Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 1341

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: З

           

Хариуцагч: Г

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д

 

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон /13360/, Б.Доржийн гудамж, *******,******* тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоох, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч М.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2003 онд Г ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 4-р хороо,  3 өрөө байрыг захиалсан бөгөөд тухайн үед байр 2004 оны 07 сард ашиглалт орно гэж байсан юм. Байр ашиглалтанд орохоос өмнө би орон сууц захиалгын гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөр мөнгөнөөс 67 доллар л дутуу үлдээсэн билээ. Тэгээд гэрээнд заасанчлан ГХХК нь байрыг улсын комисст хүлээлгэж өгөөд байрны ордерыг гаргаж өгнө гэсэн боловч гаргаж өгөөгүй. Тухайн байр нь гэрээнд заахдаа төвийн цэвэр болон бохирын шугаманд холбогдсон, гадна талбайн тохижолттой байна гэж заасан байсан боловч байр ашиглалтанд орсны дараа амьдрахад маш хүйтэн, тог байнга тасардаг, халуун ус байхгүй зэрэг хүндэрлүүд гарсан. Би өөрөө өндөр настай хүн, ийм байранд амьдархад бие өвдөөд хавагнаад маш хүнд байсан юм. ГХХК-иас байрны ордер гаргаж өгөхийг удаа дараа шаардаж 2011 он хүртэл байрны ордероо нэхэмжилж байранд амьдарсан юм. 2011 онд аргагүйн эрхэнд байрыг зарж өөрийн хүүхдүүд дээрээ очиж амьдрахгүй бол маш хүйтэн байранд байх хэцүү байсан. Ингээд 2011 оны 07 сарын 29-нд 3 өрөө байраа байрны ордер байхгүй учраас тухайн үеийн 1 өрөө байрны ханшаар буюу 40 000 000 төгрөгөөр Р.Б гэх хүнд зарсан юм. Би ГХХК-иас байрны ордероо одоог хүртэл аваагүй тул Р.Б байрны гэрчилгээг өгч чадаагүй байна. Р.Батчулуун нь ордероо өгөхгүй бол буцаагаад мөнгөө авъя гэдэг юм. 2017 онд ГХХК-тай уулзаж тооцоо нийлэхэд манайхыг мөнгө дутуу байна гээд 4,781,696 төгрөг нэмж төлөх шаардлагатай гэсэн тул 2017 онд уг 4,781,696 төгрөгийг ГХХК-д төлсөн. Үүнээс хойш дахиад л байрны ордер байдаггүй гэтэл энэ төлсөн мөнгө нь ямар ч төлөх ёсгүй мөнгө байсныг нь би дараа нь гэрээгээ үзэж байгаад мэдсэн. Учир нь 2004 оны 05 сарын 20-ны өдөр төлсөн 3500 доллараар 2 удаа тушаасан байхад нэг баримт үйлдэж өгсөнийгөө манайхыг мөнгө дутуу тушаасан гэж үзсэн байсан юм. Байрны ордер гаргуулах маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Манай хүүхдүүд ГХХК-тай удаа дараа уулзаж гуйж байгаа боловч өнөөдрийг хүртэл ордер гаргаж өгөөгүй байна.

 ...Одоо 1625 долларын үлдэгдэл байгаа. Байрны үнийн дийлэнх хувийг төлсөн байгаа. Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.4-т зааснаар энэ нь ялимгүй зөрчил гэж үзэж байгаа учраас гэрээнээс татгалзахыг зөвшөөрөхгүй байна. Орон сууц захиалгын гэрээнд зааснаар “үлдэгдэл  төлбөрийг төлөөгүй тохиолдолд банкны баталгаанд тавьж болно” гэж зааснаас биш “бусдад худалдаж, зарж борлуулахыг зөвшөөрнө” гэж заагаагүй. Орон сууцны төлбөр төлөх үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн учраас нэхэмжлэгчийн зүгээс одоо үлдэгдэл 4,000,000 төгрөгийг төлөөд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр авах байр суурьтай байгаа гэв.

 

            Нэхэмжлэгч П.З нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: П.З миний бие тус шүүхэд хандан Баянзүрх дүүргийн 3 өрөө орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд: П.З намайг Баянзүрх дүүргийн 4-р хороо 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ГХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон төлөөлөгч М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.З нь манай компаниас Баянзүрх дүүрэг 4-р хороо Доржийн гудамжинд байрлах 32-р байрны  тоот орон сууцыг захиалгын гэрээ байгуулж худалдаж авсан. Компани үүргээ биелүүлж орон сууцыг хугацаанд нь хүлээлгэж өгсөн. Харин П.З нь мөнгийг төлөхдөө гэрээний 5-р зүйлд заасанчлан 3066, 3100, 3500 доллар төлсөн. Үлдэгдлийг төлөхгүй байсаар 2016 онд “3500 доллар төлсөн” гэх хуурамч баримт өгсөн. Үүнийгээ “манай хүүхэд хийсэн байна” гэж уучлалт гуйж 2017 онд 4,781,696 төгрөг төлсөн. Тухайн үеийн ханшаар 1 долларыг 1945 төгрөгөөр тооцсон. Ингээд нийт 11,611 доллар тушаасан байна. Үлдсэн төлбөрийг өнөөг хүртэл төлөөгүй учраас компани 2018 оны 1-р сард гэрээнээс татгалзаж, бичгээр болон амаар мэдэгдэж, гэрээгээ цуцалж, энэ тухайгаа Баянзүрх дүүргийн үл хөдлөх бүртгэлийн газарт бичгээр мэдэгдсэн. П.З нь орон сууцыг бусдад зарсан байх бөгөөд тухайн авсан айл нь байрнаас өнөөг хүртэл гарахгүй, мөнгөө аваад гарна гэдэг. Манай компани нэгэнт гэрээнээс татгалзсан, үүнийгээ удаа дараа мэдэгдсэн, байрыг худалдаж авсан айлд нь хүртэл мэдэгдэл өгсөн учраас уг байраа манайх суллуулж авна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байна. Учир нь эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоход тухайн эд хөрөнгийн үнийг бодож тэмдэгтийн хураамжийг төлөх ёстой байсан. Гэтэл шүүх үүнийг хүлээн авч хэрэг үүсгэсэн нь буруу байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан гэрээ болон бусад баримт бичгүүд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх хүлээн авсан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 /зургаан/ жил байна. Мөн хуулийн 75.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил  байна гэж заасан байна. Иймд гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

П.Зтай хийсэн гэрээнд “захиалагч төлбөрөө дутуу хийсэн буюу зээлийн төлбөртэй байгаа нөхцөлд орон сууц компанийн өмч байна” гэсэн заалттай. Мөн 2018 оны 01-р сард компани гэрээнээс татгалзаж холбогдох бичиг баримт /захирлын тушаалаар/-аар гэрээгээ цуцалж Баянзүрх дүүргийн бүртгэлийн албанд хүргүүлсэн билээ. Гэрээнд зарж борлуулах эрх олгогдоогүй гэж бичээгүй ч тухайн орон сууц нь ГХХК-ийн өмч байна гэж заасан, өмчлөгч нь учраас бусдад худалдсан. ...тооцож үзэхэд 1625 долларын үлдэгдэлтэй байна. П.З нь үлдэгдэл төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байсан учраас бидний зүгээс гэрээнээс татгалзсан. “Ялимгүй төлбөр үлдчихлээ хүлээж байгаач” гэсэн бол өөр хэрэг. Гэтэл төлбөр төлөхөөс татгалзсан учраас гэрээнээс татгалзсан гэв.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Мтай 1 нутгийн хүн тул зарах байр байна гээд ярилцаад худалдаж авах болсон. Хүн амьдарч байгаа гэдгийг тухайн үед хэлж байсан. Төлбөр дутуу тул танайх гэрээ хийгээд авч болно гэсэн. Улмаар гэрээ хийгээд гэрчилгээгээ авсан. Үүнээс хойш байрандаа орж чадахгүй бгаа юм гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч П.З нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон /13360/, хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоох, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч ГХХК нь гэрээ байгуулагдсан талаар маргаагүй боловч төлбөрийг дутуу төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардсан боловч төлөөгүй тул гэрээнээс татгалзаж, уг орон сууцыг бусдад худалдсан гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Зохигчид 2004 оны 02 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалгын******* дугаар гэрээг байгуулсан байна. /хэргийн 4 дүгээр тал/

            Гэрээгээр 47.5 мкв орон сууцыг үнийг 15,330 ам доллар гэж тохиролцжээ. Энэхүү гэрээ байгуулагдах үед маргаж буй орон сууц ашиглалтад ороогүй байсан талаар зохигч тайлбарлаж байх тул тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлыг хүлээн авч, тохиролцсон төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.

            Зохигч гэрээ байгуулагдсаны дараа урьдчилгаа төлбөрт нийт 9,666 ам доллар, мөн 1,100 ам доллар, 1943 ам долларыг тус тус төлсөн үйл баримтын талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч нь одоо 1,625 ам доллар дутуу гэж тайлбарласан бол хариуцагч нь 2,621 ам доллар гэж тайлбарласан. Улмаар үлдэгдэл төлбөрийн зөрүүг нэхэмжлэгч нь 4,781,696 төгрөг нэмж төлсөн гэж тайлбарласан бол хариуцагч нь энэхүү төлөгдсөн 4,781,696 төгрөг нь 1,943 ам долларын төлбөрт тооцогдсон гэж маргасан.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

            Нэхэмжлэгч нь зохигчийн маргаж буй үлдэгдэл төлбөрийн зөрүү болох 996 ам долларын төлбөрийг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Иймд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ болох 2,621 ам долларын төлбөр төлөгдөөгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг буюу өр шилжсэн гэж 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн. /хэргийн 50 дугаар тал/ Гэвч уг баримтад нэхэмжлэгчийг буюу үүрэг гүйцэтгүүлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй. Мөн тус баримтын дагуу төлбөр төлөгдсөн болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг төлбөр төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй.

            Мөн хариуцагч нь төлбөр төлөгдөөгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн болох нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн баримтаар тогтоогдсон. /хэргийн 52 дугаар тал/ Энэхүү мэдэгдлийг нэхэмжлэгч мэдсэн болох нь гэрч Б.Н-ыг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр асуусан тэмдэглэлээр тогтоогдсон. /хэргийн 2 дугаар хавтас, 46 -47 дугаар тал/ Энэ үйл баримтын талаар нэхэмжлэгч үгүйсгэж, маргаагүй.

            Үүнээс үзэхэд 2,621 ам доллар төлөх үүрэг гүйцэтгэгдээгүй, нэхэмжлэгчид үүргээ биелүүлэх хангалттай хугацаа өнгөрсөн, үндэслэлгүйгээр өрийг бусдад шилжүүлж, төлбөр төлөхөөс зайлсхийсэн байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагчид орон сууц захиалгын гэрээнээс татгалзах эрх үүссэн байна.

            Гэрээний 5.2-т зааснаар төлбөр бүрэн төлөгдөх хүртэл маргаж буй орон сууцны өмчлөх эрх хариуцагчид байхаар тохиролцсон байна. Иймд төлбөрийг бүрэн төлөөгүй байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан үүргийн ялимгүй зөрчилд хамаарахгүй юм. Мөн гэрээний энэхүү заалт нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасантай нийцсэн байна.

            Түүнчлэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон /13360/, хаягт байрлах орон сууцны өмчлөх эрх нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар гуравдагч этгээд Дд шилжсэн байна. /хэргийн 106-118 дугаар тал/

            Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ГХХК-д холбогдох Баянзүрх дүүрэг, хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоох, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэгч П.Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧД.ГАНБОЛД