Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

улсын яллагч Х.Гүнжидмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхбат,

шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Х-ын Б-д холбогдох эрүүгийн 2316000000085 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, **** мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ************* ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь- Алтай аймгийн ****** сумын ***** баг ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ДЮ******** регистрийн дугаартай, Х овгийн Х-ын Б,

Холбогдсон хэргийн талаар:

Х.Б нь 2023 оны 05 сарын 09-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Е ХХК-ийн ноос угаах зориулалттай үйлдвэрийн байранд нэвтэрч ноос угаах үйлдвэрийн хатаах зуухны 3 ширхэг жанамыг эвдэлж ороомогны зэсийг, самнагч машины 1 ширхэг жанамыг эвдэлж ороомогны зэсийг, шонгийн үйлдвэрийн утас ороогчны 1 ширхэг жанамыг эвдэлж зэс ороомгийг, хянах самбарын удирдлагын зэс утсыг, 3 ширхэг хөнгөн цагаан кабелын утсыг хулгайлж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 739,200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Х.Б нь 2023 оны 05 сарын 09-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Е ХХК-ны ноос угаах зориулалттай үйлдвэрийн байранд нэвтэрч ноос угаах үйлдвэрийн хатаах зуухны 3 ширхэг жанамыг эвдэлж ороомогны зэсийг, самнагч машины 1 ширхэг жанамыг эвдэлж ороомогны зэсийг, шонгийн үйлдвэрийн утас ороогчны 1 ширхэг жанамыг эвдэлж зэс ороомгийг, хянах самбарын удирдлагын зэс утсыг, 3 ширхэг хөнгөн цагаан кабелын утсыг хулгайлж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 739,200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтын улмаас 739,200 төгрөгийн хохирлыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Х.Б гэм буруутай болох нь:

Хохирогч П.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Говь-Алтай аймгийн ********** сум ********* багт байрлах Е ХХК-ийн ноос угаах үйлдвэр, шонгийн үйлдвэр дээр очиж үзэхэд хатаах зуухны 4 ширхэг жанам шонгийн үйлдвэрийн утас ороогчны 1 ширхэг жанамыг эвдэлж зэс ороомгийг авсан байсан. Мөн шонгийн үйлдвэрийн хянах самбарын зэс утаснууд, хөнгөн цагаан кабелын утаснууд алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Е ХХК-ийн Говь-Алтай аймагт явуулж байгаа үйл ажиллагаанд Х.М гэх хүн хяналт тавьдаг. Тухайн ноос угаах үйлдвэр, шонгийн үйлдвэрийн үйл ажиллагааг би өөрөө хариуцаж явуулдаг. 2013 оноос угаах үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Тоног төхөөрөмж нь угсраатай байсан. Шонгийн үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаад 2020 онд захиалга орж ирээгүй учир түр зогсоосон. Тоног төхөөрөмж нь хэвийн үйл ажиллагаатай байсан. Ноос угаах үйлдвэрийн хатаах зуухны 3 ширхэг жанамыг  эвдэлж ороомогны зэсийг авсан байсан. Мөн самнагч машины 1 ширхэг жанамыг эвдэлж ороомогны зэсийг авсан байсан. Шонгийн үйлдвэрийн утас ороогчны 1 ширхэг жанамыг эвдэлж зэс ороомгийг авсан байсан. Хянах самбарын удирдлагын зэс утаснуудыг эвдэлж авсан байсан. 3 ширхэг хөнгөн цагаан кабелын утас алга болсон байсан. Тоног төхөөрөмжийг 2002 онд БНХАУ-аас худалдаж авч байсан. Тухайн үед худалдаж авч байсан үнийг сайн мэдэхгүй байна. Шонгийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2006 онд БНХАУ-аас худалдаж авч байсан. Тухайн үед худалдаж авч байсан үнийг сайн мэдэхгүй байна. М гэх хүнийг манаачаар манайх ажиллуулдаг. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Миний ярьсан зүйл үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,

