Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/155

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,                                   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,

Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

Шүүгдэгч Б.Анхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Манал овогт Батбаярын Анхбаярт холбогдох эрүүгийн 2131000120104 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, Орхон аймаг,  Жаргалант сум, Төмөр замын 3 дугаар хэсэг, 03 тоот оршин суух бүртгэлтэй, одоо Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид хорих ял эдэлж байгаа урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

  • Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлсөн,
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ХМШЗ/49 дугаартай шүүгчийн захирамжаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 7 хоногийг хорих ялаар сольсон,
  • Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01-р сарын 30-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох, 13.6 дугаар сарын 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох, торгох ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.1-д заасныг журамлан 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногийн хорих ялаар, 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 40 хоногийн хорих ялаар тус тус тооцон, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 07 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосон, Монгол овогт Батбаярын Анхбаяр /РД: ФБ99042059/,

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Б.Анхбаяр нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нь “Годон гутал захиалга” гэсэн фейсбүүк цахим групп хаяг үүсгэн Сайжаа Саянаа гэх хүнтэй харилцаж хоёр ширхэг годон гутлыг 1,800,000 төгрөгөөр зарна, ямар ч хүүгүй лизингээр авч болно гэх санал тавьж иргэн С.Саябазарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж урьдчилгаа болгож 800,000 төгрөгийг Ё.Батсүх гэх хүний Хаан банк дахь 5832102466 тоот дансанд шилжүүлэн авч бусдыг залилсан,

   -2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Годон гутал захилга” гэх фейсбүүк цахим хаягаас “Гэрээсээ годон гутлаа авцгаая” гэж худал мэдээлэл нийтэлж иргэн Д.Дашдулам 450,000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар Шүүгдэгч Б.Анхбаяр нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нь “Годон гутал захиалга” гэсэн фейсбүүк цахим групп хаяг үүсгэн Сайжаа Саянаа гэх хүнтэй харилцаж хоёр ширхэг годон гутлыг 1,800,000 төгрөгөөр зарна, ямар ч хүүгүй лизингээр авч болно гэх санал тавьж иргэн С.Саябазарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж урьдчилгаа болгож 800,000 төгрөгийг Ё.Батсүх гэх хүний Хаан банк дахь 5832102466 тоот дансанд шилжүүлэн авч бусдыг залилсан,

2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Годон гутал захилга” гэх фейсбүүк цахим хаягаас “Гэрээсээ годон гутлаа авцгаая” гэж худал мэдээлэл нийтэлж иргэн Д.Дашдулам 450,000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилсан үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж үзэв. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Анхбаяр мэдүүлэхдээ: “...Энэ хоёр хэрэг миний 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шийтгэгдсэн хэрэгтэй нэг цаг хугацаанд үйлдэгдсэн хэрэг. Тухайн үед мөрдөн байцаагч бүх хэргүүдээ нэгтгээрэй гээд нэгтгэж байсан боловч энэ хоёр үлдсэн байсан. Энэ хэргийг нуух ямар нэгэн зорилго байгаагүй. Тухайн үед би 17.3 дугаар зүйлийн 1 гэх зүйл ангиар шийтгүүлэхдээ энэ хэргийн талаар ахлах дэслэгч Ууганбаяр болон ахлах дэслэгч Бямбадорж нарт хэлээд тайлбарлаад миний фэйсбүүк дэх үзлэг шалгалтаар 2022 оны 04 дүгээр сарын 14-ний хавтаст хэрэгт хүртэл энэ хоёр хүнтэй харилцсан чат байдаг. Яагаад орхигдсон бэ? гэхээр би хууль зүйн мэдлэггүйгээсээ болсон гэж бодож байна. Нэг цаг үед болсон хэрэгт би дараа нь ял авах гэж байгаадаа харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байна. 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл бүлэг хүмүүстэй нийлээд годон гутал захиалъя гэж бодсон. Тухайн үедээ би гутлыг нь захиалж өгье гэж бодсон боловч сүүлдээ би өөрөө мөнгөгүй болоод гуталныхаа мөнгө рүү орсон. Сэлэнгийн мөрдөн байцаагч болон Мандал сумын мөрдөн байцаагч нар энэ хэргийн талаар надаас байцаалт авч байсан болохоор нь миний хэрэгт нэгтгэгдсэн л гэж бодсон...” гэв.

Хохирогч С.Саябазарын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 02 дугаар багт 04 дүгээр цэцэрлэгт байрлаж байсан байрандаа өөрийн гар утсаараа фейсбүүк ороод юм үзэж байхад монголоор “Годон гутал захиалга” гэх хаяг руу ороод танилцсан. Тухайн пайж үйл ажиллагааг үзэхэд хоёр годон гутал авахад нийт 1,800,000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд бэлнээр авах боломжгүй бол ямар ч хүүгүй лизингээр авах боломжтой гэж хэлсэн тэгээд би итгээд 5832102466 тоот данс руу урьдчилгаа болгож 540,000 төгрөг өөрийнхөө 5683118941 дугаарын данснаас шилжүүлсэн. Тухайн хүн надад хэлэхдээ Улаанбаатараас Сэлэнгэ рүү 7557 УНЭ улсын дугаартай автобусанд өгчихлөө гээ хэлээд залилсан. Тэгээд надад автобусны зураг, жолоочийн утасны дугаар зэргийг чатаар явуулсан. Тэгтэл 2020 оны 12 дугаар сарын 21-ний үед чатаар тухайн хүнтэй холбогдоход автобус замдаа эвдэрсэн байгаа өнөөдөртөө очих болно та тайван байж бай гэж хэлээд сураггүй болж намайг залилсан. Би нийт 800,000 төгрөгийг “Хаан” банкны 5832102466 тоо Я.Батсүхийн данс руу хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Дашдуламын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Сүүл толгой 2-44 тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг юм. 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай төрсөн дүү Дашдаваагийн охин Алтанхараа миний 99390949 дугаарын утас руу 80845148 дугаарын утсаар залгаад би годон гутлын азтан болсон гэнэ дахиад нэг годон гутал тал үнээр нь авч болно гэж байна. Надад мөнгө байдаггүй би ээжид годон гутал авч өгөх гэсэн юм. Та 450.000 төгрөг зээлээч гэхээр нь би Алтанхараагаас дансны дугаараа гэсэн чинь Чулуунбаатар гэдэг хүний 5006429368 гэсэн дансны дугаар явуулахаар нь утга нь дээр юу гэж бичих юм гэсэн чинь 71777 гэж бичээрээ гэсэн. Тэгээд би 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 17:08 минутад өөрийн эзэмшлийн 5001121508 гэсэн данснаас 450.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн. Тэгсэн дараа нь Алтанхараа над руу залгаад нөгөө гутал ирээгүй нөгөө хүнтэйгээ холбогдож чадахгүй болоод цагдаагийн байгууллагад хандах болсон. Би мөнгө шилжүүлсэн хүнээ танихгүй. Манай төрсөн дүү Дашдаваагийн охин Алтанхараа би годон гутлын азтан болсон дахиад нэг годон гутал тал үнээр нь авч болно гэж байна ээждээ годон гутал авч өгөх гэсэн юм. Та мөнгө зээлээч гэхээр^ц би 450.000 төгрөг 5006429368 гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгсэн Алтанхараа над руу яриад би 450.000 төгрөг танихгүй хүн рүү шилжүүлж залилуулсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Анхбаярын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Надад танилцуулсан яллагдагчийн эрх үүргийг ойлгож авлаа, надад асуух зүйл байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө.Би дээрх тогтоолтой танилцлаа. Би уг үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би нийт 15 удаагийн гэмт үйлдэл хийж 13-н үйлдэлд нь ял авсан, одоо ирж буй 2 үйлдлээ нэгтгэн шийдүүлмээр байна. Би болсон хэргийн талаар одоо сайн санахгүй байна. Би 2020 оны 11 сард фейсбүүкт “Годон гутал захиалга” гэсэн нэртэй хаяг нээж тухайн хаягтаа “Годон гутал хямд үнээр зарна” гэсэн зар байрлуулсан бөгөөд тухайн зарын дагуу хүмүүс холбогдохоор нь би урьдчилгаа мөнгө аваад цахим тоглоомонд тоглоод дуусгасан. Дээрх хэргийн хохирогчийн хувьд өөрийн “Санжаа Санжаа” гэх хаягаас годон гутал авахаар холбогдсон юм аа. Тэгээд би тухайн хүнээс “Годон гутал захиаллаа” хэмээн урьдчилгаа мөнгө авсан. Уг дугаар нь тухайн үед миний ашиглаж байсан дугаар байгаа юм. Би дээрхээс гадна хэд хэдэн дугаар ашиглаж байсан. Би Улаанхүү гэх хүнийг танихгүй. Дээрх хэргийг шалгах явцад “Жамбал Улаанхүү” гэх цахим хаяг гарч ирсэн. Би уг хаягийг мэдэхгүй байна. Харин годон гутлын захиалга өгч буй хүмүүсээс мөнгө авахдаа Улаанхүү гэсэн хүний данс ашиглаж байсан. Онлайн тоглоомын данс өөрөө мэдэхгүй байна. Би эхэндээ годон гутал оруулж ирээд зарах гэж байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас хөл хориод хил хаасан учир би чадаагүй тэгээд дээрх гэмт хэргийг үйлдсэн. Тухайн үед надад “Хаан банкны данс байхгүй байсан. Тэгээд олдох боломжтой хийсэн энгийн данс нь онлайн покерын данс байсан юм аа. Би дээрх хэргийн улмаас учруулсан хохирлоо хараахан барагдуулаагүй байгаа. Гэхдээ хохирлоо барагдуулахад бэлэн байна.

Надад өөр нэмж ярих зүйл гэвэл дээрх хэргүүдээ хурдан шийдүүлмээр байна. Мөн өмгөөлөгч авмаар байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний хэлсэн зүйл бүгд үнэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-120, 2-р хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 16, 149 дүгээр хуудас/,

“Unitel” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05-01/140 дугаартай албан бичиг, 88232570, 86139998 дугаарын орсон, гарсан дуудлага, мессежний лавлагаа /1-р хх-ийн 48-69 дүгээр хуудас/,

“Хаан” банкин дахь Ё.Батсүхийн эзэмшлийн 5832102466 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 72-82 дугаар хуудас/,

“Хаан” банкин дахь Д.Дашдуламын эзэмшлийн 5001121508 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 151 дүгээр хуудас/

Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 165-174 дүгээр хуудас/,

“Хаан” банкин дахь Н.Чулуунбаатарын эзэмшлийн 5006429368 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 176-250, 2-р хх-ийн 01-53 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 80 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 91 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 82 дугаар хуудас/ хавтаст хэрэг танилцуулсан тухай баримт /2-р хх-ийн 84-86/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруу, хохирол төлбөрийн талаар маргаангүй, цагдан хоригдсон хоног болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар тодорхой байр суурийг илэрхийлж, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

Залилах гэмт хэрэг нь өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг хангах санаа зорилготой, орлого олохыг хүсч үйлддэг идэвхитэй үйлдлээр үйлддэг, хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, шунахайн сэдэлтэй байдаг.

Шүүгдэгч Б.Анхбаяр нь шунахайн сэдэлтээр цахим хэрэгсэл ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.Саязаяа, Д.Дашдулам нартай чат харилцаа үүсгэн улмаар Хаан банкны 5832102466 дансаар хохирогч С.Саязаяагаас 800,000 төгрөг, “Хаан”банкны 5006429368 дансаар хохирогч Д.Дашдуламаас 450,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдсон. Б.Анхбаярын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Саязаяад 800,000 төгрөг, хохирогч Д.Дашдэлэгт 450,000 төгрөг, нийт 1,250,000 төгөргийн хохирол учирсан байна. Үүнээс шүүгдэгч Б.Анхбаяр хохирогч Д.Дашдэлэгт 450.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэх ба хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралд оролцохгүй, Б.Анхбаярт гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” мөн хоёрдугаар хавтаст хэргийн 85 дугаар талд авагдсан хэргийн материал танилцуулсан баримтанд “би гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулсан байгаа. Тиймээс хэрэг хянан шиыдвэрлэх ажиллагаанд оролцохгүй” зэрэг баримтыг үндэслэн Д.Дашдэлэгт учруулсан 450.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэж, шүүгдэгч Б.Анхбаяраас 800.000 төгрөг гаргуулан хохирогч С.Саябазарт олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Саябазарт учруулсан 800.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн болно.   

Хоёр:Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Анхбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Анхбаярт гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал, зарим хохирлыг төлж үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгож, энэ хэрэгт цагдан хоригдсон 57 хоногийг торгох ялаас хасч тооцон, эдлэх ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлэх саналыг гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.Анхбаярт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай байр суурь ижил байна. Гагцхүү цагдан хоригдсон хоног болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн авч үзэх тал дээр эрх зүйн дүгнэлт хийж өгнө үү гэсэн саналыг гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Б.Анхбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж, зарим хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үлдэх хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1050 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.050.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 57 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 төгрөгөөр тооцож, торгох ялаас 855.000 төгрөгийг хасч нийт эдлэх ялын хэмжээг 195.000 төгрөгөөр тогтоов.

Шүүгдэгч Б.Анхбаяр нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01-р сарын 30-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, торгох ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.1-д заасныг журамлан 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногийн хорих ялаар, 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 40 хоногийн хорих ялаар тус тус тооцон, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 07 сар 10 хоногоор тогтоож шийтгүүлсэн байна.

Шүүгдэгч нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар дээрх ял шийтгэлээс 4 сар 21 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж, 1 жил 2 сар 19 хоногийн хорих ял үлдэж байгаа болно.

Шүүгдэгч нь энэ гэмт хэрэгт 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт 57 хоног цагдан хоригдсон байна.

Шүүх хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу түүнд оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх боломжтой гэж шийдвэрлэв. Иймд шүүгдэгч Б.Анхбаярт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 195.000 төгрөгийн торгох ялыг түүнийг хорих ангиас суллагдсан үеэс эхлэн 90 хоногийн дотор төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдэж шүүхээс зөвхөн хорих ял шийтгүүлсэн ялтанд хамаарахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Б.Анхбаярт хорихоос өөр төрлийн ял буюу торгох ял оногдуулсан тул дээрх Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамаарахгүй юм.

Шүүгдэгч Б.Анхбаярыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болтол нэн даруй урьд ял эдэлж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 437 дугаар нээлттэй хорих ангид хүргэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, түүнийг хорих ангид хүргэх хүртэл урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.

Шүүгдэгч Б.Анхбаярын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон нийт 57 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсон ба цаашид энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг мөн эдлэх ялд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.

             Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд ирүүлсэн иргэний бичиг баримт байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Батбаярын Анхбаярыг цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1050 /нэг мянга тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.050.000 /нэг сая тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбаярын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг торгох ялын 855.000 /найман зуун тавин таван мянга/-н төгрөгөөр тооцон эдлэх ялаас хасч, нийт эдлэх ялын хэмжээг 195.000 /нэг зуун ерөн таван мянга/-н төгрөгөөр тогтоож, цаашид хорих ангид хүргэгдэх хүртэл хугацаанд цагдан хоригдсон хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Анхбаяр нь энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 195.000 /нэг зуун ерөн таван мянга/-н төгрөгийн торгох ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлж, хорих ялын хугацаа дуусгавар болж хорих ангиас суллагдсан үеэс эхлэн 90 /ер/ хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбаяр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбаяраас 800.000 /найман зуун мянга/-н төгрөг гаргуулан, хохирогч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 1 дүгээр хэсэг 010 тоотод оршин суух хаягтай Аавай овогт Сайжаагийн Саябазарт /ОМ95011202/  олголсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Анхбаярыг урьд ял эдэлж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 437 дугаар нээлттэй хорих ангид нэн даруй хүргэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, түүнийг хорих ангид хүргэх хүртэл урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.БАЯРХҮҮ