| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/00379/И |
| Дугаар | 101/ШШ2020/01326 |
| Огноо | 2020-04-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2020/01326
| 2020 04 17 | 101/ШШ2020/01326 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Р ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц ХХК холбогдох,
Гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билэгт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Р” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Р” ХК нь барилгын үндсэн материал болох бетон зуурмаг үйлдвэрлэж барилга угсралтын компаниудад бүтээгдэхүүнээ борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний хөрөнгө оруулалт бүхий нээлттэй хувьцаат компани юм. “Р” ХК нь “Ц” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г байгуулж, гэрээний дагуу манай компаниас 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал бетон зуурмаг болон помпийг худалдан авсан. Бидний зүгээс бүтээгдэхүүнийг цаг тухай бүрт тохиролцсон хэмжээгээр нийлүүлсэн бөгөөд худалдан авагч болох “Ц” ХХК нь хүлээн авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг төлөлгүй явсаар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тооцоогоор 20,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн талууд харилцан тохиролцож дээрх төлбөрийг барагдуулах эцсийн хугацааг 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр товлосон хэдий ч худалдан авагч нь хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тул Бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу алданги тооцох болсон.
Иймд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан дээрх “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-гээр олгогдсон шаардах эрхийн дагуу худалдан авагч “Ц” ХХК-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөг, гэрээний 4.2-т зааснаар худалдан авагч нь төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,2 хувийн алданги тооцож үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг удирдлага болгон 10,000,000 төгрөгийн алданги, нийт 30,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч “Ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь “Р” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ц” ХХК-д холбогдох бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөгийг тус тус шаардсан байна. Хариуцагч компанийн хувьд төлбөрийн боломжгүй байдлаас үүдэн үндсэн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй байсан бөгөөд нэхэмжлэгч компанид үндсэн төлбөрийг бэлнээр төлөөд эвлэрэх санал гаргасан боловч хүлээн аваагүй болно. Алдангийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа бөгөөд бид үндсэн төлбөрөө л төлөх боломжтой харин алдангийг төлөх үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу алданги 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Р” ХК нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “Ц” ХХК нь үндсэн төлбөрийн үлдэгдлийг төлөхийг зөвшөөрч, харин алдангийг санхүүгийн байдал хэцүү байгаа зэрэг үндэслэлээр төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.
“Р” ХК, “Ц” ХХК-ийн хооронд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр БНТ01/1001 дугаартай “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч талын нийлүүлсэн бүтээгдэхүүнийг худалдан авагч талын заасан барилгын талбайд тээвэрлэн нийлүүлэх, худалдан авагч тал гэрээгээр тохирсон төлбөрийг төлөхөөр, “бүтээгдэхүүн” гэдэгт Монгол Улсын стандарт, нормын шаардлагын дагуу үйлдвэрлэсэн бетон зуурмагийг ойлгохоор тохирсон, “Р” ХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.
Дээрх гэрээний дагуу “Ц” ХХК нь 295,107,400 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг “Р” ХК-иас хүлээн авч, уг төлбөрөөс төлөлт хийж, одоо 20,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь хэрэгт авагдсан зохигчдын хэн алиндаа явуулсан албан бичгүүд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр БНТ01/1001 дугаартай “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний 4.2-т зохигчид алдангийг талаар тохиролцсон байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагыг хангасан, нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг тооцох нь үндэслэлтэй ба гэрээний хугацаа дууссанаас хойшхи алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтрэхээр байх тул нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 50 хувиар тооцон алдангид 10,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Хариуцагчийн санхүүгийн байдал хэцүү зэрэг үндэслэлээр алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-иас 30,000,000 /гучин сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Р” ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 308,000 /гурван зуун найман мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Р” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2020/06536 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