Гэрч Ж.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Говь-Алтай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд 3-р ангид суралцаж төгссөн. Бага боловсролтой. Монгол хэлээр уншиж бичиж чадна. Би Говь-Алтай аймгийн ******* сумын ****-р сургуульд дотуур байрны жижүүрээр ажилладаг. 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдөр би сургуулийн дотуур байранд жижүүртэй байсан. Орой 17-н цагийн үед хамт ажилладаг Х.Б гэх залуу намайг утсаар машинаа аваад гараад ирээч гэрт хүргээд өг гээд дуудсан. Тэгэхээр нь би машингүй байгаа гэсэн чинь машинаа аваад ирээч замаараа хүнээс юм авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу авах гэж байгаа юм гэж асуутал хүнээс юм авсан байж байгаа тэрийг очоод аваад ирье гэж хэлсэн. Надад юу гэдгийг нь хэлээгүй. Тэгээд би машинаа Нэгдсэн эмнэлгийн гаднаас очиж аваад Х.Б-ийг аваад хаана очих юм гэтэл Е-г заасан. Тэгээд Е дээр очоод 4 ширхэг мотор аваад машинд ачсан. Тэгээд ачаад хаана очих юм гэтэл *********-д айлын хашаанд очиж буулгана гээд очиж буулгасан. Хаяг тоотыг нь би сайн санахгүй байна. Тэгээд би шууд яваад өгсөн. Маргааш нь Х.Б намайг дуудаад өчигдрийн хашаан дээрээ хүрээд ирээч гэсэн юм. Тэгээд яваад очтол 2 шуудайтай юм бариад гараад ирсэн. Тэгээд уг 2 шуудайтай юмыг ****** дээр очиж тушаасан. Уг тушаасан зүйл нь хэдэн төгрөг болсон талаар би мэдээгүй. Тэгээд би Х.Б-ийг гэрийнх нь гадаа хүргэж өгчхөөд яваад өгсөн юм. Е ХХК-ны үйлдвэрийн хашаанд орох үед байшингийн гадаа 4 ширхэг мотор гаргаад тавьчихсан байсан. Х.Б надад хүнээс авсан юм гэж хэлж байсан. Е ХХК-ны үйлдвэрийн хашаанаас моторыг авах үед Б бид 2 байсан. Өөр хүн байгаагүй. Харуул нь байхгүй гэж надад Х.Б хэлсэн. Е ХХК-ны үйлдвэр дотор зэс ороомог байгаа талаар би огт мэдээгүй. Тухайн үед миний өөрийн эзэмшлийн **** ГАО улсын дугаартай Приүс 20 маркийн тээврийн хэрэгслээр авч явсан. Ямар ажилд явж байгаа талаараа би мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52-р хуудас/,

Гэрч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Говь-Алтай аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа Е ХХК-ны гүйцэтгэх захирлаар 1993 оноос одоог хүртэл ажиллаж байна. 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдөр манай Е ХХК-ны ноос угаах болон, шонгийн үйлдвэр дотроос угсраатай байсан ажиллагаа хэвийн ажиллахад бэлэн 6 ширхэг мотор, шонгийн үйлдвэрийн хянах самбар, зуу гаруй метр зэс голтой утас, жижиг хянах самбар 2 ширхэг гэх мэт зэс материал орсон зүйлсийг тонож авсан байсан. Боолтыг нь тайлах юм уу задаргаа хийж аваагүй, шууд эвдэлж, хагалж авсан байсан. Одоо зэс голыг дахиж ороосон ч гэсэн дахин ашиглах боломжгүй болсон, шинээр авахаас өөр аргагүй болсон. Хэдэн төгрөгийн хохирол учирсныг яг одоогоор хэлэх боломжгүй байна. БНХАУ-аас үйлдвэрээр нь оруулж ирж байсан 2001, 2006 онуудад. Холбогдох материалыг нь би архивын баримт бичиг дотор үзээд эргээд хариу мэдэгдье” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/,

Гэрч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ***** төв нь 1 кг зэсийг 16,000 төгрөгөөр худалдан авдаг. 46 кг зэс нь 745,000 төгрөг болно. Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Учир нь ***** төвөөс хураан авсан 46 кг зэсний үнэ 745,000 төгрөгийг зэс тушаасан Х.Б нь ирж төлсөн байгаа. Мөнгийг миний ********* дугаарын ХААН банкны дансаар төлсөн. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг, мөнгө тушаасан баримтын хуулбар /хх-ийн 64-65-р, хх-133-р хуудас/,

Хохирогч П.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Е ХХК-ны мотор зэс алга болсон хэрэгтэй холбогдуулан хохиролд 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт, /хх-ийн 136-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Ноос угаах үйлдвэр дотор ноос угаах тоног төхөөрөмж байх ба ноос угаагч хатаагч машины хатаагч сэнс жанамыг машинаас мулталж газарт унагасан байдалтай байв. Жанамын дотор тал зэсгүй байв. Ноос хөөгч машины жанамыг мулталж газарт унагасан байдалтай дотор талд нь зэсгүй байв. Шонгийн үйлдвэрт ороход баруун гар талын хананд байрлах хянах самбарын зэс утсыг авсан байдалтай байв. Хойд талдаа шууд гадагш гарах хаалгатай. Хаалга нь цоожгүй, төмрөөр уясан байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-08-р хуудас/,

2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэлд: “...агуулахын ертөнцийн зүгээр хойд талаар нь ороход зүүн урд буланд шуудайтай зэс, эд зүйл байх ба шар өнгийн шуудайны гадна талд нь 23,0 зэс гэсэн бичиглэлтэй, 2 шуудайтай зэс метал байх бөгөөд хулгайд алдсан байж болзошгүй эд зүйлтэй тохирч байх тул ******* төвийн ашиглаж байсан жин хэмжүүрээр кг үзэхэд шар шуудайтай зэс нь 24 кг, цагаан шуудайтай зэс нь 22 кг жинтэй байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Эд зүйлийг хураан авч цагдаагийн газрын эд мөрийн хадгалах өрөөнд байршуулав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13-р, 14-15-р хуудас/,

****** төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...2023 оны 05 сарын 10-ны өдрийн 27 минут 11 секундийн бичлэг байна. 2 минут 18 секундэд **** ГАО улсын дугаартай саарал өнгийн тоёота приүс маркийн тээврийн хэрэгсэл ******* төвийн хойд талын засмалаар доороос дээшээ чиглэлтэй явж ирж ****** төвийн үүдэнд зогсож байна. Жолоочийн эсрэг талын суудлаас хөх өнгийн малгайтай хар өнгийн куртиктэй ногоон эрээн өмдтэй хар өнгийн гуталтай эрэгтэй хүн бууж ирэн ******* төв рүү орж байна. **** ГАО улсын дугаартай саарал өнгийн тоёота приүс маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын буюу ар талын хаалгыг онгойлгон хар болон тортой зүйл болон шар өнгийн шуудайтай зүйлийг буулган ********* төв рүү зөөж байна...” тэмдэглэл /хх-ийн 22-23-р хуудас/,

Эд хөрөнгийн тооллогын бүртгэлийн 25,26,27 дугаарт утас ороогч машины мотор, сэгсрэхийн барван, хатаахын сэнс ком мотор гэх зүйлийг бүртгэсэн бүртгэл /хх-ийн 35-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

           Иймд Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүхээс шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1 (Нэг) жил, 1 (Нэг) сарын хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 (Нэг) жил, 1 (Нэг) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 1 (Нэг) жил, 1 (Нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

3.Гэм хор, хохирлын талаар:

Шүүгдэгч Х.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 10,000,000 төгрөг төлсөн, хохирогч П.М нь “гомдол саналгүй”/хх138/ гэсэн байх тул шүүхээс түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

4.Бусад асуудлаар:

 Хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  739,200 (Долоон зуун гучин есөн мянга хоёр зуу) төгрөгийн үнэлгээ бүхий 46 (Дөчин зургаа) килограмм зэсийг улсын орлого болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10,000,000 (Арван сая) төгрөгийг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт авагдсан 1 (Нэг) ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овгийн Х-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 (Нэг) жил, 1 (Нэг) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 1 (Нэг) жил, 1 (Нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Х.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийн цагдан хоригдсон 3 (Гурав) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6.Хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн 739,200 (Долоон зуун гучин есөн мянга хоёр зуу) төгрөгийн үнэлгээ бүхий 46 (Дөчин зургаа) килограмм зэсийг улсын орлого болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 10,000,000 (Арван сая) төгрөгийг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт авагдсан 1 (Нэг) ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 9.Дээрх үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР