Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/91

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн, улсын яллагч Ц.Эрдэнэбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нэргүй, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, шүүгдэгч Ц.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2327000430102 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваа 1 дүгээр баг, 35-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хиад Боржгин овогт Цэрмаагийн Батсайхан /РД: АЮ72111336/

                                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Батсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Батсайхан нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс хойш 10км, АО602 дугаартай Архангай Хархорин чиглэлийн асфальтан зам дээр 69-84 АРХ улсын дугаартай Тоёото фан карго загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хамт зорчиж явсан Ч.Даваасүрэнгийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Батсайханы хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нэргүйн шүүх хуралдаанд өгсөн: ...Нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  ...Надад манай ээжийн эгчийн охин Өлзий 16 цаг өнгөрч байхад ирээд Даваа эгч осолд орсон гэж байна. Байгаа газарт нь хамт очьё, явья гэж ирэх үед нь мэдсэн. Өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн үед талийгаач ээж надруу залгаад Ц.Батсайхан ахтай нь Улаанбаатар хот явж байна гэж ярьсан. Талийгаач нь хүү Нанжиддондовын хамт амьдардаг. Малын эмч ажилтай байж байгаад тэтгэвэрт гарсан хүн байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 тал/,

Гэрч Д.Тэрбишийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байх гэрээсээ 12 цагийн орчим нөхөр ***, охин **** хоёрын хамт **** улсын дугаартай автомашинтай хөдлөөд сая нас барсан талийгаач **** эгчийг аваад Улаанбаатар хотруу 12 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Манай нөхөр **** машин жолоодож түүний дэргэд охин **** сууж явсан. Би талийгаач эгч **** хамт хойд суудалд сууж явсан. Архангай аймгийн Хотонт сумын гүүр өнгөрч байхад би нойр хүрээд унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь манай нөхөр хүүхдээ дуудаад орилж байгаа чимээ сонсогдсон. Би яг яаж осол болж замын хажуу талруу орсныг мэдээгүй. ...Машин зүүн талаараа хажуулдаад унасан байсан. Охин бид хоёр баруун талын хаалгыг дээш түлхэж байгаад машинаас гарч ирсэн. Би охинтойгоо хажуугаар явж байсан машин зогсоож тусламж дуудахаар замруу ойртсон байх үед манай нөхөр урд цонхоор талийгаач эгчийг гаргаж ирсэн байх гэж бодож байна. ...Урд сууж явсан манай охин ****, жолоо барьж байсан нөхөр **** нар бүс зүүсэн байсан. Хойд суудалд сууж явсан талийгаач эгч **** бид хоёр хамгаалах бүс зүүгээгүй байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 тал/,

Насанд хүрээгүй гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Архангай аймгийн төвөөс аав ****, ээж ****, эгч **** нарын хамт манай **** улсын дугаартай цэнхэр өнгийн машинтай 11 цаг 30 минутын үед эгч ***** гэрээс нь аваад Тэс ШТС-аас бензин аваад Улаанбаатар хот руу эмээ **** цагаан сарын баяр болж байгаа тул очиж золгох гэж явсан. Хотонт сум өнгөрөөд явж байхад замын баруун талд буюу манай машин явж байсан талд зам мөстэй байгаа харагдсан. Аав эсрэг талын урсгал руу ороод замын мөстсөн хэсгийг тойрч гарах гэж байх үед тас түс хийх чимээ гараад машин замын зүүн тал руу урд талаараа унаад бүтэн эргээд машин зүүн тал дээрээ тогтсон. Аав ээж хоёр намайг зүгээр үү гэж зэрэг асуусан. Миний хамгаалах бүс тайлагдахгүй байсан учраас би бүс тайлаад өгөөч гэсэн чинь аав миний хамгаалах бүсийг тайлж өгсөн. Баруун хойд талын цонх хагарсан байсан учир тэр хэсгээр ээж гараад гадна талаас нь хаалга нээгээд намайг гаргасан. Аав урд салхины шилийг хагалж гарч ирсэн. **** эгч ухаангүй сэрэхгүй байсан аав хагарсан салхины шилээр эгчийг гаргаж ирсэн. ...Аав машин жолоодож явсан түүний дэргэд урд суудал дээр би миний яг ар талд ээж түүний дэргэд аавын ар талд талийгаач эгч **** сууж явсан байсан. Аав бид хоёр хамгаалах бүс бүсэлсэн байсан. Хойд талын суудалд сууж явсан талийгаач **** эгч, ээж хоёр хамгаалах бүс бүслээгүй явж байсан, ...80 орчим км цагийн хурдтай явж байсан гэж бодож байна. Осол болохын өмнө хурдыг нь харсан чинь 80 км цагийн хурдтай явж байсан гэж санаж байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 тал/,

Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч цагдаагийн ахлах дэслэгч **** 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №**** дугаартай “...Талийгаач **** цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр элэгний эдийн бяцрал урагдал, хэвлийн хөндийн хурц цус алдалт, бүсэлхий нурууны L III, L IV нугалам их бие хэсгээр бяцарсан, салсан хугарал, нугас тасрал, доод уруул зүүн нүдний зовхинд шарх, дух, хамар, баруун зүүн хацрын төвгөр, доод, уруул, доод эрүү, баруун, зүүн хацар, зулгаралт, цээж, баруун зүүн хөх хэсэгт зулгаралт, цус хуралт, зүүн гарын бугалга, зүүн сарвуу, зүүн гуя, шилбэ, бүсэлхий, нуруу хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Талийгаач **** биед учирсан гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Талийгаачийн элэгний эдийн бяцрал, урагдал, хэвлийн хөндийн хурц цус алдалт, бүсэлхий нурууны L III, L IV нугалам их бие хэсгээр бяцарсан, салсан хугарал, нугас тасарал буюу хэвлийн хөндийн битүү, хавсарсан олон гэмтэл нь шууд үхэлд хүргэнэ. Бусад гэмтлүүд нь үхэлд хүргэхгүй. 4. Талийгаач **** цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. 5. Нас барсан хугацаа 10-15 цаг болсон байх боломжтой. 6. Авто ослын хавсарсан хүнд гэмтлүүд тул эмнэлгийн тусламж авсан ч амь насыг аврах боломжгүй. 7. Талийгаач **** нь хэвлийн битүү гэмтэл болох элэгний эдийн бяцрал, урагдал, хэвлийн хөндийн хурц цус алдалтын улмаас нь нас баржээ. 8. Талийгаач **** нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл тогтоогдоогүй болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 87-90 тал/,

Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн мэргэшсэн инженер **** 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №**** дугаартай “...**** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 3.4 “б”-д жолоочид дараах зүйлсийг хориглоно: Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх заалтыг тус тус зөрчсөн байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасныг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна...” гэх техникийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 80 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн **** дугаартай “...Автомашинд гарсан эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй. Дээрх гэмтэл үүсээд удсан гэмтэл. Дээрх гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой тул осолд нөлөөлөх шалтгаан болохгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 124-127 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн **** дугаартай “...**** овогтой **** гэж хаягласан цусанд спирт илрээгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 73-74 тал/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хавтаст хэргийн 152-154 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Шүүгдэгч **** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

       Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч ***** овогт **** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                         Бусад асуудлаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ***** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА