “Х” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хандан гаргасан Л.Дий нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. “Х” ХХК нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь эхийн тойргоос 100 айл орох замд Шинэ айл цогцолбор барилгыг захиалан бариулсан. Ингэхдээ бусад барилга угсралтын ажлын жишгээр барилгын ажил гүйцэтгэгч нарын хөлсийг бэлэн мөнгө болон баригдаж буй барилгад орон сууц, үйлчилгээний талбай өгөх хэлбэрээр бартераар төлсөн болно. Тэдгээр ажил гүйцэтгэгчдийн нэг нь Т ХХК бөгөөд өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэхээр 2015 оны 09 сарын 27-ны өдрийн “Барилгын гадна дотор хананы дүүргэлтийн ажил гүйцэтгэх гэрээ" байгуулсан. Т ХХК-тай байгуулсан өдрийн “Барилгын гадна дотор хананы дүүргэлтийн ажил гүйцэтгэх гэрээ” хөлс болох 95.4 сая төгрөгийг ажил гүйцэтгүүлэгч ХХХК-ийн зүгээс бэлэн мөнгө болон байр, машин оролцуулан бүрэн төлж барагдуулсан боловч ажил гүйцэтгэгч Т ХХК нь ажлаа дуусгалгүй хаяж явсан билээ. Т ХХК-ийн дутуу гүйцэтгэсэн ажлаас болж байр ашиглалтанд орох хугацаа алдсан болно. Нэхэмжлэлд дурдсан Л.Дтэй байгуулсан 2015 оны 12 сарын 31-ний өдрийн “Орон сууц захиалан бариулсан гэрээ”-нд заасан Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутагт баригдаж буй үйлчилгээтэй 81 айлын 12 давхар орон сууцнаас 7, 44.72 мкв талбайтай 78.260.000 төгрөгний байрыг Т ХХК нь өөрийн ажлын хөлсөнд оролцуулан тооцсон бөгөөд өөрийн бартерийн эрхээ Л.Дд шилжүүлж өгөх хүсэлт тавьсан тул бартерийн эрхийг Л.Дд шилжүүлж тус гэрээг байгуулсан. Гэрээний 2.1, 6.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийг 100 хувь өрлөгийн ажлын гүйцэтгэлээр тооцож төлж барагдуулахаар заасан байдаг. Т ХХК нь бартерийн эрхийг Л.Дд шилжүүлэн өгөхдөө Л.Дтэй ямар гэрээ байгуулсан, төлбөрт хэдэн төгрөг авсан, төлбөрийн ямар нөхцөлтэй байсныг ХХХК болон манай компанийн ажилтнууд огт мэдээгүй, оролцоогүй, манай компани Л.Дгөөс нэг ч төгрөг, эд хөрөнгө аваагүй болно. Харин Т ХХК нь Л.Дд бэлэн мөнгөөр бартерийн эрхээ зараад манай ажлыг хийж гүйцэтгэх гэж байгаа юм байх гэсэн ойлголттойгоор захиалгын гэрээг шилжүүлэн Л.Дтэй байгуулж өгсөн. Л.Д нь өөрийн байрны төлбөрийг Т ХХК-ийн ажлын гүйцэтгэлээр төлж байгаа гэдгээ бүрэн ухамсарлаж байсан бөгөөд ажлын доголдол үүсэх нөхцөл байдал, хохирлыг Т ХХК-тай бие даан хариуцах ёстой юм. Л.Дгийн нэхэмжлэлд дурдаад байгаа байрны үнэнд тооцон Т ХХК-ийн эздэд хашаа байшин, машин, бараа материал шилжүүлэн өгсөн нь ХХХК-д хамааралгүй бөгөөд Л.Д болон С.Ч нарын хооронд тусдаа бие даасан хүсэл зоригийн үндсэн дээр харилцан тохиролцож хийгдсэн хэлцэл гэж үзэхээр байна. Л.Дтэй байгуулсан 2015 оны 12 сарын 31-ний өдрийн “Орон сууц захиалан бариулсан гэрээ”-нд гэрээний төлбөрт эд хөрөнгө шилжүүлэн авна гэсэн зүйл заалт гэрээнд байхгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан хашаа байшин, авто машин, барилгын засал чимэглэлийн хэрэгсэл, бэлэн мөнгийг ХХХК биш Т ХХК-ийн эзэд болох С.Ч, П.Э нар авсан болох нь тодорхой байна. Тус эд хөрөнгийг тооцон шилжүүлж авсан гэх актад ХХХК-ийн удирдлага гарын үсэг зурж тамга дарсан зүйлгүй, тус эд хөрөнгө шилжүүлэх хэлцэлд оролцоогүй, үнийг тогтоогоогүй, мөн нэхэмжлэлд дурдсанчлан Л.Д нар руу дайрч давшилсан зүйлгүй болно. Мөн нэхэмжлэлд дурдсанчлан 7 давхрын тус байрны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр Л.Д нь мөнгөө бариад бидэн дээр ирж байсан удаагүй. Т ХХК нь гэрээний дагуу өрлөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй тул байрны үнийг төлсөн гэж үзэхгүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний үүргийг зөрчсөн тул “Орон сууц захиалан бариулсан гэрээ” биелэх боломжгүй юм. Ийнхүү “Барилгын гадна дотор хананы дүүргэлтийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийг зөрчсөн тул “Орон сууц захиалан бариулсан гэрээ”-ний дагуу орон сууц авах эрхгүй, гэрээ биелэх боломжгүй юм. Харин Т ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж барилгын ажил удааширсан ба барилгын ажлыг өөр гүйцэтгэгч томилон гүйцээн бариулж ашиглалтанд өгөхөөр бид банкнаас өндөр хүүтэй бизнесийн зээл авч хохирсон. Мөн Л.Д Т ХХК-ийн хооронд үүссэн маргаантай холбогдуулан тэднийг учраа олох бололцоо олгож тус байрыг 2018 оныг хүртэл хадгалсан ба энэ хооронд ашиг олох боломжоо алдаж, байрны ашиглалтын зардлыг төлж хохироод байна. Иймд 2015 оны 12 сарын 31-ний өдрийн “Орон сууц захиалан бариулсан гэрээ”-ний төлбөрийг өрлөгийн бартераар төлөхөөр тохиролцсон байсан боловч өрлөгийн ажил хийгдээгүй бөгөөд орон сууцны захиалгын эрх шилжүүлсэн төлбөрийг Л.Д нь Т ХХК, С.Ч, П.Э нарт төлсөн тул төлбөрт тооцон шилжүүлсэн хашаа байшин, машин, барилгын материал, бэлэн мөнгөө С.Ч, П.Э нараас нэхэмжлэх нь зүйтэй. “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний үүрэг биелэгдэх боломжгүй болсонд ХХХК буруугүй бөгөөд Л.Д нь байр захиалах эрхийг өрлөгийн ажлын гүйцэтгэлээр олж авахаар Т ХХК болон түүний хувьцаа эзэмшигч С.Ч, түүний эхнэр П.Э нартай тохиролцсон тул захиалсан байрандаа орж чадаагүйтэй холбоотой гэх орон сууц хөлслөн суусан мөнгийг манай компани төлөх үндэслэлгүй юм.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015.9.27-нд Төгс билэгтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажлыг гадна ажил 40 хоног дотор ажил 40 хоног гээд 12.16-нд дуусах байсан. Гэтэл ажил удаашраад байна гээд бартерийн байраа хүнд өгөх гэсэн юм гэсэн. Ч нь Д Л нартай амралтын өдөр ирсэн. Энэ хүнд байраа зарахаар болсон. Улмаар байрны гэрээг Дэлгэрэнмөрөн дээр хийсэн. Удалгүй Ч, Э нар нь нөгөө хүн маань бидэнд машин, хашаа, байшин, багаж өгсөн. Бид үүнийг зарж чадахгүй байна. Хэт өндөр үнээр өгсөн. Бид ажлаа явуулж чадахаа болило гэсэн. Улмаар бид санхүүжилт өгөөд ажлыг 3.27-н хүртэл ажил гүйцэтгүүлсэн. Улмаар машин хашаа нь зарагдаагүй тул ажил явах боломжгүй болсон. 2016.3.27-нд гэрээгээ дүгнэж цуцлаад өөр компаниар ажлаа гүйцэтгүүлсэн. Нэхэмжлэгчийн ярьж байгаа байр 2016.12.27-нд ашиглалтад орсон. Бид байрыг 2 жил хадгалсан. Эд нарыг хоорондоо учраа ол гээд хүлээсэн. Тэгээд төлбөрөө төлөхгүй байхаар нь байрыг зарсан гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төгс билэг болон хариуцагч нар ажил гүйцэтгэх гэрээтэй байсан. Ажлаа хийж чадахгүй байсан тул бартерийн байраа өгөх болсон. Тэгээд Т ХХК гуйсны үүднээс нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан. Улмаар энэ гэрээ нь өрлөгийн ажилтай холбоотой байсан. Гэрээг нэхэмжлэгч өрлөг хийх мэтээр байгуулсан. Улмаар ажил гүйцэтгээгүй тул гэрээ цуцлагдсан. Гэтэл бичгээр биш ч гэсэн Төгс билэг нь бартерийн ажлаа нэхэмжлэгчид зарахаар л тохирсон байна. Байр авах гэсэн хүн нь Төгс билэг болон нэхэмжлэгч нар байна. Эдгээр нь хүсэл зоригоо илэрхийлээд очиж гэрээ хийсэн байна. Эдгээр нь ямар гэрээ хийгээд юу өгч авах нь хариуцагчид хамааралгүй байна. Хариуцагч нь зөвхөн ажлыг бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд л байрыг өгөхөөр тохирсон байсан. Улмаар хариуцагч нь Т болон нэхэмжлэгчийг хоорондоо тохиролцоод төлбөрөө төлчихвөл байрыг өгөх гээд 2 жил хүлээсэн. Гэвч гэрээ биелэгдээгүй. Иймд хуулийн 205 гэж байгаа бол өгсөн хүндээ л хандах ёстой юм. Барилгын ажил гүйцэтгэсэн баримт нь хэрэгт алга. Ингэхээр хариуцагч нь хариуцагч биш байна. Бодитоор тооцоо нийлсэн баримт алга. Эд хөрөнгө нь байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Эд хөрөнгийг шилжүүлэх үнийг тогтооход хариуцагч оролцоогүй. Гэрээг цуцлахад буруутай тал нь хариуцагч биш юм. Өрлөгийг гүйцэтгэж дуусгах үүрэг нь нэхэмжлэгч талд байсан байна. Түрээсийн байранд Д байсан эсэх, хэн төлбөр төлсөн нь тодорхойгүй. Мөн нэг цаг хугацаанд нөхөж гүйцэтгэсэн шинжтэй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Д нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбогдуулан, төлсөн төлбөр гэх 54,800,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 10,710,000 төгрөг, нийт 65,510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Х” ХХК нь төлбөр төлөгдөөгүй, ажил гүйцэтгэгч хуулийн этгээд нь төлбөрт авах байсан орон сууцыг нэхэмжлэгчид худалдаж, улмаар төлбөрийг авсан, бид ямар нэг эд хөрөнгө аваагүй бөгөөд ажил бүрэн гүйцэтгэгдээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулжээ. /хэргийн 21-22 дугаар тал/ Уг гэрээ нь баригдаж буй барилгатай холбоотойгоор, ашиглалтад орохоос өмнө байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзнэ.
Гэрээний 1.4, 1.5-д зааснаар захиалагч буюу нэхэмжлэгч нь гэрээний дагуу орон сууцны төлбөрт 78,260,000 төгрөг төлөх, хариуцагч нь төлбөр бүрэн төлөгдсөнөөр орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргийг хүлээсэн байна.
Мөн гэрээний 2.1-т зааснаар нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг өрлөгийн ажлын гүйцэтгэлээр төлөхөөр тохиролцжээ. Ийнхүү төлбөр хийх хэлбэрийн талаар тохиролцсон байдлыг нэхэмжлэгч нь хариуцагчийн зөвшөөрсөнөөр гэрээ байгуулсан. Улмаар уг ажлыг “Т” ХХК хийж гүйцэтгэх бөгөөд ажлын хөлсийг эд хөрөнгөөр барагдуулахаар 3 тал тохиролцсон гэж тайлбарласан.
Харин хариуцагч нь “Т” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт орон сууц авахаар тохиролцсон бөгөөд орон сууцыг урьдчилж нэхэмжлэгчид худалдсан гэсэн тул нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан. Гэвч ажлаа бүрэн гүйцэтгээгүй, бид өөрөө мөнгөн хэлбэрээр зарим санхүүжилтийг хийж зарим ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд нэхэмжлэгчид төлбөрөө төлж орон сууцыг өмчлөлдөө авах боломж гаргасан боловч төлбөр төлөгдөөгүй, нэхэмжлэгчээс ямар нэг төлбөр аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Мөн нэхэмжлэгч нь бид хариуцагч болон “Т” ХХК-ний эрх бүхий этгээдтэй хамтран хэлцэл хийсэн тул орон сууцны төлбөрийг “Т” ХХК-д эд хөрөнгөөр төлсөн гэж тайлбарласан бол хариуцагч нь нэхэмжлэгч болон “Т” ХХК нар нь ямар хэлцэл хийсэн талаар мэдэхгүй, бид орон сууцны төлбөрт тухайн эд хөрөнгийг ямар үнээр тооцож, шилжүүлсэн талаар мэдээгүй гэж маргаж байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний хавсралт 2 гэх баримтад нэхэмжлэлд дурдсан мөнгө, хашаа байшин, машин, барааг хүлээн авсан этгээдийг С.Ч, П.Э гэж гарын үсэг зуржээ. Энэхүү баримтад хариуцагч талаас гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх тул дурдсан эд хөрөнгийг орон сууцны төлбөрт тухайн үнийн дүнгээр тооцож “Т” ХХК-д олгохыг хариуцагч зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм.
Хариуцагч нь “Т” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. /хэргийн 74-75 дугаар тал/ Энэхүү гэрээгээр “Т” ХХК нь хариуцагчийн бариулж буй барилгад ажил гүйцэтгэж, хөлсөнд орон сууц авахаар тохиролцсон гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Мөн гэрээний дагуу гүйцэтгэх ажил бүрэн гүйцэтгэгдээгүй, өөрөөр хэлбэл гэрээ бүрэн биелэгдээгүй гэх хариуцагчийн тайлбар нь гэрээний талуудын тооцоо нийлсэн баримт, П.Эын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс өгсөн гэрчийн мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 3432 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 76-79, 84-86, 7-9 дүгээр тал/
Мөн нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцыг “Т” ХХК-ний ажлын хөлсөнд авах орон сууц бөгөөд төлбөрийг “Т” ХХК-д төлсөн гэж тайлбарласан.
Улмаар нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 30,000,000 төгрөгт, Мазда титан маркийн УБП50-93 улсын дугаартай автомашиныг 15,000,000 төгрөгт, барилгын засал чимэглэлийн багажийг 2,800,000 төгрөгт тооцож, 7,000,000 төгрөг тус тус “Т” ХХК-ний эрх бүхий этгээд гэх С.Ч, П.Э нарт шилжүүлж, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 01 дугаартай протокол гэх баримтыг үйлджээ.
Гэвч уг баримтыг үйлдэхэд хариуцагч талаас оролцоогүй байх тул хариуцагчийг эдгээр эд хөрөнгө болон мөнгийг орон сууцны төлбөрт дурдсан үнийн дүнгээр тооцож, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн хэрэгт авагдсан хариуцагч болон “Т” ХХК-ний хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн талаарх баримтад эдгээр эд хөрөнгө, мөнгөний талаар дурдагдаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь маргаж буй орон сууцны талаарх гэрээг зохигч болон “Т” ХХК-ний эрх бүхий этгээд хамтарч 3 талт хэлцлийн дагуу байгуулсан гэх тайлбараа нотолж чадаагүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн энэхүү тайлбарыг үгүйсгэсэн.
Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд дээр дурдсан эд хөрөнгө болон мөнгийг С.Ч, П.Э нарт хувь хүнийх нь хувьд шилжүүлсэн гэж тайлбарлаж байх тул “Т” ХХК-ний гүйцэтгэсэн ажлын хөлсийг хариуцагчийн өмнөөс Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар өрийг шилжүүлэн авч гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй. Үүнээс гадна хуулийн этгээд нь хувьцаа эзэмшигчийн, хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээдийн бусдын өмнө хүлээсэн үүргийг хариуцахгүй юм. Мөн нэхэмжлэгчийн төлбөрт төлсөн гэх эд хөрөнгөний зарим хэсгийг авсан П.Э нь “Т” ХХК-ийг төлөөлөх буюу уг хуулийн этгээдийн шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй этгээд болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар болон дээр дурдсан П.Эын гэрчийн мэдүүлэг, прокурорын тогтоол зэргээр тогтоогдсон.
Түүнчлэн орон сууцны төлбөрт 30,000,000 төгрөгт тооцож П.Эд шилжүүлсэн гэх үл хөдлөх эд хөрөнгө нь маргаж буй орон сууцны төлбөрт тооцсон гэх 30,000,000 төгрөгний эд хөрөнгө гэж үзэхэд эргэлзээтэй байна. Тодруулбал уг эд хөрөнгийг шилжүүлсэн талаарх протоколд үл хөдлөх эд хөрөнгийг 30,000,000 төгрөг гэсэн бол нэхэмжлэгчийн эх гэх И.Г болон П.Э нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний үнийг 2,000,000 төгрөг гэсэн байна. Энэхүү худалдах худалдан авах гэрээнд орон сууцны төлбөрт тооцож авсан талаар дурдагдаагүй.
Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь зохигчийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу төлбөр төлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Улмаар хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа маргаж буй орон сууцыг 2018 он хүртэл хадгалж, төлбөр төлөх боломж олгосон, нэгэнт төлбөр төлөгдөөгүй тул бусдад худалдсан гэж тайлбарласан байх тул зохигчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнээс хариуцагч нь нэг талын санаачилагаар татгалзсан гэж үзнэ.
Гэвч ийнхүү гэрээнээс татгалзсан нь хариуцагчийн үүрэгтэй хамааралгүй, харин нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Тодруулбал нэхэмжлэгч нь гэрээний дагуу орон сууцны төлбөрт тооцсон гэх эд хөрөнгө, мөнгийг хариуцагчид биш харин түүний зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн байна.
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбогдуулан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна.
Улмаар гэрээнээс татгалзахад хариуцагч үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар хохирол шаардах эрхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь 350,000 төгрөгний үнэ бүхий орон сууц хөлслөх гэрээ байгуулсан нь түүний өөрийн хүсэл зоригоос хамаарах юм. Үүнээс гадна нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн бэлэн мөнгөний зарлагын баримтаас үзэхэд ямар этгээд ямар этгээдэд төлбөр төлсөн нь тодорхойгүй бөгөөд төлсөн төлбөр нь 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэсэн нэртэй гэрээнд заасан үнийн дүнгээс зөрүүтэй байгаа нь орон сууц хөлслөх гэрээний харилцааны дагуу төлбөр төлж, хохирол учирсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. /хэргийн 38-42 дугаар тал/
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгө, мөнгөний талаар эрх бүхий этгээд нь зохих этгээдэд холбогдуулан шүүхэд дахин нэхэмжлэл гаргавал энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Х” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбогдуулан, төлсөн төлбөр гэх 54,800,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 10,710,000 төгрөг, нийт 65,510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 485,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД